воскресенье, 15 февраля 2015 г.

Галилео Галилей



1564 оны 2-р сарын энэ өдөр Италийн сансар судлаач Галилео Галилей мэндэлжээ. Галилей Николай Коперникийн Дэлхий Нарыг тойрон эргэдэг гэх үзлийг боловсронгуй болгосон юм. Үүний төлөө тэрээр загалмайн шашинтнуудын эрүү шүүлтэнд өртөж, үзэл бодлоосоо татгалзсан ч эцэст нь “Гэхдээ л тойрч эргэдэг юм даа” хэмээн дуу алдсан гэдэг.

Гэвч Галилей үнэндээ эрүү шүүлтэнд орж, “Гэхдээ л...” гэж уулга алдсан юмгүй. Галилей гүнээ сүжигтэй байсан тул лам хуврагуудыг эсэргүүцэж явсангүй. 8-р Пап Урбантай тун чиг сайхан харилцаатай байжээ. Пап лам эрдэмтэнд бэлэг сэлт илгээж, тэтгэлэг явуулдаг байсан нь тогтоогдсон юм. Галилейг дуран авайгаа бариад Папын өргөөнд ирэхэд лам хуврагууд сансар огторгуйг ширтэх гэж дугаарлана. 

Үүгээр барахгүй Урбан лам түүнтэй од гарагсын тухай хөөрөлдөж байлаа. Ихэд дэвшилтэт үзэлтэй Пап лам ямар ч нөхцөл Бүтээгчийн ариун үйлийг үгүйсгэж чадахгүй гэдэгт бат итгэсэн ажээ. Тэрээр Дэлхий Нарыг тойрон эргэдэг болохыг батлах аргагүй гэж бодсон байдаг.

Галилей 1630 онд Коперник, Птолемейн Дэлхийн хоёр үндсэн системийн тухай харилцан яриа бүтээлээ бичиж дуусгаад, тэр үеийн хянан шалгах хороогоор батлуулж хэвлүүлжээ.

Гэтэл юу болов? гэвэл уг ном гурван хүний харилцан яриа хэлбэрээр бичигдсэн нь шуугиан дэгдээв. Хөөрөлдөгч гурвын нэг нь Коперникийн талыг баримтлагч Сальвиати, нөгөө нь төвийн байр суурьтай Сальведо, харин гурав дахь нь Птолемейн үзэлтэн “мулгуудуу” Симпличио. Урбан ламтан Симплиочогийн үгс түүний хэлсэнтэй дүйцэж байгааг олж мэдмэгцээ энэ номыг худалдаалахыг хориглосон юм.

Ингээд Галилейг Ромд болсон буруу номтны шүүхээр шүүлээ...

Дашрамд хэлэхэд Галилей анх удаа дуран авай ашиглаж сансар огторгуйг судлан шинжилсэн бөгөөд туршилтын физикийг үндэслэсэн түүхтэй.

четверг, 12 февраля 2015 г.

Аялагчид

(Богино хэмжээний энэ кинонд гарах газар орнууд манай Нарны аймагт орших бодит газрууд юм.)

Хүн төрөлхтөн хэдийгээр элбэг хангалуун аж төрөх болсон ч суурин амьдрал биднийг аливаа зүйлд ханахгүй болгоод, айдас түгшүүрт автуулах санжээ. Бид суурин иргэншилтэй золгоод хэзээний 400 үеийг элээсэн ч алсын алсад татагдсаар. Энэ хүсэл хүүхэд ахуй насны минь бүдэг бадаг дуу мэт биднийг хөтлөсөөр.

Бид алс тэртээх газар орныг ямагт бадрангуйгаар төсөөлдөг. Энэхүү чин хүсэл байгалийн шалгарлын явцад бидэнд үлдэж оргилсон ч гэлтэй. Урт удаан хугацаанд үргэлжлэх халуун дулаан зун, аядуу зөөлөн өвөл, арвин ургац, элбэг дэлбэг ан агнуур мөнхөд үр шимээ хүртээхгүй.

Өөрсдийн болоод ах дүү, элгэн садны тань амь амьдрал үл таних, шинэ газар орноо яагаад ч юм бэ тэмүүлсэн хэсэгхэн бадарчдаас эхтэй байж мэднэ.

Герман Мелвилл Моби Дик зохиолдоо газар газрын үе үеийн аялагчдын өмнөөс ийн өгүүлсэн нь бий.

Би цаг үргэлжид алс холын зүйлсийг таньж мэдэхэд тэмүүлдэг. Би урьд өмнө хүн хүрээгүй уснаа хөвөх дуртай.

Хэдийгээр арай эрт, цаг нь болоогүй байж мэдэх ч дуулдаж сонстоогүй нууцлаг боломж бололцоо бүхий харь газрууд биднийг татсаар.

Эдгээр эрхэс Нараа тойрон чимээгүйхэн эргэж, хүмүүн биднийг хүлээсээр.

суббота, 7 февраля 2015 г.

Цинминий хуйлаасаар хийсэн хамгийн том сийлбэр



Хятад сийлбэрч Жэн Чуньхуй энэ сийлбэрээ дөрвөн жилийн турш бүтээжээ. Маш том модонд гаргасан энэ сийлбэр дэлхийн хамгийн том модон сийлбэрт тооцогдоно. 

Сийлбэр 12,29 м-ийн урттай, 3 м орчим өндөртэй. Цинминий хуйлаас гэх 11-р зуунд бүтээгдсэн хятад зургийг буулгасан. 


Сийлбэрт 500 гаруй хүн дүрслэгджээ.


Цинминий хуйлаас буюу Ханш нээх өдрийн хөл үймээнийг дүрсэлсэн энэ зургийг Сүн улсын үеийн зураач Жан Зэдуань зуржээ. 


Хуйлаас зураг 24,8*528 санжийн хэмжээтэй. Торгон дээр бэхээр буулгасан энэ зургийн эх хувь өдгөө Бээжин дэх Хааны ордон музейд хадгалагдаж буй. 

 
Энэ хуйлаасын 5 хувилбар байдаг ба хамгийн эртний 2 нь Бээжин, Тайбэй хотын музейд хадгалагддаг. 

среда, 4 февраля 2015 г.

Юньганы засмал агуй



Хятадын Шаньси мужийн Датун хотоос зүүн өмнө зүгт 16 км-ийн зайд орших Юньганы цогцолборт хүний гараар бүтсэн 252 агуй, 51 000 орчим Буддын хөшөө байдаг. Зарим хөшөө нь 17 м хүртэл өндөртэй. Датун хот нь Хойд Вэй улсын нийслэл байсан тул энэ цогцолбор тухайн үеийн соёлын дурсгал болон үлджээ.


Ихэнх байгууламжийг нь 460-525 оны хооронд барьж байгуулсан. Энэ үед Хятадад буддын шашин ихэд дэлгэрсэн юм. Буддын шашин анх 2-р зуунд Хятадад нэвтэрч, Хятадын хойд бүс нутагт иймэрхүү цогцолбор босгох болжээ.


Юньганы агуй зүүнээс баруун тийш 1 км орчим нутагт сунаж тогтсон. 460 орчим гарцтай, эхэндээ зуу гаруй мянган барималтай байсан ч 51 000 орчим нь хадгалагдан үлджээ. Жижгүүд нь хэдэн санжийн өндөртэй, том, жижиг гэлтгүй уран хийцтэй.


Энэ цогцолбор Эртний Хятадын уран барилга, уран баримал, уран зураг, чулуун сийлбэр, хөгжмийн зэмсгийг судлахад ихээхэн үүрэгтэй. 


53 томоохон засмал агуйн 21 нь харьцангуй том бөгөөд жуулчид дунд хэсгээс нь ордог. Энд 17 м өндөр Буддын дүрсийг хатуу чулуунд сийлжээ. Энэ сийлбэрийн чих нь 3,1 м, тавхай нь 4,6 м, дунд хуруу нь 2,3 м-ийн урттай. Ойролцоох хад чулуунд нь олон тооны хөндий гаргаж, бурхан сийлсэн. 


6-р агуй нь Шагжамуни бурхны агуй. Энд 15 м өндөр дөрвөлжин чулуун багана бий. Баганыг 460-493 онд сийлжээ. Агуйн хананд бодьсадва, бурхдын дүр дурайх агаад баганын чимэглэл дур булаана. Баганын дөрвөн талаар Шагжамуни бурхны амьдралыг дүрсэлсэн байдаг. Нэг зурагт Шагжамуни бурхан гэртээ ирээд хайртай морьтойгоо салах ёс хийж буйг дүрсэлжээ. 


Харин 12 дахь агуйг хөгжимчин, дууч бүсгүйчүүдээр чимсэн. Эндхийн сийлбэрээр Эртний Хятадын хөгжмийн зэмсгүүдийг судалсан. 


Зүүн талын 4 агуйд 13-15 м өндөртэй Буддын хөшөөнүүд байх агаад энэ нь хамгийн эртний засмал агуйнууд юм. Эдгээр агуй зуйван хэлбэртэй.

18 дахь агуйд байх Буддын чулуун нөмрөгөн дээр 1000 гаруй жижиг бурхан дүрсэлжээ. Эдгээрийн байрлал, нүүр ам ер давтагддаггүй.

Юньганы агуй олон зууны турш элэгдэж, 1400 гаруй хөшөө баримлыг нь хулгайлсан гэдэг. 


Зүүн талын 1-4 дэх агуйг Цамхаг гэнэ. Агуй тус бүрд суварга байдгаараа онцлогтой. Суваргуудыг Хойд Вэй улсын үед урлажээ.

Үүн дундаа 1, 2-р агуй сайтар хадгалагдсан. Голд нь байх суварган дээр Буддын амьдралыг дүрсэлсэн сийлбэртэй.


Дунд хэсэгт 5-20-р агуйнууд байрлана. Эдэн дундаа хамгийн үзэмжтэй нь Буддын хөшөө бүхий 16-20 дахь агуй. 19-23 дахь агуй нь будагтай. 

Үүнээс зүүнтээ байх зарим агуй нь дугааргүй, хожуу үед гаргасан. Буддын хөшөө нь Луояны хэв маягтай болж арай туранхай дүрслэгдсэн байдаг.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...