суббота, 11 января 2014 г.

ГАО СИНЬЗЯН БА ТҮҮНИЙ “ШҮТЭЭН УУЛ”

 20-р зууны Хятадын уран зохиолын томоохон төлөөлөгч болох Гао Синьзян “Хязгааргүй орчлон дахь хүмүүний өчүүхэн орчлыг зүрх зүсэм өгүүлж, Хятадын утга зохиолд шинэ уур амьсгал буй болгосон” хэмээн үнэлэгдэж, 2000 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн юм. Гао энэ шагналыг хүртсэн анхны Хятад зохиолч хэдий ч эх орондоо хавчигдан гадуурхагдаж, өдгөө Францад аж төрж байгаа билээ.
Банкны ажилтан, жүжигчин бүсгүйн гэр бүлд төрж өссөн тэрбээр Мао Зэдүний засаглалын үед ихээхэн адлагдаж, хожмоо Дэн Сяопиний үест зарим зохиол бүтээлээ нийтлүүлж явсан ч 1987 онд эх орноосоо албадан гаргуулж, Францын иргэншилтэй болсон юм. Үүний сацуу хавчин гадуурхагдсан үедээ Шар мөрний ай саваар арван сар хэрэн хэсүүлчилж явжээ.
Францад суурьшаад хэдэн жил болсон ч 1989 оны Тиэнаньминий бослогын дараахан л Хятадын Коммунист намаас албан ёсоор гарсан түүхтэй.
Тэрбээр зохиолч төдийгүй уран зураач, уран бичигтний хувиар Франц, Бельгийн утга зохиол, урлагийн гурван ч томоохон шагнал хүртжээ.
Гао Синьзяны уран бүтээлийн оргил нь яахын аргагүй “Шүтээн уул” хэмээх томоохон хэмжээний роман юм. (Хятадаар “Линьшань” гэх энэхүү нэршлийн “линь” нь сүнс, өвөг дээдсийн сүнс, онго шүтээн гэсэн өргөн утгатай бөгөөд “шань” нь уул гэсэн үг юм) Энэ зохиол нь аяллын тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн бөгөөд Хятадын алс бөглүү нутгаар хэрэн хэсүүчилж, өтгөс буурлуудын хууч ярианд уусан хайлж, уул нуруудаар аялж, дур булаам охид бүсгүйчүүл хийгээд сэтгэл гонсойм эрхтэн дархтануудтай нүүр тулж асан үүх түүхээ дэлгэсэн өвөрмөц нэгэн бүтээл болжээ. Зохиолд хачирхалтай домог яриа, бүүр түүрхэн дурсамж дурдатгал, зүрх шимшрэм яриа хөөрөө ч бий. Гао бодтой ба хий ертөнцийн юмс үзэгдлийг нэгэн дэвтэрт эмхлэн нийцүүлсэн нь ерөөс амьдралыг зүүд зэрэглээ мэт санагдуулах жигтэй мэдрэмж төрүүлэх бүлгээ. Нэг талаар энэ бүтээлийг уран зохиол гэж хэлэхийн аргагүй бөгөөд Дорнын утга зохиолын ёс жаягаар туурвисан энэ бүтээлд уран зураг, яруу найраг тусгалаа олжээ.
Нобелийн шагнал хүртсэн тэрхэн үестээ Гао Синьзян ийнхүү өгүүлжээ.
“Өчүүхэн надад энэ индэрт зогсох аз завшаан тохиосон хувь заяандаа талархаад баршгүй нь. Би бээр бурханд сүсэглэдэггүй ч заяа төөрөгт сүжлэн мөргөдөг билээ.
Ерөөс хүн гэдэг амьтан бурхантай эн дүйцэхүйц гэгээрнэ гэдэгт хувьдаа итгэдэггүй гэх үү дээ. Өдгөө энэ зууны эхээр нөгөө ертөнцөд одсон илтэд биеэ тоосон суут гүн ухаантан Ницшегийн аливаа ишлэлийг одоогийн бусармаг байдалтай зүйрлэхийн аргагүй болж дээ.
Гэвч энэ удаад би улс төрийн тухай ярихаа азнаж, уран бүтээлч, хувь хүнийхээ үзэл бодлыг илтгэхийг илүүтэй хүснэм.
Зохиолч хүн гэдэг нь энгийн бөгөөтлөө бусдаас арай мэдрэмтгий байдаг гэж хэлж болно доо. Мэдрэмтгий хүмүүс өрөөлөөс сул дорой байх нь олонтаа шүү дээ.
Уран зохиол гээч нь нэгээхэн хүний дуу хоолой төдий л зүйл юм. Улс төр, нам засаг, хэн нэгнийг тахин шүтвээс амин сүнсээ алдах нь баараггүй.
Хятадын түүхнээ уран зохиолчдыг энэ үеийнх шиг хяхан гадуурхаж байсан нь үгүй ээ. Иймээс ч Хятад оронд дуу хоолойгоо хүргэнэ гэдэг давшгүй даваа болжээ.
Дуу хоолойгоо хүргэе гэсэн хэн бугай ч нэг бол амаа хамхих, эс бөгөөс эх орноосоо дүрвэхээс өөр аргагүй. Харин бүтээлч хүний хувьд амаа хамхих нь амиа хорлосноос өөрцгүй дээ.
...Үзэл бодлоороо хавчигдаж, эх орноосоо дүрвэсэн Цюй Юань, Данте, Жойс, Томас Манн, Солженицын гээд олон олон зохиолчдыг нэрлэж болно оо...
Мао Зэдүний үед бүтээл туурвих ямар ч боломжгүй байлаа. Зарим нэг соён гэгээрүүлэгчдийн хоргодож асан уулын бөглүү сүм хийдүүдийг бүгдийг нь газартай тэгшилж, нууцаар бичих аваас амь насанд халтай байж билээ.
...Бийр бэх барьж авах боломжгүй энэ үест л би уран зохиол гэдэг нь сэтгэлийн хоол бөгөөд хүмүүний оюун билгийг хадгалж агуулах гагцхан сав болохыг бүрнээ ухамсарласан юм. Тэр жилүүдэд бодол эргэцүүллээ цаасан дээр буулгах нь битгий хэл сэтгэл дотроо тунгаах нь осолтой байж дээ...
Зохиол туурвилуудыг минь хориглосон тэр л мөчөөс би “Шүтээн уул” хэмээх томоохон бүтээлээ бичиж эхэлсэн юм. Чингэхдээ сэтгэлд ужгирсан ганцаардлаа даван туулахыг хичээж, энэ бүтээл минь хэвлэгдэж, хэн нэгний гарт хүрнэ гэдэгт огтхон ч итгэлгүй байлаа.
Ерөөс бүтээл туурвина гэдэг нь өөрийгөө илэрхийлэхийн л нэрийдэл шүү дээ. Харин энэ бүтээл нь түмэн олны хүртээл болох эсэхэд холхи ирээдүй л хариулах буй заа.
...“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Алтан бумбан дахь лишийн цэцэг”, “Улаан асрын зүүд” зэрэг Хятадын эртний туурвилуудын зохиолчдын хувь заяа өдий хүртэл бүдэг бадаг бөгөөд “Усан хөвөө” хэмээх томоохон бүтээлийн зохиогч гэгдэх Найан Шигийн тэмдэглэлээс үзвэл тэрбээр энэ агуу зохиолоороо сохор зоос ч олоогүй нь илэрхий. Франц Кафка, Фернандо Песоа нар ч нэг хүмүүний үзэл бодол хэдий сул дорой гэдгийг мэддэг хэрнээ энэ бүхнээ цаасан дээр буулгасан даа. Утга зохиол, хэл ярианы агуу хүч чухамдаа энд л орших бус уу?
Хүн төрөлхтөний соёл иргэншлийн гялалзаж гялтганасан нэгэн илэрхийлэл бол яахын аргагүй тансаг яруу хэл яриа билээ. Угтаа хэл яриа нь оюун бодол, сэрэл мэдрэхүйд нэвтрэн орж, орчлон хорвоог таниулдаг шүү дээ.
Хэдийгээр би зохиол бүтээлдээ Хятад ахуйг дүрсэлдэг ч улс үндэснийхээ ахуйн соёлд баригдаж туурвих зохиолчдыг нэг их ойшоодоггүй. Нэгэнтээ хэн нэгэн өгүүлсэн зүйлийг ахин дахин зажлах шаардлагагүй шүү дээ. Жинхэнэ уран бүтээл гэдэг бусдын өгүүлээгүйг илэрхийлж таниулахаас л эхэлнэ гэж бодох юм.
Аливаа зүйлийг хэл яриагаар туурвиж буй болгох чин эрмэлзэлтэй нэгэн хэвшмэл болсон шошго пайз зүүхгүй биз ээ.
Нийгэм маань ийм бүтээл туурвилыг хүлээж авахдаа хойрго хандах нь бий. Иймэрхүү бүтээл туурвих хүмүүн үүгээрээ амь зуухад хэцүү дээ. “Улаан асрын зүүд”-ний зохиолч Цао Сюэцинь, Кафка гээд амьд ахуйдаа олноо танигдаагүй улирч одсон суутнууд хэр олон билээ?
Харин миний хувьд зол заяа минь түшиж ажин түжин амьдарч, Шведийн академийнхний хараанд өртсөн нь зохиол бүтээлүүдийг минь хөрвүүлэн түгээж буй олон нөхдийн минь буян заяа биз ээ.
Энэ дашрамд элгэндээ тэвэрч, эрх чөлөө олгосон Франц оронд талархаад баршгүй. Энд л би ужгирсан ганцаардлаасаа ангижирсан даа.
Угаас амьдрал гээч нь үүрдийн баяр баясал биш бөгөөд хүмүүн төрөлхтөн энхэд хөгжиж дэвжиж яваагүй нь энэ үеэс илхэнээ харагдана.
Утга зохиол нь хувирал хувьсгал гаргах бус ертөнцийн үнэн мөнийг таниулахад оршдог. Хүмүүс үнэн мөнийг мэддэг атлаа хэдий хэр бодтойд нь эргэлзсээр ирсэн шүү дээ. Үнэн мөнийг илэрхийлэх нь л утга зохиолын тулгуур чанар юм.
Суу билигт Декарт “Оюун бодлоо илтгэж буй минь оршин буйгий минь илэрхийлэл бус уу?” гэсэн нь ч цаанаа учиртай. Тарни шившлэг, дором гүрэм лугаа хүмүүний хэл яриа нь сэтгэлийг хөвсөлзүүлж, бод биеийг зарсхийлгэх хүчтэй шүү дээ.
Аливаа бүтээл туурвилын үзэл санаа, дуу хоолой цагийн аясаар намжисны дараа л зохиолч олны санаанд үлдэх аваас түүний жинхэнэ дуу хоолой цуурайтаж эхэлдэг гэж бодох юм. Гэсэн ч энэ дуу хоолой нийгмийн өмнө хүчин мөхөс хэвээр үлдэнэ. Зовлон зүдгүүр, улс төрийн элдэв сурталд дарагдан гадуурхагдсан авч өвдөг сөхрөөгүй бөгөөд өнгө мөнгөнөөс хол орших уран бүтээлд минь энэ шагналыг олгосонд чин сэтгэлээс талархъя. Даян дэлхийн түмэн олны сонорт хүрэх энэ индрээс өчүүхэн надад үзэл бодлоо өгүүлэх боломж олгосонд мэхийн ёсолъё.”

Хөрвүүлсэн Б.Гэрэл

вторник, 7 января 2014 г.

АМЬТНЫ ФЕРМ


 Хувьсгалын тухай өгүүлэх ном зохиол олон ч Жорж Оруэллын “Амьтны ферм” хэмээх зохиолд энэ сэдвийг ихээхэн содон талаас нь дэлгэн харуулжээ. Хошин гэмээр энэ туужийн үйл явдал нь маш энгийн. Фермийн амьтад борви бохис хийлгүй ажиллах ч өчүүхэн тэжээл авах учраас хүмүүний дарлал мөлжлөгөөс нэг мөр ангижрахаар шийдэв. Үйл явдлын өрнөлийг таамаглаж болох ч энэ туужийг уншихад үнэхээр хөгжилтэй.
Хөгшин Түрүүчийн зөнтэй зүүд Ленинийг эрхгүй санагдуулах агаад улс төрд зөвхөн “гахайнууд” хутгалддаг гэдгийг ёжлоод байх шиг. Харин эгэл иргэдийг нөхцөл байдлыг бүрнээ ойлгох Бенжамин хэмээх илжигээр төлөөлүүлжээ. Хувьсгал гарлаа ч өөрийгөө бусдаас дээгүүрт өргөмжлөх нэгэн дахин гарч ирэх нь дамжиггүй ээ. Засгийн эрхийг “гахайнууд” атгаж буй цагт, тэр хэдийг “хонин сүрэг” сонгосоор байгаа цагт энэ сэдэв дундрахгүй нь мэдээж шүү дээ.
Хүмүүний дарлалаас ангижрах хүсэл тэмүүлэлтэй амьтны фермийн хувьсгалыг өөрсдийгөө ихэд ухаантайд тооцох гахайнууд бэлтгэх агаад Хөгшин Түрүүчийн үзэл бодлыг эмхлэн цэгцэлнэ. Амьтдын хамгийн үнэнч дагагчид нь Боксчин, Кловер хэмээх хоёр морь юм. Фермийн эзэн зогсоо зайгүй архидан согтуурах тул тогтсон хувьсгал товлосон цагаасаа өмнө өрнөж, эздээ хөөсөн амьтад эрх дураараа дургих ажээ. Анимализм хэмээх үзэл суртлаа баримтлах “Амьтны фермийнхэн” хоёр хөлтэй болгон бидний дайсан, дөрвөн хөлтэй, эс бөгөөс жигүүртэн шувууд нь анд нөхөд, амьтад хувцас хунар өмсөхгүй, ор дэрэнд унтахгүй, архи дарс уухгүй, элдэв шалтгаангүйгээр бусад амьтдаа хороохгүй, бүх амьтан эрх тэгш хэмээх 7 суртахуун гээчийг дэвшүүлэх аж.
 Энэ болгоныг тогтоож чадахгүй нэгэндээ Цасхан хэмээх гахай “Дөрвөн хөлтөн болвоос анд нөхөр, хоёр хөлтөн болвоос ашдын дайсан” хэмээн хялбарчлан тайлбарлана. Үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллах мал амьтад жаргалтай байх бөгөөд Ням гараг бүрт цуглаан хийж, энэ бүхнийг гахайнууд удирдана. Фермийн эзэн Жонс аж ахуйгаа эргэж авахыг санаархах ч амьтдыг хүчирсэнгүй. Ийнхүү эрдэж бардсан амьтад 1-2-р зэргийн “Баатар-амьтан” хэмээх цол гуншин бодож олох ажээ. Төд удалгүй Цасханыг Наполеон хэмээх эзэрхэг дээрэнгүй гахай хоточ нохойнуудын тус дэмтэйгээр дарж аваад өөрийн ноёрхлоо тогтоодог. Үнэнч Боксчин аанай л “Наполеоны санаа хэзээд зөв” гэсэн уриа лоозонтой болно.
Өөдөөс нь үг сөрөх хэдэн хонь, тахиа, галууг Наполеон хоточ нохдоор бариулж цаазалдаг. Зэргэлдээ фермийн Фредерик хэдэн ажилчинтайгаа “Амьтны ферм” рүү дайрах ч хүчин мөхөсдөнө. Боксчин өдөр шөнөгүй ажилласаар ясаа тавих ажээ.
Яваа яваандаа ферм цэцэглэх ч гахай, нохойноос бусад нь эгээтэй л урьдын адил борви бохис хийлгүй ажиллаад хүйтэнд даарч, халуунд хатаж, зутруухан амьдрах аж. Ор дэрэнд унтахгүй гэсэн зарчимтай ч гахайнууд Жонсын байшинд байрлаж, Наполеоны хоол ундыг тусад нь бэлдэнэ. Гахайнууд удалгүй архи дарсанд мансуурч, хүмүүстэй арилжаа наймаа хийх болдог. Айхавтар үзэл суртлаа “Амьтад эрх тэгш боловч зарим нэгэн нь илүү эрхтэй” хэмээн өөрчилснөөр гахайнууд Жонсын хувцас хунарыг өмсөөд хойд хоёр хөлөөрөө явах ажээ. Чингэхэд хонин сүрэг “Дөрвөн хөлтэй байх нь сайн боловч хоёр хөлөөрөө явах нь хувь илүү”  хэмээн майлалдана.  
Хөрш фермийн хүмүүс “Амьтны ферм”-д зочилж ирэх агаад найрын ширээнд суусан хүн амьтан бүгд шар айраг ууж, хундага харшуулна. Наполеон гахай “Амьтны ферм”-ийг гахайнуудын өмч болохыг гэрчлэх баримтыг үзүүлээд “Манорын аж ахуй” хэмээх хуучин нэрийг нь сэргээдэг. Эцэст нь хэрүүл маргаан дэгдэж хэн хүнгүй барьцалдаад хүн, адгуус хоёрын алин болохыг ялгаж салгахын аргагүй болох юм.

 Хүн гээч амьтан сүү өгөхгүй, өндөг унагахгүй, анжис чирэх чадалгүй, туулай барьчихаж дөнгөхгүй атлаа бусад амьтнаа захирах юм даа.
Ус уух хоёр үнээ “Нөхөр Наполеоны ач ивээлээр энэ ус хүртэл ийм амттай болох гэж!” хэмээн уулга алдана.
Цэвэр ариун ноёлсон тэр л өдөр ирэхэд
           Цээж тэнэгэр хүнгүй болж, адгуус амьтад л үлдэх болно.

суббота, 4 января 2014 г.

Шинэ оны анхны бичвэр: ШУУДАНЧ ҮРГЭЛЖ ХОЁРОНТОО ЦОХИДОГ


 Америкийн зохиолч, сэтгүүлч Жеймс Кейний “Шууданч үргэлж хоёронтоо цохидог” хэмээх энэхүү детектив нь Таныг адал явдал, хорон хуйвалдааны эргүүлэгт ёстой л нэг автуулах шиг болно. Ерээдхэн нүүртэй багахаан хэмжээний энэ зохиолд “эсрэг дүрийн залуу”, femme fatale, хайр дурлал, хоржоонтой хуйвалдаан, санаанд оромгүй төгсгөл гээд сонирхол татам зүйл бишгүй. Энэ зохиол тэртээ 1934 онд бичигдэж, хэдэнтээ дэлгэцийн бүтээл болжээ. Шүүмжлэгчид Кейнийг Америкийн орчин цагийн детектив зохиолын суурийг тавилцсан ч гэх нь бий.
Зохиол хорин дөрвөн настай Фрэнк Чеймберсийн хүүрнэл маягаар хөврөнө.
Хааяагүй хэрэн хэсүүчлэх Фрэнк хотын захын нэгэн буурчийн газарт буудалласнаар Грек эзний залуухан эхнэр Корад сэтгэл алдрах ажээ. Гэсэн ч хос хоёрт Корагийн хөгшин нөхөр садаа болох тул Кора мань эрийг башир аргаар цааш харуулахыг санаархана. Гэтэл гай газар дороос гэгчээр үй зайгүй бодож боловсруулсан төлөвлөгөө нь нурж, Фрэнк арга буюу буурчийн газраас явна. Төд удалгүй өнөөх Коратайгаа дахин холбогдож, зальжин бүсгүй аанай л нөхрөөсөө ангижрах санаагаа тулгаад, Фрэнкээр гүйцэлдүүлж дөнгөх аж. Нөхрийг нь машины осолд орж нас барснаар зохион байгуулах ч энэ үед Фрэнк өрөөсөн гар, хэдэн хавиргаа хугалдаг.
Грек эр гурван ч газар амь насаа даатгуулсан нь мөрдөн байцаах явцад ил болж, даатгалын компаниуд мөнгөө алдахгүйн тулд тэр хоёрын хуйвалдааныг мөшгөсөөр нэг бүрчлэн илрүүлнэ. Балмагдаж сандарсан Кора ам өчиг өгч, хамаг буруугаа Фрэнкт тохон, хагас жилийн тэнсэн харгалзах ял сонсох ажээ. Фрэнк гэмтэж бэртсэн тулдаа өмгөөлөгчийнхөө хүчинд энэ хэргээс бултаж дөнгөнө.
Хос хоёр ингэж энэ явдлаас хал балгүйхэн мултрах ч урьдын сэтгэлийн гал нь хэдийнэ бөхжээ. Хэсэг хугацааны дараа өмгөөлөгчийн туслах болох Кеннеди гэгч эр шүүхээс нууж далдалсан баримт бичгээр далимдуулан золгүй хоёроос хэдэн зоос салгахаар санаалж ирэхэд Фрэнк аанай л энэ явдлыг мөн зохицуулна.
 Сэтгэл нь нэгэнтээ хөрсөн Фрэнк Кораг ээжийгээ эргэхээр явах хооронд Мадж хэмээх нэгэн бүсгүйтэй орооцолддог. Удалгүй эргэж ирсэн Кора энэ явдлыг мэдээд хөл хүнд болсноо, буурчийн газраа орхин явж буйгаа зурвас бичин Фрэнкт үлдээгээд явах гэсэн боловч цүнхээ барин зогсох Кораг Фрэнк гэргийгээ болооч хэмээн ятгаж үлдээнэ.
Сэтгэл зовнисон сүүлийн хэдэн сарын гунигтай үйл явдлуудыг тэр хоёр түр ч атугай мартагнаж, хэсэгтээ л жаргалтай байх ч далайн усанд сэлэх тэр нэгэн өдөр Корагийн бие гэнэт муудаж мэгдэж сандарсан Фрэнк эхнэрээ машиндаа суулгаж аваад эмнэлэгийн тийш хурдлан давхив.
Ингээд замдаа яарахын эрхэнд эсрэг урсгалд орж, аймшигт осол болсноор Кора бүсгүй газар дээрээ амь алдана.
Урьд нь Грек эрийг хуйвалдаж хороосон жигшүүрт хэргийнх нь төлөө ял зэмийг нь эдлүүлж чадаагүй прокурор энэ хэргийг уухайн тас шүүрч аваад, Кораг санаатай хөнөөсөн хэргээр Фрэнкийг ёстой л нэг гарах газаргүй болтол нь мөрдөж мөшгинө дөө. Корагийн үлдээсэн зурвас буурчийн газрын кассын машинаас олдсон нь Фрэнкийн хувь заяаг нэг мөр шийдэх ажээ. Бүсгүй Фрэнкт хайртай гэж бичсэн нь түүний үхэлд мань эрийг буруутгах гол шалтгаан болдог. Ингээд Тангарагтны шүүхийнхэн тавхан мөчийн дотор золгүй залуугийн хувь заяаг шийдэж, гэм буруутай хэмээснээр цаазын ял сонсгох ажээ.
Машинд явсан тэр мөчид Кора өөрийг нь егүүтгэхийг завдсан хэмээн эндүү бодсон байж магадгүй хэмээх уйтай бодолд автан цаазын ял сонссон ялтангуудын камерт суух Фрэнк ламтаны хэлсэн үгийг ахин дахин эргэцүүлнэ. Энэ нь чухамдаа “Үхлийн дараа амьдрал буй бөгөөд Кораг эрж олоод сэтгэл бодлоо хуваалцах хэрэгтэй” гэх үгс ажээ.
Өмгөөлөгчид нь хэдэнтээ давж заалдавч шүүхийн шийдвэр өөрчлөгдсөнгүй.
Зохиолын төгсгөлд “Ингээд намайг авч явахаар ирлээ. Эцэг Макконел залбирвал тустай гэх юм. Хэрэв зээ уншигч авгай энэ мөрүүдийг уншиж суугаа бол Кора бид хоёрыг хаа нэгэнтээ хамт байгаасай хэмээн залбирахыг хичээнгүйлэн хүсье...” хэмээжээ.
***
Бусдын эхнэрийг хулгайлах нь юү ч биш. Харин бусдын машиныг хулгайлах нь хувийн өмчид халдсан болно доо.
Хэн хүний дотор хоёр сэтгэл оршдогийн нэгийг нь чи гарын таван хуруу шигээ мэдэх атал нөгөөг нь огтхон ч гадарлахгүй. Чухамдаа долоо дахь мэдрэхүй гээч нь л тэр шүү дээ.
        Цаазын тавцан нь нэг ёсондоо нийгмийн өвчин зовлонгоос ангижрах нэгээхэн арга ч юм уу? Хэн мэдлээ?

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...