воскресенье, 17 ноября 2013 г.

ВИКТОР ГЮГО БА ЖУЛЬЕТТА ДРУЭ





Францын агуу зохиолч Виктор Гюго хийгээд түүний төлөө бүхий л амьдралаа зориулсан жүжигчин бүсгүй Жульетта Друэ хоёрын хайр дурлалын түүх өдгөө ч залуусын сэтгэлийг гижигдэж, битүүхэн атаархал төрүүлсээр байна.
Гюго гучин насандаа Парисын үзэсгэлэн төгөлдөр жүжигчин бүсгүй Жульеттатай учирч баяр хөөр, гомдол тунирхлаар дүүрэн тавин жилийг үджээ. Энэ хоёр Гюгогийн “Лукреция Боржиа” жүжгийн сургуулилтан дээр анх нүүр тулсан гэдэг. Олоон жилийн дараа Гюго энэ өдрийг “Би гэдэг хүн энэ хорвоод хоёронтоо мэндэлсэн азтай хүн. 1802 оны 2-р сарын 26-нд эхийн хэвлийгээс төрсөн бол хожмоо 1833 оны 2-р сарын 16-нд чинийхээ хайр сэтгэлд өлгийдүүлэн тэвэрт чинь мэндэлсэн юм” хэмээн дурссан байдаг.
Тэр үест Жульетта олон эртэй амраглаж, алган дээр нь бөмбөрдөг байжээ. Гэсэн хэдий ч Викторт ухаангүй дурласнаар урьдын амьдралаа нэг мөр орхижээ. Энэ учралаас хойш жилийн дараа Виктор “Клод Ге” хэмээх туужаа бичиж дуусгаад “Даль жигүүр нь дэлбээлж буй сахиусан тэнгэртээ” хэмээн хайртай Жульеттадаа зориулсан байдаг.
Төд удалгүй Парис даяар тэдний тухай цуу яриа дэгдэж, анд нөхөд нь Викторыг сээтэгнүүр бүсгүйгээс холдохыг ятгасан ч дурлалдаа мансуурсан Гюго төдийлөн тоогоогүй гэдэг.
Жульетта алтан тайзаа орхиж, насан туршдаа Гюгод хань болон, гар бичвэрүүдийг нь эмхлэн цэгцэлж, Гернси арал руу цөлөгдөхөд нь үг дуугүй дагасан юм.
Гюго Жульеттаг хардаж сэрдэхдээ ганцаар нь гэрээс гаргахгүй, харьж иртлээ хэдэн өдрөөр хүлээлгэдэг байсан ч удаатай. Гэсэн ч урьдын самуун амьдралдаа гэмшиж явсан Жульетта сэтгэлт хүнийхээ энэ бүх ааш авирыг хүлцэнгүй тэвчиж байлаа. Тэр байтугай Гюгог Леони Донэ хэмээх язгууртан бүсгүйтэй хэсэг зуур сээтэгнэсэн явдлыг хүлцэж өнгөрөөсөн гэдэг. Жульетта нэгэнтээ “ЧИ МИНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР, ЧИНИЙ ДУУ ХООЛОЙ, ҮГ ЯРИА ОЮУН БОДЛЫГ МИНЬ ТЭЛЭХ ЛУГАА, ЧАМАЙГАА ҮНСЭХДЭЭ ТЭНГЭРТ ДҮҮЛЭН НИСЭХ ШИГ БОЛОХ ЮМ” хэмээн бичжээ.
Гюго “Бүрэнхийн дуулал” цоморлигоо Жульеттад зориулж, хэдий эхнэртэй байсан ч Жульеттаг “заяаны минь хань” хэмээдэг байж.
Жульеттатай учирснаас хойш янаг амрагийн явдалд толгой алдсан Гюго 1848-1849 онуудад л хоёр зуугаад бүсгүйтэй амрагласан байдаг.
1868 онд Гюгогийн эхнэр Аделийг өөд болсны дараахан тэр хоёр их зохиолчийн гэрт аж төрөх болжээ.
1883 оны 1-р сард буюу учирснаасаа хойш даруй тавин жилийн дараа Жульетта “Хайрт минь, жилийн дараа хаа байхаа мэдэхгүй ч өдгөө чинийхээ хайранд жаргалтай байна” хэмээн бичсэн байдаг. Гюго, Жульетта хоёр хэн хэндээ 15 000 гаруй захидал илгээсэн юм.
Жульетта тэр жилийнхээ таван сард хорт хавдраар энэ хорвоог орхиж, агуу зохиолч орь ганцаар үлджээ. Гюгогийн хайртай охин Леопольдина нь Сена мөрөнд үйж, бага охин нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насаа барсан түүхтэй. Хоёр хүү нь ч эцгээсээ өмнө ертөнцийн мөнх бусыг үзүүлэв.
Гюго 1885 оны 5-р сарын 22-ны өдөр буюу Жульеттагийн төрсөн өдрөөр насан эцэслэжээ.
Тэрээр ижилгүй ганц амраг нь болсон Жульеттагаа өөд болохын өмнөхөн уучлал эрэн ар талд нь “ХЭН ХЭНДЭЭ ТАВИН ЖИЛ ТҮШИГ ТУЛГУУР БОЛНО ГЭДЭГ ГАЙХАМШИГ” хэмээн бичсэн өөрийн хөрөг зургийг дурсгасан байдаг.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...