суббота, 22 ноября 2014 г.

Вольтерын амьдрал



Сэргэн мандлын үеийн гол философич Франсуа-Мари Аруэ Вольтер (1694-1778) хэдийгээр гүн ухааны нээлт гэхээр зүйл бодож олоогүй ч хүмүүсийн ухамсарт машид нөлөөлжээ. Либерализм, тэсвэр хүлцэл зэрэг нь түүнээс л үүдэлтэй. Вольтерын амьдрал адал явдлаар дүүрэн байжээ. Хэлтэй амтай учир залуудаа хоёр ч удаа Бастильд суугаад авч. Эхний удаад Орлеаны гүнг егөөдөж, дараа нь өөр нэг ихэс дээдэстэй ам муруйгаад тэнд орсон гэдэг.
Мань хүн Англи, Герман, Швецарийн алинд нь ч тогтсонгүй. Прусст байхдаа Фридрих хааны ордны орчим амьдарч байлаа. Ингээд нэгэн удаа хаантай завиар зугаалахдаа Европын улстөрийн талаар яриа дэлгэж л дээ. Гэтэл завинд нь ус орж эхэлмэгц Вольтер ухаан жолоогүй үсэрч буусан гэлцэнэ. Фридрих хаан түүнийг ийнхүү сандарсанд шоолж “Би бол ер эмээхгүй байна” гэсэнд Вольтер “Тэгэлгүй дээ. Дэлхий дээр хаад бишгүй. Харин би ганц” гэж хариу барьсан аж.
Вольтер Швецарт нэлээд удаан сууж, Кандид, Гүн ухааны толь бичиг, Орлеаны онгон бүсгүй гэх гол зохиолуудаа тэнд л туурвив. Хамгийн их алдаршсан нь мэдээж Кандид. Вольтер эл зохиолдоо орчлон хорвоо төгс бус, үүнд төгс юм байх ор боломжгүй хэмээн номлодог. Түүний сургаал ёсоор хүн гэдэг амьтан аз жаргалынхаа төлөө ханцуй шамлан тэмцэх учиртай санж. Бүх зүйл өөрийн чинь гарт гэх Вольтерын номлолд маш олон хүн дагаж итгэжээ.
Өөрийнх нь хэлснээр мань хүн атеист биш (шашингүй хүн) деист (бурхан ертөнцийг бүтээсэн ч бусдад хамаагүй гэх үзэлтэн) аж. Бурхан хүмүүнийг бүтээсэн ч цаашдын үйл хэрэгт нь оролцоогүй. Үүнээс хойш үүсэн буй болсон сайн муу бүхэн хүний л ач гавьяа.
Үүний зэрэгцээ Францын хил орчмын нэгэн цайзад амьдрах ахуйдаа албан өрөө нь Швецарт, унтлагын өрөө нь Францад буй хэмээн хошигнодог байжээ. Католик шашныхантай ам зөрвөл Швецарт ирж, тэндхийн гугенотуудтай таарахаа боливол Франц руу эргэнэ. Энэ маягаар явсаар эцэстээ Парист ирсэнд олон түмэн түүнийг уухайлан угтжээ. Өргөн олондоо ихэд нэртэй философичид нэгэнтээ “Найрагчдын хаан, гүн ухаантан, түүхч, хүмүүний сонирхол шохоорхлын маргааныг эцэслэн шийдвэрлэгч, урлагийн ивгээгч, хэт туйлшрагчдын дайсан, дорд үзэгдэгсдийн хамгаалагч, сайн сайхан бүхний үлгэр жишээ нэгэнд” гэсэн захиа ирсэн гэдэг. Шууданч хаяг усгүй энэ захиаг түүнд л зориулснаас гарцаагүй гэдгийг даруй гадарлаад хүргэж ирсэн нь энэ.
Тэрээр насан эцэслэтлээ үзэл бодолдоо үнэнч оршсон билээ. Амьсгал хураахаас нь өмнөхөн гэмээ наманчилж, бурхантай учралдах еврахристийн зан үйл үйлд гэсэнд аанай л “Намайг амгалан нойрсуул” гэжээ. Гэвч Парисын хамба түүнийг христийн заншил ёсоор оршуулахыг хоригложээ. Тиймээс цогцсыг нь Парисаас нууцаар гаргаж, өөр газар оршуулсан аж. Францын хувьсгалын дараа л шарилыг нь Пантеонд шилжүүлсэн түүхтэй. Дашрамд хэлэхэд Францын хувьсгалын ихэнх уриа лоозон Вольтерээс эштэй. 
Пушкин, Грибоедов, Чаадаев, декабристууд түүний л суртлаар өсөж хүмүүжсэн. Вольтерын үзлийн амин шим нь гүн ухааны хийдэм онол бус оюун бодлын эрх чөлөө, бусдын үзэл бодлыг хүндэтгэхэд оршном. Энэ л түүний хүн төрөлхтөнд өгсөн зүрхэн сургаал билээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...