вторник, 2 июня 2015 г.

Эрих Мария Ремаркийн Марлен Дитрихт бичсэн захидлаас

Хонгор минь, өнөөдөр Зул сарын баярын битүүний өдөр. Одоо арван хоёр цаг болж байна. Би ажилласаар байгаад жигтэйхэн ядарчээ. Толгой минь ч дүйнгэтээд, би үзэг цаасаа хойш тавиад сууж байна. Урьд нь ажиллаж ядраад цаг эрт бол гарч хэдэн хундага юм уудаг байлаа. Гэртээ утга учиргүй суух дургүйдээ, ганцаараа унтах хүсэлгүйдээ л тэгдэг байсан юм. Энэ нь угтаа өршөөл уучлал үзүүлнэ гэдэгт огтхон ч итгэлгүйгээр цаазын тавцанд гарч байгаатай л ижил мэдрэмж шүү дээ.

Харин одоо бол ажиллаж ажиллаж ядраад юу хийхээ би сайн мэддэг болсон. Би гар бичвэрээ хойш тавиад тагтан дээр гардаг. Галын дэргэд суугаад, радиогоор дуртай хөгжмөө тохируулж тавиад чамд захиа бичихээр суудаг. Энэ нь миний хувьд цоо шинэ мэдрэмж бөгөөд хачин сайхан түшиг тулгуур болох юм. Орой чамдаа захиа бичнэ дээ гэж өдөржин гэгэлзэж суух нь энүүхэнд шүү. Тэгээд тэсэлгүй тэр захиагаа өдөр бичээд эхэлнэ. Захиа бичих нь чамтайгаа үргэлж ярилцаж суухтай адилхан санагдах юм. Гэхдээ миний хувьд захиа бичих нь эцэс төгсгөлгүйгээр хөврөх хүүрнэл аятай байдаг билээ. Ингэж бодвол сэтгэл бүлээцнэ. Би юу ч хийсэн чи миний дэргэд байдаг аа. Чи намайг догдлуулж бас тайвшруулдаг. Гэхдээ догдлох гэдэг маань урьд өмнө нь миний мэдэрч байсан тэр догдлох сэтгэлээс тэс ондоо ажээ. Урьд нь би утга учиргүй, хүсэл зорилгогүй яваадаа барьц алдаж бачимддаг байжээ. Харин одоо бол энэ мэдрэмж биеэр минь их л тайван явж өнгөрөх урсгал мэт мэдрэгдэх болж. Энэ урсгал биеэр минь хэрхэн урсан өнгөрөх болоод ондоо нэгэн мэдрэмж түүнд цутган нийлж буйг би мэдрэх юм. Би санаа бодлоо тээсээр зохиолоо бичдэг. Харин орой нь өөрийгөө шагнаж чамдаа захиа бичихээр сууна.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...