среда, 22 июля 2015 г.

Эрнэст Хэмингуэйн баяр гуниг

Кирилл Андреевын нийтлэл. (1964-12-29 Литературная газета)

Хоёр метр болоход түүнд ердөө 10-12 санж дутуу байжээ. Энэ бол Пилар хөлөг онгоцон дээр авахуулсан гэрэл зураг юм. Түүний харцнаас баяр гуниг мэдрэгдэж, од хийморьтоо бүрэн дүүрэн итгэж явдаг нь харагдах шиг болно.
Хэмингуэй жинхэнэ эр хүний амьдралаар амьдарчээ. Сафари, ширэнгэн ой, анд дуртай тэрбээр ихэн голдуу арслан, бар, бодон зэрэг том амьтан агнаж явсан бөгөөд гол горхи гэхээс илүүтэй Гольфстримийн урсгалаар хөвж загас барьдаг байжээ. Бухын тулаан сонирхож, тулаанч эрчүүдтэй нөхөрлөж явлаа. Хэмингуэй байгальд дуртай. Гэвч нөгөө талаас дайн дажинг зохиолынхоо сэдэв болгосон нь цөөнгүй. Үнэндээ тэр дайн дажинг тэгтлээ сонирхож явсангүй. Хамгийн гол нь энэ дэлхийн хаа нэгтээ дайн тулаан болж байгаа нөхцөлд хүн гэдэг амьтан тэмцэх л учиртай гэсэн бодолтой явжээ. Анх Канадын сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа гэмт этгээдүүдийг дүүжлэн хорооход гэрч болж үхэлтэй нүүр тулсан гэдэг. Нэгдүгээр дайны үед Италид томилолтоор ажиллаж байхдаа өглөө нь дэлбэрсэн цэргийн үйлдвэрт очиж байжээ.

Ингээд Ромд ирснийхээ дараахан дэлбэрэлтэнд өртсөн эмэгтэйчүүдийн цогцсыг өдөржин зөөж үхэлтэй тулав. Тэгэхэд тэр дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсийн гар хөлийг цуглуулж явсан аж.

Зохиол бүтээлийнх нь олон баатар зуурдаар нас бардаг. Фрэнсис Макомбэр эхнэртээ буудуулдаг бол Килиманжарогийн цас өгүүллэгт гардаг зохиолч Харри идээт үрэвслээр бие барна. Зэр зэвсэг минь баяртай романы Кэтрин Баркли, Байх уу, үгүй юу романы Харри Морган, Тавдугаар суман туужийн баатрууд мөн л зүй бусаар одно. “Бие барсан кавказ хүний арьс цагаан байснаа шарлаж, улмаар ногоорч, эцэстээ харлана. Өдөр ирэх тусам үхсэн хүний тоо нэмэгдэх юм. Аагим халуун өдөр дайны талбараас сэнхийх тэр үнэрийг санахын аргагүй ээ. Тийм үнэр сэнхийж байсан даа гэж бодохоос биш “Яг энэ үнэр шүү дээ” гээд барин тавин хэлчих үнэр олддоггүй.”

Хэмингуэй энэ яваа насандаа үхэлтэй хэдэнтээ нүүр тулсан аж. Итали-Австрийн фронтын шугамд хуваарилагдаж ирээд бөмбөгдөлтөнд өртөж, биеэс нь 28 ширхэг сумны хэлтэрхий авсан байдаг. Хоёрдугаар дайны үед Лондонд машины осолд орж, Ардэннд байхдаа толгойдоо 2 ч удаа шархдаж, 1954 онд мөн хоёр удаа онгоцны осолд өртөхдөө жигтэйхэн айж сандарсан гэдэг. Тэгэхэд зохиолч нуруугаа хугалж, хэсэгтээ хараагүй болсон юм. Зэр зэвсэг минь баяртай романдаа “Хорвоо чадалтай, зоригтой, сэтгэл сайтай гэснийг нь шилж авах юм. Чамд энэ гурван чанар үгүй байлаа ч аваад л одно. Гэхдээ тэгтлээ хурдан аваад явахгүй. Чамаас удаан гэгч нь чангаах болно” гэж нэмж бичжээ.
Зохиолч маань цасан дундуур уулын цанаар бууж явснаа, голын ширүүн урсгалд хөвж байсан том загаснууд, Мичиганы өтгөн ойн модонд дээш доош гүйлдэх хэрэм, Африкийн бүгчим халуун шөнө, халуун наранд хатсан Испанийн улаан хөрсөн дээр ясаа тавьсан Америк цэргүүдийг мартаж чадсангүй. Зохиол бүтээлдээ дүрсэлжээ.

Хэмингуэйн ээж хийлч, харин аав нь эмч байжээ. Бага байхад нь ээж нь хийл хөгжим сургах гэж нэлээн үзсэн ч Эрнэст хүү аавдаа илүү элэгтэй байлаа. Индианчуудыг дагаж явах дуртай аав нь түүнийг анд хорхойтой болгосон гэдэг. Аав нь хараа сайтай. Онилсон газраа онодог хүн юмсанж. Хүүгээ бичиг үсэг сурахаас нь өмнө түүнд загасны уурга, буу хоёр бэлэглэжээ. Гэхдээ аав нь өдөрт 3 сум л өгдөг байв. Гэрман Мэлвилл бээр далай тэнгис нь түүний хувьд Харвард, Елийн их сургууль болсон гэж хэлсэн бол Эрнэстийн хувьд Мичиганы өтгөн ой, гол мөрнүүд амьдралынх нь их сургууль болжээ.

Тэр Мичиганы хөх тэнгэрийг Итали, Африкийн юугаар ч солихгүй гэж хэлсэн байдаг. Хэмингуэй арван зургаан настайдаа сурвалжлагч болохоор гэрээсээ явсан юм. Зарим нь түүнийг хатуу сэтгэлтэй, бардам зантай гэж хэлдэг ч тэр үнэндээ өөртөө ихээхэн шаардлага тавьдаг хүн байжээ. “Зохиол бичих хэцүү. Би бичиж сураагүй л байна. Гэхдээ сурахдаа л нэг сурна” гэж бичсэн нь бий.

...“Та ямар нэг ном уншиж дуусгаад түүнд гарсан үйл явдал өөртэй чинь тохиолдсон мэт санаж, тэнд өгүүлсэн баяр гуниг, зовлон жаргал бүхнийг өөрийн биеэр туулсантай адил санаж гэмээнэ тэр бүтээл болбоос аугаа бүтээл байх нь гарцаагүй...”

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...