вторник, 31 декабря 2013 г.

“The Wolf of Wall Street”



 Леонардо Ди Каприогийн тоглосон “The Wolf of Wall Street” кино нь энэ жилийн хамгийн дуулиан шуугиантай киноны нэг болж байна. Ди Каприо энэ киногоо “Орчин үеийн Калигула” хэмээсэн нь ч бий. “Би хувьдаа адайр ааштай, сэтгэл санааны хувьд тогтворгүй ч гэмээр баатруудыг бүтээх дуртай. Энэ нь дүрээ амилуулахдаа өөрийн үзэл бодлыг шингээх боломжтой байдагтай холбоотой биз дээ. “Shutter island” (Хараал идсэн арал) кинонд бүтээсэн дүр минь миний хувьд хамгийн хүнд бөгөөд мартагдашгүй дүр болсон. Гэхдээ амьдрал дээр би тэс ондоо хүн шүү дээ. Барагтаа бол уурлаж унтууцдаггүй.”
 Зүй бус үг хэллэг ихтэй энэ киноны эхний 75 минутанд л гэхэд баатрууд нь хоёронтоо энгэр зөрүүлж, крэк болон кокаин татаж, эмэгтэй хүний бэлэг эрхтний талаар нилээд дэлгэрэнгүй хэлэлцэх юм. Киног бүтээгчид бүтээл нь NC17 буюу 17-оос доош насныханд үзүүлэхийг хориглосон ангилалд багтаагүйд гайхширсан гэлцэнэ.
Америк мөрөөдлийг егөөдсөн энэ бүтээлд эд өлөгт ханасан улсын ааш авир хэрхэн өөрчлөгдөхийг харуулжээ.
Ингээд судлаач шүүмжлэгчид энэ киног хэрхэн дүгнэснийг сонирхуулъя.
Мэтт Золлер Сэйтс, RogerEbert.com “Энэ кино нь зэвүүн залуусын тухай хийсэн бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг болжээ.”
Кристофер Орр, The Atlantic “Сэтгэл ховсдом илэн далангуй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн “хар инээдмийн” кино.”
Джеймс Верньер, Boston Herald “Энэ чинь л чухамдаа жинхэнэ “Агуу Гэтсби” байна даа. Ди Каприогийн хувьд Скорсезегийн кинонд амилуулсан хамгийн сайн дүр нь болж.”
Трэвис Хопсон, Examiner.com “Сувдаг, шунахай сэтгэлийг нэг мөр илчилсэн гурван цагийн симфони л гэсэн үг.”

Гол дүрийн жүжигчин маань харин “Манай кино үзэгч олонд америкийн галзуу хулганаар хурдлахтай төстэй мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй ээ. Хар тамхи байнга хэрэглэдэг хоёр залуугийн нэгэн өдрийг дүрсэлж харуулсан тэр хэсэг нь миний хувьд кинон доторх кино шиг л санагддаг. Энэ хэсгийн зураг авалтанд бэлдэхдээ The Drunkest Guy in the World бичлэгийг хэдэнтээ үзэж билээ. Бичлэгт халамцуу залуу хундагаа барьж авч чаддаггүй л дээ. Энэ кино нь “хар инээд” ихтэй. Хүн хэдий чадалтай байна төдий чинээ хар бараанаар инээж хошигнодог биз ээ. Жорданы хувьд ёс суртахуунгүй нийгмийг манлайлагч гэж хэлж болохоор хүн дээ. Арга заль гэхээсээ илүүтэй асар богино хугацаанд л мөнгөтэй болохоор зүтгэсэн нэгэн, амжилт, уналтын сонгодог жишээ. Хөрөнгөтний нийгмийг тахин шүтвээс юунд хүргэж болохыг тод харуулсан бүтээл” гэжээ.

суббота, 28 декабря 2013 г.

МИХАЭЛЬ ШУМАХЕР

 Өвс тэгшлэгч машинаар хийсэн авсаархан картинг машиныг (жижигхэн хөдөлгүүртэй, уралдааны авсаархан машин) анх дөрвөн настайдаа унаж үзсэн Михаэль хожмоо “Формула-1”-ийн алдарт тамирчин болж, 91 удаа түрүүлж, 155 удаа шагналтнуудын индэр дээр заларч, нэг улиралд 13 удаа аваргалж, 77 удаа дээд хурдаар эргэлт хийсэн болоод 5 дараалан аваргалж явсан дээд амжилтуудыг тогтоосон юм. Тэрээр болид жолоодох өөрийн гэсэн өвөрмөц техниктэй гэгддэг. Энэ нь болидын хамрыг эргэлтэн дээр тун чадамгай залж, хурдаа сааруулахгүй бөгөөд болидоо бүхэлд нь маш уян хатан хөдөлгөөнтэй байлгахыг хичээдэгт орших ажээ. Өөр ямар ч нисгэгч машины сүүл хэсгийн инерцийн хөдөлгөөнийг Шумахер шиг хянаж чаддаггүй ч гэлцдэг. Ерөөс эргэлтэн дээр түүн шиг хурдаа сааруулдаггүй, чадамгай нисгэгч үгүй гэх юм билээ. Ингээд энэ алдарт тамирчны амьдралын үзэл бодлоос толилуулъя.

Судсаар минь эгээтэй л шатахуун гүйдэг шиг санагдах юм. Бага байхад аав минь Кельний ойролцоо байрлах картинг уралдуулах газарт ажиллаж байхдаа л гэрийнхээ гадаа талбайд намайг картинг унуулаад “Хүү минь, машинаар уралдах юм биш үү?” гэж билээ.
Би гэдэг хүн хорин нэгэн насандаа анх удаа ихээхэн хэмжээний мөнгө хожсон юм. Чемодан дүүрэн мөнгө гээд л бодчих! Гэрийнхэн маань өр ширэнд баригдсан байсанд тэр мөнгөө шуудхан л аавдаа аваачиж өглөө. Гэтэл аав минь нүдэндээ итгэж ядан байсан сан.
Зарим нэгэн ялахын төлөө төрсөн байдаг ч үнэндээ үргэлжид ялах нь уйтгартай шүү дээ. Харин би өөрийгөө өрөөл бусадтай өрсөлдөж тэмцэлдэхийн төлөө төрсөн гэж бодох юм.
Аливаа тэмцээн уралдааныг үзүүштэй болгоё гэхээсээ илүүтэй түрүүлье гэсэн бодолтой л оролцдог доо.
Айртон Сеннаг ослоор эндсэний дараахан гэрээслэл бичих ёстойгоо ухаарсан даа. (Алдартай тамирчин Сеннагийн өв хөрөнгө нь тэр чигтээ Esquire хэмээх буяны байгууллагад шилжсэн юм) Зөвхөн “Формула 1”-ийн нисгэгч баймааж нь л гэрээслэл үлдээх ёсгүй юм гэдгийг бичсэнийхээ дараа л ойлгох шиг болж билээ.
Би Сеннагийн оршуулганд оролцоогүй л дээ. Учир нь олны нүдэн дээр ил гаргамгүй сэтгэл хөдлөл гэж байдаг юм билээ.
Гэмтэл бэртэл эдгэрсэн л бол тэр тухай ахин бүү дурс гэсэн алтан дүрэмтэй хүн дээ, би.
Ээжийг минь бие барсан өдөр гадаа шаагилдан хүлээх сэтгүүлчдийг хараад тэдэнд итгэх итгэл минь нэг мөр бөхсөн дөө.
Миний бодоход, амьдрал гэдэг тогтсон дүрэм журамгүй эд шиг ээ.
Ямар ч спортоор хичээллэсэн орчин тойрноо сайтар ажиглаж, тэр бүрийг мэдрэх нь л хамгаас чухал. Үнэндээ амьдрал ч гэсэн үүнээс өөрцгүй шүү дээ. Гэлээ ч зарим нэгэн амьдралаас тасархай хөвж явдгийг нуух юун.
Хурд гээч ойлголт нь эрх чөлөө гэдэгтэй салшгүй холбоотой.
Цагт 300 милийн хурдтай машинаар явахад сонин содон юм үнэндээ үгүй дээ. Энэ үедээ эсэн бусын юм бодохгүй байх нь л хамгаас чухал.
Хотын захын хурдны замаар машинтай явах нь миний уралдахаас хол илүү осолтой шүү дээ.
Цөс хөөрсөн үедээ уралдаан тэмцээнд орох шиг аюултай зүйл үгүй. Хөөрсөндөө нэг л эргэлтэн дээр осолдож мэднэ. Бие сэтгэлээ барьж, амгалан тайван байсан хүн л эцсийн дүнд ялагч болдог доо.
Амьд домог гэх энэ цол гуншин ч дээ! Надад өгсөн хамгийн аймшигтай цол л гэж бодох юм.
Сэтгүүлчид надад огтхон ч байхгүй тэр л мэдрэмжүүдийг олоод харчихдаг нь сонин шүү.
Ганцаардлаас хол байх нь л миний цор ганц мөрөөдөл.
Үр хүүхэдтэйгээ хамт байх цаг гаргах нь тэдэнд юу юунаас илүү чухал.
Нас явлаа гээд хорвоогийн элдэв явдал энгийн болдоггүй л юм байна.
Тавьсан зорилгодоо хүрлээ гээд сэтгэл хоосрох нь бий. Чухам ийм л учраас би ахин дахин ялах хүсэл тэмүүллээр бадардаг гэх үү дээ.
Ихээхэн золгүй хүмүүс агуу ялагчид болдог ч юм бил үү? Хэн мэдэх вэ?
Миний хувьд хэн нэгэн гаргасан амжилтыг минь эвдээсэй, давж гараасай гэсэндээ дээд амжилт (рекорд) гаргадаг. Эс бөгөөс биеэ тоосон нэгэн болно оо доо.
Анд нөхөр чинь ялахад ундууцдаг бол чи найз нөхөргүй л гэсэн үг дээ.
Багадаа би сургуульд явах жигтэйхэн дургүй байсан сан.
Ашиг орлогын минь талаар хэтрүүлэн цуурахыг дуулаад хааяадаа өөртөө атаархах шиг болдог шүү.
Өөрийгөө өрөөл бусадтай зүйрлэхээс илүү аюултай зүйл үгүй дээ. Хэн бугайг ч, тэр дотроо намайг ч өөр нэгнээр дөмөгхөөн орлуулчихаж болно доо.

среда, 25 декабря 2013 г.

МО ЯНЬ “ТОМ ХӨХ, ӨРГӨН ӨГЗӨГ” ЗОХИОЛЫН БААТРУУД (үйл явдлын товчоон)

 Гол баатар Ээж – Шангуань Лу, багын нэр нь Сюаньэр, багадаа өнчирч нагац эгч болоод Том хөлт Үй ахындаа өсөх ажээ. Дархны хүү Шангуань Шоуситэй дэр нэгтгэж, өтөл насандаа христийн шашинд орсон бөгөөд 95-тайдаа өөд болно.
Том охин – Том хөлт Үйгээс олсон Шангуань Лайди нь Ша Юэлянтай гэрлэж, Ша Заохуа хэмээх охинтой болох агаад Чөлөөлөх дайны дараа Хэлгүй Суньд богтлогддог. Улмаар Японоос ирсэн Пичуга Ханьд сэтгэл алдарч, нөхрөө хорлосноор цаазын ял сонсох ажээ.
Удаахь охин – Шангуань Жаоди, мөн л Том хөлт Үйн охин тэрбээр Японыг эсэргүүцэх цэргийн хороон дарга Сыма Кутэй гэрлэж, Сыма Фэн, Сыма Хуан хэмээх 2 охин төрүүлэх агаад Бие даасан 16-р нэгтгэлийн цэргүүдтэй мөргөлдөх үест хүндээр шархдаж насан эцэслэнэ. Охидыг нь газар дахин хуваарилах зүүнтний бүлгэмийнхэн хөнөөдөг.
Гутгаар охин –дэгдээхэйний наймаачнаас олсон Шангуань Линди нь Шувуун сүнстэй хэмээгдэнэ. Пичуга Ханьд ухаангүй дурласан Линди сэтгэлт хүн нь Япончуудад олзлогдоход ухаан балартаж, Шувуун сүнстэй хэмээн нэрлэгдэх аж. Хэлгүй Суньтэй дэр нэгтгэж хоёр хүүтэй болох агаад ангал руу үсэрч амь алдана. Удалгүй хэлгүй хоёр хүү нь бөмбөгдөлтөнд өртөж нас барна.
Дөрөвдүгээр охин – Шангуань Сянди, бадарчин маарамбаас олдсон тэрбээр хүнд хэцүү жилүүдэд гэрийнхнээ тэжээхийн эрхээр өөрийгөө худалдах ажээ. Олон жил энд тэндгүй хэрэн хэсүүчилсэн Сяндиг Соёлын хувьсгалын дараа төрөлх тосгонд нь эгүүлэн авчирч, олж цуглуулсан хэд гурван эд зүйлийг нь хурааж аваад машид буруушаана. Сянди хууч өвчнөөр энэ хорвоог орхидог.
Тавдугаар охин – Шангуань Паньди, нохойн махны наймаачин Бүдүүн Гаогаас төрсөн тэрбээр улс төрийн комиссар Лу Лижэньтэй дэр нэгтгэж, Лу Шэнли хэмээх охинтой болдог. Нэрээ Ма Жуйлян хэмээн сольж, Соёлын хувьсгалын үеэр амиа хорлоно.
Зургаадугаар охин – Тиэнци сүмийн санваартнаас төрсөн Шангуань Няньди нь Япончуудын бөмбөгдөж унагасан Америк онгоцны нисэгч Бэббитэд сэтгэл алдана. Хуримын дараа өдрөө Лу Лижэний Бие даасан 16-р нэгтгэлийнхэнд баригдах боловч хоёул оргож, нэгэн уулын агуйд хамтдаа энэ хорвоогоос халих ажээ.
Долдугаар охин – Шангуань Цюди нь ээжийг нь дөрвөн босуул хүчиндсэний дараа төрсөн бөгөөд багадаа цагаан Оросын гүнгийн ахайтанд үрчлүүлэн худалдагдана. Хожмоо Цяо Циша нэртэй болоод Анагаахын сургууль төгсөх боловч баруунтан хэмээгдэж цөлөгддөг. Цөллөгт байхдаа өлөн зэлмүүндээ шар буурцагны бин хэт их идсэнээс бие барах ажээ.
Наймдахь охин – Шангуань Юньүй нь Зиньтуний ихрийн өрөөсөн бөгөөд Шведийн номлогч Мюррейн охин юм. Хараагүй төрсөн энэ охин хүнд хэцүү үест ээждээ дараа болохгүй гэсэндээ усанд үйж бие бардаг.
Зиньтун – Ээжийн ганц хүү болж төрсөн тэрбээр эмэгтэй хүний хөхөнд ихээхэн дуртай нэгэн. Дунд сургуулиа төгссөний дараа сангийн аж ахуйд ажиллаж байгаад цогцос элдэвлэх гаж донтойн улмаас арван таван жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Ингээд шоронгоос суллагдсаныхаа дараахан зээ дүү Тоть Ханийн эхнэрийн байгуулсан шувууны фермд ажиллаж байгаад Сыма Ляны мөнгөөр үүсгэн байгуулсан хөхөвчний үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болдог. Бусдад хууртагдаж хамаг эд хөрөнгөө алдсан тэрбээр сэтгэлээр унаж, энэ амьдралаас ойлгож ухаарсан зүйлгүй насаа элээх аж.
 Шангуань Шоуси – ээжийн эр нөхөр болсон тэрбээр бэлгийн сулралтай нэгэн бөгөөд авааль эхнэрээ өрөөл бусадтай ойртуулж, хүүхэд гаргуулдаг байж. Шоуси нь зохиолын эхэнд Япончуудад алагдана.
Шангуань Фулу – Шоусигийн аав, дархан. Мөн л Япочнуудад хороолгодог.
Шангуань Люй – Фулугийн эхнэр болсон тэрбээр гэрийнхнээ гартаа атгадаг байж. Хожмоо наймдугаар охин Юньүйг хорлох гэж завдаад ээжийн гарт амиа алдана.
Сыма Тин – Даланийн хамгийн баян эдлэн газар болох Фушэнтаны эзэн.
Сыма Ку – Сыма Тиний хоёр дахь хүү, Шангуань Жаодигийн эр нөхөр. Японы эсрэг дайны үест үндсэрхэг үзэлтнүүдийн нэгтгэлийг ахалж явсан бөгөөд коммунистуудад баригдаж шүүгдээд буудуулж хороогдоно.
Сыма Лян – Сыма Кугийн гутгаар татвараас төрсөн хүү, гэрийнхнийг нь хүйс тэмтрэхэд зохиолын гол баатар болох ээжийнд өсч торнино. Ялаас зугтсан тэрбээр Өмнөд Солонгост очиж бузгай хөлжих агаад эх нутагтаа эргэн ирж, барилгын ажил эрхэлж байгаад элдэв хэрэгт хутгалдаж сураг алдардаг.
Ша Юэлян – Том охин Лайдигийн эр нөхөр, Японы эсрэг дайны үеэр “Хар илжиг” хэмээх нэгтгэлийг удирдаж яваад Япончуудад бууж өгнө. Ингээд Манж Го улсын Бохайн хэсгийн ахлагч болоод хятадуудад баригдаж, улмаар амиа егүүтгэх ажээ.
Ша Заохуа – Ша Юэлян, Лайди хоёрын охин болох Заохуаг зохиолын гол баатар болох ээж Зиньтун, Сымя Лян хоёртой хамт хүн болгох ажээ. Сыма Лянд дурласан тэрбээр хожмоо гэрээсээ зугтаж, хулгай зэлгий хийж явсаар, хайртай Сыма Лян нь түүнтэй хувь заяагаа холбохгүй гэсэнд цонхоор үсэрч амиа хорлоно.
Пичуга Хань – гутгаар охин Линдигийн сэтгэлт хархүү Пичуга нь шувууны хэл ойлгодог нэгэн байх агаад Япончуудад олзлогдож, оргон босч уул хадаар хэрэн хэсүүчилсээр арван таван жилийн дараа эх нутагтаа эргэж ирнэ. Хэлгүй Суньд богтлогдсон Лайдитэй сэтгэл нэгтгэж, улмаар Лайди Хэлгүй Сунийг хорооход хамт шүүгдээд Цинхай руу цөлөгддөг. Энэ замдаа тэрбээр галт тэрэгнээс үсэрч бие барах аж.
Мюррей – Шведийн номлогч, олон жилийн өмнө Даланьд суурьшсан тэрбээр зохиолын гол баатар болох Шангуань Луд дурлаж ихэр хүүхдийн эцэг эх болцгоох ажээ. “Хар илжиг” нэгтгэлийн цэргүүдэд доромжлогдож, сүмийн өндөрлөгөөс үсэрч энэ хорвоогоос хальдаг.
Тоть Хань – Пичуга Хань, Лайди хоёрын хүү. Эцэг эхээсээ өнчирч зохиолын гол баатар ээжийнд өсч өндийх агаад эхнэр Гэнь Лянляний хамтаар шувууны ферм байгуулдаг. Банкнаас ихээхэн хэмжээний мөнгө луйвардан зээлдэж, хожмоо шүүгдэх ажээ.
Лу Лижэнь – Зян Лижэнь хэмээх нэртэй байсан тэрээр хожмоо энэ нэрээ Ли Ду болгож өөрчлөөд Гаодун суурингийн захирагчийн албыг хашиж явжээ. Хүнд хэцүү үед зүрхний өвчнөөр өөд болно.
Лу Шэнли – Лу Лижэн, Шангуань Паньди хоёрын охин Шэнли нь багадаа ээжийнд өсч, хожмоо эцэг эхийндээ очно. Үйлдвэрлэл, худалдааны банкны Далань дахь салбарын эрхлэгч, Даланийн захирагчийн албыг залгуулж явсан Шэнли авлигын хэргээр шүүхийн хаалга татаж цаазлуулах ажээ.
Хэлгүй Сунь – Шангуань Лугийн хөрш Сунь эгчийн ууган хүү нь эхэндээ Лайдитэй сүй тавих боловч Лайдиг Ша Юэлянтай нийлэн зугтасны дараа гутгаар охин Линдитэй дэр нэгтгэж хоёр хүүтэй болдог. 1949 онд Солонгосын дайнд оролцож тахир дутуу болоод төр засгийнхны тусламжтайгаар Лайдитэй гэрлэнэ. Ингээд Лайди, Пичуга Хань хоёрын нууцхан холбоог мэдээд хэрүүл үүсгэн эхнэртээ хороолгох аж.

воскресенье, 22 декабря 2013 г.

МО ЯНЬ “ТОМ ХӨХ, ӨРГӨН ӨГЗӨГ”



Хятадын зохиолч Мо Янийн “Том хөх, өргөн өгзөг” хэмээх зохиол нь ихээхэн нэрд гарсан, нэг ёсондоо туульсын зохиол юм. Зохиолд эх хүний ижилгүй сэтгэл, нугаршгүй хатан зоригийн дүрслэн өгүүлжээ.
Анх 1996 онд гарсан энэхүү романаа Мо Янь гурвантаа засан тохинуулсан байдаг. Зохиолч Манж Чин гүрэн задран унаснаас Соёлын хувьсгал өрнөж өндөрлөх үес хүртэлх Хятадын эгэл ардын ахуй амьдралын нэгэн жарныг нүдэнд харагдтал дүрсэлжээ.

Хятадын зүүн хойд нутаг Дунбэйн Гаоми тосгоны Шангуань овогт гэр бүлийн аж байдлыг хүүрнэсэн эхний хэдэн бүлэгт угтаа тухайн үеийн Хятадын нийгмийг ёжлон харуулсан байна. Хүний халуун амь, тэр тусмаа эмэгтэй хүний амь мал адгууснаас долоон дор тооцогдож байсан нь үүнээс илэрхий.
Нэг талаас энэ зохиол Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-тай ихээхэн төстэй. Гаоми тосгоны дүр төрх нь Буэндиагийнхны аж төрөх тосгоныг эрхгүй санагдуулдаг.
Зохиолын гол баатар нь хятад эмэгтэй, шведийн номлогч хоёроос төрсөн, тун чиг сонин ааш араншинтай Зиньтун (орчуулбал “Алтан хүү” гэсэн утгатай) бөгөөд эмэгтэй хүний хөхөнд жигтэйхэн донтой нэгэн бөлгөө. Тэрбээр нас дээр гартлаа оюун ухааны хувьд “холын бодолгүй” хэвээр үлдэх ажээ. Найман эгчтэй (нэг нь түүний ихрийн өрөөсөн) Зиньтун хүүг эхэндээ төрсөн эх нь, хожмоо авааль эхнэр нь аль байдгаараа бөмбөрүүлж, бие хүн болох өчүүхэн ч боломж олгодоггүй гэмээр.
Мо Янь энэ дүрээрээ Хятадын нийгмээс гадуурхагдаж хавчигдсан алдагдсан үеийн сэхээтнүүдийг төлөөлүүлсэн гэдэг. Бодит байдлаас өөрийгөө хамгаалж хаацайлах чадваргүй Зиньтун яван явсаар гэмт хэрэгтэн болж, дунд хэрийн насандаа гаж донтон хэмээн цоллуулах болно. Зохиолын төгсгөлд Зиньтуний ээж бие барахад гол баатар маань эгээтэй л өөрөө “амьсгал хураах” шиг болох ажээ.
Романд Хятадын нийгмийн золиос болсон бүхэл бүтэн үеийн эмгэнэлт амьдралыг дэлгэн үзүүлдэг. Мо Янь дам утгаар тухайн нийгмийн үнэн дүр төрхийг сэтгэл сэрдхийлгэм дүрсэлж, энэ хорвоод орь дуу хадаан мэндэлсэн цагаасаа эхлэн уйтай тавиланд энэ насаа элээх эр хүний сэтгэл рүү өнгийн харахыг хичээсэн шиг санагдана.
Зиньтуний эх амьдралын хатуу хүтүү, өлсгөлөн зовлонд арга буюу долоо дахь охиноо Оросын гүнгийн ахайтанд өргүүлэх агаад өвдөж зовсон ээжийгээ эмнэж, өлөн зэлмүүн дүү нарынхаа голыг зогоохын тулд нэг охин нь өөрийгөө зарна. Тэр үед Хятадын томоохон хотуудад байсан хүн худалдах захыг өгүүлэх хэсэг ёстой л сэтгэл шимширмээр.
Ингээд Мо Янийн эл зохиолдоо бичсэн өмнөтгөлийг хөрвүүлэн хүргэе.

Энэ номоо тэнгэрт хальсан ижийнхээ амин сүнсэнд зориулъя.
1995 оны хаврын тэр нэгэн өдөр “Энэ номоо тэнгэрт хальсан ижийнхээ амин сүнсэнд зоиулъя” хэмээн гар бичвэртээ бичихдээ нулимс цийлэгнэж билээ. Ингэлээ гээд хэн нэгний доог тохуу болох ч энэ нь ижийгээ гэх сэтгэлтэй минь харьцуулшгүй юм.
Би бээр энэхүү зохиолоо Хятадын бүх л ээжүүдэд өргөн барьж байна. Феодалын нийгмийн ёс суртахуунаар хүмүүжсэн энэ л ижий ёс жаяг, улс төрийн үзэл баримтлалаас гажууд гэмээр үйлдэл хийх авч угтаа эх хүний энэрэнгүй бөгөөд агуу хайрын илэрхийлэл болох бөлгөө. Энэ ижийн дүр урьд өмнөх зохиол бүтээлүүдэд дүрслэгдсэн эх хүний дүр төрхөөс нилээд ялгаатай ч миний хувьд үнэхээр агуу эх хүн гэж хэлэхээр дүр болсон гэж бодном.
Зохиолын минь өөр нэгэн дүр болох Шангуань Зиньтун нь биерхүү, ухаан сийрэг нэгэн ч насан туршаа эхийнхээ хөхнөөс салж чадахгүй. Энэ дүрийн тухайд арваад жилийн өмнө нилээд шүүмжлэлтэй хандсан уншигчдын сэтгэгдлийг олж мэдээд үнэн хэрэгтээ тэд Зиньтунийг минь зөв дүгнэжээ хэмээн бодож билээ. Ер нь уран зохиол гээч нь аливаа бүтээл туурвилын баатруудыг өөр өөрсдийн хэмжүүрээр дүгнэх боломж олгодгоороо өргөн олныг татдаг ч гэлтэй. Зиньтунийг Хятадын орчин үеийн сэхээтнүүдийн нийтлэг дүр төрх гэдэгтэй би хувьдаа санал нэгтэй байдаг. Энэ дүрийг би өөрөөсөө хуулбарласан ч гэж болно. Таньдаг философич минь “Орчин үеийн Хятадын сэхээтний дотор Шангуань Зиньтуний өчүүхэн ч болов хэсэг хадаатай” хэмээсэн нь санаанд орох юм.
Зохиолоо бичээд хэдий арван таван жил өнгөрсөн ч эргэж харвал энэ хугацаа нүд ирмэхийн адил хөврөн урсчээ. Дахин нэг сөхвөл дутуу гучуу зүйл байх ч би гэдэг хүн энэ хэмжээний зохиол дахиж туурвих нь юү л бол. Зарим андууд минь зохиолоо “Зиньтун ба Юньүй” хэмээн нэрлэбэл олны анхаарлыг илүү татна гэх ч “Том хөх, өргөн өгзөг” хэмээх эл роман хэдийнэ арван таван жилийн нүүрийг үзжээ. Тэгээд ч энэ мэт нэршил нь үсрэнгүй хөгжилд тэмүүлэх өнөө үеийнхнийг цэрвээж цочирдуулахгүй биз ээ.
             2009 оны 11-р сарын 28.

Зохиолын гол баатруудын тухай хийгээд нэгээхэн хэсгийн орчуулгыг дараагийн бичвэртээ оруулах болно.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...