воскресенье, 8 декабря 2013 г.

ЖЕРОМ СЭЛИНЖЕР БА “ХӨХ ТАРИАН ТАЛБАЙН ДУНДУУР”



Гэмт хэргийн ертөнцтэй нилээдгүй холбогдсон зохиол гэвэл яахын аргагүй Жером Селинжерийн “Хөх тариан талбайн дундуур” хэмээх роман болой. Тухайлбал АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдсан Жон Хиксли, Жон Ленноныг хороосон Марк Чепмэн, жүжигчин бүсгүй Ребека Шаферийг хөнөөсөн Роберт Жон Бардо зэрэг гэмт этгээдүүд чухамхүү энэ зохиолыг шүтэн биширдэг байжээ.
Зохиолд 16 настай Холден Колфилд хэмээх хөвгүүний дүрээр Америкийн нийгмийн үнэн дүр төрхийг илчилж, өсвөр насныхны тогтворгүй бөгөөд эмзэг сэтгэхүйг харуулсан юм. Энэ бүтээл 20-р зууны хоёрдугаар хагасын утга зохиолын хөгжил дэвшилд тун чиг нөлөөлсөн гэдэг.
Зохиолын баатар Холден нижгээд сургуулиас хөөгдөж, орчин тойрноосоо залхах ч бүхий л сэтгэлээрээ энэ амьдралд тэмүүлдэг юм. Түүний хувьд хүмүүсийн дэргэд хэцүү ч, ганцаардах нь үүнээс ч аймшигтай. Сургуулиасаа хөөгдсөн хөвгүүн харихаас эмээж, элдэв явдалтай нүүр тулах бөгөөд охин дүү Фибигийнхээ цуглуулсан хэдэн зоосыг зээлж, хөгшин багшийндаа хоног төөрүүлнэ. Гэвч өөрийг нь өрөвдсөндөө толгойг нь илэх багшийгаа буруугаар ойлгож гэрээс нь зугтдаг. Фибигээс зээлсэн мөнгөө эргүүлэн өгч, холоо явахыг хүсэх ч охин дүү нь ахыгаа сэнхрүүлэхээр түүн шиг аяглаж хамт явна гэхэд л Холден энэ бүхэн хэдий утга учиргүй болохыг ухаарч, дүүгээ хайрлаж эрхлүүлнэ.
Холден өөрийгөө бага ч атугай хамгаалах гэсэндээ эргэн тойрныхондоо дургүйцэж бухимдах агаад хойшдоо чухам яах учраа олохгүй, дэмий л нэг газраа хөлхөж, зоригтой алхам хийхээс эмээсээр явдаг.
Селинжер анхандаа энэ зохиолоо насанд хүрэгчдэд зориулан гаргасан ч, өсвөр насныхны дунд ихээхэн дэлгэрсэн билээ. Охид, хөвгүүд зохиолын гол баатраас өөрийн зан авир, дүр төрхийг олж хардгаас тэр биз ээ. Хүмүүний хувь заяанд эргэлт буцалтгүй нөлөөлөх энэ л насанд ганцаардал, гунихарлыг нь хуваалцаж, энгэртээ наах эх, эцэг гэдэг хичнээн чухал билээ дээ.
Сургуулийнхан нь Жеймс Касле хэмээх нэгэн хөвгүүнийг гадуурхан дээрэлхэж амиа егүүтгэхэд түлхэж буй нь хүүхэд шиг хатуу сэтгэлтэн үгүй гэдгийг нотлох шиг.  “Хаяа хязгаар нь үгүй хөх тариан талбайн дунд тоглож наадах хүүхэд багачуудыг ёроолгүй ангал руу унахаас хамгаалж хаацайлах” цайлган мөрөөдөлтэй Холден хөвгүүний сэтгэлийг ойлгож, харуусал, гунигийг нь хуваалцах болно. Үнэндээ хүн гэдэг амьтан алдаж, унаж байж ухаарч сэхээрдгийг энэ зохиолд харуулжээ.
***
“Энэ орчлонгоос явж одсон нэгэн амьд нэгнээс хол давуу бол дэргэд минь үгүй ч түүнийг хайрлаж ханьсах сэтгэлээ татаж дийлнэ гэж үү?”
“Нас биенд хүрээгүй хүмүүн шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй бөгөөтөл эрийн цээнд хүрсэн гэгдэх улсууд энэ л шударга ёсны төлөө нам жимхэн амьдрахыг хичээдэг дээ.” “Бүсгүй хүний биеийг хөгжмийн зэмсэг гэвээс сод хөгжимчин баймааж нь л түүнийг гайхалтай эгшиглүүлэх биш үү?”

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...