вторник, 8 сентября 2015 г.

Лунмэний засмал агуй

Хэнань мужид байдаг Лунмэний засмал агуй Луоян хотын ард иргэдийн сүсэг бишрэл, ур ухааныг шингээсээр сүндэрлэнэ. Хятадын 12 династийн нийслэл болсон Луоян хот 5000 жилийн түүхтэй. Нэгэн цагт Хятадын урлаг соёл, цэргийн төв болж байлаа.
Лунмэний засмал агуй хотоос 12 км-ийн зайд байрлана. Будда, Шагжамунийн дүрс, баримлуудыг хаданд гаргах энэ уламжлал Энэтхэгээс гаралтай.
Засмал агуйг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэжээ. Энэ нь ойр хавьдаа олон хавцалтай уул ус, гол горхи, хүрхрээтэй сайхан газар юм.

И голын баруун, зүүн эргээр сүндэрлэх хоёр уул навчит модоор хучигджээ. Энд олон тооны суварга бий. Баруун талын ууланд нэвтрэх хэсгийн хажууханд халуун рашаан оргилно.

Агуйг Лунмэн буюу Луут хаалга гэж нэрлэсэн нь энэ хоёр уул хаалга мэт үзэгддэгээс улбаатай. Сүй улсын хааны Луоян хот дахь харш энэ уулс руу харсан цонхтой байжээ.

Энэ дундаа баруун уулын агуйнууд ихээхэн алдартай юм. Агуйнуудыг Хойд Вэй улсын үед 493 онд гаргаж эхэлсэн бөгөөд энэ үед Вэй улсын хаан нийслэл хотоо Пинчэнээс (одоогийн Датун) Луоянд шилжүүлжээ.
Агуй гаргах ажил Чин гүрэн үүсэн бий болох хүртэл үргэлжилсэн ч ихэнх агуйг Сүн улсын үед гаргасан байна.

Энд нийтдээ 2345 хөндий, 60-аад суварга, 100 000 гаруй хөшөө байдаг. Хойд Вэй улсын дархчууд эдгээр агуйг гаргаж эхэлсэн ч сод бүтээлүүд нь Тан улсын үед урлагдсан ажээ.
Тан улсын үеийн баримлууд энгийн хүмүүсийг маш бодитой дүрсэлснээрээ бусдаасаа онцлог.

Гуян-ы агуй болвоос эндхийн хамгийн эртний агуй юм. Энэ агуй 428-488 онд баригдсан бөгөөд тэнд Хойд Вэй улсын хааны гэр бүл, сурвалжит ноёдыг дүрсэлжээ. Вэй улсын үед урласан баримлууд нь бүдүүн хүзүүтэй, том толгойтой.

Биньяны гурван агуй-г Хойд Вэй улсын Суаньү хаан эцэг эхдээ болон өөртөө зориулан бүтээлгэжээ.
Дунд талын агуйг гаргахад 802 326 хүн хүчин зүтгэж, 24 жил шаардагдсан гэдэг.

Агуйн адар тэр аяараа лянхуа цэцгэн хээтэй. Голдоо Хаан, хатан хоёр Буддад өргөл барьж буй том хөшөөтэй.
Тан улсын хаан Гаозүн Фэньсян энэ сүмийн Буддагийн хөшөөг урлуулжээ. Энэ хөшөө 17 м-ийн өндөртэй, толгой нь 4 м, чих нь бараг 2 м аж. Үзэтян хатан энэ хөшөөг бүтээлгэхийн тулд гоо сайхны бараанд зарцуулах мөнгөө хандивласан гэлцэнэ.
Эдгээр хөшөөний бодит байдал, тансаг өмсгөл зэрэг нь Вэй улсын хөшөөнүүдээс эрс ялгарна.
Мянган бурхны агуйг мөн л Тан улсын үед гаргажээ. Үүнийг Гаозүн хаан, Ү хатанд зориулан 680 онд бүтээлгэжээ. Агуйн урд, хойд хананд 15 000 гаруй жижиг бурхан сийлээтэй бий. Агуйн голд лянхуа цэцгэн сэнтий дээр залрах Буддагийн араар 54 бодьсадва заларна.

Баримлууд эхэндээ энэтхэг маягтай байснаа хожмоо хятад маягтай болж холилдсон аж.
Хойд Вэй улсын үеийн баримлууд өргөн бүстэй, чөлөөтэй хувцастай, туранхай бол Тангийн үеийн баримлууд нь махлаг бөгөөд бугуй, шагайн хэсгээрээ нарийн байна. Энэ нь элбэг хангалуун байдлыг бэлгэднэ.
Агуйнуудыг ихэн голдуу улсын хөрөнгөөр босгосон ч сурвалжит эрхмүүд, сүсэгтэн олон, гадны сүсэгтнүүд хандив өргөж байсныг сийлэн тэмдэглэсэн байдаг.

Энд 2840 гаруй хүрээтэй чулуун хавтан дээр хөшөө баримлуудын тайлбар сэлтийг зүйж үлдээжээ.
Луояны бэлгэ тэмдэг бол цээнэ цэцэг юм.
Домог яриагаар Тан улсын Ү хатан нэгэн ноёнтой хүсвэл өвөл ч гэсэн цэцэг дэлгэрүүлж чадна хэмээн маргажээ. Ингээд зарлиг буулгатал гагц цээнэ цэцэг хатны тааллаар дэлгэрээгүй юм гэдэг. Хатан ихэд хилэгнэж хотын бүх цээнийг устгав. Тиймээс энэ хотыг цээнэ цэцэгтэй холбох болсон юм.

Цээнэ цэцгийн наадам жил бүрийн 4-р сарын 10-25-нд болдог. Энэ наадмыг үзээгүй хүн Хятадын хамгийн анхны буддын сүм болох Цагаан морины сүмд очиж сонирхвол зохилтой.

Хань гүрний хаан Минди буддын судар шаштирыг залахаар баруун тийш нисэн одох алтан хүнийг зүүдэндээ үзсэн гэдэг. Ингээд Минди хоёр элч илгээж, тэд Энэтхэгийн эрдэмтэй хоёр ламтай таараад Луоянд урьжээ. Улмаар 68 онд хаан буддын судар шаштируудыг хадгалах сүм байгуулах зарлиг буулгав. Чингээд энэ сүмийг Цагаан морины сүм хэмээн нэрийдсэн ажээ. Домог яриагаар бол энэтхэг лам нар буддын судруудыг цагаан моринд ачин Луоянд авчирсан билээ.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...