четверг, 13 декабря 2018 г.

Альбрехт Дюрерийн "Гар"


Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья. 
XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдран суудаг байжээ.
Алт мөнгөний дархан аав нь хүүхдүүдээ тэжээхийн тулд борви бохис хийлгүй ажилладаг байлаа. Гэвч тэдний аж байдал тарчигхан.
Хоёр хүү нь гарын уртай тул урлагийн сургуульд суралцах оргилуун хүсэлтэй ч харамсалтай нь аав нь тэдний төлбөрийг төлж дийлэхгүйг сайн мэднэ. Ингээд нэгэн шөнө хоёул зоосоор шодож, хожсон нэг нь Нюрнбергийн Академид суралцаад, хожигдсон нөгөө нь уурхайд ажиллан түүний төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.
Ням гарагийн өглөөний мөргөлийн дараа зоосоор шодоход Альбрехт Дюрер хожиж, Нюрнберг руу явахаар болов. Харин ах Альберт Дюрер нь уурхайд ажиллахаар тогтлоо.
Нюрнбергт очсон Альбрехт дөрвөн жил суралцжээ. Түүний авьяас билгийг өргөн олон машид үнэлж, бүтээлүүд нь чамгүй үнээр худалдаалагдаж байлаа.
Чингээд удалгүй Альбрехт харьж ирээд ахдаа "Одоо таны сурах ээлж. Та Нюрнберг явж суралц. Би бүхнийг даана" гэж хэлэхэд Альбертын нүднээс нулимс асгарч "Үгүй дээ... хэрэггүй... хэрэггүй..." гэсээр ээрэв. Улмаар босож, нулимсаа арчаад "Дүү минь, хэрэггүй дээ. Би Нюрнберг явахгүй. Миний хувьд дэндүү оройтсон. Хуруу маань хугарсаар моонийжээ. Хундагаа ч барьж чадахгүй нь. Ийм байхад зураг зурах тухай саналтгүй. Миний хувьд оройтож" гэж өгүүлэв.
Альбрехт Дюрер ахынхаа ач буяныг багахан ч атугай хариулахын тулд гарыг нь ийнхүү зуржээ. Хэдийгээр тэр зургаа "Гар" гэж энгийнээр нэрлэсэн ч хүмүүс түүний бүтээлийг "Залбирч буй хүмүүний гар" хэмээн хүндэтгэн нэрлэжээ.

суббота, 1 декабря 2018 г.

К.Симонов - Намайгаа хүлээ


Зүсэр бороо шаагиж,
Зүггүй цасан шуурсан ч,
Халуун наран төөнөж,
Хамаг бусдыг хүлээхээ больсон ч
Хайрт минь чи намайгаа хатамжлан хүлээ
Алс холоос ирэх ажиг сураг үгүй болж
Ахиад хүлээх тэнхэл тасарч,
Хань бараа болох хүн харгүй үлдсэн ч
Хайрт минь чи намайгаа харуулдан хүлээ
Өнгөрсөн бүхнээ умартаж
Өнө хождоо бод хэмээх
Өрөөл бусдыг үл хайхран
Өнөд намайгаа хүлээн суу.
Төрүүлсэн ээж, төрсөн хүү минь ч цөхөрч
Танил нөхөд минь хундага тулгалаа ч
Таньж ханилсан чи минь намайгаа хүлээ,
Түрхэн гунигт автаж хундага тулгахаа азнаарай.
Үхэл мөхлийг сөрөн
Үнэнч чамдаа эргэж очиход
Өө хөөрхий, азтай л юм гэх
Үл итгэсэн нэгэн байхад
Хүлээж суусан хань чиний минь
Хүсэл сэтгэл намайг аварсныг
Хүлээнэ гэдгээс залхаж цөхсөн
Хүлцэнгүй тэд яахин мэдэх вэ.
1941
Жди меня, и я вернусь.
Только очень жди,
Жди, когда наводят грусть
Желтые дожди,
Жди, когда снега метут,
Жди, когда жара,
Жди, когда других не ждут,
Позабыв вчера.
Жди, когда из дальних мест
Писем не придет,
Жди, когда уж надоест
Всем, кто вместе ждет.

Жди меня, и я вернусь,
Не желай добра
Всем, кто знает наизусть,
Что забыть пора.
Пусть поверят сын и мать
В то, что нет меня,
Пусть друзья устанут ждать,
Сядут у огня,
Выпьют горькое вино
На помин души...
Жди. И с ними заодно
Выпить не спеши.
Жди меня, и я вернусь,
Всем смертям назло.
Кто не ждал меня, тот пусть
Скажет: - Повезло.
Не понять, не ждавшим им,
Как среди огня
Ожиданием своим
Ты спасла меня.
Как я выжил, будем знать
Только мы с тобой,-
Просто ты умела ждать,
Как никто другой.

Энэ шүлгийг Симонов Баруун фронтоос эргэж ирээд өөрийн эхнэр жүжигчин Валентина Серовад зориулан 1941 оны долоо, найман сард тэрлэжээ. Эхэндээ хувийн шинж чанартай гээд хэвлэхээс татгалзаж байсан ч анд найзууддаа дуудан уншдаг байв. Шүлгийг улмаар 1942 оны нэг сарын 14-ний “Правда” сонинд нийтэлж, тэр цагаас хойш энэ шүлэг эмэгтэй хүний чин үнэнч сэтгэлийн дуулал болон олонд түгжээ. 1943 онд Симоновын бичсэн кино зохиолоор “Намайгаа хүлээ” киног бүтээсэн бөгөөд В.Серова эл киноны гол дүрд тоглосон юм.
1942 онд “Чамтай болоод чамгүй” хэмээх Симоновын шүлгийн түүвэр гарч, тэр даруйдаа зарагдаж дууссан түүхтэй. Тухайн үед уг түүвэр ёстой л бестселлер байжээ. Эх орны дайны жилүүдэд Симонов шиг алдар суу нь түгсэн найрагч үгүй билээ. 
“Чамтай болоод чамгүй”-г Симонов, Серова хоёрын гэгээн хайрын түүх гэж хэлж болно. Зохиолч өдрийн тэмдэглэлдээ хувийн амьдралаа бичээгүй, захидлууд нь үрэгдэж гээгдсэн тул тэдний түүхийг энэ түүврээс л уншиж мэдрэх боломжтой.
“Би захиа бичих дургүй. Фронтын шугам дээр түр амсхийх зуураа мөр холбон шүлэг бичдэг байлаа. Энэ шүлэгнүүд маань хайртай эмэгтэйдээ илгээж амжаагүй захидлууд минь юм. Фронтынхон үнэндээ иймэрхүү шүлгээр ангаж цангаж явсныг би хожуу мэдсэн” гэж өгүүлжээ. 
Өдөр бүр ухарч, тэр энэ хот сууринг дайсанд алдлаа гэж мэдээлж байсан хүнд бэрх тэр цагт Симонов итгэл, хайрын тухай өгүүлсэн байна. Гэхдээ амьдрал дээр энэ хоёрын зам салсан юм.
Петроградын сурвалжит айлд мэндэлсэн Симонов 1939 онд Халхын голын байлдаанд цэргийн сурвалжлагчаар томилогдон ажилласнаар армитай холбогджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр бүх л фронтод сурвалжлагчаар ажиллаж, хурандаа цолтой болсон байна. Түүнийг эр зоригтой сэтгүүлч байсан гэж ярилцдаг. Үйл явдлыг гэрчээр яриулж бус, өөрийн нүдээр үзэж харж сурвалжилдаг байлаа. Тэрээр Одесса, Сталинград, Курскийн тулааныг сурвалжилж, Багратион ажиллагаа, Польш, Чехословак, Болгарыг чөлөөлөн, Берлинийг эзлэхэд ч оролцжээ. Ингээд дайны дараа үргэлжилсэн үгийн зохиол, кино зохиол бичих болов.
“Би цэрэг биш, жирийн сурвалжлагч. Гэхдээ 1941 оны долоон сард манайхан Германы 39 танкийг нэг өдрийн дотор галдан шатаасан Могилёвын тал миний санаанаас гардаггүй” гэж тэмдэглэсэн найрагчийн чандрыг (тэрээр 1979 оны найман сарын 28-нд 63 насандаа өөд болжээ) Белорусийн Могилёвын ойролцоох Буйничийн хээр талд цацжээ.

вторник, 13 марта 2018 г.

Ван Цэнци - Жижиг гартай Чэнь


Хятадын уран зохиолд ХХ зуунд мандан бадарсан нэгээхэн од болох Вэн Цэнциг хүнлэг энэрэнгүй үзлийг дэлгэрүүлэгч жинхэнэ уран зохиолч, Тэнгэрийн доорх сүүлчийн эрдэмт хүмүүн гэж нэрлэдэг билээ. Жижиг гартай Чэнь хэмээх энэ богино өгүүллэгийг тэрээр 1983 онд бичжээ.

Жижиг гартай Чэнь

Тэр цагт манай тосгонд эх барихын эмч барагтай бол байсангүй. Хөл хүнд эмэгтэй амаржихад эх барьдаг авгайг дуудна. Гэхдээ айл болгон өөрийн гэсэн эх барьдаг хүнтэй. Нэг гэрийн эмс хүүхнүүд тэр л хүний гараар хоёр яс сална. Тэгээд ч энэ мэт нарийн нандин хэрэгт гадны хүнд итгэлтгүй, өөрийн гэсэн эх барьдаг хүнтэй байх учиртай билээ. Өөрийн хүн тухайн айлын ёс жаягийг андахгүйгээс гадна хэнээр туслуулахаа ч сайн мэднэ шүү дээ. Хүмүүс итгэсэн нэгнээ алтан гартай хэмээн хүндэлж, дэргэд байхад эсэн мэнд амаржина гэдэгтээ өчүүхэн ч эргэлздэггүй бол эх барьдаг авгайчууд эсрэгээр өдөр бүр Дарь эхэд хүж зул өргөн ажил төрлөө амгалан байгаасай гэж даатгадаг болой. Ийм байхад эрэгтэй эмч залж амаржих хүн олдохсон бил үү?

Манай тосгоны хувьд анагаахын сургуульд голцуухан хөвгүүд л суралцана. Тэр дунд насаараа нөхөрт гараагүй, Ли Хуаляны охин л ганцаараа эмч болж билээ. Дотрын эмч болохоор эх барихгүй бөгөөд эрчүүдийн тухайд эмэгтэйчүүд, эх барихын эмч болохыг ихээхэн дорд үзэх тул гагцхүү жижиг гартай Чэнь л энэ талаар мэргэшсэн юм.
Мань хүний гар эм хүнийхээс ч жижигхэн, эвлэгхэн тул ийм хочтой болсон юмдаг. Ураг буруу байрласан, хөлөөрөө түрүүлсэн зэрэг хүндрэлтэй төрөлтийн үед  эх, үр хоёрыг түүн шиг аврах ачтан үгүй байлаа.
Чэний гар зөөлөн, жижигхэн учраас эмс хүүхнүүд түүгээр эх бариулахдаа дуртай. Гэлээ ч чинээлэг айлууд мөнөөх эрийг залж дуудах нь ховор. Арга мухардсан цагтаа л хэл хүргэнэ. Харин дундаж болоод зутруухан аж байдалтай хүмүүс эр хүн эх барьж авахаас ер сэжиглэж цэрвэхгүй. Хүүхэд нь буруу байрласан бол эх барьдаг авгайчууд “Жижиг гартай Чэнийг дуудуул аа” л гэлцэнэ.

Тосгоныхон түүнийг Жижиг гарт гэсээр байгаад жинхэнэ нэрийг нь ч мартаж орхисон доо.
Амаржих үед эх, үр хоёрын амь нас эх баригчийн гарт байдаг тул энд өчүүхэн ч алдаа гаргаж үл болно. Манай жижиг гартай Чэнь цагаан зүсмийн морьтой байж билээ. Адуу мэдэх хүний үгээр бол уг морь хөнгөн явдалтай гэх. Тосгоны эргэн тойронд ус намаг ихтэй тул тэр хавьд адуутай айл нүдний гэм. Тиймдээ ч морьт цэрэг дайрч өнгөрөх бүрийд улс амьтан нүдээ хужирлахаар гудманд гарна. Үүнээс өөр үед зөвхөн жижиг гартай Чэнь л цагаан морио давируулан яваа харагддагсан. Иймээс ч яваандаа түүнийг цагаан морь унасан жижиг гартай Чэнь гэлцэх болсон юм.
Мэргэжил нэгт ах дүүс нь мань хүнийг үл ойшоон дооршаах агаад эх барьдаг авгайчуудаас өөрцгүй амьтан гэх нь холгүй байвч сайхь эр үүнд ер гутарч гуньсан шинжгүй, хэн нэгэн амаржих нь гээд дуудвал даруй морио сундлан давхисаар очдог байлаа. Амаржих гэж буй эх ч морины хүзүүнд уясан хонхны жингэнэх дуунаар баахан уужирна. Жижиг гартай Чэнь залсан айлынхаа гадаа ирмэгц мориноосоо үсрэн бууж даруй дотогш орсны дараа удаж төдөлгүй (гэхдээ хааяадаа удах нь бий) нялх хүүхдийн уа уахийх дуу хадахад хөлс нь цуварсан тэрбээр “Баяр хүргэе, баяр хүргэе. Эх, үр хоёр эсэн мэнд, сайхан амаржлаа” гэсээр гэрийн эзэнд ёслохуйд цаадах нь маасайтлаа инээн талархаж хариу болгон улаан дугтуй бариваас уг дугтуйг нээлгүй шуудхан халаасалж аваад, гараа угааж цайлаад “Та болгооно уу” хэмээсээр мориндоо мордон давхиж одно. Энэ үест морины хүзүүнд уясан хонх жин жинхийн жингэнэсээр холдон замхардагсан.
Жижиг гартай Чэнь олон ч хүний амийг аварч билээ.
Нэгэнтээ тосгонд маань Холбооны цэрэг ирдэг юм байна. Тэр жилүүдэд иргэний дайн дэгдэж, бидний хэлдгээр үндэсний хувьсгалт арми буюу Гоминьданыхан Сунь Чуаньфаны армитай тулалдаж явлаа. Сунь Чуаньфан бээр өөрийгөө таван мужийн армийн ерөнхий командлагчаар зарлан тунхаглаж, цэргээ Холбооны цэрэг гэж нэрийдсэн юмдаг. Холбооны цэргийн нэгэн хороо Тэнгэрийн ивгээлийн сүмд байрласан бөгөөд хороон даргын тулгар биетэй эхнэр (татвар ч юм бил үү, хэн мэдлээ) амаржиж чадалгүй багагүй зовоов. Эх барьдаг авгайчуудыг дуудсан ч нэмэр болсонгүй, амь тэмцэх эмэгтэй нядлуулж буй гахай шиг чарласаар байсанд арга буюу жижиг гартай Чэнийг дуудууллаа.
Түүнийг Тэнгэрийн ивгээлийн сүмд хүрч очиход байх суух газраа олж ядан нааш цааш холхих хороон дарга:
-         Эх, үр хоёрын амийг аврахгүй л бол толгойгүй гэж мэдээрэй! гэсээр их дуугаар зандарчээ.
Жижиг гартай Чэнь ч хөлсөө цувруулан үзсээр мах мариатай өнөөх эмэгтэйг эсэн мэнд амаржуулж, тэнхэлгүй болон гуйвж дайвсаар дотроос гарч ирээд:
-         Хороон дарга аа, баяр хүргэе. Хүүтэй боллоо гэхэд цаадах нь:
-         Төвөг удсанд өршөөгөөрэй. Ийшээ орно уу хэмээн тансаг идээ ундаагаар зассан ширээнд урив.
Тэгэхэд салаан дарга нар ч ширээнээ сууж хамт найрласанд жижиг гартай Чэнь хоёр жүнз архи тогтоожээ. Ингээд хороон дарга 20 мөнгөн зоос тоолж:
-         Үүнийг чамд. Бага гэж бүү чамлаарай гэсээр атгуулбал Чэнь:
-         Ийм их шан харамж өгөөд хэрэггүй шүү дээ гэж цааргалсан ч хороон даргын ширүүн харцан дор арга буюу халаасалж, жүнзтэй архиа барьчихаад, - Та болгооно уу гэхэд мөнөөх дарга:
-         Ингээд яв даа хэмээн түүнийг үдэж гаргалаа.
Жижиг гартай Чэнь, Тэнгэрийн ивгээлийн сүмээс гарч мориндоо мордоход буун дуу тасхийж, эх баригч эмч маань газар үхэтхийн унавай.
-         Миний эмэгтэйд гар хүрдэг тэр ер нь хэн бэ? Эхнэрт минь надаас өөр хэн ч гар хүрэх эрхгүй! Адгийн новш! гэж харааж зүхэх хороон дарга бачууртлаа уурласан нь энэ буюу.

понедельник, 4 декабря 2017 г.

Коловратын домог

Оросын домогт баатар Евпатий Коловрат нь Рязанийн ноён, эс бөгөөс цэргийн жанжин байжээ. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт түүний тухай өгүүлдэг. Энэ домгийн хамгийн эртний бичлэг нь 16-р зуунд хамрах бөгөөд домгийн гурван өөр хувилбар байдаг. Оросын уран зохиол, шүлэг найраг, туульсын зохиолд Евпатий Коловратын тухай өгүүлэх нь элбэг билээ.
Түүний түүх Оросын хувьд ихээхэн эмгэнэл дагуулсан Монголын буюу Бат хааны байлдан дагуулалтай холбоотой. Монголчууд 1237-1240 онд Орост цөмрөн ороход тухайн үеийн Орос орон феодалын бутралд автсан байлаа. Тиймээс дайсныг дорвитой эсэргүүцэж чадсангүй. Монголчууд 1237 оны сүүлээр Орост довтолж, анх Рязанийн ванлиг рүү халджээ. Улмаар Рязанийн ван Юрий Игоревич, Муромын ван Юрий Давыдович, Олег Юрьевич нарын цэргийг Воронеж голын эрэгт бут цохисноор нутгийн гүнд нэвтэрчээ. Рязанийн ван тулаанаас амь зулбаж Рязань хотноо эргэж ирсэн бөгөөд монгол цэрэг 1237 оны 12-р сарын 16-наас эхлэн тус хотыг бүслэжээ. Рязаньчууд эхний довтолгоог няцааж чадсан ч удалгүй суларч, харин 12-р сарын 16-17-нд Пронск, Ижеславль зэрэг хот сууринг эзэлж авсан монгол цэрэг хүч нэмэн ирсээр байлаа. Тухайн үед Рязань хот арван алдын өндөртэй шороон ханан хэрэмтэй байжээ. Өвөлдөө энэ ханыг усалж хөлдөөнө. Рязанийн дайчид хотоо тав хоног хамгаалсан боловч зургаа дахь өдрөө хүчин мөхөстөж, 20-21-нд шилжих шөнө ширүүн тулаан өрнөснөөр монголчууд хотод нэвтэрчээ. Энэ үеэр Рязанийн ван Юрий Игоревич алагдаж, хотын хана хэрмийг нураасан бөгөөд тус хотыг энэ газарт ахин сэргээж босгоогүй түүхтэй. Бат хааныг Орос руу довтлоход Евпатий Коловрат 35 орчим настай байжээ. Тэрээр Рязанийн ванлигт багагүй байр суурьтай нэгэн байсан бололтой. Юрий Игоревич ван Рязань хотыг эзлэгдэхээс өмнө Владимир болон Черниговын вангуудаас тусламж хүсч элч илгээсэн байдаг. Коловрат тэгэхэд чухамдаа Черниговт байж таарчээ.
Чингээд эх нутагтаа эргэж ирэхэд хот бүрэн сүйдсэн байв. Байлдан дагуулагчдын харгис хэрцгий зан авирт балмагдсан Коловрат Черниговоос тодорхой тооны цэрэг дагуулан ирсэн байж болзошгүй. Тэрээр улмаар нутгийн эрчүүдээс цэрэг элсүүлж, нийт 1700 орчим цэрэгтэй болоод монголчуудын араас нэхжээ. Тэд Суздалийн нутагт монголчуудыг гүйцэж, араас нь гэнэт дайрч багагүй хохирол амсуулсан гэдэг. Дайсан араас нь дайрна чинээ санаагүй монголчууд тэдэнтэй ширүүн тэмцсэн байна. Коловратын цэрэг монголчуудтай хэдэн удаа тулалдсан нь тодорхойгүй ч зууралдан байлдсаар Бат хаан ч ихээхэн хүчээ арагш татаж, аргагүй хүний ихээр бүслэн дарж авав. Бат хаан эхнэрийнхээ ах Хостоврулыг Коловраттай тулалдуулахаар илгээж, тэрээр тулаанд амь алдсан гэдэг. Бат хаан Рязанийг буулгаж авсан тухай домогт Коловрат түүний цээжийг эмээлд нь хүртэл цавчсан гэж өгүүлдэг.
Домогт өгүүлснээр цэргээ алдахыг хүсээгүй Бат хаан Коловратад элч илгээж юу хүсч буйг нь асуулгахад тэд “Үхлээс өөр юу ч үл хүснэ” гэж хариулсан гэлцдэг билээ. Орос цэрэг монголчуудын чулуу шиддэг төхөөрөмжөөр шидсэн чулуунд дарагдан үгүй болжээ. Бат хаан Коловратын эрэмгий зоригийг үнэлж Рязанийн олзлогдсон цэрэг эрсийг суллаад, Коловратыг ёслол төгөлдөр оршуулахыг зөвшөөрсөн ажээ. Өдгөө бол Коловратыг загалмайн шашинтан байсан уу, эс бөгөөс онго шүтлэгтэн байсан уу гэж маргах нь бий. Овог нэрийг нь харвал онго шүтлэгтэн гэмээр. Коловрат гэдэг нь славян онго шүтлэгтнүүдийн нарны бэлгэдэл аж. Гэхдээ түүнийг онго шүтлэгтэн байсан гэж батлах баримт нэгээхэн ч үгүй юм. Үүнээс гадна сум татаж тавьдаг зэвсгийг Орост коловрат гэж нэрлэдэг байв. Тэгэхээр Евпатийн овог энэ зэвсэгтэй холбоотой байж болох юм. Харин Евпатий гэдэг нэр нь Грекийн Ипатий гэдэг нэрнээс гаралтай байх магадлалтай.
Үүнээс гадна Евпатийг бодит бус дүр ч гэж үзэх нь бий. Бат хаан Рязанийг эзэлсэн нь домог 13-14-р зууны үеийн хэв шинжтэй, түүхэн гэхээсээ илүү уран зохиолын гэж үзэж болно. Домогт түүхэн үйл явдлаас зөрсөн зүйл цөөнгүй байна. Өдгөө Орост Евпатий Коловратад зориулж босгосон 3 хөшөө бий. Эдгээр нь бүгд Рязань мужийн нутаг дэвсгэрт байрладаг ажээ.


среда, 5 июля 2017 г.

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись
Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянзнаас нэгийг авч тавьсан нь энэ. Хорвоогоос тасарч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн нисэхэд энэ л хөгжим хань болдог...

Бодоод байхад бид хоёр жинхэнэ утгаар жаргалтай байсан нь ховор бололтой. Жаргалд умбах мэт санагдсан нь олонтаа ч өнөөдрийнх шиг бялхам баяр баясал мэдэрч байсан нь үгүй л болов уу. Тийм биз? Үүнтэй ижил сэтгэл ханасан мэдрэмж ер төрж байсангүй шүү дээ. Хэн хэндээ сэтгэлтэй хоёр хүн хамтдаа байхдаа л ийнхүү зүрх сэтгэлийн хөөр догдлолыг мэдэрдэг байх.

Хонгор минь, өнөөдөр би хаданд гаргасан зоориноосоо Пруссийн тал нутгаас 1911 онд хураасан усан үзмээр хийсэн Штайнбергер кабинет гэх дарсыг гаргаж авлаа. Энэ дарсыг сэрүү буухаас өмнөхөн хурааж шигшсэн усан үзмээр нэржээ. Ингээд дарсаа бариад нохдоо дагуулсаар нуурын эрэгт бууж ирлээ. Дээр хөхрөх тэнгэр, дэргэд боргох нохдынхоо өмнө хэдхэн үг хэлэхэд түг түмэн одод гялалзан гялтганаж, нуурын толин мандал долгисон, салхи сэрчигнэн үлээв. Алтан гадас од, Мариягийн энгэрийн зүүлт мэт онцгойрон туяарахад шил дарс шөнийн харанхуйг зүсэн нуурын тийш нумран нислээ. Тэнгэр бурхан намайг хэдэн жилийн өмнө чамтай учруулсанд талархсан сэтгэлээ би ингэж л илэрхийлж, өргөл барив.

Энэ дарс зөөлөн уруулаараа түүнийг ийш тийш нь түлхэх цулбуурт загасны өмч болохсон уу, аль эсвэл хөгшин цурхайн оромж болохсон уу би мэдэхгүй. Эс бөгөөс өвч биеэрээ улаан толботой тулбага загасны үүрэн дээрээс унах нь уу бүү мэд. Загас ч гэсэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй байхыг үгүйсгэхгүй... Үгүй бол энэ дарс биднийг ор мөргүй болсон хойно хэн нэгэн загасчны дэгээнд орж болох юм. Загасчин энэ лонхыг татаж гаргаад хуучны лацыг нь гайхашрангуй ширтсээр гэрээдээ аваачих биз. Чингээд оройн хоолоо идэж бараад чулуун ширээн дээр талх, бяслаг үлдмэгц аажуухан босч хутга шөвгөө аваад өдөр дэгээдсэн лонхоо өвдөгнийхөө завсар хавчуулсаар лацыг нь эвдэж задлах биз ээ. Тэр үест алтан шаргал дарсны ааг үнэр ханхийж, Рейн мөрний шаргал намар, элчит нар, энэ л өдрүүдийн дурсамж дурдатгал эргэн сэргэнэ. Тэгэхэд бид хоёр хэдий эх дэлхийдээ шингэсэн байх боловч амь амьсгал минь ахин сэргэнэ шүү дээ. Гэтэл үл таних загасчин эр үүнийг огтхон ч мэдрэхгүй, түүнийг шүргэсэн тэр л нандин дурсамжийг ерөөс мэдэхгүй, уртаа гэгч нь амьсгаа аваад хундагалан уух буй заа.


Гэлээ ч хэзээ нэгэн цагт хамтдаа л жаргаж, энэ дэлхийгээс одсон хүмүүсийн сүнсийг тээж явдаг гэж ярилцдаг алаг эрээн хоёр эрвээхэй шөнө дөлөөр нисч ирээд дүүрэн дарстай мэлтэлзэж байсан мөнөөх хундаганы ирмэг дээр сууж, ёроолоос нь сэнхийх үнэрт хөлчүүрэх болой. Өнгө хээнцэр хос эрвээхэй үүр цайхад сая нисч одоход үүдэндээ тороо барин зогсох загасчин эр урьд өмнө үзэж хараагүй хоёр эрвээхэйг аанай л гайхсан харцаар үдэх биз ээ. 

среда, 30 ноября 2016 г.

Гэрэл зургийн тухай

XIX зууны сүүлчээр Чикагод тухайн үедээ хамгийн тансагт тооцогдсон галт тэрэг хийжээ. Гэвч нөхцөл байдлаас болоод Парист зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэнд энэ галт тэргийг илгээж чадаагүй байна. Ингээд уг галт тэрэгний зургийг авахын тулд томоохон хэмжээтэй зургийн аппарат зохион бүтээх шаардлагатай боллоо.
Инженер Жорж Лоурэнс 1900 онд ийм аппарат зохион бүтээв. Энэ аппаратаар зураг авахын тулд зурагчинд 15 хүн туслах шаардлагатай. Хагас тонн гаруй жинтэй аппаратыг хийхэд 120 кг цавуу, каучук ашигласан аж. Аппарат 2,44 м* 1,6 м-ийн хэмжээтэй хальстай, нэг кассет нь 226 кг жинтэй, 2,4 м* 1,6 м-ийн хэмжээтэй зураг авах боломжтой. Энэ аппаратаар Чикагогийн галт тэрэгний компанийн зүтгүүрийн зургийг авч хожим нь сурталчилгаанд ашиглаж байсан гэдэг. Хэдийгээр дээр дурдсан “хэргийн эзэн болсон” тансаг галт тэрэг Парисын олон улсын үзэсгэлэнд тавигдаагүй ч Лоурэнс тэр үзэсгэлэнгээс гэрэл зургийн Гранпри шагнал хүртжээ.
Лоурэнс үүнээс гадна 1906 онд 22 кг жинтэй аппаратаа хэд хэдэн цаасан шувуунд бэхэлж Сан-Франциско хотын панорам зургийг 610 м-ийн өндрөөс авчээ. 

Тэгэхэд тэр хэд хэдэн зураг авсан бөгөөд хамгийн алдартай нь 48,6*122,9 см-ийн хэмжээтэй. Энэ зургийг 300 dpi-аар хувиргавал 460 мегапиксельтэй болох юм байна. Зураг авахаас хэдхэн өдрийн өмнө тус хот газар хөдлөлтөд өртөж, байшин барилгынх нь 88% сүйдсэн байв.
Улмаар 5 жилийн дараа яг тэр цэгээс ахин зураг авснаар хот энэ хугацаанд хэр хөгжсөнийг баталгаажуулан үлдээжээ.
Лоурэнс зохион бүтээсэн аппаратынхаа зураг төслийг үлдээгээгүй учраас гэрэл зурагчид түүнийг энэ зургаа 130 хэмийн налуутай авсан байх магадлалтай гэж таамагладаг. Тухайн үед АНУ-ын цэрэг армийнхан түүний аппаратуудыг сонирхож байсан ч Лоурэнс хэт их үнэ хэлээд зураг төслөө худалдаагүй ажээ.

среда, 16 ноября 2016 г.

Чарли Чаплин өөрийн бүтээсэн алдарт дүрийнхээ тухай ийн өгүүлжээ

“Өөрийгөө тодорхойлооч гэвэл би ажилдаа маш дуртай л гэж хэлнэ. Би бээр уран бүтээлдээ чин сэтгэлээс ханддаг ийм л хүн. Үүнээс өөр зүйлийг илүү сайн хийж чаддагсан бол түүнийгээ л хөөх байлаа. Гэлээ ч чадахгүй нь.
Энэ дүр гэнэтхэн л бүтсэн юм. Тэгэхэд зураглаач надад “Хүн хараад инээд нь хүрэхээр нүүр будалт хий” гэж хэлсэн юмдаг. Гэтэл санаанд тоймтой юм орж ирдэггүй. Тэгэхээр нь би хувцасны өрөө рүү орлоо. Замдаа томдсон өмдтэй, нарийхан пальтотой, том толгойтой, жижиг малгайтай хүн дүрсэлж үзүүлвэл хүмүүсийн сэтгэлд хүрэх болов уу гэж сэтгэв. Ингээд нүүрээ яаж хувиргахаа тодорхой мэдэхгүй байсан ч ийм төрхтэй хүн лавтайяа төлөв төвшин, гунигтай царайтай байх учиртай гэж бодсон юмдаг. Инээд хүргэмээр дүр төрхийг нь жаахан ч гэсэн дарах гэсэндээ жирвээ сахалтай байвал дээр гэж саналаа. Жирвээ сахал нь тухайн хүнийг бага зэрэг маанагдуу мэт харагдуулах учиртай. Гэхдээ нүүрний минь хувирлыг нууж далдлах ёсгүй.

Зураг авалтын үеэр гудамжны гуйлгачин залуу түр ч атугай амарч суух гэсэндээ зочид буудалд буусан зочны дүрээр буудлын хүлээлгийн танхимд явж ордог. Тэнд байсан хүмүүс залуугийн тийш сэжиглэсэн харц шидэх ч мань хүн зочид буудалд буусан хүний дүр эсгэнэ. Буудлын тооцооны дэвтрийг эргүүлж, зөрж өнгөрөх хүмүүсийг ажингаа тамхи гаргаж асаагаад хэд сорно. Миний тоглосон хамгийн анхны шог үзэгдэл болбоос энэ юм. Алиалагчийн маань дүр ингэж л бий болсон. Надад энэ төрх маш их таалагдсан шүү.

Хамгийн гол нь, би тэр хүнийг хөл муутайгаар дүрслэх гэж хичээдэг байлаа. Хөгжилдөж цэнгэж явах ч хөл нь сульдаж, хавдсан байх ёстой гэх үү дээ. Хувцас хариуцсан хүнээс би том размерын хуучин гутал авч өмсдөг байлаа. Хөлд суугаагүй гуталтай эелдэг боловсон загнана гэдэг инээдтэй харагдах нь мэдээж. Дүр маань юм юманд дөртэй нь надад тун их таалагддаг байв. Нэг талаар өөртэй минь төстэй гэмээр. Үзэгчдийн хариу үйлдэл надад хэдийгээр чухал боловч зураг авалтын үеэр үзэгчид байхгүй тул би тэдэнд хандаж тоглодоггүй байлаа.

Миний хувьд ярихаас илүү пантомима үзүүлэх нь сэтгэлд хүрдэг шиг. Үг ашиглаад эхлэхэд бүхий л зүйл хэтэрхий гял цал болох мэт. Дуу хоолой гэдэг сайхан л даа. Гэхдээ урлагт дэндүү нээлттэй байж боломгүй. Өөрийгөө дэндүү ихээр нээвэл тодорхой хүрээ хязгаарт баригдах аюултай. Дуу хоолойгоор сэтгэлийн гүнд мэдрэгдсэн бүхнээ илэрхийлнэ гэдэг тун бэрх. Гэтэл хөдөлгөөн нь шувуу нисэхтэй адил сэтгэлд тусах увидастай. Хүний харцнаас хэлэх гэсэн үгсийг нь мэдэрнэ гэдэг бараг боломжгүй зүйл. Дүр маань дуу ороход би энэ бүхнийг тооцож бодох учиртай байжээ. Дуу орсноор багагүй шинжээ гээсэн гэж санах юм.


Амьдрал миний хувьд маш сайхан зүйл. Өдөр хоногууд уй гунигаар дүүрэн ч бай туулаад л өнгөрөх хэрэгтэй. Би л хувьдаа ядахнаа туршлага суухын төлөө ямар ч хувь тавилан тохиосон туулаад л явна. Хошин шог болбоос ухаан санаагаа саруул байлгах нэгээхэн хэрэгсэл гэж хэлж болох юм. Юм бүхэн эмгэнэлээр дүүрэн байх аваас бидний сэтгэл яах билээ? Эмгэнэл гэдэг амьдралын бүрэлдэхүүн хэсэг ч гэлээ бидэнд зовлон бэрхшээлийг даван туулж, өөрийгөө хамгаалах чадвар гэж бий. Хэдийгээр эмгэнэл амьдралд томоохон үүрэгтэй ч хошин шог бидний хувьд өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болдог гэж санах юм. Хошин шог нь угтаа ямар нэгэн байдлаар бусдыг өрөвдөх сэтгэлээс эхтэй шүү дээ.”

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...