Хувьсгалын тухай
өгүүлэх ном зохиол олон ч Жорж Оруэллын “Амьтны ферм” хэмээх зохиолд энэ
сэдвийг ихээхэн содон талаас нь дэлгэн харуулжээ. Хошин гэмээр энэ туужийн үйл
явдал нь маш энгийн. Фермийн амьтад борви бохис хийлгүй ажиллах ч өчүүхэн
тэжээл авах учраас хүмүүний дарлал мөлжлөгөөс нэг мөр ангижрахаар шийдэв. Үйл
явдлын өрнөлийг таамаглаж болох ч энэ туужийг уншихад үнэхээр хөгжилтэй.
Хөгшин Түрүүчийн
зөнтэй зүүд Ленинийг эрхгүй санагдуулах агаад улс төрд зөвхөн “гахайнууд”
хутгалддаг гэдгийг ёжлоод байх шиг. Харин эгэл иргэдийг нөхцөл байдлыг бүрнээ
ойлгох Бенжамин хэмээх илжигээр төлөөлүүлжээ. Хувьсгал гарлаа ч өөрийгөө
бусдаас дээгүүрт өргөмжлөх нэгэн дахин гарч ирэх нь дамжиггүй ээ. Засгийн
эрхийг “гахайнууд” атгаж буй цагт, тэр хэдийг “хонин сүрэг” сонгосоор байгаа
цагт энэ сэдэв дундрахгүй нь мэдээж шүү дээ.
Хүмүүний дарлалаас
ангижрах хүсэл тэмүүлэлтэй амьтны фермийн хувьсгалыг өөрсдийгөө ихэд ухаантайд
тооцох гахайнууд бэлтгэх агаад Хөгшин Түрүүчийн үзэл бодлыг эмхлэн цэгцэлнэ.
Амьтдын хамгийн үнэнч дагагчид нь Боксчин, Кловер хэмээх хоёр морь юм. Фермийн
эзэн зогсоо зайгүй архидан согтуурах тул тогтсон хувьсгал товлосон цагаасаа
өмнө өрнөж, эздээ хөөсөн амьтад эрх дураараа дургих ажээ. Анимализм хэмээх үзэл
суртлаа баримтлах “Амьтны фермийнхэн” хоёр хөлтэй болгон бидний дайсан, дөрвөн
хөлтэй, эс бөгөөс жигүүртэн шувууд нь анд нөхөд, амьтад хувцас хунар өмсөхгүй,
ор дэрэнд унтахгүй, архи дарс уухгүй, элдэв шалтгаангүйгээр бусад амьтдаа
хороохгүй, бүх амьтан эрх тэгш хэмээх 7 суртахуун гээчийг дэвшүүлэх аж.
Энэ болгоныг
тогтоож чадахгүй нэгэндээ Цасхан хэмээх гахай “Дөрвөн хөлтөн болвоос анд нөхөр,
хоёр хөлтөн болвоос ашдын дайсан” хэмээн хялбарчлан тайлбарлана. Үүрийн цагаан
гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллах мал амьтад жаргалтай байх бөгөөд Ням
гараг бүрт цуглаан хийж, энэ бүхнийг гахайнууд удирдана. Фермийн эзэн Жонс аж
ахуйгаа эргэж авахыг санаархах ч амьтдыг хүчирсэнгүй. Ийнхүү эрдэж бардсан
амьтад 1-2-р зэргийн “Баатар-амьтан” хэмээх цол гуншин бодож олох ажээ. Төд
удалгүй Цасханыг Наполеон хэмээх эзэрхэг дээрэнгүй гахай хоточ нохойнуудын тус
дэмтэйгээр дарж аваад өөрийн ноёрхлоо тогтоодог. Үнэнч Боксчин аанай л “Наполеоны
санаа хэзээд зөв” гэсэн уриа лоозонтой болно.
Өөдөөс нь үг сөрөх
хэдэн хонь, тахиа, галууг Наполеон хоточ нохдоор бариулж цаазалдаг. Зэргэлдээ
фермийн Фредерик хэдэн ажилчинтайгаа “Амьтны ферм” рүү дайрах ч хүчин мөхөсдөнө.
Боксчин өдөр шөнөгүй ажилласаар ясаа тавих ажээ.
Яваа яваандаа ферм
цэцэглэх ч гахай, нохойноос бусад нь эгээтэй л урьдын адил борви бохис хийлгүй
ажиллаад хүйтэнд даарч, халуунд хатаж, зутруухан амьдрах аж. Ор дэрэнд унтахгүй
гэсэн зарчимтай ч гахайнууд Жонсын байшинд байрлаж, Наполеоны хоол ундыг тусад
нь бэлдэнэ. Гахайнууд удалгүй архи дарсанд мансуурч, хүмүүстэй арилжаа наймаа хийх
болдог. Айхавтар үзэл суртлаа “Амьтад эрх тэгш боловч зарим нэгэн нь илүү
эрхтэй” хэмээн өөрчилснөөр гахайнууд Жонсын хувцас хунарыг өмсөөд хойд хоёр
хөлөөрөө явах ажээ. Чингэхэд хонин сүрэг “Дөрвөн хөлтэй байх нь сайн боловч
хоёр хөлөөрөө явах нь хувь илүү” хэмээн
майлалдана.
Хөрш фермийн хүмүүс
“Амьтны ферм”-д зочилж ирэх агаад найрын ширээнд суусан хүн амьтан бүгд шар айраг
ууж, хундага харшуулна. Наполеон гахай “Амьтны ферм”-ийг гахайнуудын өмч
болохыг гэрчлэх баримтыг үзүүлээд “Манорын аж ахуй” хэмээх хуучин нэрийг нь
сэргээдэг. Эцэст нь хэрүүл маргаан дэгдэж хэн хүнгүй барьцалдаад хүн, адгуус
хоёрын алин болохыг ялгаж салгахын аргагүй болох юм.
Хүн гээч
амьтан сүү өгөхгүй, өндөг унагахгүй, анжис чирэх чадалгүй, туулай барьчихаж
дөнгөхгүй атлаа бусад амьтнаа захирах юм даа.
Ус уух хоёр үнээ “Нөхөр Наполеоны ач ивээлээр энэ ус
хүртэл ийм амттай болох гэж!” хэмээн уулга алдана.
Цэвэр ариун ноёлсон тэр л өдөр ирэхэд
Цээж тэнэгэр хүнгүй болж, адгуус амьтад л үлдэх
болно.
Комментариев нет:
Отправить комментарий