Тэрээр
эрвээхэйн далавчны хээ хуар шиг төрмөл авьяастай атлаа хэсэгтээ үүнээ мэдэлгүй
гундааж явсан даа. Гэмтэж бэртсэн даль жигүүрээ хэрхэн ашиглаж болохоо хожуу ч
гэлээ сэхээрч, энэ тухай бодож тунгаах болсон ч дүүлэн ниссэнгүй. Учир нь Скотт
дүүлэн нисэх хүсэл тэмүүлэлгүй болоод, урьд нь хэрхэн нисч байсан тухайгаа л
эргэцүүлж суусан сан.
Скотт Фицжеральдтай
танилцах тэрхэн мөчид нэгэн жигтэй явдал тохиож билээ. Скоттой байхад сонин
хачин явдал үргэлжид тохиох ч энэ учрал өдий болтол ой тойноос минь гардаггүй.
Деламбр гудамжны “Динго” бааранд хэдэн үл бүтэх нөхөртэй сууж байх ахуйд орж
ирээд өөрийгөө болон хамт яваа нөхрөө танилцуулав. Манай хүн бэйсболын алдарт
тамирчин Данк Чаплинтай хамт явж байлаа. Би Принстоны бэйсболын тухай ямар ч
ойлголтгүйн дээр Данк Чаплиныг огтоос мэдэхгүй ч тэр залуу Скоттоос хувь илүү
санагдаж билээ.
Тэр үед
Скотт тун дажгүй байрын дүр төрхтэй, долгиотой цайвар үс, өргөн дух, гялалзсан
сайхан нүд, ирланд маягийн том амтай, шулуухан хамартай залуу байлаа. Ялангуяа
ам нь хүн харахад эвгүй санагдах бөгөөд Скоттой дотно танилцаад энэ бодол минь
лавширсан даа.
Угтаа би аль
эртнээс Скоттой нүүр тулахыг хүсч байлаа. Тэр өдөр алдарт тамирчин Данк
Чаплинтай энэ кафегаар дайрсан нь үнэхээр гайхалтай явдал болсон юм. Скотт миний
тухай ам хамхилгүй ярьж, өгүүллэгүүдийг минь тэнгэрт тултал магтсанд би жаахан
эвгүйрхэж билээ. Дээхнэ үед хүнийг нүүрэн дээр нь магтахыг доромжлол хэмээн
үздэг байлаа. Скотт оргилуун дарс захиалж хэдүүл хувааж хүртэв. Зэрвэс харвал
чийрэг гэж хэлэхээргүй туранхайвтар боловч нүүр нь бага зэргийн хөөнгөтэй юм.
Ах дүү Бруксийн костюм өмссөн нь сайхан зохижээ. Дотуураа цагаан цамц өмсөөд
цэргийн зангиа зүүж.
Жигтэйхэн
шалмаг хөдөлгөөнтэйгээс гадна тэйкний хажуугийн сандал дээр суувал богиновтор
хөлтэй нь нүдэнд торов. Хөл нь жаахан урт байсан бол ядахнаа хоёр ямхаар өндөр
байх санж. Скотт дахин нэг шил оргилуун дарс захиалаад дуугаа хураачихав.
Харин Данк
бид хоёр биеэ барихаа болилоо. Өдий хүртэл эхнэр болоод дотны хэдэн андуудаас
минь өрөөл нэгэн өчүүхэн намайг агуу зохиолч хэмээн сэтгэдэг тухай гадарлаж
яваагүй тул Скоттыг миний тухай мөн ингэж бодсонд сэтгэл хангалуун байлаа. Төд
удалгүй Скоттын яриа өндөрлөж, намайг шалгааж эхэлдэг юм байна. Бүхий л зүйлийн
талаар шулуухан гэгч нь асуух бөгөөд бултаж булзааруулах аргагүй.
-Таныг
Эрнест гэж дуудаж болох уу?
-Данкаас
асуу л даа.
-Тоглосны
хэрэггүй дээ. Та эхнэртэйгээ гэрлэхээсээ өмнө дэр нэгтгэсэн үү?
-Санахгүй
юм даа.
-Яагаад
ийм чухал зүйл санадаггүй байна аа?
-Харин
сонин л юм. Гэхдээ л би санахгүй юм байна.
-Та санаж
л байгаа шүү дээ.
-Харамсалтай
нь мартаж дээ.
-Тоглоом
шоглоомоо болиод санахыг оролд доо.
-Санаж
чадахгүй байхаа даа.
-Гэсэн ч
санах гээд хичээ л дээ.
Ийн шалах
зуураа Скоттын хөлс чийхарчээ. Би хөл рүү нь хараад нүүр лүү нь ширтвэл дээр
дурьдсан жигтэй явдал болсон юм.
Тэйкний
хажуугийн сандал дээр оргилуун дарстай хундага барин суухдаа нүүрнийх нь хаван
буусан шиг харагдаж, нүд нь хонхойгоод арьс нь гөлийж, гавлын яс нь тодрох шиг болж
билээ. Нүд нь нэг цэгт гөлрөөд, нүүр нь цонхийсноо эгээтэй л үхсэн хүн шиг
гөлийлөө.
-Скотт, Та
зүгээр үү? гэвэл хариу өгсөнгүй.
-Түргэн
тусламж дуудвал дээр байх гэхэд Данк ер тоосон шинжгүй:
-Зүгээр
дээ. Хааяадаа ингэдэг юм гэх нь тэр.
Хоёул
Скоттыг таксинд суулгахад Данк:
-Харих
замдаа зүгээр болчихно доо гэж билээ.
Хэдэн
өдрийн дараа “Клозери-де-Лила”-д түүнтэй таарахад оргилуун дарс түүнд хэтэрхий
их нөлөөлсөнд санаа зовж байснаа хэлбэл Скотт:
-Юун
оргилуун дарс вэ, Эрнест минь гэдэг юм байна.
-Яагаа вэ?
Тэр өдөр “Динго”-д уусан дарс.
-“Динго”-д
онц гойд юм болоогүй шүү дээ. Би тэр зэвүүн англичуудаас залхаад л харьсан юм.
Тэр орой
“Динго”-д хоёр англи хүн байсан нь бүүр түүрхэн санагдана.
-Тэр
бүдүүлэг эр, эм хоёр Таны найзууд гэсэн шүү хэмээхэд нь би:
-Тэр хоёр
Таны зангиаг голжээ дээ гэвэл:
-Үгүй дээ.
Би цагаан цамц өмсөөд жирийн нэг хар зангиа зүүсэн байсан гэлээ.
Скотт
намайг чухам яагаад энэ кафед суудгийг сонирхоод зохиолч, яруу найрагч,
шүүмжлэгч, хэвлэн нийтлэгчдийн тухай буруу зөвгүй ярьж гарлаа. Алдартай
зохиолчдын аж амьдралын талаар хэгжүүрхсэн ч чин сэтгэлээсээ ярьж байсанд би
өөрийн эрхгүй энэ залууд татагдаж билээ. Өөрийнхөө зохиолуудыг үл тоосон
шинжтэй дурдсан боловч шинэ романдаа ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой. Урьдын
бичсэндээ жаахан сэтгэл дундуур явдгийг нь мэдрээд энэ зохиол нь үнэхээр сайн
болсон байх гэж бодлоо. Тэрбээр “Агуу Гэтсби” хэмээх зохиолынхоо цорын ганц
эхийг хэн нэгэнд уншуулахаар өгсөн бөгөөд авангуутаа надад өгнө гэсэн юм. Яриа
хөөрөөнөөс нь энэ зохиол хэр сайн болохыг таах аргагүй ч Скотт жаахан гэрэвшсэн
шинжтэй байсанд би өөрийн эрхгүй тэрхүү романыг нь хурдхан олж авахыг хүссэн
дээ.
Скотт энэ
романаа гайгүй сайн болсонд хөөрч баясахын сацуу яльгүй ичингүйрч байх шиг
санагдсаныг нуух юун.
Оройдоо хоёул
хоёр хундага виски хөнтөрсөн ч Скотт эвгүйрхсэнгүй. Элдвийн юм шалгаалгүй
ухаалаг бөгөөд энгүүхэн хуучлав.
Эхнэр
Зельдатайгаа зугаалж яваад тэнгэр муудсанд машинаа Лионд орхисон гээд галт
тэргээр хамт явж машиныг нь авчрах уу гэлээ. Тэднийх Оддын талбайн ойролцоох
Тильзит гудамжнаа тавилгатай байр хөлсөлжээ. Хавар шувтарч байлаа. Тэр өдөр Скотт
надад машид таалагдаж “Динго”-д болсон тэр нэгэн явдал хар дарсан зүүд мэт
санагдав. Тиймдээ ч дуртайяа түүнтэй Лион руу явна гэж билээ.
Чингээд маргааш
өдөр нь хоёул хурдан галт тэргээр Лион хүрэхээр болж, нөгөөдөр нь Парис руу
гарахаар тогтлоо.
Замдаа өөрөөс
минь хэдэн насаар ах, бас ч үгүй алдартай зохиолчтой хууч хөөрөн нилээдгүй зүйл
сурч мэднэ хэмээн бодоод жигтэйхэн хөөрцөглөв. Тэр үед Скоттыг ахмад үеийн
зохиолч хэмээн бодож байсан бөгөөд “Агуу Гэтсби” романыг нь хараахан уншаагүй
байж билээ. Манай хүн гурван жилийн өмнө бузгай олон уншигчтай асан “Сатердэй
Ивнин Пост”-д өгүүллэгүүдээ нийтлүүлнэ. Үнэндээ тэр үестээ Скоттыг дорвитой
зохиолч гэж боддоггүй байсан сан. “Клозери-де-Лила”-д суух ахуйд Скотт
өгүүллэгүүдээ сэтгүүлд гарахаас нь өмнө уншигчдад зориулаад засдаг гэсэнд
эгдүүцсэн хэрэг л дээ. Угтаа энэ нь биеэ үнэлэхээс өөрцгүй гэдгийг Скотт хүлээж
байсан ч ясны сайн бүтээл туурвихын тулд чингэхээс өөр аргагүй гэсэн сэн. “Зохиолч
хүмүүн чадал чансаагаа хэр тааруу болгож туурвих аваас авьяас билгээ
мохоосонтой адилхан бус уу?” гэхэд тэрбээр ингэж засварлах нь төрмөл авьяас
билигт огтхон ч нөлөөлөхгүй хэмээв. Гараасаа ганц ч атугай роман гаргаагүй би
гэдэг хүн нэгэн догол мөр дуусгах гэж хааяадаа өглөөжингөө суух нь энүүхэнд
байж билээ.
Хэдли минь
Скоттын зохиолуудад хорхойсч дурлаагүй ч гэлээ хамт явах болсонд учиргүй хөөрөв.
Эхнэр минь Генри Жэймсийг шүтдэг байлаа. Мөнгөтэй сэн бол машин аваад эхнэртэйгээ
хамт явахыг хүсэх ч өдгөө өнгөрсөн улирсан үеэ дурсах нь ээ, машин авч чадахаар бэл бэнчинтэй болно чинээ санасангүй явж. Тээр жил би “Бони ба Ливрайт” хэмээх
хэвлэлийн газраас өгүүллэгийнхээ эхний түүврийн урамшуулалд хоёр зуун доллар
авч, түүвэр минь Америкт тэр намраа худалдаанд гарсан сан. Үүнээс гадна “Франкфуртер
цейтунг”, Берлиний “Квершнитт”, Парисын “Куортер”, “Трансатлантик ревью”-д
өгүүллэгүүдээ худалдаж, долоон сард Памплон, Мадрид болон Валенсия руу аялахаар
мөнгөө нөөнө.
Тэр өглөө
би Лионы галт тэрэгний буудалд чамгүй эрт хүрч, үүдэн хавьцаа Скоттыг хүлээж
зогслоо. Скотт тасалбар авчрах байсан ч галт тэрэг хөдлөх болоход бараа
сураггүй шүү. Арга ядаад тасалбар авч галт тэргэнд суугаад Скоттыг хайсан ч олж
харсангүй. Гуравдугаар ангиллын тасалбар дууссан учраас хоёрдугаар ангиллын
тасалбар авч Дижон хүрээд Лионд буух буудлынхаа нэр усыг цахилгаанаар явууллаа.
Нас бие гүйцсэн хүн галт тэрэгнээс хоцорч байхыг дуулж явсангүй тул үнэхээр
гайхширч билээ. Гэсэн ч энэ удаагийн аяллаар маш олон шинэ содон зүйл олж
мэдсэн гэхэд хилсдэхгүй.
Залуу зандан
насандаа омголон, ширүүн ааштай явсан би гэж хүн Монтеро өнгөрч байж л сая нэг дотор
уужрав. Бусдаар даалгаж хаа нэгтээ явж үзээгүй болоод ч тэр үү, энэ удаад ч
зочид буудал болоод хоол хүнсний зардлаа эн тэнцүүхэн гаргахаар тохирсон юм.
Харин одоо Фицжеральд Лионд ирэх эсэхийг мэдэхгүй л явлаа. Эгдүүцэж уурссандаа
мань хүнийг дотроо Скотт гэхгүй Фицжеральд гэх болов.
Лионд хүрээд
Скоттыг нааш гарсныг олж мэдсэн ч гэрийн үйлчлэгч нь ямар буудалд буухыг нь
мэдэхгүй байлаа. Намайг утасдахад эхнэрийнх нь бие тавгүйрхээд унтахаар хэвтжээ.
Лионы томоохон зочид буудлууд руу утас цохиж лавласан ч Скоттыг олсонгүй. Кафе
орж ундаа уунгаа сонин хэвлэл гарчиглаж суунгаа гал залгиж, буйлаараа зоосон
мөнгө мурийлгадаг нэгэн залуутай танилцав. Залуу энэ ажлаар Лионд амь зуухад
хэцүү гээд хуурамч гал залгигчид нэр хүндийг нь унагааж буй хэмээн гомдоллоно.
Сайхь залууг дарсаар дайлж, аятайхан газар заалгаад оройн хоол зооглохоор гарлаа.
Бид хоёр
алжир зоогийн газарт төсөөрхөн боловч тухтайхан хооллоод алжир дарс хүртэв.
Үзэг цаас холбож хэд гурван өгүүллэг бичдэгийг минь дуулаад өнөө залуу урьд
хожид олны чихэнд хүрээгүй маш олон хачирхалтай түүх мэднэ хэмээгээд Хойд
Африкийн Хөх султаны нутагт очвоос дайн тулаан, харгис хэрцгий эрүү шүүлт,
цааз, хүчирхийлэл, сэтгэл сэрдхийлгэм зан үйлийн тухай үй олон гайхалтай түүх
сонсох боломжтой гэлээ. Тэрбээр Марсель явахаар зэхэж байсан бөгөөд нугалсан
зооснуудаа тэгшилж ширээн дээр өрнө. Төдхөн би тооцоогоо хийж, зочид буудал
руугаа буцсан юм.
Скотт тэр
өдөртөө л надтай холбоо барьсангүй. Тургеневын “Анчны тэмдэглэлүүд”-ийг
уншингаа хажууллаа. Сүүлийн гурван жилд анх удаа ийм тансаг зочид буудалд
байрласан нь энэ.
Өглөө
болоход намайг нэг хүн сурж ирсэн нь өнөөх Скотт!
-Эвгүй юм
болчихлоо. Буусан зочид буудлыг чинь мэдсэн бол хүлээлгэхгүй байх байж.
-Зүгээр
дээ. Та хэзээ ирэв дээ?
-Таны
суусны дараагийн галт тэргээр. Мэдсэн бол хамт ирдэг байж.
-Өглөө
цайлаа юү?
-Хааяагүй Таныг
хайгаад амжаагүй л явна.
-Энд
буусныг минь гэрийнхэн чинь хэлээгүй юү?
-Хэлээгүй
л дээ. Зельдагийн бие тавгүйрхээд ганцааранг нь орхиод ирэх хэрэггүй байж гэж
бодоод.
Бид хоёр
зочид буудалд цайлж замдаа идэх хоол хүнс зэхээд гарлаа. Скотт өрөөний
төлбөрийг хийх гэсэн ч би өөрөө төллөө. Хүнээр даалгахад жигтэйхэн эвгүй байдаг
л даа. Испани явах мөнгөө үрж байсан ч Сильвия Бичээс энэ мөнгөө зээлээд
авчихаж болно доо хэмээн сэтгэлээ аргацааж явлаа.
Хоёул Скоттын
машинаа тавьсан гаражид ирвэл машин нь дээвэргүй байж таарав. Зельда онгорхой
машинд дуртай бөгөөд тэр хоёр машинаараа Лион орж бороо шивэрч эхэлсэнд эндээ
үлдээсэн юм байж. Скотт гаражийн төлбөр болон тос масло сольсон хөлсөө төлөөд
замд гарлаа. Ингээд Лионоос гараад цаг хэртэй давхиж байтал бороо асгарав.
Тэр өдөр бид
хоёр нэжгээд удаа зогссон сон. Цувтай явсан бол бороонд норох сайхан л
даа. Зам зуур Маконоос авсан дөрвөн шил дарсаа задлав.
Скотт анх
удаа шилээр нь дарс ууж байгаа бололтой их л хөөрч билээ. Үдээс хойш тэрээр
Итальд уушгины үрэвслээс болж нас барсан хоёр хүний тухай ярихад энэ нь хатгаа
өвчин болохыг сануулаад авлаа. Гэсэн ч Скотт надад ердөө итгэсэнгүй. Тэр тусмаа
эмч аав минь Европд бий болсон энэ өвчний тухай мэдэх ёсгүй хэмээв. “Америкийн
эрүүл мэндийн нийгэмлэгийн сэтгүүл”-д Гиппократын үед ч энэ өвчин байсан тухай
өгүүлсэн нэг нийтлэлийг уншсанаа дурдаж, спирт багатай цагаан дарс уух нь
өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн арга гэвэл манай хүн бага зэрэг тайвшрав.
Гэлээ ч
төдхөнөө томхон хотод хэзээ хүрэх бол хэмээн санаа зовж эхэлсэнд сайндаа л
цагийн дараа орно гэлээ.
Скотт
намайг үхлээс айдаг уу? гэхэд би хааяадаа эвгүйрхдэг ч заримдаа огт эмээдэггүй
гэж билээ.
Энэ үед
бороо цутгаж, хажуугийн тосгонд хорогдвол эмийн сангууд хэдийнэ үүдээ барьжээ.
Зочид буудалд орж унтахаар хэвтэнгээ Скотт уушгины үрэвслээс үхэхэд харамсах
зүйлгүй ч Зельда болон бяцхан Скотти хоёрыг нь хэн асарч халамжлах вэ гэдэгт
машид сэтгэл зовдгоо өгүүлэв. Хэдли, бяцхан Бамби хоёрыгоо харж халамжлах
үүрэгтэй ч Скоттын эхнэр хүүхдийг чадах чинээгээрээ тэтгэж дэмжинэ гэвэл
талархал илэрхийлэн Зельдаг их уулгаж болохгүй шүү гээд бяцхан Скоттиг англи
гэрийн багштай болгох хэрэгтэй хэмээн захидаг юм байна.
Скоттын
зүрх минутанд далан хоёр цохилох агаад халуураагүй байлаа.
-Хэсэгтээ
тайван хэвт. Нимбэгний шүүс, жаахан виски балгаад аспирин уучихвал ханиад ч
хүрэхгүй. Халуураагүй байна шүү дээ.
-Халуураагүй
гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ? Халууны шил аваад ирээч.
Буудлын
үйлчлэгчийг эрж олоод халууны шил, аспирин хоёрт явуулж хоёр хундага виски,
нимбэгний шүүс авлаа. Скоттын жүжиглэхээс нэг мөр залхаж эхлэв.
-Та
халууны шил авчрав уу?
-Хүн
явуулчихлаа.
Галзуу
хүнд уурлах нэмэргүй шиг Скоттод уураа гаргах боломжгүй дээ. Лион руу явсандаа
харамсах ч шиг. Тээр жилүүдэд архичид хатгаа өвчнөөр нас барах нь элбэг байснаас
Скотт жийрхэж байсан биз ээ. Гэхдээ Скоттыг архичин гэхээргүй, эгээтэй л
амсангуутаа согтчихдог нэгэн байж билээ.
Тэр үед Европчууд
дарс их уудаг байлаа. Ерөөс дарс уух нь тансаглах бус, хоолож ундлахын дайны
жир үзэгдэл байж. Дарс, сидр буюу шар айраг уулгүйгээр хооллож явсангүй.
Ингээд үйлчлэгч
халууны шил авчрахыг хүлээнгээ сонин гарчиглалаа. Франц сонингуудад хэд хэдэн
дугаар дараалан онц ноцтой гэмт хэргийг хэрхэн илрүүлсэн тухай дэлгэх нь
олонтаа.
Эмийн сан хаалттай
тул үйлчлэгч халууны шил авчирсангүй, хүнээс аспирин аваад иржээ. Скотт
үйлчлэгчийн өөдөөс ширэв татаад:
-Халууны
шил хэрэгтэй гэдгээ сайн хэлсэн юм уу даа? гэхэд нь ямар ч байсан халууны шил
олоод ирээч хэмээн үйлчлэгчээс гуйлаа.
Скотт
үйлчлэгчид цайны мөнгө өгөхгүй бол юү ч олж ирэхгүй гэхэд нь Ивен Шипмен болоод
“Лила” кафений зөөгч хоёрын халуун дотно харьцааг санагалзаж, энэ тухай ярихыг хүссэн
ч Скотт үйлчлэгч, зөөгч мэтийн хүмүүсийн зовлон зүдгүүр, сайхан сэтгэлийг огтоос
хайхардаггүй нэгэн. Тэр жилүүдэд Скотт францчуудад ихээхэн дургүйлхэж, зөөгч,
үйлчлэгч, таксиний жолооч, түрээсийн байрны эзэдтэй харьцахдаа олонтаа гутаан
доромжилдог сон.
Тэр тусмаа
итальчуудыг францчуудаас илүүтэй үзэн ядаж, тэдний талаар эрүүл саруулдаа ч
тайван ярьж чаддаггүй байлаа. Харин англичуудад дургүй ч хааяадаа магтаж
дуулдана.
Оройдоо Скотт
тайвширч, аспирин давхарлаж уугаад виски шимлээ. Сонин уншиж суувал:
-Үхэх гэж
байхад сонин уншаад сууж байдаг. Та ч хатуу сэтгэлтэй хүн юм даа гэх юм.
-Эмч
дуудах уу?
-Тосгоны
заваан франц эмчид үзүүлэх хүсэл алга. Халуунаа л хэмжмээр байх юм. Хувцсаа
хатааж галт тэргээр Парис руу буцаад Нейигийн америк эмнэлэгт үзүүлмээр байна.
-Өглөө
болтол хувцас хунар маань хатахгүй ээ. Тэгээд ч энд галт тэрэг зогсдоггүй
болохоор амарч аваад хөдөлсөн нь дээр ээ.
Буудлын
үйлчлэгч халууны шил авчиртал Скотт халуунаа хэмжмээр байна хэмээн үглэсээр
байж билээ. Үйлчлэгч ванны усны халуун хэмждэг термометр аваад ирэв. Шулуун
гэдэсний халууны шил байгаагүй нь их юм гээд халуун хэмжигчээ Скоттын суганд
хавчууллаа. Дөрвөн минут болоод авбал Скотт:
-Ингэж
уддаг юм уу? гэх юм.
-Халууны
шил биш болохоор жаахан удаахад гэмгүй ээ.
Скотт
халуураагүй, биеийн халуун нь гучин долоо зургаатай байлаа. Халуунгүйдээ итгэж ядан
намайг халуунаа хэмж гэвэл хүслээр нь болгож мөн л гучин долоо зургаатай байна
гэлээ. Үнэндээ халууны шил гучин хэмээс илүү заахгүй байсан юм. Скотт намайг
зүгээр эсэхийг лавлаж асуугаад халууны шил буруу хэмжээд байна уу? хэмээн
эргэлзэж эхэлсэнд би дахиад хэмжье гэвэл дургүйлхэж:
-Хэрэггүй
биз дээ. Би ер нь хурдан эдгэрдэг юм гэж билээ.
Скотт эхнэртэйгээ
утсаар ярихаар гарахдаа:
-Зельда
бид хоёр гэрлэснээсээ хойш анх удаа холдож байгаа юм. Өнөөдөр анх удаа
ганцаараа хонох гэж байна даа гэхэд нь урьд шөнө яаж яваад эхнэртэйгээ хамт
хоносны учрыг нь олсонгүй.
Үйлчлэгч
хувцас хунар минь цагийн дараа хатна гэсээр орж ирэхэд хоёул мөн л виски
захиаллаа. Надтай анх удаа ингэж их уусан ч огт согтсонгүй. Скотт эхнэртэйгээ
дайны үеэр танилцаж, нэг хэсэг холдоод дахин нийлсэн тухайгаа хүүрнэлээ. Зельда
жилийн өмнө Сан-Рафаэльд франц нисэгчид сэтгэл алдаж, хэсэгтээ хүндхэн л байж.
Хожмоо Скотт энэ тухай өөр маягаар хуучилсан ч чухамдаа анх ярьсан тэр хувилбар
үнэн бодитой гэдэгт би одоо хэр нь эргэлздэггүй.
Скотт
гайхалтай уран цэцэн яриа хөөрөөтэй, тиймдээ ч үг үсгийн алдаа засах
шаардлагагүй учраас бичихээсээ илүү ярих дуртай гэмээр. Надтай танилцаад хоёр
жилийн дараа л овгийг минь зөв бичиж сурсан сан.
Оройдоо
Скотт Сан-Рафаэльд болсон тэр нэгэн явдлыг нүдэнд харагдтал уран яруу өгүүлж
билээ. Хэрэв зээ энэ явдал үнэн бол Зельда тэр хоёр яаж яваад шөнө болгон хамт
унтаж байсныг би ухаарсангүй.
Бид хоёр
доош бууж хооллоход Скотт эхнэртэйгээ ярихаар гарч одоод цаг гаран боллоо. Олигтой
ч юм идсэнгүй дарс шимж суугаад нилээд согтсонд үйлчлэгчтэй элбэн байж өрөөнд нь
оруулж хэвтүүлэв.
Скотт багашаархан
балгаад л хорддог хүн байсан даа. Маргааш нь тэнгэр цэлмэж, хоёул Кот-д'Ор-оор
дайрч давхилаа. Скотт хачин хөгжөөнтэй болоод Майкл Арлений зохиолуудын талаар
ам хуурайгүй ярих аж.
Парист
ирээд Скотт гэртээ үлдэж, би такси барин харьж билээ. Хайрлаж хүндэлдэг нэгэнтэйгээ
л аялалд гарах нь хамгаас илүү гэдгийг энэ удаагийн аяллаар яс махандаа
шингэтэл ойлгож билээ. Угтаа Скотт сэтгэлдээ шаналж гансарч явсан нэгэн шүү дээ.
Эхнэртэйгээ
сар хагасын дараа Памплон, Мадрид болон Валенсиагаар аялахаар тогтоход Хэдли минь
жигтэйхэн их хөл хөөрцөг болсон сон.
Хоёр
хоногийн дараа Скотт номоо авчирч өглөө. Эхэндээ номных нь гял цал хавтсыг
хараад сэтгэл дундуур байсан ч Скотт Лонг-Айлендын сурталчилгааны самбараас
санаа авч ийм хавтас хийснээ хэлээд “Одоо солино оо” гэсэн сэн.
Скоттын хачин
жигтэйгээр биеэ авч явах энэ мэт байдал нь угтаа өвчин болохыг тэрхүү номыг
уншиж дууссаны дараа ойлгож, аль болох тусалж дэмнэх хэрэгтэйгээ ухаарч билээ.
Тэрбээр нилээдгүй олон анд нөхөртэй явсан ч би гэдэг хүн хэзээ нэгэн цагт
тус хүргэж магадгүй хэмээн өөрийгөө найзуудынх нь тоонд оруулав. Скотт “Агуу
Гэтсби” хэмээх гайхалтай роман бичиж чадсан хойно үүнээсээ давж гарах зохиол туурвих
нь лавтай хэмээн сэтгэсэн сэн. Зельдатай нүүр тулж уулзаагүй тэрхэн мөчид
адармаат амьдралын орчин ахуй нь Скоттыг гансран ганихруулж асныг огтхон ч
гадарласангүй.
Орчуулсан Б.Гэрэл
Орчуулсан Б.Гэрэл
Баярлалаа
ОтветитьУдалить