четверг, 12 июня 2014 г.

Наска, Пальпын газрын гадаргуун дээрх дүрс зургууд буюу геоглифууд (эхний хэсэг)

Перугийн нийслэл Лимагаас өмнө зүгт дөрвөн зуун тавин км-ийн зайд байх чулуурхаг цөл хэдэн арван жилийн тэртээгээс эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Наскагийн тэгш өндөрлөгт дурайх геометр болоод хүн амьтны дүрс нь хэдэн зуун ам дөрвөлжин км талбайг эзлэх агаад гарал үүслийнх нь тухай элдвийн л таамаг дэвшүүлдэг. 
Хүн гэдэг амьтан эрт дээр үеэс тааралдсан газраа зурсаар ирсэн ч газрын гадаргуун дээрх зургууд нь Наскагийн тэгш өндөрлөгийн зургуудаас эрс өөр байдаг. Австраль, Англи, Калифорнид геоглифууд бий ч гэлээ эдгээр нь ихэнхдээ хүн, амьтдыг дүрсэлснээрээ ялгаатай. Харин Перугийн геоглифууд нь геометрийн дүрс, элдэв шулуун шугам, цацраг илүүтэйгээрээ онцлог. Хэдэн мянган хэлбэр дүрс сүлжилдсэн хэсэг ч бий. Наскагийн зургуудыг анх 16-р зууны үест Испанийн судар бичгүүдэд дурдсан боловч 1927 онд Перугийн архелогич Торибио Ксесспе-г илрүүлсэн хэмээнэ. Гэсэн ч анх энэ өндөрлөгийг 1940-өөд оны үеэс л герман гаралтай Мария Райхе судалж эхэлсэн юм. 1998 онд өөд болтлоо насаараа хийсэн судалгаа шинжилгээнийх нь дүнд буй болсон тойм зургийг судлаачид өдгөө ч ашигласаар. 

Хэрэв зээ алдартай археологич, зохиолч Эрих фон Дэникен эдгээр зургуудыг харийн гаралтай гэсэн таамаг дэвшүүлээгүй сэн бол эл газар олны анхаарлыг татахгүй байсан биз ээ. Эдүгээ 13 000 гаруй дүрс зургийг олж илрүүлсэн бөгөөд нисэх онгоц, тэр байтугай хиймэл дагуулаар шинэ шинэ зураг илрүүлсээр байгаа билээ. 


Дүрс зургууд Наскагийн өндөрлөг төдийгүй мянгаад бээрийн цаанатаа байх Трухильо хотын ойр орчимд ч буй. Эдгээр нь баларч бүдгэрээд, хүний гараар бага зэрэг сүйдсэн ч гэлээ өндрөөс олж харж болохуйц. 


 

Үүний дунд Наскагаас өрнө зүгт 10-аадхан бээрт байх Пальпын тэгш өндөрлөгийн дүрс зургууд ихээхэн сонин содон. Энд ороомог хэлбэртэй “Нарны цаг”, “Хот мандал” гэх дүрс зургууд байдгийг эрдэмтэд Египтийн пирамид, од эрхэс, нарны аймагтай холбон янз бүрээр л тайлбарладаг. 

Наска нь хэдэн бээрт сунаж тогтсон тэгш өндөрлөг бол Пальпа нь тэгш оройтой хэд хэдэн дов толгод бүхий багашаархан газар юм. Дүрс зургууд нь чухамдаа энэ толгодын тэгш оройд дүрслэгджээ. Хэн нэгэн уулын оройг зураг зурахаар тэгшилсэн ч гэж хэлж болохоор. Өөгүй тэгш уулсын орой нь аль нэгэн соёл иргэншлийнхэн энэ их нүсэр ажлыг сайтар зохион байгуулж хийсэн гэх бодол санааг өөрийн эрхгүй төрүүлэх ч үнэн хэрэгтээ Пальпын тэгш өндөрлөгт эрт цагт олон тооны гол горхи урсаж байснаас газрын гадаргуу нь ийн идэгджээ.


Ингэвэл Пальпын тэгш өндөрлөгийн геоглифуудын насжилтыг баримжаалж болох агаад дүрс зургуудыг зурах үест энэ газар хэдийнэ өнөөгийн төрхөө олсон байсан нь гарцаагүй болж байна. Цөөн хэдэн зургийн хүрээ хязгаар нь идэгдсэн байхыг үзвэл зурсных нь дараа газрын гадаргуу өөрчлөгдсөнийг мэдэж болно. Хуурай уур амьсгалтай эл газрын дүрс зургууд хэдэн мянган жилийн настай нь тодорхой.

Сансраас хатсан голын ай сав мэт үзэгдэх энэ өндөрлөг хийгээд хойд хэсгийн хэдэн зуун км талбай нь Усан галавын хэмжээний их уснаас үүдэж бий болсон байх магадлалтай. Усан галавын үед Өмнөд Америкт маш том цунами үүсч, эх газарт хуйлран орсон Номхон далайн ус энэ хэсэгт тогтоод, аажимдаа буцаж далайдаа цутгасан ч гэмээр. Шавар шавхайтай энэ ус газрын гадаргууг тэгшилж, улмаар хүний гараар тэгшилсэн гэмээр Наска, Пальпын тэгш өндөрлөгийг буй болгожээ. Пальпын тэгш өндөрлөгийн захад хатаж чулуужсан шавар шавхайн үлдэгдэл ч буй. 

Тэгэхээр Наска, Пальпын дүрс зургууд МЭӨ 11000 жилээс нааш үүссэн болж таарах нь.

Харин түүхч археологичид энэ нутагт соёл иргэншил мянга таван зуун жилийн тэртээ үүссэн бөгөөд дүрс зургууд нь ч өдий хэрийн настай хэмээдэг. Үнэндээ энэ нь нэгэн дүрс зурган дээр зоогдсон модыг шинжилж гаргасан дүгнэлт юм. Энэ мод зурагнуудаас хэзээ хойно бэхлэгдсэн байж болох агаад хэрэв зээ доороос нь олдсон бол насжилтыг нь яриангүй батлах байж.

Эндхийн иргэд багахан хэмжээний үлгэр зурж, түүнээ томруулан буулгадаг байсан гэж түүхчид үздэг ч, газрын гадаргууг лазерын туяагаар шатааж, ууршуулж буй болгосон гэх таамаг ихэд газар авсан юм.

Гэсэн ч газар дээр нь очиж үзэхэд наранд хатаж гандсан хар чулуулган давхрагыг нь зайлуулж, шар элсэрхэг хэсгийг ил гарган эдгээр дүрсүүдийг бүтээсэн нь тодорхой болсон.

Багахан хэмжээний дүрс зургийг энэ мэт аргаар буулгахад амар хялбар ч гэлээ хэдэн арван алдын өргөнтэй, хэдэн зуун бээр үргэлжлэх дүрсүүдийг буулгахад ярвигтай бөгөөд энэ талаар мөн л өдий төдий таамаг дэвшүүлсэн нь бий. Түүхчид нутгийн омгийнхны хүн амыг цөөлөхийн үүднээс өглөө үдэшгүй энэ мэт ажиллуулдаг байсан, бөө мөргөлд ашигладаг байсан, нөгөө ертөнцөд одсон нэгний сүнсийг тэнгэрт залах энергийн урсгал үүсгэхэд ашигладаг хэмээн элдвээр тайлах ч арван таван мянга гаруй зургийг бүрэн тайлж дөнгөхгүй л байна.

Цөл нутгийн газар доогуурх усны ундаргыг заасан гэж зарим нь үзэх агаад ус нь газрын гүнээр урсдаг хэд хэдэн спираль худгийг энд илрүүлсэн юм. Гэсэн ч энэ худгууд нь дүрс зургуудаас хаа хол, ямар ч хамааралгүй нь хожмоо батлагджээ. 



Поль Косок энэ газрыг одон орон судлалын томоохон хэмжээний станц байсан гэж үзсэн ч Америкийн археологич Жеральд Хоукинсын экспедицийн судалгаагаар зуугаад зураасыг судалж, хориодхон хувь нь л тэнгэрийн аль нэг эрхэстэй дүйх юм гэж үзсэнээр энэ таамаглалыг няцаажээ.
Дүрс зургуудын нилээд хэсгийг өндрөөс л ялгаж болохыг Мария Райхе ч тэмдэглэсэн байдаг. Уулын орой, өндөр цамхаг дээрээс бус илүү их өндрөөс ялгагдах дүрснүүд ч бий. Тиймээс эндхийнхэн дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг нисдэг тэргээр аялуулж нилээдгүй ашиг олдог. 


Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...