пятница, 12 декабря 2014 г.

Паганини

Паганинийн хувьд (1782-1840) хийл хөгжил хөгжмийн зэмсэг төдий бус, энэ биеийнх нь эрхтэн лугаа байжээ. Нэг мөр нь нөгөө мөрнөөсөө өндөр, нэг гар нь урт мань хүний бие эрхтэн тэр аяраа энэ хөгжмийг тоглоход зориулагдсан гэлтэй. Цонхигор, туранхай Паганини тун чиг этгээд харагдах агаад түүнийг чөтгөртэй зүйрлэх нь олонтаа. Хийл хөгжим түүний гарт зөгийн дүнгэнээ, шувуудын жиргээ, үхрийн мөөрөөн зэрэг гаргаж боломгүй авиа амилуулна. Домог яриагаар хийл хөгжмөө хүний хэлээр яриулсан ч гэлцэнэ.
Паганиниг сүнсээ чөтгөрт худалдсан ч гэдэг байлаа. Тэгээд ч сайхь эр сүм хийдийнхэнтэй ихээхэн зөрчилтэй явжээ. Сүмд мөнгө хандивлахаас татгалзах мань хүн дэлхийн анхны саятан хөгжимчин ч байсан хэмээнэ. Гэхдээ сувдаг шунахай гэвэл үгүй юм. Парист холер дэгдсэн үест концертын бүхий л орлогоо өвчтөнүүдэд өгдөг байжээ. Нэгэнтээ гудмаар сэлгүүцэж яваад хийл тоглох гуйлгачин хүүг харав. Тоссон малгайд нь сохор зоос ч үгүй байсанд хөгжимчин маань хийлийг нь авч удтал уянгалуулахад цагийн дараа малгай нь алтан зоосоор дүүрлээ. Ингээд Паганини хүүд хийлийг нь өгөөд явсан аж.
Түүнийг элдвийн дээрэмчин тонуулчидтай холбоо сүлбээтэй байсан ч гэлцэнэ. Алдартай нэгэн зохиол нь Шулам гэдэг нэртэй. Нэгэн сурвалжлагч Паганиниг тоглох үеэр ард нь хар өмсгөлтэй чөтгөр зогсоод хийлийг нь дарж байсан хэмээн баталж байлаа. Хийл хөгжмөө ариун рашаанд дүрэхээс татгалзсанд өргөн олон этгээд хөгжимчнийг чөтгөртэй сүлбэлдсэнд бүр чиг үнэмшив.

Энэ бүх яриа хөгжимчнийг улам учир битүүлэг болгох ч Паганини энэ нь тун сайн сурталчилгаа хэмээн тунгааж ер няцаагаагүй гэнэм. Тэр нь ч тусаа өгч Буурал тив даяар түүний тоглолтонд тэмүүлэх болов. Тоглохыг нь дуулсан улс трансд орж, гар барилцан найгаж гуйвдаг байсан хэмээнэ. Паганини цаг үеийнхээ ёстой л жинхэнэ супер од явжээ.

1 комментарий:

  1. Мефестофль өнгөрсөн арваннайм, есдүгээр зуунд их завгүй, шаргуу ажилласан бололтой. Сүнсээ худалдсан ч бай гүй ч бай анх сонсоход л маш хурц мэдрэмжээр Паганини зүрх зүсэн орж ирж билээ.

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...