среда, 25 декабря 2013 г.

МО ЯНЬ “ТОМ ХӨХ, ӨРГӨН ӨГЗӨГ” ЗОХИОЛЫН БААТРУУД (үйл явдлын товчоон)

 Гол баатар Ээж – Шангуань Лу, багын нэр нь Сюаньэр, багадаа өнчирч нагац эгч болоод Том хөлт Үй ахындаа өсөх ажээ. Дархны хүү Шангуань Шоуситэй дэр нэгтгэж, өтөл насандаа христийн шашинд орсон бөгөөд 95-тайдаа өөд болно.
Том охин – Том хөлт Үйгээс олсон Шангуань Лайди нь Ша Юэлянтай гэрлэж, Ша Заохуа хэмээх охинтой болох агаад Чөлөөлөх дайны дараа Хэлгүй Суньд богтлогддог. Улмаар Японоос ирсэн Пичуга Ханьд сэтгэл алдарч, нөхрөө хорлосноор цаазын ял сонсох ажээ.
Удаахь охин – Шангуань Жаоди, мөн л Том хөлт Үйн охин тэрбээр Японыг эсэргүүцэх цэргийн хороон дарга Сыма Кутэй гэрлэж, Сыма Фэн, Сыма Хуан хэмээх 2 охин төрүүлэх агаад Бие даасан 16-р нэгтгэлийн цэргүүдтэй мөргөлдөх үест хүндээр шархдаж насан эцэслэнэ. Охидыг нь газар дахин хуваарилах зүүнтний бүлгэмийнхэн хөнөөдөг.
Гутгаар охин –дэгдээхэйний наймаачнаас олсон Шангуань Линди нь Шувуун сүнстэй хэмээгдэнэ. Пичуга Ханьд ухаангүй дурласан Линди сэтгэлт хүн нь Япончуудад олзлогдоход ухаан балартаж, Шувуун сүнстэй хэмээн нэрлэгдэх аж. Хэлгүй Суньтэй дэр нэгтгэж хоёр хүүтэй болох агаад ангал руу үсэрч амь алдана. Удалгүй хэлгүй хоёр хүү нь бөмбөгдөлтөнд өртөж нас барна.
Дөрөвдүгээр охин – Шангуань Сянди, бадарчин маарамбаас олдсон тэрбээр хүнд хэцүү жилүүдэд гэрийнхнээ тэжээхийн эрхээр өөрийгөө худалдах ажээ. Олон жил энд тэндгүй хэрэн хэсүүчилсэн Сяндиг Соёлын хувьсгалын дараа төрөлх тосгонд нь эгүүлэн авчирч, олж цуглуулсан хэд гурван эд зүйлийг нь хурааж аваад машид буруушаана. Сянди хууч өвчнөөр энэ хорвоог орхидог.
Тавдугаар охин – Шангуань Паньди, нохойн махны наймаачин Бүдүүн Гаогаас төрсөн тэрбээр улс төрийн комиссар Лу Лижэньтэй дэр нэгтгэж, Лу Шэнли хэмээх охинтой болдог. Нэрээ Ма Жуйлян хэмээн сольж, Соёлын хувьсгалын үеэр амиа хорлоно.
Зургаадугаар охин – Тиэнци сүмийн санваартнаас төрсөн Шангуань Няньди нь Япончуудын бөмбөгдөж унагасан Америк онгоцны нисэгч Бэббитэд сэтгэл алдана. Хуримын дараа өдрөө Лу Лижэний Бие даасан 16-р нэгтгэлийнхэнд баригдах боловч хоёул оргож, нэгэн уулын агуйд хамтдаа энэ хорвоогоос халих ажээ.
Долдугаар охин – Шангуань Цюди нь ээжийг нь дөрвөн босуул хүчиндсэний дараа төрсөн бөгөөд багадаа цагаан Оросын гүнгийн ахайтанд үрчлүүлэн худалдагдана. Хожмоо Цяо Циша нэртэй болоод Анагаахын сургууль төгсөх боловч баруунтан хэмээгдэж цөлөгддөг. Цөллөгт байхдаа өлөн зэлмүүндээ шар буурцагны бин хэт их идсэнээс бие барах ажээ.
Наймдахь охин – Шангуань Юньүй нь Зиньтуний ихрийн өрөөсөн бөгөөд Шведийн номлогч Мюррейн охин юм. Хараагүй төрсөн энэ охин хүнд хэцүү үест ээждээ дараа болохгүй гэсэндээ усанд үйж бие бардаг.
Зиньтун – Ээжийн ганц хүү болж төрсөн тэрбээр эмэгтэй хүний хөхөнд ихээхэн дуртай нэгэн. Дунд сургуулиа төгссөний дараа сангийн аж ахуйд ажиллаж байгаад цогцос элдэвлэх гаж донтойн улмаас арван таван жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Ингээд шоронгоос суллагдсаныхаа дараахан зээ дүү Тоть Ханийн эхнэрийн байгуулсан шувууны фермд ажиллаж байгаад Сыма Ляны мөнгөөр үүсгэн байгуулсан хөхөвчний үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болдог. Бусдад хууртагдаж хамаг эд хөрөнгөө алдсан тэрбээр сэтгэлээр унаж, энэ амьдралаас ойлгож ухаарсан зүйлгүй насаа элээх аж.
 Шангуань Шоуси – ээжийн эр нөхөр болсон тэрбээр бэлгийн сулралтай нэгэн бөгөөд авааль эхнэрээ өрөөл бусадтай ойртуулж, хүүхэд гаргуулдаг байж. Шоуси нь зохиолын эхэнд Япончуудад алагдана.
Шангуань Фулу – Шоусигийн аав, дархан. Мөн л Япочнуудад хороолгодог.
Шангуань Люй – Фулугийн эхнэр болсон тэрбээр гэрийнхнээ гартаа атгадаг байж. Хожмоо наймдугаар охин Юньүйг хорлох гэж завдаад ээжийн гарт амиа алдана.
Сыма Тин – Даланийн хамгийн баян эдлэн газар болох Фушэнтаны эзэн.
Сыма Ку – Сыма Тиний хоёр дахь хүү, Шангуань Жаодигийн эр нөхөр. Японы эсрэг дайны үест үндсэрхэг үзэлтнүүдийн нэгтгэлийг ахалж явсан бөгөөд коммунистуудад баригдаж шүүгдээд буудуулж хороогдоно.
Сыма Лян – Сыма Кугийн гутгаар татвараас төрсөн хүү, гэрийнхнийг нь хүйс тэмтрэхэд зохиолын гол баатар болох ээжийнд өсч торнино. Ялаас зугтсан тэрбээр Өмнөд Солонгост очиж бузгай хөлжих агаад эх нутагтаа эргэн ирж, барилгын ажил эрхэлж байгаад элдэв хэрэгт хутгалдаж сураг алдардаг.
Ша Юэлян – Том охин Лайдигийн эр нөхөр, Японы эсрэг дайны үеэр “Хар илжиг” хэмээх нэгтгэлийг удирдаж яваад Япончуудад бууж өгнө. Ингээд Манж Го улсын Бохайн хэсгийн ахлагч болоод хятадуудад баригдаж, улмаар амиа егүүтгэх ажээ.
Ша Заохуа – Ша Юэлян, Лайди хоёрын охин болох Заохуаг зохиолын гол баатар болох ээж Зиньтун, Сымя Лян хоёртой хамт хүн болгох ажээ. Сыма Лянд дурласан тэрбээр хожмоо гэрээсээ зугтаж, хулгай зэлгий хийж явсаар, хайртай Сыма Лян нь түүнтэй хувь заяагаа холбохгүй гэсэнд цонхоор үсэрч амиа хорлоно.
Пичуга Хань – гутгаар охин Линдигийн сэтгэлт хархүү Пичуга нь шувууны хэл ойлгодог нэгэн байх агаад Япончуудад олзлогдож, оргон босч уул хадаар хэрэн хэсүүчилсээр арван таван жилийн дараа эх нутагтаа эргэж ирнэ. Хэлгүй Суньд богтлогдсон Лайдитэй сэтгэл нэгтгэж, улмаар Лайди Хэлгүй Сунийг хорооход хамт шүүгдээд Цинхай руу цөлөгддөг. Энэ замдаа тэрбээр галт тэрэгнээс үсэрч бие барах аж.
Мюррей – Шведийн номлогч, олон жилийн өмнө Даланьд суурьшсан тэрбээр зохиолын гол баатар болох Шангуань Луд дурлаж ихэр хүүхдийн эцэг эх болцгоох ажээ. “Хар илжиг” нэгтгэлийн цэргүүдэд доромжлогдож, сүмийн өндөрлөгөөс үсэрч энэ хорвоогоос хальдаг.
Тоть Хань – Пичуга Хань, Лайди хоёрын хүү. Эцэг эхээсээ өнчирч зохиолын гол баатар ээжийнд өсч өндийх агаад эхнэр Гэнь Лянляний хамтаар шувууны ферм байгуулдаг. Банкнаас ихээхэн хэмжээний мөнгө луйвардан зээлдэж, хожмоо шүүгдэх ажээ.
Лу Лижэнь – Зян Лижэнь хэмээх нэртэй байсан тэрээр хожмоо энэ нэрээ Ли Ду болгож өөрчлөөд Гаодун суурингийн захирагчийн албыг хашиж явжээ. Хүнд хэцүү үед зүрхний өвчнөөр өөд болно.
Лу Шэнли – Лу Лижэн, Шангуань Паньди хоёрын охин Шэнли нь багадаа ээжийнд өсч, хожмоо эцэг эхийндээ очно. Үйлдвэрлэл, худалдааны банкны Далань дахь салбарын эрхлэгч, Даланийн захирагчийн албыг залгуулж явсан Шэнли авлигын хэргээр шүүхийн хаалга татаж цаазлуулах ажээ.
Хэлгүй Сунь – Шангуань Лугийн хөрш Сунь эгчийн ууган хүү нь эхэндээ Лайдитэй сүй тавих боловч Лайдиг Ша Юэлянтай нийлэн зугтасны дараа гутгаар охин Линдитэй дэр нэгтгэж хоёр хүүтэй болдог. 1949 онд Солонгосын дайнд оролцож тахир дутуу болоод төр засгийнхны тусламжтайгаар Лайдитэй гэрлэнэ. Ингээд Лайди, Пичуга Хань хоёрын нууцхан холбоог мэдээд хэрүүл үүсгэн эхнэртээ хороолгох аж.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...