суббота, 7 декабря 2013 г.

“АМЕРИКИЙН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ” БА “МАРТИН ИДЕН”




Теодор Драйзер уран бүтээлийнхээ оргил болсон “Америкийн эмгэнэлт явдал” романаа 1920-1925 оны хооронд бичжээ. Зохиолч тухайн үед Америкт түгэн дэлгэрч эхэлсэн өнгө мөнгийг шүтэх үзлийг энэ бүтээлээрээ хөндөж, Америкийн нийгмийн үнэн дүр төрхийг харуулсан юм. Драйзер сүсэг бишрэл хийгээд материаллаг ертөнцийн алтан дундаж чухам хаа буйг энэ романаараа өгүүлэхийг хичээсэн шиг санагдана.
Хэдийгээр энэхүү роман нь бараг зуун жилийн өмнө бичигдсэн ч энэ сэдэв хэзээд дундаршгүй бөгөөд аль ч үед, ялангуяа эд өлгийн зүйлсийг эн тэргүүнд тавих болсон өнөө үед тулгамдсан хэвээр байна.
Драйзер 1906 онд Честер Жиллет хэмээх нэгэн залуу найз бүсгүй Грейс Брауныхаа амийг егүүтгэсэн бодит явдлаас сэдэвлэн энэ бүтээлээ туурвижээ. Тэрээр хожмоо “Энэ явдлыг эргэцүүлэх нь ээ, Америкийн жижигхэн хотод өсч өндийсөн хэн бугай ч ийм хэрэгтэй нүүр тулж болзошгүй юм. Үнэн хэрэгтээ энэ түүх нь аливаа хүн энэ амьдралын эрээн бараан, өнгө мөнгөний өмнө сөгдөн сөхөрч, гарцаагүй байдалд ордгийг өгүүлэх шиг” хэмээн тэмдэглэсэн байна.
Романд сүсэг бишрэлтэй гэр бүлд өсч торнисон Клайд Гриффитс хэмээх залуугийн ээдрээтэй хувь заяаг өгүүлэх бөгөөд баян тансаг амьдралд сэтгэлээсээ шунан дурлах тэрбээр эцэстээ гэмт хэрэг үйлддэг юм. Клайдын эмгэнэлтэй түүхийг уншсан хэн бугай ч өр өвдөхгүй байхын аргагүй. Энэ зохиолыг ойлговоос ойр тойрныхон болоод амьдралд хандах чиг хандлагаа эргэн харах биз ээ.
Харин Джек Лондоны “Мартин Иден” хэмээх романд хүсэл мөрөөдлийнхөө өөд тэмүүлэх нэгэн залуугийн тухай гардаг. Тарчигхан амьдралтай, боловсрол муутай Мартин чинээлэг айлын охинд дурласнаар сэтгэлт бүсгүйтэйгээ эн зэрэгцэхүйц болохын төлөө зүтгэдэг билээ. Тэрээр ном зохиолд шимтэн дурлаж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрөөж явсан ч улмаар зохиолч болдог юм. Хүсч тэмүүлсэн эд хөрөнгө гээч зүйлээ нэг бодлын олж чадсан ч сэтгэл нь хоосорч, эцэстээ энэ орчлонгоос явдаг. Дурлалт бүсгүйнхээ өр зүрхийг эзэмдэх хязгааргүй хүсэлдээ хөтлөгдсөн Мартин эрдэм мэдлэгт “шунан тачаадаж”, алдартай зохиолч болох хэдий ч өнөө л баригдмал, хязгаарлагдмал сэтгэхүй зонхилж, материаллаг зүйлсийг эрхэмлэх эргэн тойрноосоо гутарч гунихардаг.
Хүмүүний орчин тойрон түүний оюун бодол, ухаан сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг энэ бүтээлд тодоор харуулах агаад өчүүхэн нийгэм дотроо ундууцаж давчидсан Мартин эцсийн эцэст бүтээл туурвилаа хөсөр хаяж, амьдралаас хагацна. Үүнд газар дээрх ганц анд Бриссендений үхэл ч нөлөөлсөн нь мэдээж. “Мартин минь, амьдрал чамайг хайр найргүй балбасан ч бууж өгөөгүй атлаа эцэст нь хувь заяаны өмнө өвдөг сөхөрлөө гэж үү?” Үнэндээ Мартин шиг хүмүүс үзэл бодол, ухаан санааг нь үл ойлгох энэ өчүүхэн нийгэмд билиг авьяасаа эд өлгөөр солих нь юү л бол. Тийм ч учраас энэ бүхнээс ангижрах эцсийн замаа сонгосон нь зөв гэлтэй.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...