воскресенье, 30 ноября 2014 г.

Огторгуйгаас авсан сонирхолтой зургууд

Шинэ Зеландын Роторуагийн газрын гүнээс оргилж гардаг шавран бассейнууд ингэж харагддаг.
Ираны Деште-Кевирийн цөл. Давст хавцал, хатаж буй намаг, элсэн цөлтэй хэсэг сансраас ийн үзэгдэнэ. 
Номхон далайн хойноос салхилах салхи, Алеутын арлын урсгал хоёрын нийлэх хэсэг ийн үзэгддэг.
Чад улсын Теркезийн баянбүрд. Сахарын элсэн цөлд сүндэрлэх хэсэг хад сансраас үзэгдэж буй нь.
Намибийн Бранднбергийн уулс. Боржин чулуун энэ уулнаас 3500 жилийн тэртээ зурсан зурагнууд олджээ.
Мексикийн Пинкейтийн тал. Царцсан лаавын ан цаваар гүний ус гадагшилж энэ хэсэг газрыг иймэрхүү болгожээ.
Хятадын Куньлунь, Алтуны нуруу хоорондын хайрган хөрс. Нэлээн том хэсэгт газрын хөрс нилэнхүйдээ арчигдаж хайрган давхарга ил гарсан нь.
Сахарын нүд буюу Ришатын тогтоц. Сахарын цөлийн Мавританийн бүсэд байрласан. Геологийн энэхүү өвөрмөц тогтоц нь 50 км-ийн голчтой.

четверг, 27 ноября 2014 г.

Бунин

Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч, орчуулагч Иван Алексеевич Бунины (1870-1953) Антоновкагийн алим, Митягийн хайр, Сан-Францискогийн эрхэм, Харанхуй гудмууд, Арсеньевийн амьдрал зэрэг зохиол бүтээлүүдэд орос хэлний яруу тансаг байдал нэвт шингэсэн байдаг. Хүмүүний сэтгэлийн чанадыг хөндөн бичдэг найрагч маань амьдралынхаа 30 гаруй жилийг харь нутагт өнгөрөөжээ. Бунин 1920-иод онд эх орноосоо гараад эргэж ирээгүй билээ. Хальтлаа Орос эх орноо санагалзан, нутагтаа ясаа тавихыг мөрөөдөвч харамсалтай нь хүсэл мөрөөдөл нь биелсэнгүй.
Францад өдий удсан ч эцсээ хүртэл сэтгэл нь эх нутагтаа тэмүүлсээр байжээ. “Бүх зүйл санаснаас минь ондоо байж билээ. Хаашаа л харна харийн юмс. Төрөлх нутгийнхаа тосгод, уул нурууд, эх байгалаа цаг үргэлжид дурсдаг байлаа. Энэ бүхнээ эргэн эргэн санаж буулгадаг сан. Өөр зүйлийн тухай бичиж чадахгүй юм. Энд би ер идээшсэнгүй” гэж дурссан нь бий.
Ромен Роллан түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлснээс хойш арав гаруй жилийн дараа Бунин энэ шагналыг хүртсэн бөгөөд энэ бүх хугацаанд горь найдлага тээсээр байжээ. Учир нь шагнал авбал тарчигхан амьдралд нь ихэд нэмэртэй. Дуулах нь ээ, түүнтэй Нобелийн шагналын төлөө өрсөлдөж байсан Мережковский найрагч Бунинд туйлгүй хорсож маргалдаад, эцэстээ гучаад онд хэн бугай нь ч авсан бай шагналын мөнгөө таллаж авах санал ч тавьж явсан гэлцэнэ.
Зохиолч 1933 онд Стокгольм орж шагналаа авахад хөрөг зураг нь хаа сайгүй дурайж байсан ажээ. Бунин 2-р дайны үеэр Провансын Грасст зутруухан амьдарч, нэг ч ном зохиол хэвлээгүй юм. Гэвч энэ л хүнд хүчир жилүүдэд Харанхуй гудмууд гэх хайрын өгүүллүүдээ тэрлэв. “Аймшигт ганцаардал, өлсгөлөн, зутрал дунд өнгөрсөн тэртээ жилүүдэд ажил минь л намайг аварсан.” Түүний хувьд энэ өгүүллүүд уран бүтээлийнх нь оргил бөлгөө.
Бунин эх орноо эрхгүй дурсахдаа “Хүн гэдэг амьтан ерөөс эх орноо мартаж чадах сан уу? Эх орон гэдэг сэтгэлд оршдог. Би угийн л орос хүн. Энэ чанараа яав чиг гээж дөнгөхгүй нь” гэжээ. 1946 онд хаант Оросын харьяат иргэдийн ЗХУ-ын иргэншлийг сэргээх тушаал гарсанд Бунин тун чиг хангалуун байжээ. Их найрагч 83 насандаа нойрон дундаа энэ хорвоогоос хальсан юм.

суббота, 22 ноября 2014 г.

Вольтерын амьдрал



Сэргэн мандлын үеийн гол философич Франсуа-Мари Аруэ Вольтер (1694-1778) хэдийгээр гүн ухааны нээлт гэхээр зүйл бодож олоогүй ч хүмүүсийн ухамсарт машид нөлөөлжээ. Либерализм, тэсвэр хүлцэл зэрэг нь түүнээс л үүдэлтэй. Вольтерын амьдрал адал явдлаар дүүрэн байжээ. Хэлтэй амтай учир залуудаа хоёр ч удаа Бастильд суугаад авч. Эхний удаад Орлеаны гүнг егөөдөж, дараа нь өөр нэг ихэс дээдэстэй ам муруйгаад тэнд орсон гэдэг.
Мань хүн Англи, Герман, Швецарийн алинд нь ч тогтсонгүй. Прусст байхдаа Фридрих хааны ордны орчим амьдарч байлаа. Ингээд нэгэн удаа хаантай завиар зугаалахдаа Европын улстөрийн талаар яриа дэлгэж л дээ. Гэтэл завинд нь ус орж эхэлмэгц Вольтер ухаан жолоогүй үсэрч буусан гэлцэнэ. Фридрих хаан түүнийг ийнхүү сандарсанд шоолж “Би бол ер эмээхгүй байна” гэсэнд Вольтер “Тэгэлгүй дээ. Дэлхий дээр хаад бишгүй. Харин би ганц” гэж хариу барьсан аж.
Вольтер Швецарт нэлээд удаан сууж, Кандид, Гүн ухааны толь бичиг, Орлеаны онгон бүсгүй гэх гол зохиолуудаа тэнд л туурвив. Хамгийн их алдаршсан нь мэдээж Кандид. Вольтер эл зохиолдоо орчлон хорвоо төгс бус, үүнд төгс юм байх ор боломжгүй хэмээн номлодог. Түүний сургаал ёсоор хүн гэдэг амьтан аз жаргалынхаа төлөө ханцуй шамлан тэмцэх учиртай санж. Бүх зүйл өөрийн чинь гарт гэх Вольтерын номлолд маш олон хүн дагаж итгэжээ.
Өөрийнх нь хэлснээр мань хүн атеист биш (шашингүй хүн) деист (бурхан ертөнцийг бүтээсэн ч бусдад хамаагүй гэх үзэлтэн) аж. Бурхан хүмүүнийг бүтээсэн ч цаашдын үйл хэрэгт нь оролцоогүй. Үүнээс хойш үүсэн буй болсон сайн муу бүхэн хүний л ач гавьяа.
Үүний зэрэгцээ Францын хил орчмын нэгэн цайзад амьдрах ахуйдаа албан өрөө нь Швецарт, унтлагын өрөө нь Францад буй хэмээн хошигнодог байжээ. Католик шашныхантай ам зөрвөл Швецарт ирж, тэндхийн гугенотуудтай таарахаа боливол Франц руу эргэнэ. Энэ маягаар явсаар эцэстээ Парист ирсэнд олон түмэн түүнийг уухайлан угтжээ. Өргөн олондоо ихэд нэртэй философичид нэгэнтээ “Найрагчдын хаан, гүн ухаантан, түүхч, хүмүүний сонирхол шохоорхлын маргааныг эцэслэн шийдвэрлэгч, урлагийн ивгээгч, хэт туйлшрагчдын дайсан, дорд үзэгдэгсдийн хамгаалагч, сайн сайхан бүхний үлгэр жишээ нэгэнд” гэсэн захиа ирсэн гэдэг. Шууданч хаяг усгүй энэ захиаг түүнд л зориулснаас гарцаагүй гэдгийг даруй гадарлаад хүргэж ирсэн нь энэ.
Тэрээр насан эцэслэтлээ үзэл бодолдоо үнэнч оршсон билээ. Амьсгал хураахаас нь өмнөхөн гэмээ наманчилж, бурхантай учралдах еврахристийн зан үйл үйлд гэсэнд аанай л “Намайг амгалан нойрсуул” гэжээ. Гэвч Парисын хамба түүнийг христийн заншил ёсоор оршуулахыг хоригложээ. Тиймээс цогцсыг нь Парисаас нууцаар гаргаж, өөр газар оршуулсан аж. Францын хувьсгалын дараа л шарилыг нь Пантеонд шилжүүлсэн түүхтэй. Дашрамд хэлэхэд Францын хувьсгалын ихэнх уриа лоозон Вольтерээс эштэй. 
Пушкин, Грибоедов, Чаадаев, декабристууд түүний л суртлаар өсөж хүмүүжсэн. Вольтерын үзлийн амин шим нь гүн ухааны хийдэм онол бус оюун бодлын эрх чөлөө, бусдын үзэл бодлыг хүндэтгэхэд оршном. Энэ л түүний хүн төрөлхтөнд өгсөн зүрхэн сургаал билээ.

пятница, 14 ноября 2014 г.

Сонирхолтой фото зургууд

Онгоцон дотроос авсан солонго. 
АНУ-ын Үхлийн хөндийд нар мандаж буй нь.
Гранд каньон дээр солонго татсан нь.
Японы Горёкакү цайз. 19-р зууны дунд үед баригдсан таван хошуу хэлбэртэй энэ цайз өдгөө цэцэрлэгт хүрээлэн болжээ.
Вьетнамын Меконг голын ай саваас усны сараана цэцэг цуглуулж байгаа нь. Вьетнамчууд үүнийг хүнсэндээ хэрэглэдэг.
Чежүгийн Манжагуль агуй. Галт уулнаас үүссэн Чежү арлын энэ агуйгаар нэгэн цагт халуун хайлмаг урсан байжээ.
Норвегийн Тургхаттен буюу Нүхт уул.Энэ уул голдоо 160 м урт, 35 м өндөр, 20 м-ийн өргөнтэй нүхтэй гэж байна. Гайхалтайяа!
14,5 сая жилийн тэртээ дэлхий дээр 1 км-ийн голчтой солир унасан тэр газарт Германы Нордлинген хот байгуулагджээ.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...