четверг, 5 июня 2014 г.

ОСКАР УАЙЛЬД

“Өөрийг тань чин сэтгэлээс хайрлах нэгэн эгнэгт дагана гэдэг шиг худал зүйл үгүй билээ. Энэ харилцаа түүнд ямар ч баяр баясал, аз жаргал авчрахгүйн зэрэгцээ чиний төлөө бүхнээ зольж зориулавч хариуд нь өчүүхэн ч атугай сэтгэлийн таашаал олж мэдрэхгүй байгаагаа гэнэт ойлгосон тэр л өдөр чамаас холдох вий. Сэтгэлийн чинадаас хайрлах тэр нэгэн чамайг өндөрт өргөвч, чи гар сунгалгүй ганцаар тэр өндөрлөгтөө байх аваас, түүний төлөө сэтгэлээ багахан ч атугай чилээж, өчүүхэн ч болтугай зүйлийг зориулахгүй баймааж нь энэ бүхэн тэр хүний хувьд тэсвэрлэшгүйгээр эргэнэ дээ. Зүрх сэтгэлд чинь эзлэх байр суурь нь өөрийнх нь сэтгэлд чиний эзлэх тэр л орчлоос хавьгүй бага гэдгийг ухаарсан тэрхэн мөчид энэ хүн холдон одох нь гарцаагүй юм. Чингэхдээ тэрбээр зэмлэж буруушаасан ганц ч үг унагахгүй бөгөөд учир нь хэн нэгнээс хайр сэтгэл, итгэл ойлголцлыг шаардах нь бүү хэл энэ тухай гуйж гувших нь ерөөс утга учиргүй шүү дээ. Сэтгэл нь шархалсан ийм хүн чимээгүйхэн атлаа гэв гэнэт алга болдог. Энэ хүн хэзээ ч эргэж хөрвөдөггүй нь хамгийн аймшигтай.”
Тэртээ 1895 оны 11-р сарын нэгэн жихүүн өдөр Реддингийн галт тэрэгний буудалд цугласан олон Лондонгоос шоронд суухаар ирж буй суут зохиолч Оскар Уайльдад нүд унагана.
Үүнээс дөрөвхөн жилийн өмнө Оскар төрмөл авьяасаа гайхууланхан Английн утга зохиолд орж ирсэн юм. Түүний зохиосон “Дориан Грейн хөрөг” хийгээд олон олон үлгэр туужуудыг ёстой л найман настай балчираас наян настай өтгөс буурлууд шимтэн уншина. 
Тэрбээр Оксфордод сурах үеэсээ л дэгжин чамин хувцас хунар, этгээд үг яриагаараа олны хараанд өртжээ. Залуу чамирхаж дэгжирхэх их дуртай байсан гэдэг. “Сайхан сэтгэлтэн байснаас үзэсгэлэн төгөлдөр байх нь хувь илүү” хэмээх ч энэ мэтээ чин сэтгэлээсээ хэлсэн эсэхийг таамаглах хүн ховор байлаа. Гэсэн хэдий ч Оскар үзэг цаас бариутаа л хүмүүний чин шударгуу зан, сайхан сэтгэл, бусдад бүхнээ зориулах энэрэнгүй явдлыг магтан дуулна.
1895 онд алдар нэртэй зохиолчийг залуу лорд Альфред Дугластай ёс бус харьцаатай байсанд буруутгаж, хоёр жилийн ял оноосон нь түүний хувьд тэнгэр ниргэсэн шиг болсон юм.
Тухайн үед Англи орныг орхиж, ялаас мултрах боломж байсан авч халуун цустай, ирланд гаралтай Оскар чингэсэнгүй.
Уайльд хожмоо “Амьдралд минь хоёр удаа газар хөдлөм их эргэлт гарсны нэг нь аавынхаа хүслээр Оксфордод орсон бөгөөд удаах нь нийтийн хүслээр шоронд суусан явдал юм” хэмээн харуусангуй өгүүлжээ.
Гэмтнээс хүн бүхэн нүүр буруулдгийн адил Оскар сохор зоосгүй орь ганцаар хоцорч, жүжгүүдийг нь театрт тавихаа болиод, ном бүтээлүүдийг нь шатааж, ард түмний оюун бодлоос үлдэн хөөхийг хичээв. 
Уйтгар гунигийн мананд автсан эхнэр нь төд удалгүй энэ орчлонгоос одож, үр хүүхдүүдийг нь түүнээс холдуулсны сацуу өөд болтлоо зутруухан явжээ.
Гансарч ганихарсан зохиолч “Шоронгийн тэмдэглэл”-дээ “Өдий хүртэл би гэдэг хүн зугаа цэнгэл хөөж, зовлон зүдгүүрээс бултаж явлаа. Тэгэвч чухамдаа энэлэн шаналал гээч нь хүмүүний мэдэрч болох хамгийн хүчтэй мэдрэмж бөлгөө” хэмээжээ.
Шоронгоос гарсны дараа тэрээр Парисаар хэрэн хэсүүчилж, амьдралынхаа эцсийн гурван жилийг тарчигхан өнгөрөөсөн юм.
Оскар Уайльдын зарим ишлэлүүдээс дор дурдъя.

***
Үхлээс бусдыг даван туулж болдог доо.
Хүмүүс юм бүхний үнэ цэнийг мэдэх атлаа, харамсалтай нь жинхэнэ үнэ цэнэтэй зүйл гэж чухам юү болохыг огтхон ч ойлгодоггүй.
Хүн чанар гэдэг нь хулчгар зангийн албан ёсны нэршил юм уу даа.
Бүсгүй хүний оюун бодлыг мэдэхийг хүсвэл сонсохоосоо илүүтэй сайтар ажигла.
Дурлал гээч нь өөрийгөө хуурахаар эхэлж, өрөөл нэгнийг хуурснаар төгсдөг жамтай.
Эр хүн бүсгүй хүний анхны хайр болохыг тэмүүлдэг бол эмэгтэй хүн эр хүний сүүлчийн дурлал байхыг хүсэмжилдэг.
Хүмүүсийг сайн, муу гэхээс илүүтэй зугаатай, залхуутай гэж ангилж болно.
Миний мэдэх зураачдаас авьяас чадлаар маруухан нь л сонирхолтой хүмүүс байлаа. Суу авьяастнууд уран бүтээлдээ уусч амьдардгаас ч тэр үү сонирхоод, шохоорхоод байх зүйлгүй дээ. Агуу яруу найрагч эгэл жирийн нэгэн байх нь олонтаа. Харин тааруухан шүлэгч бусдыг соронзон мэт татах нь энүүхэнд. Бүтээл туурвил нь маруухан тусмаа өнгө үзэмж нь сүрлэг дээ. Яруу найргаараа илэрхийлэхийн аргагүй тэр л хэв маягаа амьдралдаа оруулахыг хичээдгээс тэр шүү дээ. Харин билиг танхай найрагчид амьдралдаа биелүүлж чадаагүй тэр бүхнээ цаасан дээр буулгадаг.

Энэ насандаа ганцхан удаа дурлаж явсан гэх хүмүүст би огтхон ч итгэдэггүй. Ийм хүмүүсийн үнэнч сэтгэл гээч нь дадал заншил төдий бөгөөд үүнээс илүүтэйг төсөөлөн бодох чадваргүйн илрэл биз ээ. Энэ нь тэр хүн хэдий сул дорой болохыг харуулахаас цаашгүй. Түүний хувьд үнэнч сэтгэл гэдэг нь тэр л зүйлээ орхин холдвоос өөр нэгэн олоод авчих вий гэсэн өмчирхүү бодлоос үүдэлтэй шүү дээ. Үнэн хэрэгтээ ийм айдас хүйдэсгүй байваас бид бүгд нилээдгүй зүйлээ орхиж одох байсан даа.

Эр хүн ямар ч эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрлаагүй тохиолдолд жаргалдаа умбасаар байдаг.
“Үүрдийн хайр” болоод шохоорхол хоёрын хоёр дахь нь илүү удаан үргэлжлэх нь бий.
          Өөрийгөө чухам хэн бэ гэдгийг бусдад илэрхийлж таниулахад л амьдралын утга учир оршдог.

4 комментария:

  1. Дориан грейн хөрөг сайхан бүтээл. Би ойлгохдоо өөрийн амьдралаа зохиолч хүүрнэсэн мэт санагддаг.

    ОтветитьУдалить
  2. ман эрийг гей гэж байсан гэж сонссонь эхнэртэй байжээ, ?
    эсвэл Дориан дээр гардаг баатар нь гей ?

    ОтветитьУдалить
  3. Нэг залуутай тийм харьцаатай болоод л шоронд орсон юм шиг байгаа юм.

    ОтветитьУдалить
  4. Гоё сонирхолтой нийтлэл байна. Даан ч нэг ч зохиол бүтээлийг нь уншиж байгаагүй. 5-р ангид байхад манай анги даасан багш "Дориан Грейн хөрөг"-ийг англиар уншсанаа бидэнд товч ярьж өгч байсан нь сэтгэлд тод үлджээ. Нэг олоод уншчих юмсаан. Ер нь их сонирхолтой хүн бололтой, дотроо ч тэр, гаднаа ч тэр.

    ОтветитьУдалить

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...