воскресенье, 26 января 2014 г.

Тариачин эр Лю Баны үүсгэн байгуулсан Хань гүрний их хатан Люй

 Нас нь явсан ч залуугийн гоо үзэсгэлэнгээ алдаагүй эмэгтэй эрэг орчмоор зугаална. Энэ үест түүний авааль нөхөр Любан нь Пинчен цайзад тамлагдан хоригдож байсан юм.
Люй нөхөртөө яаж туслахаа мэдэж байлаа. Тэрээр ямагт зөв шийдвэр гаргадаг даа. Хүн гүрнийхэнд олзлогдсон авааль нөхрөө Люй хатан татвар эм Мэйгээр нь сольж авч чаджээ.
Люй залуу байхдаа тосгоны эрчүүдээс чухамхүү хэний ч хараанд өртөхөөргүй Любантай суусандаа хэзээ ч харамсаж явсангүй. Циншихуандиг нас барсны дараа улс орон нь хямарч, энд тэндгүй үймээн самуун дэгдэж эхэлсэн цаг. Циншихуандийн өв залгамжлагч эцгийнхээ үлдээсэн их гүрнийг захирч чадалгүй гуравхан жилийн дараа амиа егүүтгэнэ. 
Энэ үеэс Любан цагдаагийн хэсэгт ажиллах болжээ. Нэгэн удаа Любан тосгоноосоо хэдэн арван гэмт этгээдүүдийг хотын захиргаа руу хүргэж өгөх зуураа тэдэнд хандан өөртэй нь нийлж бослого гаргах уу, хотын захиргаанд очиж шоронд суух уу шийдэцгээ хэмээжээ.
Любан чингэж гэмт этгээдүүдийг талдаа элсүүлэн бослогоо эхлүүлсэн түүхтэй. Түүний багахан отряд төд удалгүй олон цэрэгтэй болж, Хань мужийг эзлэв. Ингээд Сычуаний захирагч Сянь Үйг л дарах юм бол хаан ширээнд суух боломжтой болж. Тэд хэдэнтээ мөргөлдөж дайтсан ч Любан илүү одтой байж, Сянь Үйг олзолж авдаг. Цөхөрсөн Сянь Үй олны өмнө амиа хорлосноор Любан эзэнгүй хаан ширээнд өрсөлдөгчгүйгээр суулаа. (Хань гүрэн МЭӨ 206 оноос МЭ-ний 220 он хүртэл оршин тогтносон)
 Любан ихээхэн луйвар зохиож, урьдын хааны шадар түшмэдийг замаасаа зайлуулж чаджээ.
Гэвч он цаг улиран одоход Люй хатны өнгө зүс гундаж, эр нөхөр нь эмс татварт илүүтэй шунах болов. Их хатан Мэй татварыг зайлуулсан ч Ци хэмээн нэгэн бүсгүй хааны ивээлийг ихээхэн хүртэх болжээ. Удалгүй Ци хүү төрүүлж Жу И хэмээн нэрлэв. Ци татварын хүүг хаан өв залгамжлагчаараа сонгох болсныг олж мэдсэн Люй хааныг хорлохоор шийднэ. Люй нөхөртөө хайртай байсан ч эрх мэдэлд илүүтэй шунажээ. 195 оны 6-р сарын нэгэн өдөр хааны оточоор Люй хатан хаанд хортой тос өгүүлж, хаан төд удалгүй нас барлаа. Ингээд хаан ширээнд Люй хатны хүү Люинь суув. Люинь ухаан муутай залуу байсан учир жинхэнэдээ Люй хатан улс орноо захирах ажээ. 
 Юуны түрүүнд Люй хатан Ци татварыг хүүтэй нь хамт хөнөөсөн гэдэг. Хааны өөр нэгэн татварын хүү Люхоань гэгч залуу байсан бөгөөд Люй хатан түүнийг хорлох гэсэн боловч чадаагүй гэлцдэг. Люхоань ордноос зугтаж амжжээ.
Люинь долоон жил хаан ширээнд суусан бөгөөд түүнийг нас барсны дараа ганц хүү нь хаан ширээнд суусан ч мөн л удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Ингээд Люй хатан Кон нэрээр түүхэнд бичигдсэн Чанань хэмээх захирагчийг хаан ширээнд суулгаж, өөрөө бүх эрх мэдлийг авчээ. Чанань зугаа цэнгэлээс өнөр зүйл огт сонирхдоггүй нэгэн байлаа. Энэ нь ч Люйд ашигтай байсан нь дамжиггүй.  
Люй хатан бараг дал хүрчээ. Чухам энэ үед л хатныг эсэргүүцэгчид хааны ордноос зугтсан Люхоань хунтайжийг эрж олон бослого гаргахаар зэхэв. Гэвч Люхоанийг ордонд дайран орох үед Люй хатан хэдийнэ орондоо амьсгал хураасан байсан гэлцдэг. 
 Гэсэн хэдий ч Хятадын их түүхч Сыма Цянь их хатны хаанчилсан он жилүүдэд газар тариалан хөгжөөд, улс амьтан гэдэс цатгалан, амар амгалан байсан хэмээн тэмдэглэсэн нь бий.
Хожмоо Люхоань Хаовэнь нэрээр түүхэнд бичигдэн хаан ширээнд сууж, овсгоотой тариачин эр Любаны үндэслэн байгуулсан Хань гүрнийг удирдах болсон гэдэг. Хаовэнь хаан их хатдыг хаан ширээнээс нэг мөр холдуулж, урьдын гашуун түүх давтагдахаас сэргийлэн хаан ширээг ханхүүд өв залгамжлуулах ёс журмыг тогтоожээ.

Орчуулсан Б.Гэрэл

суббота, 25 января 2014 г.

Тим Роббинсын үзэл бодол

 Энэ дэлхий дээр жүжигчдээс уйтгартай хүн гэж байхгүй л болов уу? Учир нь тэд нэг бол кино ший, эс бөгөөс өөрсдийнхөө л тухай ярьдаг шүү дээ.
Төрж өссөн дүүргийн минь хүүхдүүдийн аавууд мафийн томоохон этгээдүүд байснаас ч тэр үү, хэн нэгнийг нүдэж зодохоосоо өмнө бид их л боддог сон.
Эр хүн болсных нударга зөрүүлж сурах хэрэгтэй ч энэ мэт явдлаас холуур байх учиртай. Би л гэхэд гар зөрүүлж сурангуутаа л зодоон нүдээнээс зайлсхийх болсон доо.
Энийг, тэрийг хийж болохгүй гэх хүн хэзээд олдоно шүү дээ. Иймэрхүү улсаас зайгаа барих нь л хамгийн чухал.

          Би гэж 193 см-ийн өндөртэй. Хэн нэгэнтэй ярихдаа тонгойж биш өөдөөс нь эгцлэн ширтэхийг хичнээн их хүсдэг гээч. Харин кино урлагт бол өндрөөсөө зовж явсангүй. Өндөр хүмүүст гол дүр оногдох нь олон шүү.
Гайхамшигт итгэхээ больсон улс төр засаг, арилжаа наймаанд сүслэн залбирдаг гэж бодогдох юм.
Миний бодлоор америкчууд тийм ч хэрцгий улс биш шүү дээ. Хэрэгтэй мэдээллийг нь өгвөл аливаа зүйлд зөв л хандах байх. Гол нь тэр мэдээлэл гээч нь ямагт хаалттай байх юм даа.
Аз жаргалтай хүүхэд насандаа эргэж очиход хэзээ ч оройтохгүй дээ.
Өдий төдий зүйлийн төлөөнөө амьдралд тэмүүлж, тоотой хэдхэн зүйлийн төлөө амиа зольж болох ч нэгээхэн ч зүйлийн төлөө бусдыг хорлож болохгүй ээ.

Ямар ч шашин шүтлэгийг орлож чадахуйц мэдрэмж бол яах аргагүй хошин шогийн мэдрэмж.
 Сониуч зантай нэгэн л энэ амьдралд чин сэтгэлээсээ тэмүүлдэг гэж бодох юм.
Нүцгэн байлаа гээд тачаангүй болчихгүй, их зантай байлаа гээд эрхэмсэг болчихгүй шүү дээ.
Би пянз, хуурцганд ёстой л нугасгүй дуртай даа. Надад Айпод байдаг ч пянз сонсоход л хөгжмийн гайхамшгийг мэдэрч болно. Харин одоо сайхан хуурцагны хөгжим үйлдвэрлэхээ нэгэнт больж дээ.
Сэтгэлийн таашаалаас илүүтэй үг үсгийн алдаа эрэгч нэгэнд итгэсний хэрэггүй л болов уу.
Жүжигчдийг тэнэг мулгуу гэдэг ч тэднээс дутахгүй мулгуу улс төрчид бас цөөнгүй шүү.

четверг, 23 января 2014 г.

Манж Чин гүрний сүүлчийн хатан Цыси


 Манж Чин гүрнийг бараг хагас зуун жил гартаа атгасан Цыси хатан 1835 онд Манжийн хохь тайжийн гэрт төржээ. Эцэг эх нь түүнд Ланьэр гэсэн нэрийг хайрлажээ. Тэрбээр багаасаа өөртөө ихээхэн итгэлтэй нэгэн байсан бөгөөд 1853 онд хааны ордонд татвар эм болон орсон байна. Манжийн хааны татваруудыг 5 зэрэглэлд хуваадаг байсны хамгийн эхнийхийг нь хуангуйфэй, удаахийг нь гуйфэй, гуравдахийг нь фэй, дөрөвдэхийг нь бинь, тавдахийг нь гуйрэнь гэдэг байлаа. Ланьэр эхэндээ хамгийн доод зэргийн гуйрэнь болжээ. Тухайн үед татвар эмд жилд 400-аад доллар өгдөг байсны ихэнхийг нь Ланьэр үнэтэй биеэ үнэлэгч бүсгүйд өгч элдэв зүйлд суралцсан байна. Тэрээр бүжгээр хичээллэж, биеэ сайтар арчилж байсны зэрэгцээ хааны тайгануудад хахууль өгч байж. Ингээд төд удалгүй Ланьэр хөгшин хаан Сянфэний хатдын нэг болж, Цыси хатан хэмээгдэх болов.
Цыси хатан ном их уншдаг байсны сацуу дуу бүжиг, уран зураг сонирхдог байлаа. Цыси зураг авах их дуртай байж. Түүний авсан зарим зургууд нь өдий хүртэл Хааны зуны ордонд хадгалагддаг билээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд тухайн үед хааны ордонд ирж байсан зочид үүнийг гэрчлэн бичсэн байдаг. Цыси 50 настайдаа 30-тай мэт, 70 настайдаа 40 гаран настай мэт харагддаг байсан гэдэг. Тусгайлан бэлдсэн хоол хүнс хэрэглэж, өдөр болгон нэг аяга хөхний сүү уудаг байж. 
Тэр үед хааны их хатан хүүхэд гаргаагүй байсан бөгөөд Цыси ч хүүхэд гаргаагүй байв. 1856 онд тэрбээр Туньжи хүүгээ төрүүлсэн бөгөөд угтаа тэр хүүг хааны нэгэн татвар эм төрүүлсэн гэлцдэг.
1860 онд Хар тамхины 2-р дайны үед Цыси хаан, их хатан болон хатан ээжтэй бөглүү тосгонд нуугдан бүгэж байхад хаан нууранд унаж төд удалгүй нас барна. Үүнд бас Цысиг буруутай хэмээн харддаг. Ингээд 1873 он хүртэл балчир Туньжи хаан ширээнд суув. Туньжи нас биед хүрч, төрийн эрхийг гартаа авмагцаа учир битүүлгээр нас барсан юм. Чухам энэ үеэс л Цыси төрийн эрхийг гартаа авсан гэж болно. Тэгэвч тухайн үед Туньжигийн эхнэр жирэмсэн байж, хөөрхий бүсгүйг Цыси зовоосоор амиа хорлоход хүргэсэн гэдэг. Улмаар Цыси өөрийн зээ дүү Зайтянийг Гуаньсюй хаанаар өргөмжилсөн боловч Манж гүрнийг чухамхүү өөрийн гартаа оруулж авсан юм. 

Хятадын түүхчид Цысигийн үед Манж гүрэн эдийн засгийн хувьд доройтож, улс төрийн хувьд тогтворгүй болсныг түүний буруугаас болсон гэж үздэг. Цыси ордонд өөрийн тагнуул туршуулын сүлжээг бий болгож, хуйвалдаан гаргах бүх нөхцлийг үндсээр нь үгүй хийж чаджээ. Ноёд түшмэд түүнээс үхтлээ айдаг байв. Гэвч Цыси бас уян зөөлөн сэтгэлтэй байжээ. Ордонд 10 сар амьдарч, түүний хөргийг зурж байсан Катарина Карл хэмээх зураач энэ тухай номондоо бичсэн байдаг. Цыси өөрийг нь 25 жилийн өмнө маш удаан хүндээр өвдөхөд асарч тойлж, хөхний сүүгээ өгдөг байсан хятад эмэгтэйг насан туршид нь ордонд байлгаж халамжилдаг байсны сацуу хүүг нь боловсролтой болгож, нэгэн яаманд түшмэл болгон тохоон томилсон байдаг.
1900 онд гарсан Ихэтуаний бослогын дараа Цыси хөдөө тосгон руу зугтсан боловч төдхөнөө энэ бослого дарагдаж, Бээжинд буцаж ирэв. Гэсэн ч өрнөдийн орнууд Манж Чин улсад өөрийн нөлөөг тогтоогоод эхэлжээ. Цыси зээ дүү Гуансюйгээ (1871-1908 онд хаанчилж байсан) хордуулж алсан гэх агаад дүүгээ нас барснаас хойш 24 цагийн дараа өөрөө энэ хорвоог орхисон юм. Түүнийг 1908 онд цус харваж нас барсан гэлцдэг ч үнэн хэрэгтээ тэрбээр хар тамхинд донтсон байлаа. Анх ордонд ирэхэд нь Сянфэн хааны өгсөн хос ээмгийг Цыси насан туршдаа зүүж байсан гэдэг. 

           Цыси Гуаньсюй хааны зээ дүү Пу И-г хоёр настайд нь хаан ширээнд залсан бөгөөд Пу И-г нас бие гүйцтэл төрсөн эцэг Айсиньгёро Зайфэн харгалздаг байжээ.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...