среда, 2 июля 2014 г.

Эртний нийслэл (эхний хэсэг)

Инкүүдийн эртний нэгэн нийслэл Куско. Өндөр уулсын дунд орших энэ балгад маш том чулуун хавтангуудаар өрсөн олон тооны байгууламжтай. Испаничуудыг ирэхээс өмнөхөн энэ газар нутагт хамгийн сүүлд инкүүд амьдарч байсан тул энэ бүхнийг цогцлоосон ард түмэн нь чухамдаа инкүүд хэмээн түүх бичигт бичсээр иржээ.

Тэд ч өөрсдийгөө “нарны хүүхэд”, энэ газар нутгийн гол иргэд хэмээн хааяагүй өргөмжилсөн байдаг. Энэ бүс нутагт эрт дээр үед байсан нэгэн төрлийн бичиг үсэг бүрэн устсаныг эрдэмтэд нотолсон бөгөөд 16-р зууны Монтесиносын сударт өгүүлснээр инкүүдийн нэгэн удирдагчийн зааварчилгаагаар эртний бичиг үсгийг устгасан гэдэг. Чингэхдээ энэ удирдагч “бурхдын” заавраар тэр бичиг үсгийг үгүй хийж. Монтесинос энэ судраа кипу хэмээх зангилаат бичгээр хадгалагдан үлдсэн эртний домог түүхээс улбаалан бичжээ.

Чулууг маш нарийн боловсруулж байсан инкүүд испаничуудыг ирсний дараахан энэ технологио ор тас мартана гэхэд итгэмээргүй.

Кускод байх байшингуудын ханыг янз бүрийн хэмжээтэй чулуунуудыг ямар нэгэн шавардлагагүйгээр үй зайгүй өрсөн байдаг. Хотын төвийн хэд хэдэн сууц ийм бүтэцтэй. Түүхчдийн үзсэнээр инкүүд чулуу, хүрэл, зэс зэвсгээр том том чулуунуудыг гар аргаар боловсруулж, өөр хооронд нь өрдөг байсан гэнэ. Гэтэл үнэндээ хатуу боржинг ийм зэвсгээр өөлж тэгшлэх ямар ч боломжгүй. Өөр өөр хэлбэр дүрстэй том хавтангуудыг өргөж байж тал талаас нь өөлөх тул ингэж байсан гэдэг нь ихэд эргэлзээтэй.

Зарим нэгэн эрдэмтэн инкүүдийг нарны туяаг зэс толинд тусгаж, чулуугаа зөөлрүүлээд өөлдөг байсан ч гэж сэтгэсэн байх юм. Гэтэл хатуу боржин Цельсийн 1000 хэмд л зөөлөрдөг. Тэр үеийн багажаар чулууг ийм болтол нь халаах ямар ч аргагүй. Халаалаа гэхэд гадаа буй чулуу зөөлрөх биш нунтаг болж бутарна. (угтаа хатуу зүйлийг хүчилтөрөгчгүй орчинд хайлуулдаг) Хайлуулж зөөлрүүллээ гэхэд тэр их халуунд боловсруулалт хийх хамгаалалтын хэрэгсэл байсан эсэх нь мөн л эргэлзээтэй. 

Өөр нэгэн таамаглал бол чулууг ямар нэгэн бодисоор баримлын шавар мэт зөөлрүүлж хэвлэдэг байсан гэх үзэл юм. Энд үнэхээр ийм аргаар шаваад бариад тавьчихсан мэт чулуу маш олон. Ингэж бодохоор чулууны гадаргууг халаахаас гадна, дотрыг нь мөн халааж байж энэ мэт хэлбэр дүрсийг үүсгэсэн байх талтай. Гэтэл тэр их эрчим хүч, энергийг хаанаас гаргаж авсан болж таарах вэ?

Үүнээс гадна хавь орчмын хадан хясаанд энэ мэт боловсруулсан чулуун блок өрж оруулсантай их таарлаа. Нутгийн домог хуучид өгүүлснээр нэг бол нэгэн төрлийн шувууны шүлсийг ургамлын хандтай хольж чулууг зөөлрүүлдэг, эс бол хаа нэгтээгээс олдсон шидэт уусмалаар хад чулууг зөөлрүүлдэг байсан гэх агаад энэ уусмалын найрлагыг огт өгүүлээгүй байдаг.

Эрдэмтэн судлаачид энэ ургамлыг олох гэж хичээсэн ч үр дүнд хүрээгүй л байна. Перугийн нутагт буй энэ олон чулуун өрлөгүүдээс үзвэл тэр ургамлын тариалангийн талбай байх учиртай сан. Боржин чулуу нь цахиурын оксидтой бөгөөд энэ бодис нь өөр нэгэн химийн бодистой барагтаа бол урвалд ордоггүйг химичид андахгүй. Энэ бодисыг уусгадаг нэгэн төрлийн хүчлийг маш боловсронгуй технологиор гаргаж авдаг. Үүнээс гадна энэ бодис боржинг эргээд бэхжих боломжгүй болтол нь хайлуулдаг. 

Бид Египтийн Гизагийн пирамидуудын чулуун өрлөгийг судлахад мөн л иймэрхүү технологиор хийгдсэн болох нь ажиглагдаж билээ. Энэ мэт байгууламжийг барьж байгуулахын тулд чулууг хөөсөнцөр хавтан мэт дураараа хэрчиж, өөр хооронд нь тааруулахын зэрэгцээ хүнд том чулуунуудыг өргөх төхөөрөмж хэрэгтэй.

Үүний сацуу эдгээр чулууг лазерийн туяагаар шарж боловсруулсан ямар ч ул мөр илрээгүй юм. Тэгэхээр энд механик ажиллагаа л орсон болж таарна. Ингэж бодвол бидний мэдэхийн эргэлтэт хөрөө л байсан байх нь ээ дээ. Байгууламжуудын байршлаас харахад энэ төхөөрөмж нь зөөврийнх байсан нь илэрхий. Зүйж барьсан хананд ижил хэлбэртэй чулуу ер үгүйг бодоход одоогийн технологиор ч маш их хөлс хүч шаардаахаар. Харилцан адилгүй чулуун өрлөгөөр босгосон байгууламж нь газар хөдлөлтөд тэсвэртэй, бат бөх байж. Энд болсон газар хөдлөлтөөр нурж унасан хэсэг нь том чулуун өрлөгийн дээд талд буюу нэмж барьсан, арай болхидуухан хэсгүүд байдаг.

Испаничуудыг ирэхээс өмнөхөн буюу дараахан нь барьж байгуулсан гэх өрлөгүүдийн чулуунуудын завсар зайлхайг шавар уусмалаар дүүргэж, болхидуухан хийсэн нь нүдэнд тусна. Өөгүй чулуун өрлөгийн өнгөлгөөний ихэнх хэсэг овон товонтой байдаг нь зориуд гаргасан гэхээс аргагүй. Энэ овгоруудыг байгууламжийн дээд хэсгийг өрөхөд тулах цэг болгон ашигладаг байсан ч гэдэг. Гэсэн хэдий ч том чулуунуудыг өргөж, өндөрт бэхэлж тогтооход ашиглах тоноглолын нэгэн хэсэг байсан гэх таамаглал ихэд үндэслэлтэй.
Гэтэл Иранд явж байхдаа чулуу олборлох явцад энэ мэт овон товон үүсдгийг олж мэдсэн юм. (Үргэлжлэл бий)

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...