четверг, 28 ноября 2013 г.

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН НЬ




Иосиф Бродский 1940 оны 5-р сарын 24-нд Ленинград хотын еврей гэр бүлд төржээ. Аав нь гэрэл зурагчин, ээж нь нягтлан бодогч байж. Тэрбээр 18 настайгаасаа эхлэн шүлэг зохиож эхэлсэн гэдэг ч 1956-57 онд бичигдсэн хэд хэдэн шүлэг буй.
1962 онд залуухан зураач бүсгүй Марина Басмановатай танилцаж нилээдгүй олон шүлэг найргаа түүнд зориулжээ.
1963 онд “Үдшийн Ленинград” сэтгүүлнээ Бродскийг “паразит хэв маягийн амьдралтай” хэмээн гүтгэсэн нийтлэл гарч, нийгмийн ёс журмыг зөрчсөн хэмээгдэх шүлэг яруу найргаас гурвыг иш татсан нь үнэн хэрэгтээ хоёр нь яруу найрагч Бобышевынх, үлдсэн нэг нь Бродскийн “Аялал” хэмээх найраглалаас утга алдагдуулан тасалж авсан хэсэг байж.
Төдхөн баривчлагдаж шүүгдэх нь илэрхий болсон ч Бродскийн дурсамжаас үзвэл яруу найрагч үүнээс бус, харин сэтгэлт бүсгүй Маринагаас салж хагацсандаа машид шаналж явжээ. Гутарч гуньсандаа амиа егүүтгэхээр оролдоод авсан ч удаатай.
Бродскийг 1964 оны 2-р сард баривчилсан бөгөөд төд удалгүй анх удаа зүрхний шигдээсээр өвдөж, “цээжний бах”-тай болохоо мэдсэн байдаг. Идэр залуу 23 насандаа баривчлагдаж, таван жилийг цөллөгт өнгөрөөх ял сонссон ч Ахматова, Чуковский, Паустовский, Маршак, Шостакович нарын нэр нөлөө бүхий утга зохиолчдын хүчин зүтгэлээр жил хагасын дараа буюу 25 насандаа суллагдав. Хачирхалтай нь, шүүх хуралд гэрчээр татагдсан нөхдийн ихэнх нь “Би Бродскийг танихгүй ч ...” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Эгээтэй л “Пастернакийн зохиолуудыг уншиж үзээгүй ч шүүмжилж байна” хэмээн их зохиолч Борис Пастернакийг шахан хавчиж байснаас өөрцгүй.
Ленинградад эргэж ирснийх нь дараа гэр орноор нь орж гарах гадаадын иргэдийг тагнаж чагнасных нь хариуд зохиол бүтээлүүдийг нь чөлөөтэй хэвлүүлдэг болгоно гэсэн ч найрагч зөвшөөрсөнгүй. Чингээд 7 жилийн дараа КГБ-ийн албан шахалтаар АНУ руу цагаачлан гарчээ. Пастернак, Ахматова, Гумилев нартай харьцуулбал хувь заяа түүнд энэрэнгүй хандсан ч эх орноосоо алс хол гурван ч удаа зүрхний шигдээс болж хагалгаанд ороход эцэг эхийг нь дэргэд нь байхыг зөвшөөрсөнгүй. Зүрхний ужиг өвчтэй байсан тэрбээр 33 насандаа “Өтөл нас минь, сайн байна уу” хэмээн шүлэглэж, дөч хэвийхдээ “Энэ амьдралын тухай урт удаан байсан гэхээс өөрөөр юү ч гэлтэй билээ” хэмээн уулга алджээ. Суут яруу найрагч эх орноосоо дүрвэн гарснаас хойш эцэг эхтэйгээ ганц ч болов удаа уулзалгүй байсаар 1996 онд энэ хорвоогоос халив.
Шведийн академийнхэн “Гараг ертөнцийн буй бүхнийг нэгтгэж шингээсэн цэвэр тунгалаг үзэл санаа бүхий яруу найраг”-ийг нь үнэлж 1987 онд түүнд Нобелийн утга зохиолын шагналыг хүртээжээ.
Бродский онгоцны буудлын хүлээлгийн танхимд эх орноо орхин одох гунигт мөчөө хүлээн суухдаа Брежневт захидал илгээсэн байдаг.
“Хүндэт Леонид Ильич минь, бусдын шахалт дарамтаар эх орноосоо дүрвэн гарч буй энэ мөчид сүүлийн арван таван жилийн турш сэтгэлдээ тээж ирснээ дуулгая гэж бодлоо. Би ямагт Орос эх орноо, хэл соёлоо гэсэн чин сэтгэлээр туурвиж ирсэн билээ.
Төрж өссөн Орос орноосоо явахад хүндхэн байна аа. Энэхэн биедээ буй бүхнээ энэ л эх орноосоо олж авсаан. Чухам энд л амьдрал минь муу муухай гэхээсээ илүүтэй сайн сайхан, зол жаргалтай мөчүүдээр дүүрэн байж. Би хувьдаа эх орондоо шоовдорлогдож гадуурхагдсан гэж огтхон ч боддоггүй. Өдгөө ч ийн сэтгэх юм. Харь улсын харьяат болж буй ч Орос орны найрагч хэвээр буйд л хамаг учир нь орших биз ээ.
Яруу найраг гэдэг хэзээд эх орондоо эргэж хургадаг жамтай. Энэ биеэрээ биш юмаа гэхэд эх болсон хэл соёлоо илтгэж цаасан дээр үлдээсэн мөрүүдээрээ эргэж ирнэ гэдэгтээ бат итгэнэм.
Ариун шударга гэгдэх уур хилэн, ундууцал бухимдал, хорсол заналаас хэн бугай ч ялан дийлэгч болж товойх нь үгүй. Хэн хүнгүй л энэ хорвоогоос халих тавилантай шүү дээ. Энэ мөрийг холбож бичсэн би ч, үзэж уншсан та ч үхлээс зайлахгүй ээ. Үйл хэрэг минь хэдий үлдэвч он цагийн эрхэнд улирч балрах нь дамжиггүй. Энэ бие минь эх орондоо хэрэггүй ч эгэл сэтгэл минь хэрэг болох биз ээ...”

Ингээд шүүх хурлын хэсгээс орчуулж хүргэе.
Эхний хуралдаан
Шүүгч: Та юү хийдэг вэ?
Бродский: Шүлэг бичиж, орчуулга хийдэг. Би бодохдоо..
Шүүгч: Бодоод байх юмгүй ээ! Тодорхой хариул! Хана налалгүй цэх зогсооч. Танд тогтмол ажил гэж байна уу?
Бродский: Шүлэг бичих нь тогтмол ажил гэж бодсон юм сан.
Шүүгч: Тодорхой хариулаач!
Бродский: Би шүлэг бичдэг. Яруу найраг минь хэвлэгдэнэ л гэж бодсон юм.
Шүүгч: Бодоод байх юмгүй ээ! Ажилгүй явснаа тодорхой тайлбарлаадах.
Бродский: Би ажиллаж байсан шүү дээ. Би шүлэг зохиодог.
Шүүгч: Энэ чинь бидэнд хамаагүй. Ямар байгууллагатай холбоотой байснаа хэл дээ.
Бродский: Хэвлэлийн газруудтай гэрээ байгуулсан л даа.
Шүүгч: Амь зуухад хангалттай мөнгө олдог байсан уу? Хэдий хэрийг олдог байснаа хэл дээ.
Бродский: Сайн санахгүй байна аа. Гэрээнүүд бүгд миний өмгөөлөгчид байгаа.
Шүүгч: Би танаас л асуугаад байна шүү дээ.
Бродский: Орчуулсан 2 ном маань Москвад хэвлэгдсэн.
Шүүгч: Таны ажилласан жил?
Бродский: Ойролцоогоор...
Шүүгч: Ойролцоосоод байх юмгүй ээ!
Бродский: 5 жил.
Шүүгч: Хаана ажиллаж байсан юм бэ?
Бродский: Үйлдвэрт, геолог хайгуулын багт.
Шүүгч: Үйлдвэрт хэр удсан бэ?
Бродский: 1 жил.
Шүүгч: Юү хийж байв?
Бродский: Точилийн машин ажиллуулдаг байлаа.
Шүүгч: Та ер нь ямар мэргэжилтэй хүн бэ?
Бродский: Яруу найрагч. Орчуулагч –яруу найрагч.
Шүүгч: Тэгээд хэн таныг яруу найрагч гэсэн юм бэ дээ? Хэн таныг яруу найрагчдын тоонд оруулсан юм бэ?
Бродский: Хэн ч биш (огтхон ч бардаж эрдээгүй шинжтэй). Ер нь хэн намайг хүн төрөлхтний нэгэнд тооцсон юм бэ?
Шүүгч: Та тэгээд сурсан юм уу?
Бродский: Юү сурсан гэж?
Шүүгч: Яруу найрагч мэргэжлээрээ. Эсэн бусын коллеж, сургуульд сурсан уу?
Бродский: Энэ мэргэжлийг сурч эзэмшдэг гэж бодож явсангүй.
Шүүгч: Тэгээд яадаг гэж?
Бродский: Би бодохдоо... (барьц алдан) Бурхнаас заяадаг гэж бодсон юм.
Шүүгч: Шүүхэд гаргах гомдол байна уу?
Бродский: Юун төлөө баривчлагдсанаа мэдмээр байх юм.
Шүүгч: Энэ чинь гомдол биш асуулт байна даа.
Бродский: Тэгвэл гомдол алга даа.
Шүүгч: Өмгөөлөгчид асуулт байна уу?
Өмгөөлөгч: Байна аа. Нөхөр Бродский, та орлогоо гэр бүлдээ зориулдаг уу?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Эцэг эх чинь орлоготой юү?
Бродский: Тэтгэвэрт гарсаан.
Өмгөөлөгч: Та гурав хамт амьдардаг юм биз дээ?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Тэгэхээр олсон мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд нэмэр болгодог гэсэн үг ээ дээ?
Шүүгч: Та асуулт тавихгүй тоймлоод байх юм. Хариулахад нь туслаад байна. Асуултаа л тавь!
Өмгөөлөгч: Та сэтгэл мэдрэлийн эмнэлэгт бүртгэлтэй юү?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Хэвтэж эмчлүүлж байсан уу?
Бродский: Тийм ээ. 63 оны 12-р сарын сүүлээс 64 оны 1-р сарын 5 хүртэл Москва дахь Кащенкогийн эмнэлэгт хэвтсэн.
Өмгөөлөгч: Таны энэ өвчин нэг газраа тогтвортой ажиллахад чинь саад болсон гэж боддог уу?
Бродский: Магадгүй л юм. Тийм байх л даа. Гэхдээ сайн мэдэхгүй юм даа.
Өмгөөлөгч: Та Кубын яруу найргийн цоморлигт шүлэг орчуулж байсан уу?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Та Испанийн романсерогоос орчуулж явсан уу?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Зохиолч орчуулагчдын нийгэмлэгтэй холбоотой байсан уу?
Бродский: Тийм ээ.
Өмгөөлөгч: Нөхөр Бродскийн орчуулсан шүлэг, яруу найргийн жагсаалт болоод орчуулагчдын холбооны тодорхойлолтыг авч үзэхийг шүүхээс хүсэх байна. Үүнээс гадна эрүүл мэндийн байдлаас үүдэн нэг газраа удаан ажиллах боломжгүй байсныг харгалзаж үзнэ үү. Бродский ямар ч гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хорьж цагдах нь угаас хууль зөрчсөн хэрэг юм. Иймээс ч нэн даруй суллахыг шаардаж байна. Тогтсон хаяг устай учраас шүүхээс дуудсан цагт нь ирэх бүрэн боломжтой.
Энэ удаагийн хурлаар Бродскийг сэтгэл мэдрэлийн шинжилгээнд оруулж, өвчтэй байваас алс хязгаарт цөлөх учиртай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар тогтжээ. Бродский шүүгчээс үзэг, цаас хэдэнтээ гуйсанд камерт нь өгөхөөр болж.
Хуралдааны танхимын гадна үй олон ард иргэд цугларсан байх агаад “Яруу найрагч хүнийг өдөр бүр шүүдэггүй шүү дээ” гэх хэн нэгний хариуд шүүгч “Яруу найрагч байна уу, үгүй байна уу? Бидэнд хамаа алга” хэмээн хариулсан байдаг.
Сэтгэцийн шинжилгээгээр Бродскийг “Дүрсхийсэн авиртай ч хөдөлмөрлөх чадвартай учир захиргааны арга хэмжээ ногдуулах бүрэн боломжтой” хэмээн дүгнэжээ.
Удаах хуралдаан
Шүүгч: Та 1956 оноос хойш 13 газар ажилласан байх юм. Ингэхдээ дунд нь хэд хэдэн сар огт ажилгүй сууж. Энэ хооронд паразит амьдралаар амьдарч байснаа нэг тайлбарлаад өгөөч.
Бродский: Би энэ хоорондоо ажилладаг байсаан. Шүлэг найргаа бичиж суусан. Одоо ч бичдэг.
Шүүгч: Тэгэхээр та шүлэг гээч юмаа бичиж суужээ дээ. Олон ажил солих юу нь ашигтай байв даа?
Бродский: Би 15-тайгаасаа л ажиллаж эхэлсэн. Надад бүх л зүйл сонирхолтой байлаа. Амьдрал ахуй, хүн зоныг таньж мэдье гэсэндээ энд тэнд ажиллаж явлаа.
Шүүгч: Та эх орондоо ашиг тус өгөхөөр юм хийсэн үү?
Бродский: Би шүлэг бичсэн. Миний яруу найраг эгэл түмэнд минь эдүгээ хойчид ч үр өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг дээ.
Шүүгч: Итгэдэг гэнэ ээ!
Өөр нэгэн: Тэр чинь яруу найрагч шүү дээ! Ингэж ч бодох учиртай!
Шүүгч: Тэгэхээр таны тэр шүлэг гээд байгаа юм чинь ард түмэнд үр өгөөжтэй юм биз дээ?
Бродский: Та яагаад шүлэг гээд байгаа юмнууд гэж хэлээд байгаа юм бэ?
Шүүгч: Тэгж хэлэхээс өөр үндэс алга.
Сорокин: Юм бүхэн сонин содон байсан гэх ч яагаад цэрэгт алба хаагаагүй юм бэ дээ?
Бродский: Би ийм асуултанд хариулахгүй ээ.
Шүүгч: Хариул!
Бродский: Намайг цэргийн албанаас хоёр ч удаа чөлөөлсөн юм. Эхний удаад эцэг минь өвчтэй байснаас, харин дараа нь би өөрөө өвдсөн болохоор чөлөөлөгдсөн.
Шүүгч: Олсон орлогоороо амь зуухад хангалттай юү?
Бродский: Хангалттай. Шоронд надад өдөрт 40 копейк зарлагаддаг баримтан дээр би өдөр бүр л гарын үсгээ зурдаг. Харин би өдөртөө үүнээс илүү мөнгө олдог доо.
Шүүгч: Хувцас хунар гэж хэрэг болно оо доо?
Бродский: Би хуучин ч гэсэн нэг хослолтой. Илүү юм хэрэггүй ээ.
Өмгөөлөгч: Таны шүлгүүдийг мэргэжилтнүүд үнэлж дүгнэж байсан уу?
Бродский: Тийм ээ. Чуковский, Маршак хоёр орчуулсан шүлгүүдийг минь ихэд үнэлсэн. Хийснээс минь дээгүүр үнэлсэн шүү.
Өмгөөлөгч: Та орчуулагчдын холбоотой хамтарч байсан уу?
Бродский: Тийм ээ. “Орос хэлнээ анх удаа” гэсэн нийгэмлэгт харьяалагдаж, польш хэлнээс хөрвүүлсэн шүлгүүдээ уншиж байлаа.
Шүүгч (өмгөөлөгчид): Та наад хүнийхээ үр бүтээлтэй, ашигтай ажлуудыг нь асуухын оронд илтгэл энэ тэрийг нь асуугаад байх юм.
Өмгөөлөгч: Гэхдээ энэ хүний орчуулга нь чухамдаа үр бүтээлтэй, ашигтай ажил нь шүү дээ.
Шүүгч: Бродский, яагаад ажил хийхгүй байснаа нэг хэлээдхээч!
Бродский: Би ажил хийж байсан шүү дээ. Шүлэг бичиж явсан.
Шүүгч: Гэхдээ үйлдвэрт ажиллаад шүлэг бичдэг хүн бишгүй л байдаг даа.
Бродский: Хүн болгон адилгүй шүү дээ. Царай зүс, үсний өнгөөрөө ялгагддаг даа.
Шүүгч: Энийг хэн хүнгүй л мэднэ. Коммунизмын төлөө юү бүтээснээ хэл дээ.
Бродский: Уг нь үйлдвэрт ажиллаж, газар хагалахаас гадна оюуны бүтээл туурвиж нийгэмдээ нэмэр болно гэж бодох юм.
Шүүгч: Наад уран цэцэн үгээ боль! Хойшдоо юү хийхээ л ярь.
Бродский: Уг нь шүлэг бичиж, орчуулга хийе гэж бодсон юм. Гэхдээ ингэж болохгүй хойно тогтмол ажилтай болъё доо. Гэсэн ч би шүлгээ бичих л болно.
Шүүгч: Манайд хүн бүр л хөдөлмөрлөдөг. Харин та ийм удаан хугацаанд ажил хийгээгүй байна шүү дээ?
Бродский: Хийж бүтээснийг минь та бүхэн хөдөлмөр гэж үзэхгүй байна шүү дээ.
Шүүгч: Сэтгүүлд гарсан нийтлэлийг юү гэж бодож байна даа?
Бродский: Лернерийн тэр нийтлэл ерөөс худал хуурмаг зүйл байна билээ.
Шүүгч: Өөр дүгнэлт гаргав уу?
Бродский: Үгүй ээ. Би өөрийгөө бусдыг шимж амьдардаг гэж бодохгүй байна.

Бродский цөллөгт байх ахуйдаа орой үдшээр Англи яруу найрагчдын зохиол бүтээлийг судалж байжээ. “Жижигхээн модон байшингийн цонхоор цас мөсөнд хучигдсан жимийг ажингаа тэртээ 1939 онд “Цаг хугацаа үг хэлийг бурханчлан шүтдэг” хэмээн өгүүлсэн Уинстен Одений энэ ишлэлд итгэж ядан суусан сан. Үнэн хэрэгтээ хүмүүний амьдрал гээч нь эрт эдүгээд ч, ирээдүй хожмоо ч энэ л хэвээр хөврөнө дөө.”

Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Гэрэл

воскресенье, 24 ноября 2013 г.

ЭРИХ МАРИЯ РЕМАРК





1970 оны 9-р сарын 25-ны өдөр Швейцарийн Локарно хотноо нэгэн цаг үеийг эзэмдэж, байлдан дагуулж чадсан их зохиолч Эрих Мария Ремарк насан эцэслэжээ. Ремарк хувь заяаны эргүүлгэнд идэр залуу насандаа фронтод татагдаж хүнд шархадсан юм. Түүнчлэн гар бичвэрүүдийг нь нацистууд шатааж байсны зэрэгцээ залуу зохиолч хайр дурлалдаа энэлэн шаналж явсан гэдэг.
Зохиолчийн жинхэнэ нэр нь Эрих Пауль Ремарк бөгөөд 1918 онд өөд болсон ээжийгээ дуурсан Пауль нэрээ Мариягаар сольжээ.
Эрих ичсэндээ анхны туужийнхаа бүхий л хэвлэлийг худалдаж авсан түүхтэй аж. Тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлсэн “Өрнөд фронтын байдал онцын өөрчлөлтгүй” хэмээх алдарт романаа зургаан долоо хоногт тэрлэжээ. Дайны галын шугам, гашуун зовлонг туулж гарсан хорин настай эгэл нэгэн залуугийн үзэл бодлыг өгүүлэх энэхүү зохиолоос үүдэн Эрих төрөлх Герман орноосоо дүрвэсэн юм. Ангийн нөхдийн хамт фронтод татагдсан Пауль эцэстээ орь ганцаар үлдэж, 1918 оны 10-р сард амь үрэгддэг бөгөөд энэ өдөр радиогоор “Өрнөд фронтын байдал онцын өөрчлөлтгүй” хэмээн мэдээлж байв.
Эрих алдарт Достоевскийн зохиолд туйлын их хорхойсдог байлаа.
Тэр эхнэр Юттатайгаа дөрвөн жил ханилаад хоёр тийш болсон ч 1938 онд Юттагаа Германаас Швейцарь луу цагаачлуулахын тулд түүнтэй дахин гэрлэж, улмаар хамтдаа АНУ-г зорьжээ.
Үүнээс гадна зохиолч маань алдарт жүжигчин Марлен Дитрихтэй удаан хугацаанд янаг амрагийн холбоотой байв. “Ялалтын хаалга” хэмээх алдарт романыхаа гол дүрүүдийг Марлен хийгээд өөрөөрөө төлөөлүүлэн бичсэн аж. Энэ зохиолд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хорих ангийн эрүү шүүлт, хайр дурлал, уй гашуу, харуусал гуниг, ганцаардал шаналал, өс хонзонгийн тухай өгүүлдэг.
Ремарк жүжигчин бүсгүйг АНУ руу явсны дараа өдөр бүр захиа бичиж суусан гэдэг. Тэр хоёрын хайр дурлалын түүх хожмоо “Хайртай гэж хэлээч” хэмээх дурдатгал зохиол болон олны хүртээл болжээ. Ремаркийг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн боловч Герман офицерүүдийг баривчилсан явдлаас үүдэн түүнийг Антантын захиалгаар зохиол бүтээлээ туурвисан, мөр зэрэгцэн явсан цэргийн нөхрийнхөө гар бичвэрийг хулгайлсан хэмээн хэлмэгдүүлсэн байна.
Түүний зохиолууд бодит үйл явдалд тулгуурласан байх нь олонтаа. Ремарк ихэн голдуу дайн дажин болоод хайр дурлалын тухай бичдэг билээ. Бүтээл туурвилууддаа гал халуун, тачаангуй хайр дурлал хийгээд хүмүүний итгэл найдвар, эрх чөлөөг авч одох дайн дажны зовлон зүдгүүрийг сэтгэл зүрх өмхрүүлэм дүрсэлжээ. Дайны гашуун зовлонг амссан хэн бугай ч энэ бүхнийг өөрийн биеэр туулж мэдрээгүй хүмүүсийн дунд амьдарч, аж төрөх хэдий хэцүү болохыг тод томруунаар харуулж, алдагдсан үеийнхний заяа тавиланг өгүүлсэн байдаг.
Их зохиолч хайр дурлал, зовлон жаргал, заяа төөрөг, бодь сэтгэлийн тухай ийнхүү хүүрнэжээ.

“Хайр сэтгэлийн гал улалзан асч байсан тэрхэн газартаа үр үрслүүлж, найз нөхөд болон өдөр хоногийг өнгөрөөх гэж үү? Үгүй ээ. Хэн нэгнээ хөнгөхөөн шохоорхож явсан хүмүүс л ингэдэг биз ээ. Тэглээ ч ийм холбоо худал хуурамч байх нь олонтаа. ХАЙР ДУРЛАЛЫГ АНДЫН ХОЛБООГООР СЭВТҮҮЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ? Хайрын гал унтарсан бол яах ч аргагүй.”
Урьд өмнө нь хайрлаж явсан хүн шиг хол хөндий хүн гэж энэ хорвоод үгүй биз ээ.
Хэн нэгэн нөгөөдөө дусалхан гал халуун сэтгэлээс өөр юм зориулж чадна гэж үү? Гэлээ ч энэ ертөнц дээр энэ халуун дулаан сэтгэлээс илүүтэй зүйл нэгээхэн ч үгүй. Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг ойртуулбаас дэргэдээ түүнийгээ байлгахыг хичээдэг нь хүмүүний жам аж. Гэхдээ харамсалтай нь, будант орчлонд аливаа зүйлийг мөнхөд дэргэдээ байлгана гэдэг боломжгүй юм даа...
Нэгнээ сэтгэлийн чинадаас хайрласан хүн эв дүйгүй болж, өөртөө итгэх итгэлээ бүр мөсөн алдах нь бий. Бусдад сайрхуулж явсан амьдралын туршлага гээч нь утаа шиг сарниж, ганцаардлын мананд автан, итгэл найдвараа алддаг шүү дээ. 
Нэгэн хайр дурлалын хувьд хүмүүний амьдрал дэндүү урт. Бүр хэтэрхий гэж хэлж болохоор урт юм даа. Хайр хэдий гайхалтай ч хэн нэгэн нь уйдаж, нөгөө нэг нь тэр л үедээ үлдээд, эцэс төгсгөлгүй хүлээдэг дээ. Чингэхдээ ухаан санаагаа алдсан лугаа адил хүлээхийг даанч яалтай...
Ганцаардлын уй гашууг нэг бус удаа амссан нэгэн л сэтгэлт хүнтэйгээ учрах тэрхүү агшны жинхэнэ баяр баяслыг мэдэрч чадна.
Хайр сэтгэлд үг ярианаас илүүтэй үйл хөдлөл л хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан хэн нэгэнд зориулсан чинхүү сэтгэлээ насан туршдаа хадгалж үлдээхийг хичээдэг нь угтаа хайр сэтгэлийн гашуун зовлон болж хувирдаг билээ.
Бүсгүй хүн сэтгэл алдарснаар ухаан тэлдэг бол эр хүн эсрэгээр ухаанаа алдана.

Харанхуй өрөөг гэрэл гэгээ хэдий тод гийгүүлдэгтэй эгээ л адил золгүй хүмүүн бээр аз жаргал гээчийн амтыг жинхэнэ ёсоор нь мэдэрдэг шүү дээ.
Аз жаргалын тухай таван хормоос илүүтэй ярих аргагүй шүү дээ. Жаргалтай байна гэхээс өөр үг олдохгүй нь тодорхой. Харин амьдралын гашуун зовлонгийн тухай өдөр шөнөгүй ярьсан ч дундрах нь үгүй ээ.
Цаг хугацааг умартан, айдас хүйдсээ үлдэн хөөсөн тэрхэн мөчид л бид аз жаргалын бал бурмыг амталдаг ажээ. Хүн гээч амьтан айдас хүйдэс араас нь хөөж явсан ч инээж хөхөрч явдаг нь гайхмаар шүү.
Аз жаргал гэдэг нь энэ хорвоогийн хамгийн барьцгүй бөгөөд үнэтэй эд зүйл юм.

Амьдралын төлөө тэмцэж буй хүн заяа төөргөөс хавьгүй хүчтэй.
Хүн мулгуу байх тусмаа өөрийгөө чухалд тооцож, ихэд үзэх нь бий.
Алив нэгэн энэ биеэ хэдий чинээ бага тооно төдий зэрэгтээ үнэд хүрэх нь хорвоогийн жам юм.

Эмэгтэй хүний төлөө хийсэн бүхэн бусдын доог тохуу болохгүй ээ.
Эмэгтэй хүн хайртай гэхээсээ илүүтэй жаргал гэрэлтсэн нүдээрээ сэтгэлтэй хүмүүнээ харж баймааж нь хэн нэгний зүрхэнд хоногшин үлдэнэ.
Эмэгтэй хүмүүсийг нэг бол хайрлан дээдэлж, эс бол орхиж явах нь зүйтэй. Бүсгүй хүнд үүнээс өөр сэтгэлээр хандах нь ихэнхдээ худал хуурмаг байдаг.
Бүсгүй хүнд аливаа зүйлийг тайлбарлахын оронд үйл хөдлөлөөрөө үзүүлсэн нь хавьгүй дээр.
Би тэр бүсгүйн ярианд чих тавин инээд хөөрийг нь ажиглах зуураа ядуу хүн хэн нэгнийг хайрлах нь хэдий хэцүү бэрх болохыг яс махандаа тултал ойлгосон юм.

Тэнгэрт нисэх шувуухай гартаа барьсан зүйлээс хувь илүү санагдах нь орчлонгийн жам юмаа.
Далан жил орчлонгийн тоосыг хөдөлгөсөн хүн цаашдаа сэтгэл амар болдог гэдэг дээ.
Амьдрал гэдэг нь үй олон дарвуултай дарвуулт завьнаас өөрцгүй шүү дээ. Хэзээ мөдгүй хөмөрчихөж болно оо доо.
Харуусал шиг хэрэггүй зүйл ер үгүй. Бурхан биднийг анхнаас нь л төгс төгөлдөр болгож бүтээгээгүй. Хэрэв зээ төгс төгөлдөр юм гэж байдаг бол түүнийг үзэсгэлэнд тавьбал таарна.
Ёс суртахуун гээчийг хааяахан ч гэсэн зөрчиж байж үнэ цэнийг нь мэдэрдэг.
Орчлонгоос буцмаар санагдтал өдөр хоногийг өнгөрөөснөөс амьдралд тэмүүлэх ид үедээ энэ хорвоог орхисон нь хавьгүй дээр.      

Аливаа зүйлийг сэтгэлдээ шингэтэл хүлээж авсны хэрэггүй ээ. Энэ орчлон дээр хүмүүний сэтгэлийг удаан хугацаанд зогоох зүйл даанч ховор.

Коловратын домог

Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түү...