воскресенье, 23 марта 2014 г.

Дуунаас хурдан Ту-144-ийн үүх түүх

Өдгөө зорчигч тээврийн салбарт дуунаас хурдан онгоц ашиглахаа нэгэнт больжээ.

Дуунаас хурдан онгоцны үүх түүхийг сөхвөл бас сонирхолтой. 1973 оны 6-р сарын 3-ны өдөр Францын Лебурже нисэх буудлын үзэсгэлэнд Оросын Ту-144 ба Англи-Францын Конкорд онгоцнуудын үзүүлэх хөтөлбөр болжээ. Энэ хоёр нь хоёул зорчигч тээврийн зориулалттай дуунаас хурдан нисэх онгоцнууд юм. Тэгэвч үзүүлбэрийн үеэр Ту-144 онгоц осолдож, энэ төрлийн онгоцны үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн түүхтэй. 

ЗХУ анх 1961 онд Гагариныг сансарт ниссэний дараахан дуунаас хурдан бөмбөгдөгч онгоц туршиж эхэлсэн бөгөөд энэ төрлийн зорчигч тээврийн онгоц зохион бүтээх ажил ид өрнөж байсан үе. Англичууд Францтай хамтран Конкордоо бүтээж, америкчууд ч суперсоник онгоц бүтээхээр шийджээ. 
Зорчигч тээврийн дуунаас хурдан онгоц зохион бүтээх багийг удирдаж байсан А.Туполев тэр үед 75 насыг зооглож, өөрийн хүүг төслийн удирдагчаар сонгосон нь ч энэ онгоцны хувь заяанд сөргөөр нөлөөлсөн гэлцдэг.

Францууд 1967 онд Конкорд онгоцоо босгож байхад Ту-144-ийг хэсэг хэсгээр нь л цуглуулж эхэлж байж. Гэтэл Америкчууд дуунаас хурдан Боинг онгоцоо тун удахгүй нисгэж, Атлантын далайг цагт 3000 км-ийн хурдтайгаар туулна хэмээн зарлах болов. 

Оросууд болсон хойно байдгаа бариад ч болтугай түрүүлж Ту-144-өө хөөргөхөөр яаравчлав. Ингээд 1968 оны 12-р сарын 31-ний өдөр Ту-144 амжилттай хөөрлөө. Харин Конкорд үүнээс даруй 2 сарын дараа анхны нислэгээ үйлдсэн юм.

Лебурже - 1973 оны 6-р сарын 3-ны өдөр. Конкорд онгоц үзүүлбэрээ амжилттай дуусгасны дараахан Ту-144 агаарт хөөрөв. Энэ онгоц нь хамар хэсгийнхээ 2 талд бага хурдтай нисэх үест тэнцвэрээ хадгалах зориулалттай жижиг далавчтай юм. 

Чухам энэ далавчны зургийг авах гэж Францын Мираж хэмээх тагнуулын онгоц Ту-144-ийн үзүүлбэрийн үеэр давхар хөөрсөн байдаг. Хожмоо Ту-144-ийн хар хайрцагны бичлэгийг уншиж, Францын онгоцноос зайлах гэсэндээ Ту-144 огцом эргэлт хийснээр дотор нь бичлэг хийж байсан нислэгийн багийн гишүүний камер жолоон дээр унаж осол болсон гэх дүгнэлтэнд хүрчээ. 

Удалгүй 1974 онд Америк алдарт Боинг 747-гоо үйлдвэрлэж гаргалаа. Төдхөнөө Араб-Израилийн асуудал хурцдаж, газрын тосны үнэ тэнгэрт хадсанаас үүдэн шатахууныг ёстой хүүлдэг дуунаас хурдан онгоцны үйлдвэрлэл ч гацаж эхлэв.

Брежнев онгоцны үйлдвэрлэлийг аанай л яаруулсаар Октябрийн хувьсгалын 60 жилийн ойтой давхцуулан 1977 оны 11-р сарын 1-нээс Ту-144-өөр нислэг үйлдэх шийдвэр гарчээ. Конкордын нисгэгчид жирийн хослол өмсч явсан бол Ту-144-ийн нисэгчид онгоц битүүмжлэлээ алдсан тохиолдолд нисэгчдийг ухаан алдахаас сэргийлэх тусгай өмсгөлтэй байсанд тухайн үед зорчиж явсан гадны сэтгүүлчид ихэд гайхсан гэдэг. 

Сонирхуулахад дуунаас хурдан онгоцны гадаргуун дээр агаарын температур +1200 С хүрдэг ажээ.

Ингээд 2 цагт 3200 км зам туулсан онгоц Алма-Атагийн буудалд газардав. Удалгүй Конкорд 6000 км-ийг 3 цаг хагаст туулах рейсийн нислэг үйлдэж эхэлнэ.

Тухайн үеийн нисэгчид “Ту-144-өөр нисэх нь арслангийн аманд гараа шургуулснаас өөрцгүй” гэлцдэг байж. Учир нь онгоцны төв буудал болон нөөц буудалд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан буух боломжгүй тохиолдолд нөөц шатахуунгүй онгоцыг өөр буудалд газардуулах ямар ч боломжгүй байснаас л тэр.

Москва-Алма-Атагийн чиглэлд нислэг үйлдэх бүрнээ Иргэний нисэх хүчнийхэн сэтгэл зовнин суудаг байж. Иймээс ч шатахуун бага зарцуулах шинэ хөдөлгүүр бүтээхээр шулууджээ. Чингээд 1978 оны 5 сард шинэ хөдөлгүүртэй Ту-144-ийг туршсан ч шатахуун дамжуулах хоолой нь хэт халснаас задарч, нисэх онгоц осолдсоноор 2 нисэгч амь эрсдэнэ.

ЗХУ өрнөдийн орнуудаас өрсөж дуунаас хурдан онгоцтой болох гэсэндээ инженер техникчдээ байнга шавдуулж байсныг Лебуржегийн нисэх онгоцны буудалд болсон осол ч бэлхнээ гэрчилнэ.

Ту-144-ийг жолоодож байсан ахмад нисэгч О.Купцов “Нэг удаа бид гэгээн цагаан өдрөөр 20 км-ийн өндөрт хөөрсөн юм. Гэтэл хав хар тэнгэрт одод гялалзах нь харагдаж билээ” хэмээн дурссан байдаг. 

1980 оны 7-р сарын 31-ний өглөө. Холын зайн нислэг үйлдэх шинэ төрлийн хөдөлгүүртэй Ту-144-ийн туршилтын нислэг аанай л бүтэлгүйтэж, нисэгчид онгоцоо чүү ай газардуулав.

Хөдөлгүүрийг дахин шинэчилсэн ч туршилтын явцад энэ хөдөлгүүр нь мөн л шатжээ. Чингээд 1982 онд Брежневыг насан эцэслэмэгц асар их хөрөнгө мөнгө зарсан ч гарт баригдам үр дүнгүй Ту-144-ийн төслийг бүр мөсөн хаасан юм.
Конкорд онгоц 20 жилийн турш нислэг үйлдсэн боловч 2000 оны 7-р сарын 25-нд 125 зорчигчтой нисч явсан Конкорд Лебуржегийн буудлаас 5-хан км-ийн зайд осолдов. Улмаар 2003 оны 10-р сарын 24-нд Нью-Йорк-Лондонгийн чиглэлд ниссэн сүүлчийн Конкорд онгоц музейд шилжсэнээр зорчигч тээврийн дуунаас хурдан онгоцны үүх түүх өндөрлөх нь тэр.
Энд дарж баримтат киног нь үзээрэй.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...