пятница, 24 июня 2016 г.

Марлен Дитрих, Эрнэст Хэмингуэй хоёр

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс чухам хэдийд анд нөхдийн харилцаатай болоод, улмаар илүү дотносдог вэ гэж асуувал яг таг хариулах боломжгүй л дээ. Тэр тусмаа Марлен Дитрих, Эрнэст Хэмингуэй зэрэг уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ асуудал ихээхэн эргэлзээ төрүүлэх юмсанжээ. Хэмингуэй, Дитрих хоёр 30 гаруй жилийн турш хэн хэнээ хайрлаж явсан гэлцэнэ. Одоо бол тэдний харилцааг виртуал харилцаа гэж нэрлэх боломжтой.
Энэ хоёр 1934 онд Америкийн Иль де Франс хөлөг онгоцон дээр танилцжээ. Марлен “Би Эрнэстэд анхны харцаар л дурласан. Гэлээ гээд би түүнийг тэнгэрлэг хайраар хайрладаг байсан юм. Бид хоёр олон жилийн турш хэн хэнээ сэтгэлдээ тээсээр ирсээн. Хоёул хамт байна гэдэгтээ итгэдэггүй байж дээ. Би түүний эхнэр Мэриг маш их хүндэлж явдаг. Мэритэй л ижил бусад хүүхнүүдээс түүнийг харамлаж байлаа. Гэхдээ бид хоёр энэ олон жилийн турш найз нөхдийн харилцаатай байсан юм. Түүний бичсэн захидлуудыг би хүнд үзүүлэх дургүй” гэж ярьсан нь бий.
Харин Хэмингуэй энэ тухайд “Бид хоёр 1934 оноос хойш л хэн хэндээ дурласан. Гэлээ ч нэг хөнжилд орсонгүй. Та нар итгэхгүй л байх” хэмээн  бичжээ. Дитрих “Бид хоёр нэг газар удаан хугацаанд хамт байж үзээгүй л дээ. Тиймдээ ч хамт байж боломж байсангүй” гэжээ.
Хэмингуэй захидалдаа “Би зүрх минь цохилдгийг анзаардаггүйтэй л адил хааяадаа чамайг байгаа гэдгийг ор тас мартах юм... Чамайг тэврэхэд гэртээ ирсэн аятай л сэтгэл бүлээцэх юм... Миний энэ хайр надад гэсгээл болж ирсэн бололтой” гэж бичсэн байна.
Тэд Хэмингуэйг 1961 онд нас бартал захидлаар харилцсаар байв. Дитрих “Би түүнийг Гибралтарын хад гэж дууддаг байлаа. Тэр ч энэ нэрэндээ их дуртай байдагсан. Хэдийгээр түүнийг нас барснаас хойш олон жил өнгөрсөн ч сэтгэл хөндүүртэй хэвээр. Цаг хугацаа бүхнийг эдгээдэг гэж ярьдаг нь үнэнд нийцэхгүй” гэж өгүүлжээ.

пятница, 3 июня 2016 г.

Ян Тиэнши - Жинхэнэ Чан Кайшигийн эрэлд

Энэхүү ном нь ДИУ судлал, тэр дундаа Гоминьдан хийгээд ХКН-ын харилцааг тухайлан судалж буй Ян Тиэншигийн сүүлийн бүтээл болно. Тэрээр олон ч удаа Тайван, Америк, Англи, Японд очиж, Чан Кайшитай холбоо бүхий архивын бичиг баримтыг нягтлан судалжээ. Судлаач маань 2006, 2007 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академид хоёронтоо очихдоо нийтэд дэлгэсэн Чан Кайшигийн өдрийн тэмдэглэлийг уншиж судалснаар энэ бүтээлээ туурвисан аж. Чингээд Чан Кайшигийн хувийн амьдрал, үзэл бодол, улс төрийн чиг баримжаа, улс орноо тохинуулах үзэл суртлыг нь хэн хүнд ойлгомжтойгоор илэрхийлэн хүргэсэн болой. Ян Тиэнши нь 1960 онд Бээжингийн их сургуулийн Хятад хэлний ангийг дүүргэж, эдүгээ БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн магистрантурын факультетийн эрхлэгч, Орчин үеийн түүх судлалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байна.

          Ер нь Хятадын улс төрийн орчин үеийн түүх судлал нь 1980-аад оноос хойш л утгаараа хөгжсөн гэж хэлэх бүрэн үндэстэй юм. Үүнээс өмнө Тайвань хаалттай байсан тул түүхч, судлаачид нь Тайван хийгээд Гоминьдан, ХКН-ын үүх түүхтэй холбоотой архивын бичиг баримтыг үзэж судлах боломж багатай төдийгүй элдвийн үзэл сурталд боогддог байлаа. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд 1980-аад оноос хойш л ихээхэн ахиц гарч, Гоминьданы зарим бичиг баримт ил болоод, улмаар Чан Кайшигийн тэмдэглэлийн зарим хэсгийг нийтэд дэлгэснээр ДИУ-ын улс төрийн нөхцөл байдлыг нарийн судлахад эерэгээр нөлөөлсөн юм. Үүнийг дагаад түүхийн шинжлэх ухаан нь дан ганц нэг намын ашиг сонирхолд үйлчлэх нь харьцангуй багассан ч гэж хэлж болно.

          Чан Кайши нь Хятадын орчин үеийн түүхэн дэх маш чухал нэгэн эрхэм билээ. Түүхч, судлаачид энэ хүнийг эртээс нааш маш ихээр сонирхсоор иржээ. Би бээр Хятадын орчин үеийн түүх судлалд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах сэтгэл өвөрлөн, 1920-1940-өөд оны түүхэн үйл явдлуудыг аль болох үнэн бодитой сэргээн өгүүлж, Чан Кайши нь чухамдаа ямар хүн байсныг тодруулан харуулах зорилготойгоор энэ номоо бичсэн болно. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академиас тэнд хадгалагдаж байсан Чан Кайшигийн өдрийн тэмдэглэлийн зарим нэгэн хэсгийг 2006 оны 3 сард нийтэд дэлгэхэд миний бие тэр тэмдэглэлүүдийг уншиж билээ. Дараа нь 2007 онд мөн тийш очиж, нэмж дэлгэсэн тэмдэглэлийг нь уншлаа. Чан Кайши нь 1930-аад онд бичсэн тэмдэглэлээ өөрийн багш болоод нарийн бичиг Мао Сычэнд өгч хадгалуулсан байдаг. Мао Сычэнд хадгалагдаж байсан тэрхүү тэмдэглэлүүдийг би урьд өмнө нь уншиж үзээд нийтлэл бичиж байлаа. Чан Кайши нийт 50 гаруй жилийн турш тэмдэглэл хөтөлсөн бөгөөд тэдгээр нь өдгөө бүгд Стэнфордын их сургуульд хадгалагддаг ажээ. Тус сургуулиас 2006 оны 3 дугаар сард хийгээд 2007 оны дундуур түүний тэмдэглэлийн эхний хэсэг болоод 1932-1945 онд холбогдох хэсгийг ил болгосон юм. Аливаа хүний өдрийн тэмдэглэл гэдэг тухайн цаг үе төдийгүй мөнөөх хүний үзэл бодлыг ойлгож ухаарахад нэн чухал үүрэгтэй гэдгийг уншигч авгай надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ингээд би бээр 1980-ад оноос хойш дээрх чиглэлээр хийсэн судалгаагаа эмхэтгэсэн нь энэ буюу. 2006 онд Стэнфордын их сургуульд байх ахуйд Синьхуа агентлагийн нэгэн сурвалжлагч надаас Чан Кайшиг товчхон тодорхойлж хэлнэ үү хэмээн хүсэхэд би “Нэгд, энэ хүн болбоос Хятадын орчин үеийн түүхэн дэх онцгой нэгэн байр суурьтай хүн билээ. Хоёрт, Хятадын түүхэн дэх түүний хувь заяа ихээхэн адармаатай. Харин гуравт, энэ хүнд оносон ч юм бий, алдсан ч юм бий” гэж өгүүлсэн дээ. Удалгүй Тайваньд очоод “Чин улс, Юань Шикай, Чэнь Зионмин нарыг эсэргүүцэж, Вампугийн цэргийн их сургуулийг байгуулсан нь яриангүй түүний гавьяа болно. Үүний зэрэгцээ Гоминьдан болон Гоминьданы засгийн газрыг тэргүүлэн Японы эсрэг дайн зарласан нь маш том гавьяа юм. Харин 1927-1936 онд хийсэн нам доторх цэвэрлэгээ, 1946-1949 онд өрнүүлсэн гурван жилийн иргэний дайн болбоос түүний хувьд алдаа болно. Тайваньд очоод Тайванийг тусгаар болохыг эсэргүүцэж, газрын шинэчлэл хийсэн нь оносон ч алдсан юм бас цөөнгүй бий” гэснээр энэ бүхнээ нэгтгэн дүгнэлээ. Уншигч та надтай санал нийлэхгүй ч байж болно. Гэлээ ч номыг маань уншсанаар та бүхэн Чан Кайши хийгээд Гоминьдан нам, Хятадын орчин үеийн түүхийн талаар чамлахааргүй ойлголттой болох нь дамжиггүй ээ.

Өдрийн тэмдэглэлийн тухай цухас дурдвал
Чан Кайши 1915 онд буюу 28 настай байхаасаа эхлэн тэмдэглэл хөтөлж эхэлсэн бөгөөд түүний тэмдэглэл насан эцэслэхээс нь 3 жилийн өмнө буюу 1972 оноор дуусгавар болж байна. Тэр жил Чан Кайшигийн бие илт дордож, үзэг барьж чадахааргүй болжээ. Энэ дундаа 1915, 1916, 1917 онуудад тэмдэглэл хөтлөөгүй байна. Тухайн үед тэрээр Умардын цэргүүдэд хөөгдөн ганцаар дутааж явсан тул бичсэн тэмдэглэлүүд нь үрэгджээ. Шаньдунд цэргийн зөвлөхөөр ажиллаж байх үедээ 1915 онд бичсэн 13 өдрийн тэмдэглэл л хадгалагдан үлдсэн аж. Хүүвэрийн академийнхэн тэрхүү бичгийг ДИУ-ын 6-р он хүртэл хэрэгжүүлсэн стратеги хэмээн нэрийдээд, тэмдэглэл бус харин дурдатгалын шинжтэй бичиг баримт хэмээн үзэж байна. 1924 оны үеийн тэмдэглэлүүдийг Вампугийн цэргийн их сургуулийн үе гэж нэрийдэх боломжтой ч 1930-аад онд Ван Сычэнийн эмхэтгэн гаргасан Чан Кайшигийн тэмдэглэлүүд-эд тэр үеийг төдийлөн дурдсангүй. Чан Кайшигийн тэмдэглэл нь нийт 53 жилийг үйл явдлыг хамруулсан 63 боть бүтээл болно. Хятадын түүхэнд түүн шиг урт хугацаанд тэмдэглэл хөтөлж байсан улс төрч нэгээхэн ч үгүй юм.

Чан Кайшиг нас барсны дараа түүний тэмдэглэлийг хүү Чан Зинго нь хадгалж байгаад 1988 онд нас барахдаа өөрийн хүү Чан Сяоюнд өвлүүлэн үлдээжээ. Чан Сяоюн нь 1996 онд нас барсны дараа түүний эхнэр эдгээр тэмдэглэлийг хадгалж байгаад, 2004 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хүүвэрийн академид 50 жилийн хугацаатай хадгалуулахаар шилжүүлж өгсөн түүхтэй.
Тэмдэглэлийн зарим хэсэг нь баларч, захаасаа түлэгдэж устсан шинжтэй байсан тул тус сургуулийнхан эдгээрийг сэргээн завсарлахын зэрэгцээ хувилсан байна. Улмаар 2006 оны 3 дугаар сард 1918 оноос 1931 онд хамаарах хэсгийг нь, 2007 оны 4 дүгээр сард 1945 он хүртэлх хэсгийг нь дэлгэв. Түүнчлэн үлдсэн тэмдэглэлийг нь хэсэг хэсгээр нь дэлгэн үзүүлэх аж. Өдгөө дэлгэсэн хэсгийг Чан Кайши гараараа бичжээ. Японы эсрэг дайтах үест тэрээр Чунцинээс явахдаа бичсэн тэмдэглэлээ нарийн бичиг Үй Гүохуад өгч хувилуулан хадгалуулжээ. Энэ хувилбарын багахан хэсэг нь Хятадад мэр сэр үзэгддэг ч Хүүвэрийн академид барагтай бол бүрэн эхээрээ байна.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...