вторник, 31 декабря 2013 г.

“The Wolf of Wall Street”



 Леонардо Ди Каприогийн тоглосон “The Wolf of Wall Street” кино нь энэ жилийн хамгийн дуулиан шуугиантай киноны нэг болж байна. Ди Каприо энэ киногоо “Орчин үеийн Калигула” хэмээсэн нь ч бий. “Би хувьдаа адайр ааштай, сэтгэл санааны хувьд тогтворгүй ч гэмээр баатруудыг бүтээх дуртай. Энэ нь дүрээ амилуулахдаа өөрийн үзэл бодлыг шингээх боломжтой байдагтай холбоотой биз дээ. “Shutter island” (Хараал идсэн арал) кинонд бүтээсэн дүр минь миний хувьд хамгийн хүнд бөгөөд мартагдашгүй дүр болсон. Гэхдээ амьдрал дээр би тэс ондоо хүн шүү дээ. Барагтаа бол уурлаж унтууцдаггүй.”
 Зүй бус үг хэллэг ихтэй энэ киноны эхний 75 минутанд л гэхэд баатрууд нь хоёронтоо энгэр зөрүүлж, крэк болон кокаин татаж, эмэгтэй хүний бэлэг эрхтний талаар нилээд дэлгэрэнгүй хэлэлцэх юм. Киног бүтээгчид бүтээл нь NC17 буюу 17-оос доош насныханд үзүүлэхийг хориглосон ангилалд багтаагүйд гайхширсан гэлцэнэ.
Америк мөрөөдлийг егөөдсөн энэ бүтээлд эд өлөгт ханасан улсын ааш авир хэрхэн өөрчлөгдөхийг харуулжээ.
Ингээд судлаач шүүмжлэгчид энэ киног хэрхэн дүгнэснийг сонирхуулъя.
Мэтт Золлер Сэйтс, RogerEbert.com “Энэ кино нь зэвүүн залуусын тухай хийсэн бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг болжээ.”
Кристофер Орр, The Atlantic “Сэтгэл ховсдом илэн далангуй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн “хар инээдмийн” кино.”
Джеймс Верньер, Boston Herald “Энэ чинь л чухамдаа жинхэнэ “Агуу Гэтсби” байна даа. Ди Каприогийн хувьд Скорсезегийн кинонд амилуулсан хамгийн сайн дүр нь болж.”
Трэвис Хопсон, Examiner.com “Сувдаг, шунахай сэтгэлийг нэг мөр илчилсэн гурван цагийн симфони л гэсэн үг.”

Гол дүрийн жүжигчин маань харин “Манай кино үзэгч олонд америкийн галзуу хулганаар хурдлахтай төстэй мэдрэмж төрүүлэх нь дамжиггүй ээ. Хар тамхи байнга хэрэглэдэг хоёр залуугийн нэгэн өдрийг дүрсэлж харуулсан тэр хэсэг нь миний хувьд кинон доторх кино шиг л санагддаг. Энэ хэсгийн зураг авалтанд бэлдэхдээ The Drunkest Guy in the World бичлэгийг хэдэнтээ үзэж билээ. Бичлэгт халамцуу залуу хундагаа барьж авч чаддаггүй л дээ. Энэ кино нь “хар инээд” ихтэй. Хүн хэдий чадалтай байна төдий чинээ хар бараанаар инээж хошигнодог биз ээ. Жорданы хувьд ёс суртахуунгүй нийгмийг манлайлагч гэж хэлж болохоор хүн дээ. Арга заль гэхээсээ илүүтэй асар богино хугацаанд л мөнгөтэй болохоор зүтгэсэн нэгэн, амжилт, уналтын сонгодог жишээ. Хөрөнгөтний нийгмийг тахин шүтвээс юунд хүргэж болохыг тод харуулсан бүтээл” гэжээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...