четверг, 23 января 2014 г.

Манж Чин гүрний сүүлчийн хатан Цыси


 Манж Чин гүрнийг бараг хагас зуун жил гартаа атгасан Цыси хатан 1835 онд Манжийн хохь тайжийн гэрт төржээ. Эцэг эх нь түүнд Ланьэр гэсэн нэрийг хайрлажээ. Тэрбээр багаасаа өөртөө ихээхэн итгэлтэй нэгэн байсан бөгөөд 1853 онд хааны ордонд татвар эм болон орсон байна. Манжийн хааны татваруудыг 5 зэрэглэлд хуваадаг байсны хамгийн эхнийхийг нь хуангуйфэй, удаахийг нь гуйфэй, гуравдахийг нь фэй, дөрөвдэхийг нь бинь, тавдахийг нь гуйрэнь гэдэг байлаа. Ланьэр эхэндээ хамгийн доод зэргийн гуйрэнь болжээ. Тухайн үед татвар эмд жилд 400-аад доллар өгдөг байсны ихэнхийг нь Ланьэр үнэтэй биеэ үнэлэгч бүсгүйд өгч элдэв зүйлд суралцсан байна. Тэрээр бүжгээр хичээллэж, биеэ сайтар арчилж байсны зэрэгцээ хааны тайгануудад хахууль өгч байж. Ингээд төд удалгүй Ланьэр хөгшин хаан Сянфэний хатдын нэг болж, Цыси хатан хэмээгдэх болов.
Цыси хатан ном их уншдаг байсны сацуу дуу бүжиг, уран зураг сонирхдог байлаа. Цыси зураг авах их дуртай байж. Түүний авсан зарим зургууд нь өдий хүртэл Хааны зуны ордонд хадгалагддаг билээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд тухайн үед хааны ордонд ирж байсан зочид үүнийг гэрчлэн бичсэн байдаг. Цыси 50 настайдаа 30-тай мэт, 70 настайдаа 40 гаран настай мэт харагддаг байсан гэдэг. Тусгайлан бэлдсэн хоол хүнс хэрэглэж, өдөр болгон нэг аяга хөхний сүү уудаг байж. 
Тэр үед хааны их хатан хүүхэд гаргаагүй байсан бөгөөд Цыси ч хүүхэд гаргаагүй байв. 1856 онд тэрбээр Туньжи хүүгээ төрүүлсэн бөгөөд угтаа тэр хүүг хааны нэгэн татвар эм төрүүлсэн гэлцдэг.
1860 онд Хар тамхины 2-р дайны үед Цыси хаан, их хатан болон хатан ээжтэй бөглүү тосгонд нуугдан бүгэж байхад хаан нууранд унаж төд удалгүй нас барна. Үүнд бас Цысиг буруутай хэмээн харддаг. Ингээд 1873 он хүртэл балчир Туньжи хаан ширээнд суув. Туньжи нас биед хүрч, төрийн эрхийг гартаа авмагцаа учир битүүлгээр нас барсан юм. Чухам энэ үеэс л Цыси төрийн эрхийг гартаа авсан гэж болно. Тэгэвч тухайн үед Туньжигийн эхнэр жирэмсэн байж, хөөрхий бүсгүйг Цыси зовоосоор амиа хорлоход хүргэсэн гэдэг. Улмаар Цыси өөрийн зээ дүү Зайтянийг Гуаньсюй хаанаар өргөмжилсөн боловч Манж гүрнийг чухамхүү өөрийн гартаа оруулж авсан юм. 

Хятадын түүхчид Цысигийн үед Манж гүрэн эдийн засгийн хувьд доройтож, улс төрийн хувьд тогтворгүй болсныг түүний буруугаас болсон гэж үздэг. Цыси ордонд өөрийн тагнуул туршуулын сүлжээг бий болгож, хуйвалдаан гаргах бүх нөхцлийг үндсээр нь үгүй хийж чаджээ. Ноёд түшмэд түүнээс үхтлээ айдаг байв. Гэвч Цыси бас уян зөөлөн сэтгэлтэй байжээ. Ордонд 10 сар амьдарч, түүний хөргийг зурж байсан Катарина Карл хэмээх зураач энэ тухай номондоо бичсэн байдаг. Цыси өөрийг нь 25 жилийн өмнө маш удаан хүндээр өвдөхөд асарч тойлж, хөхний сүүгээ өгдөг байсан хятад эмэгтэйг насан туршид нь ордонд байлгаж халамжилдаг байсны сацуу хүүг нь боловсролтой болгож, нэгэн яаманд түшмэл болгон тохоон томилсон байдаг.
1900 онд гарсан Ихэтуаний бослогын дараа Цыси хөдөө тосгон руу зугтсан боловч төдхөнөө энэ бослого дарагдаж, Бээжинд буцаж ирэв. Гэсэн ч өрнөдийн орнууд Манж Чин улсад өөрийн нөлөөг тогтоогоод эхэлжээ. Цыси зээ дүү Гуансюйгээ (1871-1908 онд хаанчилж байсан) хордуулж алсан гэх агаад дүүгээ нас барснаас хойш 24 цагийн дараа өөрөө энэ хорвоог орхисон юм. Түүнийг 1908 онд цус харваж нас барсан гэлцдэг ч үнэн хэрэгтээ тэрбээр хар тамхинд донтсон байлаа. Анх ордонд ирэхэд нь Сянфэн хааны өгсөн хос ээмгийг Цыси насан туршдаа зүүж байсан гэдэг. 

           Цыси Гуаньсюй хааны зээ дүү Пу И-г хоёр настайд нь хаан ширээнд залсан бөгөөд Пу И-г нас бие гүйцтэл төрсөн эцэг Айсиньгёро Зайфэн харгалздаг байжээ.

воскресенье, 19 января 2014 г.

Сергей Бодров


 “АХ” киногоороо олны танил болсон Сергей Бодров энэ жил 43 нас хүрэх байлаа. Тэрээр арван хоёр жилийн өмнө Кармадоны хавцалд эндсэн юм.
Бодров хүүхэд ахуй насандаа тохиолдсон хэдэн явдлын тухай ийнхүү дурссан байдаг.

“Энэ үйл явдлуудын дийлэнх нь арван зургаан нас хүрэхээс минь өмнө болж өнгөрсөн бөгөөд сэтгэл зүрхэнд минь шингэн үлджээ. Үүнээс хойш орчлонгийн элдэв явдал намайг тэгтлээ их гайхшруулахаа больсон гэхэд нэг их хилсдэхгүй.

Хүүхдүүд амьдралын тухай эргэцүүлэх нь олонтаа ч энэ тухай маруухан ойлголттой байдаг даа. Бага байхдаа надаас илүү ухаантай хүн байхгүй шиг л санагддаг сан. Харин Толстойн “Хүүхэд ахуй. Идэр нас” зохиолыг уншсанаас хойш ингэж сэтгэхээ больж билээ. Толстойн өгүүлэмж миний бодол санаатай яв цав тохирч байсанд ихээхэн хачирхсан сан. Чухамдаа энэхэн мөчид би САЯ ЖИВАА ХҮМҮҮНИЙ ОЮУН БОДЛЫН БИЧИЛ ОРЧЛООС ЭНЭ Л ЗАМБУУТИВ БҮРЭЛДЭН ТОГТОЖ, ХЯЗГААР НЬ ҮГҮЙ ҮРГЭЛЖИЛДГИЙГ таньж мэдсэн гэхэд болно.

Нэг удаа андынхаа тоглоомон машиныг хулгайлчихаад гэмшсэндээ тоглож чадсангүй. Ээж маань энэ тухай олж мэдээд андынхаа эцэг эхэд хэл гэлээ. Газар дор ортлоо ичиж байсан ч ЗҮРХ ЗОРИГ ГАРГАХ НЬ ХУУДУУТАЙ ЮМ ХИЙХЭЭС ХАВЬГҮЙ ХҮНД Ч ГЭЛЭЭ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛГОДОГ гэдгийг ухаарсан даа.

Пионерийн лагерьт байхдаа алив хүн хэдийгээр СЭТГЭЛ САЙТАЙ БАЙЛАА Ч ТЭР БОЛГОНЫ ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ХҮЛЭЭДЭГГҮЙГ ойлгосон юм.

Нэгэн удаа бид хэд сургуулийн өлгүүрт сууж байтал хажуугаар өнгөрсөн бага ангийн багш биднийг халаас ухаж байна хэмээн хардаж сэжиглэлээ. Төдхөн энэ явдал аав, ээжийн минь чихэнд хүрч, ҮНЭН МӨНИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ШААРДЛАГАТАЙ гэдгийг ойлгуулсан даа.

Сургуульд байхдаа ангиараа Унгар явсан нь өдгөө ч санаанд илхэн. Гадаад орон биднийг алмайруулж, үеийнхэн маань дарс шимэн, найз охидоо өөрийн мотоциклоор зугаацуулдаг байж билээ. Унгарын багтай хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохиосон нь энэ насанд минь тохиосон хамгийн ширүүн тулаан болов. Манайхан тэр өдөр ялж, би гэдэг хүн ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ ХЭДИЙ ХҮЧТЭЙ байдгийг сэтгэлийн чанадад мэдэрсэн юм.

Эр бяр амтагдсан өсвөр насандаа би нилээдгүй зодоонч явлаа. Арван зургаатайдаа ангийнхаа хөвгүүний хамрыг хугалж, хэрэгт холбогдохоо дөхсөн ч мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болгоно хэмээгээд сургуульд нууцаар зарж буй порно кино болон хулгайн гэмт хэргийн тухай сэм мэдээлэхийг хүсч утсаа өглөө. Хамраа хугалуулсан банди хаалганы цаанаас чагнаж байсан тул өрөөнөөс гараад би мөрдөн байцаагчийн утсыг тэмдэглэсэн цаасаа хаяхаас өөр аргагүйд хүрсэн сэн. ХҮН ЧАНАР ГЭДЭГ АЙДАС ХҮЙДСИЙГ ДАВЖ ДАРЖ БАЙХ УЧИРТАЙГААС тэр биз ээ.

Хайртай хүнээсээ анх холдох хичнээн хэцүүг хүн бүхэн мэднэ дээ. Би бусдын л адил энэлэн шаналж явсан ч нэг орой үзэг цаас холбож, шумбагч онгоцны офицерийн тухай уянгын өгүүллэг тэрлэсэн юм. Үүр хаяарч өгүүллийнхээ сүүлийн цэгийг тавьсан тэрхэн мөчист УРЛАГ ГЭЭЧ НЬ ЯМАР АГУУ ХҮЧТЭЙ болохыг энэ биеэрээ мэдэрч билээ.

Орчуулсан Б.Гэрэл

среда, 15 января 2014 г.

Ги де Мопассан “Хонгор найз”


 Жорж Дюруа хэмээх нөхрийн тухай бага сага сонсож явсан ч чухам ямаршуу нөхөр болохыг нь сайтар мэдэхээр энэ номыг уншлаа. 19-р зууны Парисын гудамжаар “зугаалахад” анхандаа Дюруа нь тийм ч айхавтар амьтан шиг санагдсангүй. Сайхан төрсөн хэн бугай ч царай зүсээ ашигладаг шүү дээ. Заримдаа гол баатар маань маанагдуу, хулчгардуу санагдаж, өрөвдөх сэтгэл төрүүлж байсныг ч нуугаад яахав. Өлөн зэлмүүн “амьтанд” хэн ч гэсэн үмх талх шидэж өгөх нь мэдээж. Цэргийн анд Шарль Форестье түүнийг “Францын амьдрал” сонины газарт ажилд оруулсан нь ч ийм л учиртай.
Гэтэл гол баатрын маань үнэн дүр төрх илэрч, залхуу, дээрээс нь хулчгар нэгэн болох нь мэдэгдэв.
Клотильда де Марелийн толгойг эргүүлэхэд ч хүний мөсөө арай л гээчихээгүй болов уу гэж бодсоор л байлаа. Ер нь энэ маягаар “биеэ үнэлэх” эсэхийг чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг шиг би хувьдаа шүүж буруушаагаад байдаггүй л дээ. Гол нь тунг нь тааруулах л чухал! Гэтэл манай Дюруагийн сэтгэл ханасангүй ээ. Тэгээд бас болоогүй ээ, бүсгүй болгоныг өнөө л улиг болсон аргаараа эргүүлэхийг нь яалтай.
 Сүүлийн бүлгүүдийг уншихад өөрийн эрхгүй ундууцаж билээ. Гол баатар маань эхнэрээ элдвээр оролдож, Дюруагийн амтанд орсон бүсгүйчүүд бие сэтгэлээ татаж дийлэхгүй юм. Гагцхүү биеэ үнэлэгч Рашель л “хаширсан хүн” гэсэн шиг бардам загнах ажээ. Нэг үгээр хэлбэл энэ зохиол сэтгэл хөдөлгөм, амьд, дур гутам сэтгэгдэл төрүүлэх юм. Мопассан байсан сан бол зохиолыг арай л өөрөөр төгсгөх байсан даа гэж бодсоныг нуух юун. Ингэж бодохоор, Дюруа шиг хүн болгон хэзээ нэгэн цагт өөрийн гэсэн “Кармен”-тайгаа учирна гэдэгт л итгэх юм даа.
***
Хайрын үгс хааяагүй ижилхэн дээ. Гагцхүү хэн хэлж буй нь л чухал.
Үнэндээ амьдрал гэдэг ууланд авирахтай адилхан. Өгсөхдөө дээш харж хөөрч баясах ч оргил дээр гармагцаа л уруудаж эхэлдэг дээ. Уруудахад үхэл урьдаас тосч сууна. Урт удаан хугацаанд өгсөх ч нүд ирмэхийн зуур л уруудна.
Тэр бүсгүй сүсэг бишрэлийг шүхэр шиг л үзэх юм. Тэнгэр тогтуун бол таяг шиг тулж, аагим халуун, бороо шороонд нарны хаалт шиг ашиглах атлаа гэр орондоо байвал үүднийхээ хонгилд тоосонд даруулан хэвтүүлнэ. Гэтэл түүн шиг хүн хаа сайгүй шүү дээ. Бурхан тэнгэрийг ойшоож үзэхгүй атлаа үүгээрээ бусдын амыг таглаж, хэрэг гарвал хөтөч шиг ашиглахыг нь яалтай.
       Ганцаар суух энэ өрөөний нам гүмхэн орчинд хэдийхэн гуниг нуугдахыг хэн ч мэдэхгүй ээ!

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...