пятница, 15 августа 2014 г.

Манай цагийн алдартай эрдэмтэд

Бакминстер Фуллер (1895-1983)

Архитектор, инженер, философич, бөмбөлөг хэлбэртэй барилга байгууламжийн онолыг үндэслэгч (Энэ нь жин багатай ч эзэлхүүн ихтэй барилга байгууламж бөгөөд үүгээр дайны дараа орон байрны асуудал шийдэх боломжтой гэж үзэж байж. Тэгэвч энэ төрлийн байгууламжийг одон орон судлалын төв, танхим, хүлэмж хийхэд ихээхэн ашигладаг. Харин орон сууц барихад өртөг ихтэй. Ийм байгууламж салхи шурганд тогтвортой, хөнгөн материалаар хийгддэг, хүн хүч бага шаарддаг, 50 м хүртэл өндөртэйг крангүйгээр угсрах боломжтой ч материалаа гурвалжилж зүсэх шаардлагатай тул материалын хаягдал ихтэй).
Экологийн таатай барилга байгууламжийг дэмжсэн анхны хүмүүсийн нэг. 1930-аад оноос шатахуун бага зарцуулдаг машин зохион бүтээж эхэлсэн. Рональд Рейганы Ерөнхийлөгчийн одон гардсан. 1915-1983 оны хооронд хувийн амьдрал, төрсөн бодол сэтгэгдлээ ширхэгчлэн буулгасан Dymaxion Chronofile гэх тэмдэглэл хөтөлж, оршуулгын чулуун дээрээ “Намайг тэнцвэрийн хавтан хэмээн нэрлээрэй” гэсэн нь өөрийгөө нисэх онгоц, усан онгоцны сүүл, хажуу хэсэгт бэхлэгдэж, хажуулдахаас сэргийлдэг хавтантай зүйрлэсэн болой.


Ноам Чомский (Хомский) (1928 онд төрсөн)

Философич, логик сэтгэхүйн мастер, орчин үеийн хэл шинжлэлийн томоохон эрдэмтэн, хэл, сэтгэхүй 2-ын уялдаа холбоог судлах ШУ-ны салбарыг үндэслэгч.

Синтаксисын зарчмыг нь программчлал, молекул биологид өргөн ашиглагддаг. Анархийн нэг урсгал болох анарх-синдикализмын нэр нөлөө бүхий томоохон төлөөлөгч. Чомский капиталист бус хоршоолсон засагтай, бүхнийг орон нутгийн ардчилсан системээр шийддэг гүрэн улс байгуулах үзэл бодолтой. Ноам олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “төр засагт худалдагдсан сэтгэхүй” хэмээн нэрийдсэн нь олон хүнд хүрсэн ажээ. Аль Вьетнамын дайны үеэс АНУ-ын улс төрийн бодлогыг эсэргүүцэж, шашны эсрэг зогсдог Чомский Библийг хүн төрөлхтнийг хомрогдон устгах нэгэн зэвсэг гэжээ.


Барбара Макклинток (1902-1992)

Ботаникч, генетикч, хүний генийн хөдөлгөөнт хэсгийн судлаач, Crazy Barbara нэрээрээ алдартай.

Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал авсан цорын ганц эмэгтэй. Хүний генийн хөдөлгөөнт хэсгүүдийн онол нь эхэндээ олны эгдүүцлийг хүргэж, эрдэмтэн эмэгтэй лабораторидоо ганцаар өнжих нь ихэссэн бөгөөд Нобелийн шагнал хүртэж, ололт бүтээлүүд нь олонд хүлээн зөвшөөрөгдсөн ч зожиг зангаа гээгээгүй гэдэг. 


Григорий Перельман (1966 онд төрсөн)

Топологийн салбар, Римановын геометрийг судалдаг математикч. Орчин үеийн математикийн ШУ-ны гол асуудал болсон Пуанкарегийн теоремийг баталж “Математикийн ШУ-ны Нобелийн шагнал” гэгддэг Филдсийн шагнал хүртсэн. Нэр нөлөө бүхий Science сэтгүүл 2006 онд Перельманы нээлтийг “Оны бүтээл”-ээр шалгаруулсан нь математикийн салбарын бүтээл түүхэнд анх удаа шилдгээр шалгарсан явдал болжээ.

Бүтээлээ олон эрдэмтэнд нээлттэй цахим хуудаснаа байршуулсан Перельман шагналаасаа татгалзсан нь урьд өмнөх математикчдийн ололт амжилтыг үнэлээгүйтэй холбоотой. Учир нь Перельман Пуанкарегийн теоремийг батлахдаа чухамхүү эдгээр эрдэмтний бүтээлийг үндэслэл болгосон юм. Өдгөө ажлаасаа гарч ээжийнхээ хамт амьдарч байгаа. 


Жон Нэш (1928 онд төрсөн)

Тоглоомын онол, дифференциал геометрийн салбарт ажилладаг математикч, тоглоомын онол боловсруулснаараа Нобелийн эдийн засгийн шагнал хүртсэн. Энэ онол нь өдгөө эдийн засгийн үлгэр загвар, хиймэл оюун ухаан бүтээхэд ашиглагдаж буй.

Нэшийн тухай өгүүлсэн “Оюун санааны тоглоом” кино хэд хэдэн Оскарын шагнал хүртсэн түүхтэй. Кинонд түүний ажил хөдөлмөрийг оновчтой дүрсэлсэн гэдэг. Залуугаасаа л суу билигтэй гэгдэх болсон Нэш мэдрэлийн өвчинд шаналж явсан юм. Нэшийн эртний нэгэн нээлт нь го даамнаас гаралтай хекс гэх тоглоом ажээ.


Лайнус Полинг (1901-1994)

Квантын хими, химийн холбооны орчин үеийн ойлготыг үндэслэгч, биомолекулуудыг математик талаас нь дүгнэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

Нобелийн шагналыг хоёронтоо хүртсэн 4 хүний нэг (Эхний шагналаа химийн салбарт, удаах шагналаа цөмийн туршилтын эсрэг тэмцэж Энх тайвны салбарт хүртсэн). 20-р зууны шилдэг химичдийн нэг.

Өтөл насандаа анагаах ухаанд хорхойсч, өдөр бүр ихээхэн хэмжээний амин дэм хэрэглэснээр нас уртасна гэх этгээд нэгэн үзэл баримтлах болжээ. 


Жеймс Макдоналд (1920-1971)

Үл мэдэгдэх нисдэг биет судлалаар түүхэнд үлдсэн физикч, цаг уурч эрдэмтэн. Цагтаа цаг уурын салбарын тэргүүлэх мэргэжилтэн гэгдэж явсан Макдоналд 1954 онд үл таних нисдэг биеттэй таарч, улмаар энэ нь харийн гаралтай болохыг шинжлэх ухаанчаар тайлбарлахыг хичээж байлаа. Үүнээс өмнө дуунаас хурдан онгоц озоны давхаргад сөрөг нөлөөтэй гэж үзсэн бөгөөд 1970-аад онд үл таних нисдэг биетийг цаг агаарын үзэгдэлтэй холбон тайлбарлаж эхэлснээр тэсвэр алдан амиа егүүтгэсэн ажээ.


Крейг Вентер (1946 онд төрсөн)

Генетикч, физиологич, биофизикч, эм зүйч, өнөө цагийн хамгийн идэвхитэй эрдэмтдийн нэг.

Генийн холбоог тогтоосон бүлэг эрдэмтдийн ахлагч, синтетик гентэй бичил биет буй болгосон анхны эрдэмтэн. Time сэтгүүлийн дэлхийд нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтанд хоёронтоо орсон. Ирээдүйд хиймэл эрхтэн ноёлж, нян бактериуд нь хүний мэдэлд орох үе ирнэ хэмээн ярьдаг. Хүний генийн холбоог тогтоосныхоо дараахан хөрөнгө оруулагчтайгаа ам зөрж ажлаасаа халагдсан Вентер жил гаруй далай тэнгисээр аялсан ажээ.


Стивен Хокинг (1942 онд төрсөн)

Шинжлэх ухааны түүхч, одон орон, сансар судлаач, “Хар нүх” хэмээх ойлголтыг түмэнд түгээсэн эрдэмтэн. Сансрын онолд ихээхэн хувь нэмэр оруулсан. Багын өвчтэй Хокингийг 30 хүрэлгүй бие барна гэж байсан ч өдгөө 71 насандаа энх тунх аж төрж буй. Тэргэнцэртэй, зүүн гарын 2 хуруу нь л хөдөлгөөнтэй, ярихдаа аппарат ашигладаг ч дэлхийн бестселлер болсон Цаг хугацааны товч түүх-ийг бичиж, Симпсон, Футурама хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Философи нэгэнт мөхсөн гэж үзэх эрдэмтэн маань шашныг дээдэлдэг. 


Кэри Маллис (1944 онд төрсөн)

Биохимич, молекулын биологич. Полимераз гинжин холбооны урвал боловсруулсан нь биолог, криминалогийн шинэ эрин үеийг эхлүүлжээ.
Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтан. ДОХ, хүний үйл ажиллагаа дэлхийн уур амьгалд нөлөөлдөг болохыг үгүйсгэх ч энэ салбартаа ажиллаагүй. Эрдэмтдийг одон орон судлалд ихээхэн анхаарал хандуулах учиртай гэх агаад мансууруулах үйлчилгээтэй ЛСД бодис хэрэглээгүй бол полимераз гинжин урвалаа нээхгүй байсан гэж хэлсэн удаатай.

Комментариев нет:

Отправить комментарий

Ремарк Порто Ронкод байхдаа хайрт бүсгүй Марлен Дитрихдээ энэхүү захиаг бичжээ

Добавьте подпись Саруулхан өрөөнд минь төгөлдөр хуурын намуухан аялгуу эгшиглэнэ. Пянзны тавиур дээр өрөөстэй Чарли Кунцын хориод пянз...