воскресенье, 24 августа 2014 г.

А.Пушкин дүү Левдээ бичсэн захидлаас

Дүү минь, чи огт таньж мэдэхгүй хүмүүстэй нүүр тулах болно.
Анхнаасаа л тэдний тухай аль муугаар бод. Нэг их алдахгүй дээ. Өгөөмөр сайхан, залуу халуун, зүрх сэтгэлээр тэднийг дүгнээд хэрэггүй.
Тэднийг эелдгээр үзэн яд. Ингэвэл дээдсийн хүрээнд ороход чамайг анаж буй муу муухай зүйлээс өөрийгөө хамгаалж дөнгөнө.
Бүгдтэй хөндий харьц. Ялангуяа чамтай найрсаг харилцах дарга түшмэлтэй ихэд дотночлох нь алсдаа хортой. Тэд гэнэтхэн л биднийг орхин одож, сэтгэлийг чинь эмзэглүүлэх бий вий.
Хүнд сэтгэл гаргаж, бүхнээ зориулахаас эмээж яв. Хүмүүс өгөөмөр нинжин сэтгэлийг тэр бүр ойлгодоггүй агаад өөрийн жишгээр бусдыг үнэлж, ая тал засч байна хэмээн хүлээж авах нь элбэг.
Бусдыг өгөөмөр тусыг хүлээж аваад хэрэггүй. Өрөөлийн ивээлд багтах гэж битгий төвд. Учир нь ийм байдал хүнийг хүлцэнгүй болгож, дорд үзэгдүүлдэг.
Анд нөхөрлөлийн тухай чамд анхааруулахыг хүсэвч цэл залуухан насанд чинь хэтэрхий хатуужуулахаас эмээх юм.
Эмэгтэйчүүдийн тухай хэлэх үгс минь чамд тэртээ тэргүй тусаа өгөхгүй.
Эмэгтэй хүнийг хэдий бага хайрлана, төдий чинээ өөрийн болгох боломжтой гэдгийг л энд тэмдэглэе. Өр зүрхнээсээ хайрлах тэр бүсгүй чинийх болох болтугай гэж ерөөе.
Өрөөл нэгэн чамайг санаатайгаар гомдоовол битгий март. Тэглээ гээд өөдөөс нь үгээр дайрч, гомдлыг гомдлоор хариулах ёсгүй. Түүний оронд чимээгүй өнгөрөх нь хувь илүү. 
Тансаг амьдрах боломжгүй байх аваас зутруухан байдлаа битгий нуу. Дорой байдлаа муухан өнгөлж олны эгдүүг хүргэснээс байр байдалдаа хангалуун мэт ихэмсэг загнах нь хамаагүй дээр.
Хэзээ ч битгий өр тавь. Өртэй явснаас өлөн зэлмүүн явсан нь дээр шүү. Тэгээд ч зутруухан байх нь чиний төсөөлж байгаа шиг аймшигтай биш. Худал хуурамч хүн болж, нэр хүндээ алдах нь үүнээс хавьгүй ноцтой.
Энд бичсэн зүйлүүдийг ах нь гашуун туршлагаараа мэдэж авсан билээ. Чи минь ах шигээ алдалгүй эдгээрийг санааж явбал сайн сан. Ингэвэл уйтай, гунигтай, сэтгэл сэмрэм өдрүүдээс хол байх болно шүү. Хэзээ нэгэн цагт ах нь бүх үнэнээ чамд өчих болно. Хэдийгээр ингэлээ гээд үнэ хүнд минь унах ч дүүгийнхээ жаргалын төлөө надад эмээх зүйл үгүй.
1822 оны 9-р сар

пятница, 15 августа 2014 г.

Манай цагийн алдартай эрдэмтэд

Бакминстер Фуллер (1895-1983)

Архитектор, инженер, философич, бөмбөлөг хэлбэртэй барилга байгууламжийн онолыг үндэслэгч (Энэ нь жин багатай ч эзэлхүүн ихтэй барилга байгууламж бөгөөд үүгээр дайны дараа орон байрны асуудал шийдэх боломжтой гэж үзэж байж. Тэгэвч энэ төрлийн байгууламжийг одон орон судлалын төв, танхим, хүлэмж хийхэд ихээхэн ашигладаг. Харин орон сууц барихад өртөг ихтэй. Ийм байгууламж салхи шурганд тогтвортой, хөнгөн материалаар хийгддэг, хүн хүч бага шаарддаг, 50 м хүртэл өндөртэйг крангүйгээр угсрах боломжтой ч материалаа гурвалжилж зүсэх шаардлагатай тул материалын хаягдал ихтэй).
Экологийн таатай барилга байгууламжийг дэмжсэн анхны хүмүүсийн нэг. 1930-аад оноос шатахуун бага зарцуулдаг машин зохион бүтээж эхэлсэн. Рональд Рейганы Ерөнхийлөгчийн одон гардсан. 1915-1983 оны хооронд хувийн амьдрал, төрсөн бодол сэтгэгдлээ ширхэгчлэн буулгасан Dymaxion Chronofile гэх тэмдэглэл хөтөлж, оршуулгын чулуун дээрээ “Намайг тэнцвэрийн хавтан хэмээн нэрлээрэй” гэсэн нь өөрийгөө нисэх онгоц, усан онгоцны сүүл, хажуу хэсэгт бэхлэгдэж, хажуулдахаас сэргийлдэг хавтантай зүйрлэсэн болой.


Ноам Чомский (Хомский) (1928 онд төрсөн)

Философич, логик сэтгэхүйн мастер, орчин үеийн хэл шинжлэлийн томоохон эрдэмтэн, хэл, сэтгэхүй 2-ын уялдаа холбоог судлах ШУ-ны салбарыг үндэслэгч.

Синтаксисын зарчмыг нь программчлал, молекул биологид өргөн ашиглагддаг. Анархийн нэг урсгал болох анарх-синдикализмын нэр нөлөө бүхий томоохон төлөөлөгч. Чомский капиталист бус хоршоолсон засагтай, бүхнийг орон нутгийн ардчилсан системээр шийддэг гүрэн улс байгуулах үзэл бодолтой. Ноам олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “төр засагт худалдагдсан сэтгэхүй” хэмээн нэрийдсэн нь олон хүнд хүрсэн ажээ. Аль Вьетнамын дайны үеэс АНУ-ын улс төрийн бодлогыг эсэргүүцэж, шашны эсрэг зогсдог Чомский Библийг хүн төрөлхтнийг хомрогдон устгах нэгэн зэвсэг гэжээ.


Барбара Макклинток (1902-1992)

Ботаникч, генетикч, хүний генийн хөдөлгөөнт хэсгийн судлаач, Crazy Barbara нэрээрээ алдартай.

Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал авсан цорын ганц эмэгтэй. Хүний генийн хөдөлгөөнт хэсгүүдийн онол нь эхэндээ олны эгдүүцлийг хүргэж, эрдэмтэн эмэгтэй лабораторидоо ганцаар өнжих нь ихэссэн бөгөөд Нобелийн шагнал хүртэж, ололт бүтээлүүд нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн ч зожиг зангаа гээгээгүй гэдэг. 


Григорий Перельман (1966 онд төрсөн)

Топологийн салбар, Римановын геометрийг судалдаг математикч. Орчин үеийн математикийн ШУ-ны гол асуудал болсон Пуанкарегийн теоремийг баталж “Математикийн ШУ-ны Нобелийн шагнал” гэгддэг Филдсийн шагнал хүртсэн. Нэр нөлөө бүхий Science сэтгүүл 2006 онд Перельманы нээлтийг “Оны бүтээл”-ээр шалгаруулсан нь математикийн салбарын бүтээл түүхэнд анх удаа шилдгээр шалгарсан явдал болжээ.

Бүтээлээ олон эрдэмтэнд нээлттэй цахим хуудаснаа байршуулсан Перельман шагналаасаа татгалзсан нь урьд өмнөх математикчдийн ололт амжилтыг үнэлээгүйтэй холбоотой. Учир нь Перельман Пуанкарегийн теоремийг батлахдаа чухамхүү эдгээр эрдэмтний бүтээлийг үндэслэл болгосон юм. Өдгөө ажлаасаа гарч ээжийнхээ хамт амьдарч байгаа. 


Жон Нэш (1928 онд төрсөн)

Тоглоомын онол, дифференциал геометрийн салбарт ажилладаг математикч, тоглоомын онол боловсруулснаараа Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Энэ онол нь өдгөө эдийн засгийн үлгэр загвар, хиймэл оюун ухаан бүтээхэд ашиглагдаж буй.

Нэшийн тухай өгүүлсэн “Оюун санааны тоглоом” кино хэд хэдэн Оскарын шагнал хүртсэн түүхтэй. Кинонд түүний ажил хөдөлмөрийг оновчтой дүрсэлсэн гэдэг. Залуугаасаа л суу билигтэй гэгдэх болсон Нэш мэдрэлийн өвчинд шаналж явсан юм. Нэшийн эртний нэгэн нээлт нь го даамнаас гаралтай хекс гэх тоглоом ажээ.


Лайнус Полинг (1901-1994)

Квантын хими, химийн холбооны орчин үеийн ойлготыг үндэслэгч, биомолекулуудыг математик талаас нь дүгнэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

Нобелийн шагналыг хоёронтоо хүртсэн 4 хүний нэг (Эхний шагналаа химийн салбарт, удаах шагналаа цөмийн туршилтын эсрэг тэмцэж Энх тайвны салбарт хүртсэн). 20-р зууны шилдэг химичдийн нэг.

Өтөл насандаа анагаах ухаанд хорхойсч, өдөр бүр ихээхэн хэмжээний амин дэм хэрэглэснээр нас уртасна гэх этгээд нэгэн үзэл баримтлах болжээ. 


Жеймс Макдоналд (1920-1971)

Үл мэдэгдэх нисдэг биет судлалаар түүхэнд үлдсэн физикч, цаг уурч эрдэмтэн. Цагтаа цаг уурын салбарын тэргүүлэх мэргэжилтэн гэгдэж явсан Макдоналд 1954 онд үл таних нисдэг биеттэй таарч, улмаар энэ нь харийн гаралтай болохыг шинжлэх ухаанчаар тайлбарлахыг хичээж байлаа. Үүнээс өмнө дуунаас хурдан онгоц озоны давхаргад сөрөг нөлөөтэй гэж үзсэн бөгөөд 1970-аад онд үл таних нисдэг биетийг цаг агаарын үзэгдэлтэй холбон тайлбарлаж эхэлснээр тэсвэр алдан амиа егүүтгэсэн ажээ.


Крейг Вентер (1946 онд төрсөн)

Генетикч, физиологич, биофизикч, эм зүйч, өнөө цагийн хамгийн идэвхитэй эрдэмтдийн нэг.

Генийн холбоог тогтоосон бүлэг эрдэмтдийн ахлагч, синтетик гентэй бичил биет буй болгосон анхны эрдэмтэн. Time сэтгүүлийн дэлхийд нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд хоёронтоо орсон. Ирээдүйд хиймэл эрхтэн ноёлж, нян бактериуд нь хүний мэдэлд орох үе ирнэ хэмээн ярьдаг. Хүний генийн холбоог тогтоосныхоо дараахан хөрөнгө оруулагчтайгаа ам зөрж ажлаасаа халагдсан Вентер жил гаруй далай тэнгисээр аялсан ажээ.


Стивен Хокинг (1942 онд төрсөн)

Шинжлэх ухааны түүхч, одон орон, сансар судлаач, “Хар нүх” хэмээх ойлголтыг түмэнд түгээсэн эрдэмтэн. Сансрын онолд ихээхэн хувь нэмэр оруулсан. Багын өвчтэй Хокингийг 30 хүрэлгүй бие барна гэж байсан ч өдгөө 71 насандаа энх тунх аж төрж буй. Тэргэнцэртэй, зүүн гарын 2 хуруу нь л хөдөлгөөнтэй, ярихдаа аппарат ашигладаг ч дэлхийн бестселлер болсон Цаг хугацааны товч түүх-ийг бичиж, Симпсон, Футурама хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Философи нэгэнт мөхсөн гэж үзэх эрдэмтэн маань шашныг дээдэлдэг. 


Кэри Маллис (1944 онд төрсөн)

Биохимич, молекулын биологич. Полимераз гинжин холбооны урвал боловсруулсан нь биолог, криминалогийн шинэ эрин үеийг эхлүүлжээ.
Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан. ДОХ, хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьгалд нөлөөлдөг болохыг үгүйсгэх ч энэ салбартаа ажиллаагүй. Эрдэмтдийг одон орон судлалд ихээхэн анхаарал хандуулах учиртай гэх агаад мансууруулах үйлчилгээтэй ЛСД бодис хэрэглээгүй бол полимераз гинжин урвалаа нээхгүй байсан гэж хэлсэн удаатай.

четверг, 14 августа 2014 г.

Бернард Шоу



Ирландын зохиолч Бернард Шоу Нобелийн утга зохиолын шагнал (1925 он), Оскарын шилдэг зохиолын шагналыг (1938 он) хоёуланг нь хүртсэн цорын ганц зохиолч юм.

Сургуулиас сурсан зүйл тун маруухан гэж байсан Шоу Диккенс, Шекспир, Беньяны зохиол бүтээл, Библи болоод ээжийнхээ дуулдаг байсан дууриас маш их зүйл ухаарсан гэдэг.
Ингээд Бернард Шоугийн алдартай эшлэлүүдээс оруулъя.

Бүжиг бол хэвтээгээр гүйцэлдүүлэх хүслийн босоо илэрхийлэл.

Ойр дотныхоо хүнд үзэн ядах бус ямар ч сэтгэл хөдлөлгүй хандах нь энэ хорвоогийн хамгийн их нүгэл.

Үзэн ядах гэдэг айдас хүйдсээ илэрхийлж буй хулчгар хүний зан.

Бид аз жаргалыг үйлдвэрлэлгүйгээр эдлэх эрхгүй.

Ганцаардлаа тэвчиж, түүнээс таашаал авна гэдэг агуу их хүч.

Уйтгартай эмэгтэйтэй амьдарснаас хүсэл тачаалтай эмэгтэйтэй хамт байх нь хавьгүй амар. Ийм эмэгтэйг хааяадаа боомилж болох ч хэзээ ч орхидоггүй.

Сархад гэдэг амьдрал нэртэй мэс заслын үеэр хэрэглэдэг мэдээ алдуулах бодис юм.

Баригдаагүй л бол тэр хүн хулгайч биш.

Чаддаг хүн бүтээж, чаддаггүй нь бусдад сургадаг.

Сэтгэл татагдсан тэр л зүйлээ олж авахыг эрмэлз. Эс бөгөөс олдсон юмаа хайрлах хэрэг гарна.

Өтлөх уйтгартай ч энэ бол урт удаан амьдрах цор ганц арга.

Сонин хэвлэл гэдэг дугуй мөргөлдсөн ч, гүрэн улс сөнөсөн ч ижилхэн хариу үйлдэл үзүүлдэг хэрэгсэл.

Ардчилал гэдэг толгой дээр тогсон бөмбөлгөө нүдээ бүлтийлгэн ажих зуур өөр улс хормой хотыг минь ухаж төнхөхийн нэр болой.

Бүтэлгүйтэх тусам алдар нэр минь түгэх юм.

Хүн гэдэг тоосготой ижил. Шатаж түлэгдэх тусмаа хатууждаг.

Ухаантай хүн энэ хорвоод зохицож, ухаан муутай нь хорвоог өөртөө зохицуулахыг хүсдэг. Тиймээс аливаа хөгжил дэвшил ухаан муутай хүнээс эхтэй юм.

Үзэл баримтлал гээч юмгүй чинээлэг улс, ёс суртахуунгүй ядуу эмэгтэйгээс илүү осолтой.

Өдгөө шувуу шиг нисч, загас шиг шумбаж сурсан бидэнд хөрст хорвоо дээр хүн шиг амьдрах л дутаж байна.
Хүн гэдэг амьтан өнгөрсөн түүхээсээ юу ч сурч авдаггүйг ухаарах л буурал түүхээс олж авах цорын ганц сургамж.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...