Показаны сообщения с ярлыком Шинжлэх ухаан. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Шинжлэх ухаан. Показать все сообщения

вторник, 5 мая 2015 г.

Карл Маркс

1818 оны энэ өдөр Карл Гэнрих Маркс мэндэлжээ. Капитал гэх бүтээл бичиж, ангийн тэмцлийн онолыг тодорхойлсон Маркс нэмүү өртгийг мөн тодорхойлж, анхны Интернационалыг байгуулалцаж явжээ. Философийн материализм, улстөрийн тогтолцооны тухай хэд хэдэн ном бичсэн эрдэмтэн маань шинжлэх ухааны материализм, шинжлэх ухааны социализмын онолыг боловсруулсан юм. 

Залуудаа шүлэг бичиж, яруу найргийн дугуйлан зохион байгуулж байжээ. Оюутан байхдаа ирүүл тулаанд оролцох гэсэндээ гар буу худалдаж аваад цагдаад баригдсан түүхтэй. Нэг удаагийн ирүүл тулааны үеэр нүдээ сэлмээр гэмтээсэн гэдэг. Уг нь их сургуульдаа үлдэх хүсэлтэй байсан ч түүнийг үлдээсэнгүй. Рэйний сонин-д редактор хийж яваад, тэрс үзэлтэй хэд хэдэн нийтлэл бичсэн учир хэдэн сар шоронд суусан аж. Сонинг хаамагц Маркс Парис руу цагаачиллаа. Эндээ Энгэльстэй танилцаж, түүнийг дагаад Лондонд очсон байдаг.


Прүссийн тайж угсаатай Жэнни фон Вэстфалентэй гэрлэж, эхнэр нь удам угсаа сайтайд их л бахархаж явдаг байлаа. Угаас дээдсийн хүрээлэлд дуртай Маркс өөрөө ч ихэс дээдэс шиг загнах дуртай. Өр зээл ч тавьж явсан удаатай. Нагац ах нь Холландад өөрийн гэсэн компанитай байсан нь хожмоо Филипс компани болсон юм.
Тэр ихэнх цагаа хувьсгал хийж, улстөрийн мэтгэлцээнд оролцож, ном бичиж өнгөрөөдөг байсан ч ажилд орох гэж хичээж байлаа. Нэг удаа нарийн бичиг болох санаатай шалгуулсан ч бичгийн хэв муутай гээд гологджээ. 

Түүнийг нас барсны дараа эх оронгүй хүн болох нь мэдэгдсэн гэдэг. Мань хүн Германаас хөөгдсөн, Францад түүнд төдийлөн таатай бус ханддаг. Харин Англи улс түүнд иргэншил олгосонгүй. Тэр үед Маркс хэнд ч хэрэггүй байжээ. Гэсэн ч тавин жилийн дараа хүн болгонд хэрэг болсон гэхэд хилсдэхгүй. 

Энэ дэлхийд чинээлэг, хоосон хүмүүс байгаа цагт тэр хэрэгтэй байх болно. Тэр цагт хөрөнгийн эргэлт зүүн тийш Азид шилжинэ гэж хэлсэнд нь эрдэмтэд одоо ч гайхширдаг. Билл Гэйтсийнх шиг корпорациуд үүсэхийг ч тэр хэлсэн. Технологийн эрин үе ирэхийг ч тэр урьдчилж хэлсэн. Ингээд сүүлийн хорин жилийн улстөр, эдийн засгийн байр байдлыг ажихад марксизмын онол үеэ өнгөрөөсөн гэж хэлж боломгүй санагдана.

воскресенье, 29 марта 2015 г.

Цац суваргууд

Шинжлэх ухаан, техник технологи хөгжсөнөөр сүүлийн жилүүдэд маш олон цац суварга илрүүлжээ. Хиймэл дагуулаас авсан зургуудаар 2011 оны 5-р сард Нил мөрний ай савд 17 цац суварга, мянгаад булш бунхан, гурван мянгаад эртний суурин илрүүллээ. Энэ нь шавар, элсэн давхаргын дор орсон байгууламжуудыг зурагт буулгадаг хэт улаан туяаны гэрэл зургийн технологи хөгжсөний ач гавьяа юм. Өдгөө энэ бүс нутагт малтлага хийж байгаа бөгөөд 17 цац суваргаас 2 нь лавтай байна гэж баталжээ.

Камбожийн Кох Кэрийн цац суварга
Энэ нь 35 м-ийн өндөртэй, 7 шатлалт цац суварга. Камбожийн хойд нутгийн ширэнгэн ойд байрласан. Энэ хэсэг газрын 35 км2 талбайд 100-гаад сүм, эртниы байгууламжийн нуранги илэрсэн. Цац суваргыг том чулуугаар босгосон агаад ойр орчимд нь чулууны карьергүй. Судлаачид эдгээр чулууны заримыг гараар өрсөн болохыг нь олж тогтоосон ч зарим чулуу нь өөгүй өнгөлгөөтэй байжээ.


Алжирын цац суварга
Батна хотын захад байрлах Имэдрасэний цац суваргыг МЭӨ 220 онд байгуулсан гэж үздэг. Берберүүд том том чулуугаар ийм байгууламж босгодог байж. 30 м-ийн өндөртэй энэ суваргыг берберүүдийн хоёр хаанд зориулан босгосон юм.


Францын Ле Пертусын цац суварга
Францын Лангидок-Руссильон мужид засмал зам тавих үеэр буюу 1976 онд илрүүлсэн энэ цац суваргыг хэдийгээр орчин үед босгосон гэдэг ч зүүн өмнөд талаараа 50 метрийн зузаантай шороо чулуунд булагдсан нь анхаарал татаж буй. 


Канар, Азорын арлуудын цац суварга
Канарын арлуудад ордог Тэнэрифү арлын Гуимар хотод байдаг зургаан цац суваргыг Канарын арлын уугуул иргэд гуанчи нар барьсан гэдэг. Энэ бүс нутагт үсрэнгүй хөгжсөн соёл иргэншил суурьшиж байсан нь усан дор илэрсэн байгууламж, цац суваргуудаас илхэн. Эдгээр цац суварга Сициль, Хойд Америк, Полинезийн байгууламжтай тун төстэй.

Азорын арлуудад нийт 140 цац суварга бий. Зарим нь 13 м хүртэл өндөртэй. Пику арлын байгууламжуудыг хэдэн мянган жилийн настай гэж тогтоожээ. Энд Ром маягийн баганат байгууламж байдаг нь сонирхол татаж байна. Азорын арлуудыг Атлантид тив байсан газартай ойролцоо оршдог гэдэг.



Сициль арал дээрх Этнагийн цац суварга
Францын судлаач Антуан Гигаль Этна уулын хойд энгэрт ихэн голдуу байрласан гучин цац суварга олжээ. Энд дөрвөлжин суурьтай, мохоо өнцөгтэй, шаталсан төрөл бүрийн цац суварга байх агаад эдгээр нь Тэнэрифү, Азорын арлуудын цац суваргатай ихээхэн төстэй. Хэлбэр хэмжээ нь дүйгээд зогсохгүй хийсэн материал нь ижил. Энэ талаар тодорхой судалгаа үгүй бөгөөд цац суваргуудыг нутгийн уугуул иргэд сикулууд (МЭӨ 3000-1600 онд амьдарч байсан) барьсан гэж үздэг. Байшин барилга барьснаар олон цац суварга үрэгдэж үгүй болсон ч ой модонд бүчигдсэн суварга бий гэх ажээ.



Герегийн цац суварга
Эллинико тосгоны ойролцоо суваргатай ихээхэн төстэй чулуун байгууламжууд бий. Судлаачид эдгээрийн микэнүүд МЭӨ 2000-3000 он орчим байгуулсан гэдэг.

Маврикий арлын цац суварга
Энэтхэгийн далайд орших Маврикий арал Мадагаскараас бараг мянган бээрийн зүүнтээ байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ арлын цац суваргууд Африкийн нөгөө талд байх Тэнэрифү арлын Гуимарын цац суваргуудтай жигтэйхэн адилхан. Хэлбэр хэмжээ, материал нь ижил төстэй учраас эдгээрийг нэг үндэстэн барьсан гэж үзэж болох талтай. Суваргуудын ойролцоо 2 км бүс нутагт өөр хоорондоо холбоотой томоохон чулуун зам харгуй, хана, усан хоолой зэрэг байгууламжууд илэрсэн. 


Суданы цац суварга
Суданд Египтээс олон цац суварга гэж үзэх нь бий. Нил мөрний эрэгт элс шороонд дарагдсан эдгээр суваргыг тун бага судалжээ. Суданы улстөрийн адармаатай нөхцөл, дорой буурай байдал судалгааны ажилд садаа болдог аж.


воскресенье, 1 марта 2015 г.

Стивен Хокингийн үзэл бодол



Миний IQ хэд болохыг би мэдэхгүй. Энэ үзүүлэлтэнд санаа зовж явдаг хүмүүс ихэнхдээ золгүй байх нь бий.
Би зарим нэг зүйлийг мэдэх ч Эйнштэйн биш шүү дээ.
Миний зорилго тун энгийн. Би орчлонгийн тогтолцоо болоод бид ямар учраас энд оршин буйг л ойлгохыг хүснэм.
Тэгшитгэл болвоос математикийн хамгийн уйтгартай бүрэлдэхүүн хэсэг. Би аливаа зүйлийг геометрийн өнцгөөс харах гэж хичээдэг.
Бид түг түмэн одноос юугаараа ч ялгарахгүй нэгэн одыг тойрон эргэх жижиг гараг дээр оршсон хүн дүрст мичнүүдийн ухамсар суусан үр хойч юм. Гэвч бидэнд хүй орчлонг ойлгох боломж бололцоо бий. Тиймдээ ч бид онцгой билээ.

Компьютерын вирусуудыг амьдралын нэгээхэн хэв маяг гэж үзэх учиртай. Ингэж үзвэл хүн төрөлхтний тухай маш сайн ойлголттой болно. Өнөөгийн байдлаар бидний бүтээсэн цорын ганц төрлийн амьдрал бусдыг сүйтгэж сүйдлэхээс цаашгүй. Бид өөртэйгээ ижил амь амьдралыг үүтгэж байна.
Орчлонд амьдрал үүссэн нь энэ орчлон угаас амьдрал үүсэхэд зориулагдсан гэж бодох үндэслэл огтхон ч болохгүй.
Мэдлэгийн хамгийн гол дайсан гэмээнэ харанхуй бүдүүлэг зан чанар биш харин хуурамч мэдлэг билээ.
Бидний амьдралд тохиолддог чухал асуудлыг шинжлэх ухааны үүднээс тайлах гэж насан туршдаа хичээлээ. Тиймдээ ч физикийн тухай номнууд маань Мадоннагийн сексийн тухай номнуудаас хувь илүү борлогдсон биз ээ.
Биеийн байдал минь ажил төрөлд тустай гэж хэлэхгүй ч судалгаа шинжилгээндээ бүрэн төвлөрөхөд нэмэртэй байдаг. 
Нэг үе би хөмсгөө хөдөлгөж л бусадтай харилцаж явлаа. Өмнө минь харуулсан үсэгтэй хавтанг хараад хөмсгөө аажуухан хөдөлгөнө. Тэр үед хүнтэй харилцаж, тэр тусмаа эрдэм шинжилгээний ажлаа хийх боломжгүй байсан. Азаар би компьютертэй холбогдсон жижиг бариулыг хоёр хуруугаараа хөдөлгөх чадалтай үлдэж. Ингэснээр тэргэнцэртэй холбогдсон дэлгэцэн дээрх үгнүүдээс сонгодог. Миний хэрэглэсэн үгнүүд дээд хэсэгт гардаг юм. Өгүүлбэрээ бүтээж дуусаад ярианы төхөөрөмжтэй холбоно. Энэ ярианы төхөөрөмж 13 жилийн өмнө хийгдсэн, одоогоор бол хуучны эд. Гэлээ ч би үүндээ их дасжээ. Миний нэг эд эрхтэн мэт болж, барагтай бол хүн шиг дуугарах болсон эд. Гэхдээ машин юм уу, Микки маус шиг ярихыг хэн хүсэх билээ?
Амьдрал байгаа цагт итгэл тасрахгүй.
Миний очихыг туйлын их хүсдэг газар орон энэ дэлхийд биш сансар огторгуйд бий. Билл Гейтс шиг байсан бол сансрын хөлөг хөлслөх байлаа. Хэдхэн зуун сая доллар байхад л хангалттай шүү дээ. 
ШИНЖЛЭХ УХААН, СУДАЛГААНЫ АЖИЛ МӨНГӨ ОЛОХООС ИЛҮҮ ТААШААЛ ӨГДӨГ ГЭДЭГТ БИ БАТ ИТГЭЛТЭЙ.
Миний чин хүсэл бөгөөс нисэх буудал бүрийн номын лангуун дээр зарагдах ном бичих. Гэхдээ үүний тулд хавтсан дээр нь нүцгэн хүүхний зураг тавих хэрэг гарах шинжтэй.
Би бурханд итгэдэг гэж болно. Гэхдээ энэ бурхан болвоос орчлонг хөдөлгөж буй тэр аугаа хүч, байгалийн хууль юм.
Эйнштэйн квант механикийн тодорхойгүйн зарчим, тогтворгүй байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Мань хүн “Бурхан шоо хаядаггүй” гэдэг байлаа.  Ингэснээрээ тэр хоёронтоо алдсан. Хар нүх оршин буй нь бурхан шоо хаядаг төдийгүй тэр шоогоо хэн ч харах боломжгүй газарт хаядгийг нотолж байна.

Шинжлэх ухааны уран зөгнөл төсөөлөл хөгжүүлж, ирээдүй хождоос эмээлгэхгүй болгодгоороо ач тустай. Гэвч шинжлэх ухааны баримтууд уран зөгнөлөөс илүү гайхал төрүүлэх нь бий. Уран зөгнөлд хар нүх гэж байгаагүй шүү дээ.
Хүн төрөлхний хамгийн хурц асуудал бол бидний уур хилэн. Агуйд амьдрах өнө эртний үед бид үүний хүчээр амь гарсан бол өдгөө бид үүнээ дарж чадахаа больжээ. Тиймээс генийн инженерчлэл л энэ байдлыг залруулж мэдэх юм.
Номондоо оруулсан тэгшитгэлийн тоогоор зарагдах хувь хэмжээ нь хоёр дахин багасна гэж нэг хүн надад хэлж билээ.
Тоон теоремтой маргалдах хүнгүй.
Хүн төрөлхтөн сансар огторгуйд гарахгүй л бол ахиад мянган жил оршин тогтноно гэдэгт би эргэлздэг. Манайх шиг жижиг гарагийн амьдрал мөхөх үй олон нөхцөл бий. Гэхдээ би өөдрөг үзэлтэй. Бид хэзээ нэгэн цагт алсын од руу аялах л болно.

Заяа төөрөгт итгэдэг хүмүүс ч зам гарахдаа хоёр тийшээ хардаг даа.
Интернетээр хэсэх нь телевизийн суваг өөрчлөхөөс өөрцгүй.
Миний хэл ярианы төхөөрөмж америк аялгатай. Америк, скандинав аялга эмэгтэйчүүдэд таалагддагийг би хэдийнэ анзаарсан.
Ууган хүү Роберт маань л шинжлэх ухаанд сонирхолтой. Роберт Майкрософт компанид программ хангамж хариуцан ажилладаг. Охин Люси маань франц, орос хэл үздэг. Одоогоор сэтгүүлч хийж байгаа. Отгон хүү Тим маань оюутан. Их сургуульд франц, испани хэл үздэг. Ач хүү Вильям маань дөнгөж хэлд орж буй ч компьютерт нугасгүй дуртай.
Эцсийн эцэст бууж өгч л болохгүй.

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...