среда, 20 мая 2015 г.

Онорэ дэ Бальзак

1799 оны 5-р сарын 20 буюу энэ өдөр Францын алдарт зохиолч Онорэ дэ Бальзак мэндэлжээ. Анхны реалист зохиолч гэгддэг түүний ачаар зохиолчид зохиол бүтээлээ хуудсаар нь үнэлүүлэх болсон юм. Түүнийг Европын романыг өнөөгийн өнгө төрхтэй болгосон хүн гэдэг.

Бальзакийн гол бүтээл нь Хүний хошин шог гэж нэрлэгдсэн цуврал бүтээл. Тэр Дантэгийн Бурхны хошин шог-той эсрэгцүүлэн үүнээ туурвижээ. Энэ дундаа хамгийн алдартай нь Гобсэк, Горио эцэг, Алдагдсан мөрөөдөл. Бальзак эдгээр бүтээлүүддээ түүнээс өмнө бичиж байгаагүй хөрөнгөтний нийгмийнхнийг тод томруун дүрсэлжээ.

Тэр хөрөнгөтний аж үйлдвэр, банкны үйл ажиллагааг нарийн судалж бичсэн юм. Хамгийн алдартай баатруудынх нь нэг Растиньяк бол ямар ч хамаагүй үнээр Парис хотод алдаршиж амжилтанд хүрэх хүсэлтэй нэгэн. Бальзак үнэндээ өөрөө түүн шиг хүн байжээ. Тариачны гэр бүлээс гаралтай, Бальса гэдэг овогтой байсан ч сонсголонтой болгох гэсэндээ Бальзак болгож, ихэс дээдсийн гаралтай болох гэсэндээ дэ гэсэн угтвар залгав.

Залуудаа өмгөөлөгчийн туслахаар ажиллаж, сонинд өгүүллэг бичдэг байлаа. Гэлээ гээд амжилт олсонгүй. Зутруухан аж төрж явжээ. Мөнгөтэй болох гэсэндээ элдвийг сэдсэн байдаг. Цаас үйлдвэрлэх авсаархан технологи боловсруулах гэж үзээд, Мольерын зохиол бүтээлийг хэвлэж зарах гэж оролдлоо. Сардинид байдаг мөнгөний уурхайг авна гэж хааяагүй ярьж явсан учраас тэр уурхайгаа өөр хүнд алдсан.

Ахиухан мөнгөтэй болоод жинхэнэ уран зохион туурвина гэж бодсон ч бүтсэнгүй. Өрөнд орж, зохиол бичиж дарах гэж оролдлоо. Түүний романы баатрууд чинээлэг болох гэж хүсдэг нь үүнтэй холбоотой биз ээ.

Хувраг хүний цагаан өмсгөл өмсөөд өдөрт 15-16 цаг ажиллахдаа байнга кофе уудаг байлаа. Хэвлэсэн романуудаа засах нь олонтаа. Зарим романаа 15 удаа зассан гэдэг. Роман болгон нь нийгмийн судалгааны шинжтэй. Тухайн үеийн романтик зохиолчдын олж хараагүй хүмүүсийг тэр романыхаа гол дүр болгодог байжээ. Хөрөнгийн бирж үйл явдлын төвд орж, хүн хөлжихийг хамгаас их хүсдэг гэж онцолсон юм. 

Бальзак насныхаа эцэст Польшийн гүнгийн ахайтан Эвэлина Ганскаяд дурлаж, захиа занаагаар харилцсаар Ганскаягийн нөхөр нь өөд болмогц ахайтантай гэрлэжээ. Бальзак Орост ирж хуримаа хийлээ. Гэсэн ч хүнд өвчтэй түүнд 5 сар л үлджээ. Олон жил цаг наргүй ажилласны улмаас зүрх нь өвдөж, ядаргаанд ороод уншиж, бичиж чадахаа болилоо. Орост ирээд астматай болж, нас барахынхаа өмнөхөн Бьяншон эмчийг дуудаач гэж байлаа. Бьяншон бол Эцэг Горио романд нь гардаг эмч шүү дээ. Ингэж бодохоор сүүлдээ бичсэн бүхэндээ бат итгэсэн гэлтэй.
Түүний зохиосон ертөнцөд аж амьдралд хэрэгтэй эмч домч, сайхан хүүхэн, тансаг тавилгатай байр орон, амттан шимттэн, хөрөнгө мөнгө гээд юм бүхэн байсан ч аз жаргал л байсангүй...

вторник, 5 мая 2015 г.

Карл Маркс

1818 оны энэ өдөр Карл Гэнрих Маркс мэндэлжээ. Капитал гэх бүтээл бичиж, ангийн тэмцлийн онолыг тодорхойлсон Маркс нэмүү өртгийг мөн тодорхойлж, анхны Интернационалыг байгуулалцаж явжээ. Философийн материализм, улстөрийн тогтолцооны тухай хэд хэдэн ном бичсэн эрдэмтэн маань шинжлэх ухааны материализм, шинжлэх ухааны социализмын онолыг боловсруулсан юм. 

Залуудаа шүлэг бичиж, яруу найргийн дугуйлан зохион байгуулж байжээ. Оюутан байхдаа ирүүл тулаанд оролцох гэсэндээ гар буу худалдаж аваад цагдаад баригдсан түүхтэй. Нэг удаагийн ирүүл тулааны үеэр нүдээ сэлмээр гэмтээсэн гэдэг. Уг нь их сургуульдаа үлдэх хүсэлтэй байсан ч түүнийг үлдээсэнгүй. Рэйний сонин-д редактор хийж яваад, тэрс үзэлтэй хэд хэдэн нийтлэл бичсэн учир хэдэн сар шоронд суусан аж. Сонинг хаамагц Маркс Парис руу цагаачиллаа. Эндээ Энгэльстэй танилцаж, түүнийг дагаад Лондонд очсон байдаг.


Прүссийн тайж угсаатай Жэнни фон Вэстфалентэй гэрлэж, эхнэр нь удам угсаа сайтайд их л бахархаж явдаг байлаа. Угаас дээдсийн хүрээлэлд дуртай Маркс өөрөө ч ихэс дээдэс шиг загнах дуртай. Өр зээл ч тавьж явсан удаатай. Нагац ах нь Холландад өөрийн гэсэн компанитай байсан нь хожмоо Филипс компани болсон юм.
Тэр ихэнх цагаа хувьсгал хийж, улстөрийн мэтгэлцээнд оролцож, ном бичиж өнгөрөөдөг байсан ч ажилд орох гэж хичээж байлаа. Нэг удаа нарийн бичиг болох санаатай шалгуулсан ч бичгийн хэв муутай гээд гологджээ. 

Түүнийг нас барсны дараа эх оронгүй хүн болох нь мэдэгдсэн гэдэг. Мань хүн Германаас хөөгдсөн, Францад түүнд төдийлөн таатай бус ханддаг. Харин Англи улс түүнд иргэншил олгосонгүй. Тэр үед Маркс хэнд ч хэрэггүй байжээ. Гэсэн ч тавин жилийн дараа хүн болгонд хэрэг болсон гэхэд хилсдэхгүй. 

Энэ дэлхийд чинээлэг, хоосон хүмүүс байгаа цагт тэр хэрэгтэй байх болно. Тэр цагт хөрөнгийн эргэлт зүүн тийш Азид шилжинэ гэж хэлсэнд нь эрдэмтэд одоо ч гайхширдаг. Билл Гэйтсийнх шиг корпорациуд үүсэхийг ч тэр хэлсэн. Технологийн эрин үе ирэхийг ч тэр урьдчилж хэлсэн. Ингээд сүүлийн хорин жилийн улстөр, эдийн засгийн байр байдлыг ажихад марксизмын онол үеэ өнгөрөөсөн гэж хэлж боломгүй санагдана.

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...