воскресенье, 24 ноября 2013 г.

ЭРИХ МАРИЯ РЕМАРК





1970 оны 9-р сарын 25-ны өдөр Швейцарийн Локарно хотноо нэгэн цаг үеийг эзэмдэж, байлдан дагуулж чадсан их зохиолч Эрих Мария Ремарк насан эцэслэжээ. Ремарк хувь заяаны эргүүлгэнд идэр залуу насандаа фронтод татагдаж хүнд шархадсан юм. Түүнчлэн гар бичвэрүүдийг нь нацистууд шатааж байсны зэрэгцээ залуу зохиолч хайр дурлалдаа энэлэн шаналж явсан гэдэг.
Зохиолчийн жинхэнэ нэр нь Эрих Пауль Ремарк бөгөөд 1918 онд өөд болсон ээжийгээ дуурсан Пауль нэрээ Мариягаар сольжээ.
Эрих ичсэндээ анхны туужийнхаа бүхий л хэвлэлийг худалдаж авсан түүхтэй аж. Тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны тухай өгүүлсэн “Өрнөд фронтын байдал онцын өөрчлөлтгүй” хэмээх алдарт романаа зургаан долоо хоногт тэрлэжээ. Дайны галын шугам, гашуун зовлонг туулж гарсан хорин настай эгэл нэгэн залуугийн үзэл бодлыг өгүүлэх энэхүү зохиолоос үүдэн Эрих төрөлх Герман орноосоо дүрвэсэн юм. Ангийн нөхдийн хамт фронтод татагдсан Пауль эцэстээ орь ганцаар үлдэж, 1918 оны 10-р сард амь үрэгддэг бөгөөд энэ өдөр радиогоор “Өрнөд фронтын байдал онцын өөрчлөлтгүй” хэмээн мэдээлж байв.
Эрих алдарт Достоевскийн зохиолд туйлын их хорхойсдог байлаа.
Тэр эхнэр Юттатайгаа дөрвөн жил ханилаад хоёр тийш болсон ч 1938 онд Юттагаа Германаас Швейцарь луу цагаачлуулахын тулд түүнтэй дахин гэрлэж, улмаар хамтдаа АНУ-г зорьжээ.
Үүнээс гадна зохиолч маань алдарт жүжигчин Марлен Дитрихтэй удаан хугацаанд янаг амрагийн холбоотой байв. “Ялалтын хаалга” хэмээх алдарт романыхаа гол дүрүүдийг Марлен хийгээд өөрөөрөө төлөөлүүлэн бичсэн аж. Энэ зохиолд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хорих ангийн эрүү шүүлт, хайр дурлал, уй гашуу, харуусал гуниг, ганцаардал шаналал, өс хонзонгийн тухай өгүүлдэг.
Ремарк жүжигчин бүсгүйг АНУ руу явсны дараа өдөр бүр захиа бичиж суусан гэдэг. Тэр хоёрын хайр дурлалын түүх хожмоо “Хайртай гэж хэлээч” хэмээх дурдатгал зохиол болон олны хүртээл болжээ. Ремаркийг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн боловч Герман офицерүүдийг баривчилсан явдлаас үүдэн түүнийг Антантын захиалгаар зохиол бүтээлээ туурвисан, мөр зэрэгцэн явсан цэргийн нөхрийнхөө гар бичвэрийг хулгайлсан хэмээн хэлмэгдүүлсэн байна.
Түүний зохиолууд бодит үйл явдалд тулгуурласан байх нь олонтаа. Ремарк ихэн голдуу дайн дажин болоод хайр дурлалын тухай бичдэг билээ. Бүтээл туурвилууддаа гал халуун, тачаангуй хайр дурлал хийгээд хүмүүний итгэл найдвар, эрх чөлөөг авч одох дайн дажны зовлон зүдгүүрийг сэтгэл зүрх өмхрүүлэм дүрсэлжээ. Дайны гашуун зовлонг амссан хэн бугай ч энэ бүхнийг өөрийн биеэр туулж мэдрээгүй хүмүүсийн дунд амьдарч, аж төрөх хэдий хэцүү болохыг тод томруунаар харуулж, алдагдсан үеийнхний заяа тавиланг өгүүлсэн байдаг.
Их зохиолч хайр дурлал, зовлон жаргал, заяа төөрөг, бодь сэтгэлийн тухай ийнхүү хүүрнэжээ.

“Хайр сэтгэлийн гал улалзан асч байсан тэрхэн газартаа үр үрслүүлж, найз нөхөд болон өдөр хоногийг өнгөрөөх гэж үү? Үгүй ээ. Хэн нэгнээ хөнгөхөөн шохоорхож явсан хүмүүс л ингэдэг биз ээ. Тэглээ ч ийм холбоо худал хуурамч байх нь олонтаа. ХАЙР ДУРЛАЛЫГ АНДЫН ХОЛБООГООР СЭВТҮҮЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ? Хайрын гал унтарсан бол яах ч аргагүй.”
Урьд өмнө нь хайрлаж явсан хүн шиг хол хөндий хүн гэж энэ хорвоод үгүй биз ээ.
Хэн нэгэн нөгөөдөө дусалхан гал халуун сэтгэлээс өөр юм зориулж чадна гэж үү? Гэлээ ч энэ ертөнц дээр энэ халуун дулаан сэтгэлээс илүүтэй зүйл нэгээхэн ч үгүй. Зүрх сэтгэлдээ хэн нэгнийг ойртуулбаас дэргэдээ түүнийгээ байлгахыг хичээдэг нь хүмүүний жам аж. Гэхдээ харамсалтай нь, будант орчлонд аливаа зүйлийг мөнхөд дэргэдээ байлгана гэдэг боломжгүй юм даа...
Нэгнээ сэтгэлийн чинадаас хайрласан хүн эв дүйгүй болж, өөртөө итгэх итгэлээ бүр мөсөн алдах нь бий. Бусдад сайрхуулж явсан амьдралын туршлага гээч нь утаа шиг сарниж, ганцаардлын мананд автан, итгэл найдвараа алддаг шүү дээ. 
Нэгэн хайр дурлалын хувьд хүмүүний амьдрал дэндүү урт. Бүр хэтэрхий гэж хэлж болохоор урт юм даа. Хайр хэдий гайхалтай ч хэн нэгэн нь уйдаж, нөгөө нэг нь тэр л үедээ үлдээд, эцэс төгсгөлгүй хүлээдэг дээ. Чингэхдээ ухаан санаагаа алдсан лугаа адил хүлээхийг даанч яалтай...
Ганцаардлын уй гашууг нэг бус удаа амссан нэгэн л сэтгэлт хүнтэйгээ учрах тэрхүү агшны жинхэнэ баяр баяслыг мэдэрч чадна.
Хайр сэтгэлд үг ярианаас илүүтэй үйл хөдлөл л хэрэгтэй.
Хүн гэдэг амьтан хэн нэгэнд зориулсан чинхүү сэтгэлээ насан туршдаа хадгалж үлдээхийг хичээдэг нь угтаа хайр сэтгэлийн гашуун зовлон болж хувирдаг билээ.
Бүсгүй хүн сэтгэл алдарснаар ухаан тэлдэг бол эр хүн эсрэгээр ухаанаа алдана.

Харанхуй өрөөг гэрэл гэгээ хэдий тод гийгүүлдэгтэй эгээ л адил золгүй хүмүүн бээр аз жаргал гээчийн амтыг жинхэнэ ёсоор нь мэдэрдэг шүү дээ.
Аз жаргалын тухай таван хормоос илүүтэй ярих аргагүй шүү дээ. Жаргалтай байна гэхээс өөр үг олдохгүй нь тодорхой. Харин амьдралын гашуун зовлонгийн тухай өдөр шөнөгүй ярьсан ч дундрах нь үгүй ээ.
Цаг хугацааг умартан, айдас хүйдсээ үлдэн хөөсөн тэрхэн мөчид л бид аз жаргалын бал бурмыг амталдаг ажээ. Хүн гээч амьтан айдас хүйдэс араас нь хөөж явсан ч инээж хөхөрч явдаг нь гайхмаар шүү.
Аз жаргал гэдэг нь энэ хорвоогийн хамгийн барьцгүй бөгөөд үнэтэй эд зүйл юм.

Амьдралын төлөө тэмцэж буй хүн заяа төөргөөс хавьгүй хүчтэй.
Хүн мулгуу байх тусмаа өөрийгөө чухалд тооцож, ихэд үзэх нь бий.
Алив нэгэн энэ биеэ хэдий чинээ бага тооно төдий зэрэгтээ үнэд хүрэх нь хорвоогийн жам юм.

Эмэгтэй хүний төлөө хийсэн бүхэн бусдын доог тохуу болохгүй ээ.
Эмэгтэй хүн хайртай гэхээсээ илүүтэй жаргал гэрэлтсэн нүдээрээ сэтгэлтэй хүмүүнээ харж баймааж нь хэн нэгний зүрхэнд хоногшин үлдэнэ.
Эмэгтэй хүмүүсийг нэг бол хайрлан дээдэлж, эс бол орхиж явах нь зүйтэй. Бүсгүй хүнд үүнээс өөр сэтгэлээр хандах нь ихэнхдээ худал хуурмаг байдаг.
Бүсгүй хүнд аливаа зүйлийг тайлбарлахын оронд үйл хөдлөлөөрөө үзүүлсэн нь хавьгүй дээр.
Би тэр бүсгүйн ярианд чих тавин инээд хөөрийг нь ажиглах зуураа ядуу хүн хэн нэгнийг хайрлах нь хэдий хэцүү бэрх болохыг яс махандаа тултал ойлгосон юм.

Тэнгэрт нисэх шувуухай гартаа барьсан зүйлээс хувь илүү санагдах нь орчлонгийн жам юмаа.
Далан жил орчлонгийн тоосыг хөдөлгөсөн хүн цаашдаа сэтгэл амар болдог гэдэг дээ.
Амьдрал гэдэг нь үй олон дарвуултай дарвуулт завьнаас өөрцгүй шүү дээ. Хэзээ мөдгүй хөмөрчихөж болно оо доо.
Харуусал шиг хэрэггүй зүйл ер үгүй. Бурхан биднийг анхнаас нь л төгс төгөлдөр болгож бүтээгээгүй. Хэрэв зээ төгс төгөлдөр юм гэж байдаг бол түүнийг үзэсгэлэнд тавьбал таарна.
Ёс суртахуун гээчийг хааяахан ч гэсэн зөрчиж байж үнэ цэнийг нь мэдэрдэг.
Орчлонгоос буцмаар санагдтал өдөр хоногийг өнгөрөөснөөс амьдралд тэмүүлэх ид үедээ энэ хорвоог орхисон нь хавьгүй дээр.      

Аливаа зүйлийг сэтгэлдээ шингэтэл хүлээж авсны хэрэггүй ээ. Энэ орчлон дээр хүмүүний сэтгэлийг удаан хугацаанд зогоох зүйл даанч ховор.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...