Манж Чин гүрнийг
бараг хагас зуун жил гартаа атгасан Цыси хатан 1835 онд Манжийн хохь тайжийн
гэрт төржээ. Эцэг эх нь түүнд Ланьэр гэсэн нэрийг хайрлажээ. Тэрбээр багаасаа
өөртөө ихээхэн итгэлтэй нэгэн байсан бөгөөд 1853 онд хааны ордонд татвар эм
болон орсон байна. Манжийн хааны татваруудыг 5 зэрэглэлд хуваадаг байсны
хамгийн эхнийхийг нь хуангуйфэй, удаахийг нь гуйфэй, гуравдахийг нь фэй,
дөрөвдэхийг нь бинь, тавдахийг нь гуйрэнь гэдэг байлаа. Ланьэр эхэндээ хамгийн
доод зэргийн гуйрэнь болжээ. Тухайн үед татвар эмд жилд 400-аад доллар өгдөг
байсны ихэнхийг нь Ланьэр үнэтэй биеэ үнэлэгч бүсгүйд өгч элдэв зүйлд суралцсан
байна. Тэрээр бүжгээр хичээллэж, биеэ сайтар арчилж байсны зэрэгцээ хааны
тайгануудад хахууль өгч байж. Ингээд төд удалгүй Ланьэр хөгшин хаан Сянфэний
хатдын нэг болж, Цыси хатан хэмээгдэх болов.
Цыси хатан ном их уншдаг
байсны сацуу дуу бүжиг, уран зураг сонирхдог байлаа. Цыси зураг авах их дуртай
байж. Түүний авсан зарим зургууд нь өдий хүртэл Хааны зуны ордонд хадгалагддаг
билээ. Тэрээр маш үзэсгэлэнтэй байсан бөгөөд тухайн үед хааны ордонд ирж байсан
зочид үүнийг гэрчлэн бичсэн байдаг. Цыси 50 настайдаа 30-тай мэт, 70 настайдаа
40 гаран настай мэт харагддаг байсан гэдэг. Тусгайлан бэлдсэн хоол хүнс
хэрэглэж, өдөр болгон нэг аяга хөхний сүү уудаг байж.
Тэр үед хааны их
хатан хүүхэд гаргаагүй байсан бөгөөд Цыси ч хүүхэд гаргаагүй байв. 1856 онд
тэрбээр Туньжи хүүгээ төрүүлсэн бөгөөд угтаа тэр хүүг хааны нэгэн татвар эм
төрүүлсэн гэлцдэг.
1860 онд Хар тамхины
2-р дайны үед Цыси хаан, их хатан болон хатан ээжтэй бөглүү тосгонд нуугдан
бүгэж байхад хаан нууранд унаж төд удалгүй нас барна. Үүнд бас Цысиг буруутай
хэмээн харддаг. Ингээд 1873 он хүртэл балчир Туньжи хаан ширээнд суув. Туньжи
нас биед хүрч, төрийн эрхийг гартаа авмагцаа учир битүүлгээр нас барсан юм. Чухам
энэ үеэс л Цыси төрийн эрхийг гартаа авсан гэж болно. Тэгэвч тухайн
үед Туньжигийн эхнэр жирэмсэн байж, хөөрхий бүсгүйг Цыси зовоосоор амиа
хорлоход хүргэсэн гэдэг. Улмаар Цыси өөрийн зээ дүү Зайтянийг Гуаньсюй хаанаар
өргөмжилсөн боловч Манж гүрнийг чухамхүү өөрийн гартаа оруулж авсан юм.
Хятадын түүхчид Цысигийн
үед Манж гүрэн эдийн засгийн хувьд доройтож, улс төрийн хувьд тогтворгүй
болсныг түүний буруугаас болсон гэж үздэг. Цыси ордонд өөрийн тагнуул туршуулын
сүлжээг бий болгож, хуйвалдаан гаргах бүх нөхцлийг үндсээр нь үгүй хийж чаджээ.
Ноёд түшмэд түүнээс үхтлээ айдаг байв. Гэвч Цыси бас уян зөөлөн сэтгэлтэй
байжээ. Ордонд 10 сар амьдарч, түүний хөргийг зурж байсан Катарина Карл хэмээх
зураач энэ тухай номондоо бичсэн байдаг. Цыси өөрийг нь 25 жилийн өмнө маш
удаан хүндээр өвдөхөд асарч тойлж, хөхний сүүгээ өгдөг байсан хятад эмэгтэйг
насан туршид нь ордонд байлгаж халамжилдаг байсны сацуу хүүг нь боловсролтой
болгож, нэгэн яаманд түшмэл болгон тохоон томилсон байдаг.
1900 онд гарсан Ихэтуаний
бослогын дараа Цыси хөдөө тосгон руу зугтсан боловч төдхөнөө энэ бослого
дарагдаж, Бээжинд буцаж ирэв. Гэсэн ч өрнөдийн орнууд Манж Чин улсад өөрийн
нөлөөг тогтоогоод эхэлжээ. Цыси зээ дүү Гуансюйгээ (1871-1908 онд хаанчилж
байсан) хордуулж алсан гэх агаад дүүгээ нас барснаас хойш 24 цагийн дараа өөрөө
энэ хорвоог орхисон юм. Түүнийг 1908 онд цус харваж нас барсан гэлцдэг ч үнэн
хэрэгтээ тэрбээр хар тамхинд донтсон байлаа. Анх ордонд ирэхэд нь Сянфэн
хааны өгсөн хос ээмгийг Цыси насан туршдаа зүүж байсан гэдэг.
Комментариев нет:
Отправить комментарий