понедельник, 3 октября 2016 г.

Хамгийн чинээлэг музей

Колумбийн нийслэл Боготад хамгийн их алттай үзэсгэлэн байдаг аж. Энэ үзэсгэлэнд Колумбээс өмнөх үеийн эдлэлүүд хадгалагддаг бөгөөд тухайн үед алтыг Нарны энергийн бодит биелэл хэмээн үздэг байжээ. Энд 29 000 гаруй эртний үнэт эдлэл бий. Энэ үзэсгэлэнг 1932 онд байгуулсан ба эдүгээ нийт 34 000 алтан эдлэлийн үзмэртэй. Эдгээр эдлэлүүдийн дийлэнхийг 500 гаруй жилийн өмнө урлажээ.



Колумбийн индиан омгийнхон Каука голын доод ай савд үүссэн өвөрмөц аргачлалаар алтаа боловсруулдаг байв. Хууч яриагаар бол энд анх ирсэн конкистадорууд, индианчууд алтаа хэдий бага үнэлдгийг олж мэдээд энэ нутаг алтны маш их нөөцтэй юм гэж бодсон гэдэг. Харин индианчууд өөрсдийн газар нутгаа хамгаалж үлдэхийн тулд эх газрын төвд алтны ихээхэн нөөц бүхий газар орон бий гэсэн цуу яриа тарааж, энэ нь яван явсаар Эль Дорадогийн домог болсон ажээ. Эль Дорадо гэх үг эндээс үүссэн түүхтэй.



Колумбийн индианчууд алтаа зэс, цагаан алттай цутгаж байсан нь эзлэн түрэмгийлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж, тэд Колумбийн алтыг Перугийн буюу инкүүдийн алтаас илүү үнэлэх болжээ.



Энэ дундаа МЭӨ 1200-1500 онд хийгдсэн гэх Алтан завь ихэд онцгой юм. Энэ нь 12 дайчнаар хүрээлүүлсэн индиан омгийн ахлагчийн дүрс юмсанжээ. 1537-1840 оны хооронд Колумбаас нийт 35 сая унц алт зөөж гаргасан аж. Зарим эдлэлүүд нь Мадрид, Нью-Йорк, Чикаго, Лондон, Парис, Ром, Берлин, Лейпцигийн музей, хувь хүмүүсийн цуглуулгад бий.



Колумбийн хоёр археологич нэгэн зууны өмнө индианчуудын соёлтой холбоотой цөөнгүй зүйл цуглуулж, улмаар энэ музейг үүсгэн байгуулжээ. Музейд хэдэн хил татах боловсруулаагүй маргад эрдэнэ ч байна.



Музейн анхны үзвэр нь эдүгээ устаж үгүй болсон дунгийн алтадсан баримал юм. Энд овор ихтэй алтан зүүлт, гэр ахуйн эдлэл, загас барих алтан дэгээ хүртэл бий. Зарим эдлэл нь энгийн багаж ашиглан шавран хэвд цутгаж хийсэн гэхэд итгэмгүй сайхан ур хийцтэй. Зарим дээр нь хурууны хээ үлдсэн байдаг бөгөөд үүнийг эзлэн түрэмгийлэгчид уул нутгийнхан алтаа гараар боловсруулдаг байсны гэрч хэмээн эндүү тайлбарлажээ. Үнэндээ дархны хурууны хээ алтан эдлэл цутгадаг байсан шавран хэвд үлдэж тэр нь алтан дээр буусан нь энэ билээ.



Харин хамгийн сүүлийн танхимд 12 000 жижиг эдлэл байх агаад танхимын гэрлийг асаахад нүд гялбам үзэсгэлэнтэй сайхан харагддаг гэлцэнэ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...