“АХ” киногоороо олны танил болсон Сергей Бодров энэ жил
43 нас хүрэх байлаа. Тэрээр арван хоёр жилийн өмнө Кармадоны хавцалд эндсэн юм.
Бодров хүүхэд ахуй насандаа тохиолдсон хэдэн явдлын тухай
ийнхүү дурссан байдаг.
“Энэ үйл явдлуудын дийлэнх нь арван зургаан нас хүрэхээс
минь өмнө болж өнгөрсөн бөгөөд сэтгэл зүрхэнд минь шингэн үлджээ. Үүнээс хойш
орчлонгийн элдэв явдал намайг тэгтлээ их гайхшруулахаа больсон гэхэд нэг их
хилсдэхгүй.
Хүүхдүүд амьдралын тухай эргэцүүлэх нь олонтаа ч энэ
тухай маруухан ойлголттой байдаг даа. Бага байхдаа надаас илүү ухаантай хүн
байхгүй шиг л санагддаг сан. Харин Толстойн “Хүүхэд ахуй. Идэр нас” зохиолыг
уншсанаас хойш ингэж сэтгэхээ больж билээ. Толстойн өгүүлэмж миний бодол
санаатай яв цав тохирч байсанд ихээхэн хачирхсан сан. Чухамдаа энэхэн мөчид би САЯ
ЖИВАА ХҮМҮҮНИЙ ОЮУН БОДЛЫН БИЧИЛ ОРЧЛООС ЭНЭ Л ЗАМБУУТИВ БҮРЭЛДЭН ТОГТОЖ,
ХЯЗГААР НЬ ҮГҮЙ ҮРГЭЛЖИЛДГИЙГ таньж мэдсэн гэхэд болно.
Нэг удаа андынхаа тоглоомон машиныг хулгайлчихаад гэмшсэндээ
тоглож чадсангүй. Ээж маань энэ тухай олж мэдээд андынхаа эцэг эхэд хэл гэлээ.
Газар дор ортлоо ичиж байсан ч ЗҮРХ ЗОРИГ ГАРГАХ НЬ ХУУДУУТАЙ ЮМ ХИЙХЭЭС ХАВЬГҮЙ
ХҮНД Ч ГЭЛЭЭ СЭТГЭЛИЙН ХАТТАЙ БОЛГОДОГ гэдгийг ухаарсан даа.
Пионерийн лагерьт байхдаа алив хүн хэдийгээр СЭТГЭЛ
САЙТАЙ БАЙЛАА Ч ТЭР БОЛГОНЫ ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ХҮЛЭЭДЭГГҮЙГ ойлгосон юм.
Нэгэн удаа бид хэд сургуулийн өлгүүрт сууж байтал
хажуугаар өнгөрсөн бага ангийн багш биднийг халаас ухаж байна хэмээн хардаж
сэжиглэлээ. Төдхөн энэ явдал аав, ээжийн минь чихэнд хүрч, ҮНЭН МӨНИЙН ТӨЛӨӨ
ТЭМЦЭХ ШААРДЛАГАТАЙ гэдгийг ойлгуулсан даа.
Сургуульд байхдаа ангиараа Унгар явсан нь өдгөө ч санаанд
илхэн. Гадаад орон биднийг алмайруулж, үеийнхэн маань дарс шимэн, найз охидоо
өөрийн мотоциклоор зугаацуулдаг байж билээ. Унгарын багтай хөлбөмбөгийн
нөхөрсөг тэмцээн зохиосон нь энэ насанд минь тохиосон хамгийн ширүүн тулаан
болов. Манайхан тэр өдөр ялж, би гэдэг хүн ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХ ХЭДИЙ
ХҮЧТЭЙ байдгийг сэтгэлийн чанадад мэдэрсэн юм.
Эр бяр амтагдсан өсвөр насандаа би нилээдгүй зодоонч
явлаа. Арван зургаатайдаа ангийнхаа хөвгүүний хамрыг хугалж, хэрэгт холбогдохоо
дөхсөн ч мөрдөн байцаагч хэрэгсэхгүй болгоно хэмээгээд сургуульд нууцаар зарж
буй порно кино болон хулгайн гэмт хэргийн тухай сэм мэдээлэхийг хүсч утсаа
өглөө. Хамраа хугалуулсан банди хаалганы цаанаас чагнаж байсан тул өрөөнөөс
гараад би мөрдөн байцаагчийн утсыг тэмдэглэсэн цаасаа хаяхаас өөр аргагүйд
хүрсэн сэн. ХҮН ЧАНАР ГЭДЭГ АЙДАС ХҮЙДСИЙГ ДАВЖ ДАРЖ БАЙХ УЧИРТАЙГААС тэр биз
ээ.
Хайртай хүнээсээ анх
холдох хичнээн хэцүүг хүн бүхэн мэднэ дээ. Би бусдын л адил энэлэн шаналж явсан
ч нэг орой үзэг цаас холбож, шумбагч онгоцны офицерийн тухай уянгын өгүүллэг
тэрлэсэн юм. Үүр хаяарч өгүүллийнхээ сүүлийн цэгийг тавьсан тэрхэн мөчист УРЛАГ
ГЭЭЧ НЬ ЯМАР АГУУ ХҮЧТЭЙ болохыг энэ биеэрээ мэдэрч билээ.
Орчуулсан Б.Гэрэл
Орчуулсан Б.Гэрэл
Сайн жүжигчин, сайхан ч залуу байсан даа
ОтветитьУдалить