вторник, 13 мая 2014 г.

ЖАН ПОЛЬ САРТР

“Зохиол бүтээлүүд маань голоо олж чадаагүй ээ. Хэлэх гэснээ бүрнээ илэрхийлээгүй шиг санагдах юм. Хойч үеийнхэн маань миний үзэл бодлыг үгүйсгэж болох ч багашаархан ч болтугай хэсэг нь хүмүүний оюун санаанд шингэж үлдэх болов уу” хэмээн Жан Поль Сартр нарийн бичигтээ хэлсэн байдаг. 

Хорьдугаар зууны суут сэтгэгчдийн нэг нь яахын аргагүй Францын гүн ухаантан, зохиолч Жан Поль Сартр юм. Сартр экзистенциализм хэмээх урсгалаар зохиол бүтээлээ туурвидаг байжээ. Энэ урсгал хүний эрх чөлөөг эн тэргүүнд эрхэмлэн үздэг.

Тэрээр бэлэвсэн эхийн хамт өвөө, эмээгийндээ өсч том болжээ. Өвөө нь үнэн алдартан, эмээ нь католик шашинтан байсан тул тэр хоёрын дунд дэгдэх аар саархан маргаанаас үүдэн Сартр шашингүйн сурталтан болсон гэдэг. 

Анхны бөгөөд хамгийн алдартай роман болох “Огиудас”-аа 1938 онд нийтлүүлжээ. Энэ роман нь тэр жилдээ Францын шилдэг романаар шалгарч байж. “Огиудас” роман нь Антуан Рокентен хэмээх нэгэн эрийн өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичигдэж, хүний амьдрал нь угаас утга учиргүй болох тухай эргэцүүлсэн байдаг. Рокентен 13-р зууны үеийн нийгэм, улс төрийн зүтгэлтэн де Рольбоне бээлийн үйл хэргийг судлах явцдаа хүний амьдралын тухай элдвээр эргэцүүлж, аливаа итгэл найдвараа алдахын сацуу орчин тойрондоо ямар нэгэн нөлөө үзүүлэх боломжгүйгээ ухамсарлах бүрнээ огиудас нь хүрдэг. Ингээд эцэст нь өөрийн амьдралаа өчүүхэн ч атугай утга учиртай болгохын тулд роман бичих шаардлагатайг ойлгоно.

Энэ нь Сартр тухайн үед хүний хувьд уран бүтээл туурвих нь хамгаас чухал хэмээн үздэг байсантай салшгүй холбоотой биз ээ. 

Сартрын нэг нүд барагтаа бол юм үздэггүй байснаас Дэлхийн хоёрдугааар дайны үед цэрэгт татагдаагүй юм. Нацистууд Францад цөмрөн орсны дараахан хэсэг зуур хорих ангид суугаад авч.

Дайны дараа экзистенциалист урсгалын тэргүүлэх төлөөлөгчдийн нэгэн болж, Францын сэхээтнүүдэд цоо шинэ бодрол эргэцүүлэл төрүүлсэн “Ахуй ба хоосон чанар” хэмээх алдарт гүн ухааны бүтээлээ туурвижээ. Тэрээр маш олон жүжиг, шүүмж өгүүлэл бичсэн юм.

Шведийн Академи “Хүмүүн төрөлхтөний оюун бодолд гүнээ нөлөөлсөн үнэн мөнийг эрэлхийлж, эрх чөлөөний үнэр ханхийсэн зохиол бүтээл туурвисанд нь” 1964 онд Нобелийн утга зохиолын шагнал олгосон ч Сартр “нийгмийн аливаа институтэд хамаарах нь уран бүтээлийн эрх чөлөө хийгээд уншигчдад сөргөөр нөлөөлнө” хэмээн үзэж татгалзжээ.

Хүмүүний сэтгэхүйг хамгийн нандин бөгөөд онцгой зүйл хэмээн номлодог байлаа. Сартр 1980 оны 4-р сарын 15-нд өөд болсон бөгөөд угаас хүний чин сэтгэлийг нэн дээгүүрт тавьдаг байсан тул гэрээслэлийнх нь дагуу албан ёсоор салах ёслол үйлдээгүй гэдэг. Гэсэн ч оршуулганд нь тавь гаруй мянган хүн сайн дураараа оролцсон юм. Шинжлэх ухааны түүхэнд хэн нэгэнтэй ийм олон хүн салах ёс хийсэн явдал урьд хожид гарч байсангүй. 

Францын алдарт “Монд” сонинд “20-р зууны Францын нэг ч атугай соён гэгээрүүлэгч, Нобелийн шагналтан хэн бугай ч нийгмийн оюун санаанд түүн шиг урт удаан хугацаанд гүнээ нөлөөлсөн нь үгүй” хэмээн эмгэнэл илэрхийлсэн байдаг.
“Өдгөө хэн нэгэн миний шунал хүслийг өдөөх нь юү л бол. Хэн нэгнийг хайрлана гэдэг эрч хүч, шохоорхол сонирхол, аливаад сохор мэт тэмүүлэх хүсэл эрмэлзэл шаардах бүхэл бүтэн урлаг шүү дээ. Дурлаж хайрлахын өмнөхөн ёроолгүй ангал дээгүүр үсрэх хэрэг ч гарч мэднэ. Чухам энэ л үестээ эргэлзэж тээнэгэлзсэн нэгэн харайх нь үгүй дээ. Би энэ ангалаар дахин хэзээ ч үсрэхгүй гэдгээ л мэдэж байна.”

1 комментарий:

  1. Гоё өгүүллэгээс нь орчуулж тавиач. Энийг уншсан уу? http://www.scribd.com/doc/172932817/%D0%90%D0%BB%D0%B1%D0%B5%D1%80%D1%82-%D0%9A%D0%B0%D0%BC%D1%8E-%D0%A1%D0%B8%D0%B7%D0%B8%D1%84%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D0%B4%D0%BE%D0%BC%D0%BE%D0%B3-%D0%90%D0%B1%D1%81%D1%83%D1%80%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D1%8D%D1%81%D1%81%D0%B5%D0%BD%D2%AF%D2%AF%D0%B4

    ОтветитьУдалить

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...