воскресенье, 16 марта 2014 г.

Г.Жуков – цэргийг хайрлах хэрэг юун

Георгий Жуковыг өргөн олон “Ялалт авчирсан маршал” гэх ч үнэн хэрэгтээ энэ ялалт ямар үнэ цэнээр олдсоныг тэр бүр мэдэхгүй. 

Халхын голын байлдаанд ялалт байгуулсныхаа төлөө тэрбээр ЗХУ-ын Баатар цолоор шагнуулсан юм. Чухам энд л эмх журам сахиулах үүднээс цэрэг эрсийг олноор нь хороох арга хэмжээ авах болсон гэдэг. 104 өдөр үргэлжилсэн байлдааны үеэр Жуков 600-гаад хүнд буудан хороох ял оноож гүйцэлдүүлсэн байдаг. 

Эрс шийдэмгий, хэрцгий ч гэмээр ааш араншинтай залуухан захирагчийн тухай яриа тэр л үеэс цэргүүдийн дунд түгэж эхэлжээ. Тэгэвч оросууд “Хүнд хэцүү үед тэгэхээс өөр яахав. Бэлтгэл муутай армитай, дайсан хэзээ мөдгүй хаалга үүд онголзуулан эзэрхийлэх үест явсан газраа ялалт дагуулах түүн шиг жанжин ус, агаар шиг хэрэгтэй” хэмээн хэл ам таталсангүй.

Угтаа тэрээр “Ялъя гэвэр давш, эхэлж цохь, өөрийн болоод өрөөлийн хэн бугайг ч бүү өрөвд!” гэсэн зарчимтай хүн.

Өөрөөсөө боловсрол илүү хүнийг хажуудаа байлгадаггүй байсан Жуков Халхын голын байлдааны стратеги төлөвлөгөөг хамт боловсруулсан Богдановыг хожмын ярилцлагадаа огт дурдаагүй байна. Үүнээс гадна 1940 онд уншсан лекцийг нь эрс шүүмжилсэн Штерн, Кузнецов хоёрыг боломж гаруут тушаал бууруулж, хожмоо буудан хороолгох тушаал гаргуулж дөнгөсөн баримт ч байх юм.

Давшилт хийхдээ ижилгүй хэмээгдсэн Жуков нэгэнтээ “Цэрэг эрийг хайрлах хэрэг юун. Эмс хүүхнүүд ахиад л төрүүлчихнэ” гэсэн нь харгис хэрцгий ч цэрэг дайны стратегийн хувьд тухайн үедээ голоо олсон гэх юм билээ. Ерөөсөө Жуковыг цэрэг эрсээ алдахаас огтхон ч эмээдэггүй байсан гэлцдэг.

Нэгэн цагт дарга нь явсан маршал Рокоссовский Жуковыг “Хөндий хүйтэн зан авиртай, мэдрэмж муутай, өөртөө дэндүү итгэлтэй” хэмээн тодорхойлсон байна. Олон мянган цэрэг эрсийн амь насыг авч одсон давшилтын үеэр Рокоссовский цэргээ хамгаалах гэсэндээ ухрах санал тавьж байсан ч Жуков бууж өгсөнгүй. Сталинградын тулааны үеэр нисэх хүчээр илт давуу германчуудыг ялахын тулд нисэгчдийн өмнө фронтоос зугтахаар завдсан хэдэн арван цэрэг эрсийг буудан хороосныг нисэгч Виталий Попков дурссан байдаг. Дайны дараа Жуковтой уулзахдаа энэ явдлыг дурссан Попковт Жуков “Тэр дайнд бид ялах л учиртай байсан. Өөр арга надад байсангүй” гэхээс өөр юм хэлээгүй гэдэг. 

Ленинградын тулаанд Германчуудад бууж өгсөн цэрэг эрс болоод ар гэрийнхнийг нь олж буудан хороох тушаал өгч байсан баримт ч бий.

Рейхстагийн дээвэр дээр ЗХУ-ын тугийг мандуулахын тулд 1945 оны хавар л гэхэд 500 000 гаруй орос цэрэг амь эрсэдсэн нь өдгөө түүхийн хуудаснаа дурайна. Барууны цэргийн жанжны хувьд энэ мэт үй олон цэрэг эрсийг золих нь албан тушаал, эрх ямбаа баараггүй алдах ул үндэслэл болох ч Жуковын хувьд түүхийн хуудаснаа “Ялгуусан жанжин” хэмээн бичигдэх учир шалтгаан нь болсон гэлтэй.

Берлиний давшилтын өмнө давшилтын нууц төлөвлөгөөгөө цэргийн орчуулагч Штефан Дернбергт өгч, германчуудад цагаан хоолойгоор дуудан хүргэ хэмээсэн байдаг.

1948 онд Намын төв хорооны нэгэн тайланд “Нөхөр Жуков нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Герман улсаас хувьдаа ихээхэн хэмжээний эд өлөг авсан болно” гэжээ. Энэ баримт олон жил ЗХУКН-ын архивт хадгалагдсаар ирсэн юм. Үүний хариу болгон Жуков “Би бээр гэр бүлийн хэрэгцээндээ зориулж ихээхэн хэмжээний эд агуурс худалдаж авснаа хүлээж байна” хэмээн тайлбар бичиг хүргэсэн байдаг. Гэсэн ч энэ тайлбар нь нэмэр болсонгүй. “Ялгуусан маршал чинь ийм хүн байж” гэсэн бодол ард иргэдийн дунд хэдийнэ төрж, Жуковыг тахин шүтэх түүхчид ч намтарт нь толбо татуулсан энэхэн хэсгийг чимээгүйхэн алгасах болно. 

Тухайн үед Жуковын зуслангийн байшинд гутал арчдаг жижигхэн хивсэнцэрээс өөр Орост үйлдвэрлэсэн эд байгаагүй гэлцэнэ. Жуковын зуслангаас олдсон эд өлгийн жагсаалт хэдийнэ олон түмэнд ил болжээ. Доржпалам шигтгээтэй үнэт эрдэнэс, алтан цүнх, уран зураг гээд үй олон зүйл тэнд буй. Ягодины гаальд 7 вагон дүүрэн мебель тавилга саатуулагдсан нь маршал Жуковын нэр дээр тээвэрлэгдэж ирсэн эд агуурс байжээ. 

Дайн дууссаны дараа Жуков Сталинтай сөргөөцөлдөж, намын тэргүүлэгчидтэй үг зөрж, бүхий л зүйлд дайны тактикаар ханддаг байж. Одесс хотын захирагчаар томилогдоход нь уулгалан угтсан түмэн олон Жуковыг толгой дараалан буудах өнөөх л арга барилаараа гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд тэр даруйхан л үзэн ядсан юм. Москвад эргэж ирээд Кремлийн хуйвалдааныг тэвчиж чадсангүй. Тэр үест Жуков Хрущёвын дараа орохоор эрх ямбатай байжээ. Нэгэн удаа Большой театрт болсон тоглолтын үеэр Хрущёвыг орж ирэхэд үзэгчид босч алга ташин угтахад гагц маршал Жуков л үзүүлбэрийн хөтөлбөрийг эргүүлж суусан гэдэг. Аргаа барсан эхнэр нь “Чи ядаж алга ташсан дүр эсгэж болно оо доо” хэмээн учирлаж байсныг гэрчлэх хүн олоон.

Зусланд өнгөрүүлсэн он жилүүддээ тэрлэсэн намтар дурдатгалыг нь сөхвөл Жуков дайны хүнд хэцүү үест зөв зүйтэй шийдвэр гаргаж байсандаа итгэсэн хэвээр үлдсэн нь илэрхий. Хулчийсан нэгнийг олны өмнө буудан хороох нь цэрэг эрсийг эмх журамтай байлгахад тун сайн нөлөөтэй болоод дайны талбарт цэргийн амь нас гэдэг урсах зардлаас өөрцгүй хэмээн онцолсоор байжээ.

1945 онд Эйзенхауэртэй уулзахдаа “Минажүүлсэн талбайд эхлээд явган цэргээ оруулж минүүдийг нь дэлбэлсний дараа танкнуудаа оруулдаг” гэсэнд машид гайхсан байдаг. 
Үүний сацуу Оросын Батлан хамгаалах яаманд нэгэн баримт хадгалагдаж буй. Берлиний гарнизоны захирагч 1946 оны 8-р сард маршал Жуковт хэсгээ орхин Парис руу зугаацахаар одсон 3 офицерийг хэд хоногийн дараа Парисын гудманд хөлчүүрхэн чангаар дуулж байхад нь барьж авсныг илтгэжээ. Гэтэл үүнтэй харьцууламгүй жижигхээн гэхээр алдаа эндэгдэл гаргасны төлөө буудан хороох ял оноодог байсан маршал улаан харандаагаар “Хатуу донгод” гээд доод талд нь “Тэд ялсан шүү дээ” хэмээн бичсэн байх юм.

Энд дарж Жуковын тухай баримтат киног үзнэ үү.

1 комментарий:

  1. Бүгд ялагчийн зөв гэдэг коммунистуудын үг байна даа. Жуков цэргүүдийнхээ хүүрээр Германчуудыг давж гарсан гэх яриа ч байдаг.

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...