суббота, 28 декабря 2013 г.

МИХАЭЛЬ ШУМАХЕР

 Өвс тэгшлэгч машинаар хийсэн авсаархан картинг машиныг (жижигхэн хөдөлгүүртэй, уралдааны авсаархан машин) анх дөрвөн настайдаа унаж үзсэн Михаэль хожмоо “Формула-1”-ийн алдарт тамирчин болж, 91 удаа түрүүлж, 155 удаа шагналтнуудын индэр дээр заларч, нэг улиралд 13 удаа аваргалж, 77 удаа дээд хурдаар эргэлт хийсэн болоод 5 дараалан аваргалж явсан дээд амжилтуудыг тогтоосон юм. Тэрээр болид жолоодох өөрийн гэсэн өвөрмөц техниктэй гэгддэг. Энэ нь болидын хамрыг эргэлтэн дээр тун чадамгай залж, хурдаа сааруулахгүй бөгөөд болидоо бүхэлд нь маш уян хатан хөдөлгөөнтэй байлгахыг хичээдэгт орших ажээ. Өөр ямар ч нисгэгч машины сүүл хэсгийн инерцийн хөдөлгөөнийг Шумахер шиг хянаж чаддаггүй ч гэлцдэг. Ерөөс эргэлтэн дээр түүн шиг хурдаа сааруулдаггүй, чадамгай нисгэгч үгүй гэх юм билээ. Ингээд энэ алдарт тамирчны амьдралын үзэл бодлоос толилуулъя.

Судсаар минь эгээтэй л шатахуун гүйдэг шиг санагдах юм. Бага байхад аав минь Кельний ойролцоо байрлах картинг уралдуулах газарт ажиллаж байхдаа л гэрийнхээ гадаа талбайд намайг картинг унуулаад “Хүү минь, машинаар уралдах юм биш үү?” гэж билээ.
Би гэдэг хүн хорин нэгэн насандаа анх удаа ихээхэн хэмжээний мөнгө хожсон юм. Чемодан дүүрэн мөнгө гээд л бодчих! Гэрийнхэн маань өр ширэнд баригдсан байсанд тэр мөнгөө шуудхан л аавдаа аваачиж өглөө. Гэтэл аав минь нүдэндээ итгэж ядан байсан сан.
Зарим нэгэн ялахын төлөө төрсөн байдаг ч үнэндээ үргэлжид ялах нь уйтгартай шүү дээ. Харин би өөрийгөө өрөөл бусадтай өрсөлдөж тэмцэлдэхийн төлөө төрсөн гэж бодох юм.
Аливаа тэмцээн уралдааныг үзүүштэй болгоё гэхээсээ илүүтэй түрүүлье гэсэн бодолтой л оролцдог доо.
Айртон Сеннаг ослоор эндсэний дараахан гэрээслэл бичих ёстойгоо ухаарсан даа. (Алдартай тамирчин Сеннагийн өв хөрөнгө нь тэр чигтээ Esquire хэмээх буяны байгууллагад шилжсэн юм) Зөвхөн “Формула 1”-ийн нисгэгч баймааж нь л гэрээслэл үлдээх ёсгүй юм гэдгийг бичсэнийхээ дараа л ойлгох шиг болж билээ.
Би Сеннагийн оршуулганд оролцоогүй л дээ. Учир нь олны нүдэн дээр ил гаргамгүй сэтгэл хөдлөл гэж байдаг юм билээ.
Гэмтэл бэртэл эдгэрсэн л бол тэр тухай ахин бүү дурс гэсэн алтан дүрэмтэй хүн дээ, би.
Ээжийг минь бие барсан өдөр гадаа шаагилдан хүлээх сэтгүүлчдийг хараад тэдэнд итгэх итгэл минь нэг мөр бөхсөн дөө.
Миний бодоход, амьдрал гэдэг тогтсон дүрэм журамгүй эд шиг ээ.
Ямар ч спортоор хичээллэсэн орчин тойрноо сайтар ажиглаж, тэр бүрийг мэдрэх нь л хамгаас чухал. Үнэндээ амьдрал ч гэсэн үүнээс өөрцгүй шүү дээ. Гэлээ ч зарим нэгэн амьдралаас тасархай хөвж явдгийг нуух юун.
Хурд гээч ойлголт нь эрх чөлөө гэдэгтэй салшгүй холбоотой.
Цагт 300 милийн хурдтай машинаар явахад сонин содон юм үнэндээ үгүй дээ. Энэ үедээ эсэн бусын юм бодохгүй байх нь л хамгаас чухал.
Хотын захын хурдны замаар машинтай явах нь миний уралдахаас хол илүү осолтой шүү дээ.
Цөс хөөрсөн үедээ уралдаан тэмцээнд орох шиг аюултай зүйл үгүй. Хөөрсөндөө нэг л эргэлтэн дээр осолдож мэднэ. Бие сэтгэлээ барьж, амгалан тайван байсан хүн л эцсийн дүнд ялагч болдог доо.
Амьд домог гэх энэ цол гуншин ч дээ! Надад өгсөн хамгийн аймшигтай цол л гэж бодох юм.
Сэтгүүлчид надад огтхон ч байхгүй тэр л мэдрэмжүүдийг олоод харчихдаг нь сонин шүү.
Ганцаардлаас хол байх нь л миний цор ганц мөрөөдөл.
Үр хүүхэдтэйгээ хамт байх цаг гаргах нь тэдэнд юу юунаас илүү чухал.
Нас явлаа гээд хорвоогийн элдэв явдал энгийн болдоггүй л юм байна.
Тавьсан зорилгодоо хүрлээ гээд сэтгэл хоосрох нь бий. Чухам ийм л учраас би ахин дахин ялах хүсэл тэмүүллээр бадардаг гэх үү дээ.
Ихээхэн золгүй хүмүүс агуу ялагчид болдог ч юм бил үү? Хэн мэдэх вэ?
Миний хувьд хэн нэгэн гаргасан амжилтыг минь эвдээсэй, давж гараасай гэсэндээ дээд амжилт (рекорд) гаргадаг. Эс бөгөөс биеэ тоосон нэгэн болно оо доо.
Анд нөхөр чинь ялахад ундууцдаг бол чи найз нөхөргүй л гэсэн үг дээ.
Багадаа би сургуульд явах жигтэйхэн дургүй байсан сан.
Ашиг орлогын минь талаар хэтрүүлэн цуурахыг дуулаад хааяадаа өөртөө атаархах шиг болдог шүү.
Өөрийгөө өрөөл бусадтай зүйрлэхээс илүү аюултай зүйл үгүй дээ. Хэн бугайг ч, тэр дотроо намайг ч өөр нэгнээр дөмөгхөөн орлуулчихаж болно доо.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...