среда, 20 ноября 2013 г.

2012 ОНЫ НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛТ МО ЯНЬ


               2012 оны 12-р сарын 10-ны өдөр Шведийн Стокгольм хотноо Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, Хятадын зохиолч Мо Янь 2012 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналтан болсон юм.
          Тэрээр 12-р сарын 14-ний өдөр цас бударсан Бээжин хотноо буцаж ирмэгцээ “Шагнал авсан хэн бугай ч уран бүтээлээ туурвихаа зогсоовол хараал хүрснээс өөрцгүй” хэмээжээ.
          Мо Янь “Том хөх, өргөн өгзөг” зохиолдоо эх хүний хувиршгүй сэтгэл, нугаршгүй хатан зоригийг дүрслэн өгүүлсэн юм. Харин “Дарсны орон” романдаа Хятад түшмэдийн зугаа цэнгэл, бодит байдлыг Эртний Хятадын домог түүхтэй уялдуулан ёгтлон бичжээ. Европын зарим судлаачид энэ романыг “Хятад ахуйн нэвтэрхий толь” хэмээх нь буй.
          Зохиолч 12-р сарын 8-ны өдөр Академийнхэнд “Түүх өгүүлэх хүмүүн” сэдэвтэй илтгэл тавьсныг дор сийрүүлье.
          “Шведийн Академийн эрхэм гишүүд ээ,
Энэ удаа би Хятадын зүүн умард нутагт орших Гаоми нэртэй бяцхан тосгоны тухай өгүүлэхийг хүслээ. Тэр тосгонд 90 дөхсөн өвгөн эцэг минь, эхнэр хүүхэд, ах, эгч, ой гуравхан сартай зээ охин минь бий. Гэсэн хэдий ч энэ үест сэтгэл бодлыг минь хамгаас ихээр эзэмдэж буй нэгээхэн хүнийг олж харахгүй л болов уу. Анд нөхөд минь миний баяр баясгаланг хуваалцах ч элбэрэлт эх минь дэргэд алга даа.
Ээж минь 1922 онд энэ хорвоод мэндэлж, 1994 онд будант орчлонг орхисон юм. Ээжийгээ тосгоны зүүнтээ орших чангаанзны цэцэрлэгт оршуулсан бөгөөд хэдэн жилийн өмнө тэр газраар төмөр зам тавигдах болж, булшийг нь зөөж билээ. Тэгэхэд авс нь илжирч, ээжийн минь араг яс газар шороонд уусч эхэлсэн байлаа. Чухам энэ л үеэс би гэдэг хүн ээжийгээ эх дэлхийдээ шингэснийг ухаарч, энэ л газар шороон дээр зогсож өгүүлэх юм бүхэн маань түүний сонорыг мялаана хэмээн сэтгэх болсон доо.
Би айлын отгон хүү л дээ.
Балчир ахуйн анхны минь дурсамж манайд байсан халуун савтай холбоотой. Байсан ганц халуун саваа аваад нийтийн хоолны газраас буцалсан ус зөөдөг байлаа. Нэгэнтээ би өлсөж тамирдсандаа халуун саваа алдаад хагалчихаж билээ. Үнхэлцгээ хагартал айсандаа өвсөн бухалд шигдэж, өдөржингөө цухуйсангүй. Үдэш болоход ээж минь багын минь нэрээр намайг дуудах нь сонсогдов. Хулгаж бэргэсээр дөхөж очтол ээж минь ер загнасангүй. Толгойг минь илээд, үе үе санаа алдсан сан.
Сэтгэл зүрхийг минь эмтэлсэн нэгэн дурсамж байдаг нь ижийтэйгээ тариан түрүү түүхээр явсан тэр нэгэн өдөр. Тэр өдөр тариан талбайн хамгаалагчид бид хэдийг хөөж туухад ээж минь жижигхэн хөлтэй болохоор зугтааж чадаагүй юм л даа. Хамгаалагч ижийг минь алгадахад ээж тэрийн унаж, ам хамраас нь цус садарлаа. Ээжийгээ энэ үе шиг цөхрөнгөө барж суусныг би санадаггүй. Ингээд олон жилийн дараа тэр хамгаалагчийг цал буурал өвгөн болсон хойно зах дээр нүүр тулдаг юм байна. Ижийнхээ өшөөг авах гэсэндээ урагш зүтгэсэн ч ээж минь “Хүү минь дээ, намайг алгадсан тэр хамгаалагч, энэ өвгөн хоёр тэс ондоо хүмүүс шүү дээ” гэж билээ.
Намрын дунд сарын баярын нэгэн өдөр манайх банш хийж идлээ. Зутруухан аж төрж байсан болохоор жилдээ хэдхэн удаа л банш хийдэг байлаа. Тэр өдөр үүдээр өнгөрсөн гуйлгачин өвгөн аяга хоол гуйсанд би тал аяга шарсан амтат төмс өгсөн юм. Гэтэл өвгөн “Өөрсдөө банш идэх атлаа хөгшин ядарсан хүнд амтат төмс өгч байдаг. Хачин улс юм даа” гэдэг юм байна. Би ч мөчөөгөө өгөлгүй “Жилдээ хэдхэн иддэг, тэгээд ч цадталаа идэж чаддаггүй баншаа Танд өгөх болж байна уу? Наадхаа идвэл идээд мөрөөрөө явсан нь дээр” гэсэнд ээж минь намайг нэг их загнаад, аягатай баншныхаа талыг тэр өвгөнд өгчихсөн юм.
Ээжтэйгээ байцай зарсан тэр өдөр одоо ч санаанаас гарахгүй, гэмшил харуусал төрүүлсээр. Тэр өдөр би яагаад ч юм бэ нэг настай хүнээс 10 мөнгө илүү бодоод авчихаж билээ. Мөнгөө тоолоод сургуульдаа яваад иртэл барагтаа бол нулимс унагадаггүй ээж минь мэлтэртэл уйлчихаж. Ээж намайг загнаагүй ч санаа алдан “Хүү минь, чи ээжийнхээ нэр нүүрийг барчихлаа даа” гэсэн дээ.
Өсвөр насанд хүрэхэд ээж минь уушгины хүнд өвчин туслаа. Манайхан өлсөж ундаасч, өдрийн бор хоногийг арай ядан өнгөрөөдөг байлаа. Ажлаа тараад харьж ирэх тоолондоо ээжийгээ чангаар дуудна. Ээж минь энэ амьдралын нугачаанд хэзээ мөдгүй амиа хорлочих шиг санагддаг байсныг нуух юун. Ээжийнхээ дууг сонсоод сэтгэл жигтэйхэн онгойдог сон. Гэтэл нэг өдөр ээж минь байсангүй. Цөхрөнгөө бараад уйлж суутал ээж түлээ үүрсээр ороод ирлээ. Уйлсан учраа хэлж зүрхлээгүй ч ээж минь зөнгөөрөө мэдрээд “Хүү минь дээ, сэтгэлээ битгий чилээ. Ээж нь эрлэгийн элч иртэл энэ хорвоогоос явахгүй дээ” гэж билээ.
Би гэж царай муутай жаал байлаа. Сургуульд байхад элдвээр гоочлуулж, зодуулж цохиулах нь элбэг. Уйлсаар гэртээ ирвэл ээж минь “Миний хүү царай муутай биш шүү дээ. Ямар гар хөлгүй, нүүр амгүй тахир дутуу хүн биш. Сэтгэл сайтай байхад хүний царай гэрэлтэж, сайхан харагдана” гэж билээ. Төдхөн би хотод суурьшиж, боловсролтой гэх хүмүүс намайг битүүхэн шоолж тохуурхдагийг мэдэрч байсан ч ээжийнхээ үгсийг санаад сэтгэл тавирч, тэднийг уучилж явлаа.
Миний ээж бичиг үсэгт тайлагдаагүй ч сэхээтнүүдийг ихэд хүндэлнэ. Тэр үед манайх гэдэг айл зутруухан аж төрж байсан даа. Ижий минь их хөдөлмөрч хүн байсан бөгөөд мөнгө төгрөг хүрэлцэхгүй ч бичгийн хэрэгсэлд гар татаж явсангүй. Хичээл сургуулиасаа болоод гэрийн ажлаа амжуулаагүй тохиолдолд намайг зэмлэж байсангүй.
Зах ажилладаг нэг өдөр би гэрээсээ зугтааж, үлгэрч өвгөнийг сонсохоор явлаа. Эхэндээ ээж уурласан боловч үлгэрч өвгөний ярьсан үүх түүхийг түүнд ярьж өгөхөд сэтгэл нь тайтгарч, зах гарах өдөр болгон намайг гэрийн ажлаас чөлөөлдөг болж билээ.
Яваандаа би сонссон үүх түүхээ өөрчилж, элдвийг зохиогоод эмээ, ээж, ах, эгчдээ ярьдаг боллоо. Ээж минь “Хэлэмгий хүн хэцүү дээ” гээд “Энэ хэл амаараа хоолоо олж идэж чадах хүн үү?” хэмээн санаа зовнино. “Шар үхэр” хэмээх өгүүллэгтээ чухам ийм нэгэн хэлэмгий доломгой жаалын тухай өгүүлсэн нь үнэндээ бага насаа дурссан хэрэг л дээ.
Багаасаа л ярих дуртай хүүхэд байлаа. Харин Мо Янь гэдэг нэр маань “битгий ярь” гэсэн утгатай шүү дээ. Би бага сургуулиа дүүргэж чадалгүй завсардсан юм. Тэр үед хэдэн ямаагаа хариулж, сургуулийн дэргэдүүр өнгөрөхдөө ангийнхаа нөхдийн дуу хуур, инээд хөөрийг сонсоод гуниж гутарч явлаа. Ямаагаа бэлчээгээд тэнгэр өөд ширтэж хэвтэхэд орь ганцаараа үлдсэн шиг хачин жигтэй мэдрэмж төрж, элдвийг төсөөлөх нь олонтаа. Манай нутагт үзэсгэлэн төгөлдөр бүсгүй болон хувирдаг үнэгний тухай элдэв янзын домог хууч их байсан бөгөөд энэ тухай мөрөөдөн хэвтдэг байсан даа.”

Орчуулсан Б.Гэрэл

3 комментария:

  1. Монгол ахуйн нэвтэрхий толь бичихсэн

    ОтветитьУдалить
  2. 2013 оны шагналын эзэнг нь бичээрэй. Баярлалаа.

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...