понедельник, 2 декабря 2013 г.

ЖААЗ ХӨГЖМИЙН АЛТАН ҮЕИЙГ МАГТАН ДУУЛАГЧ ФРЭНСИС СКОТТ ФИЦЖЕРАЛЬД



 Скотт Фицжеральдын уран бүтээл нь 20-р зууны Америкийн утга зохиолд томоохон байр суурь эзэлдэг билээ. Түүний уран бүтээл Дэлхийн хоёр дайны хоорондох хорин жилийг эзэгнэж, алдагдсан үеийнхний хувь заяа, гутрал гунирхлыг анхлан өгүүлсэн гэгддэг.

Ирланд гэр бүлд төрж өссөн Скотт 1919 онд ахуй амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн чинээлэг айлын танхил охин Зельда Сейртэй танилцжээ. Жилийн дараа Скотт “Диваажингийн энэ талаар” хэмээх анхны романаа хэвлүүлсэн юм. Өөрийн бодит амьдралаас сэдэвлэн туурвисан энэ зохиолын нэгэн дүр Розалиндагаар хайртай гэргий Зельдагаа төлөөлүүлжээ. Романд Эмори Блейн хэмээх эрх танхил залуугийн аж амьдралыг өгүүлдэг. Чинээлэг айлын хүү анд нөхрөө алдаж, гэр бүл нь дампуурч, улмаар сэтгэлт бүсгүйтэйгээ ханилан суух боломжгүй болоод итгэл найдвараа алдах шиг болдог. Хатуу хүтүүг давж туулах Эмори эцэст нь “Зөрүүд зан гээч нь миний төрөлхийн араншин бөгөөд үүнээсээ салж ангижрах аргагүй юм” гэдгийг сэтгэл зүрхээрээ ухаарна. Энэ бүтээлээрээ зохиолч өнгөрсөн үеэр амьсгалж, өвөг дээдсийн бахдам амжилтыг сүрдэн биширч, үүнээс дор орчих вий гэсэн айдас хүйдэстэй хүмүүжих нэгэн үеийнхний сэтгэлийн шаналлыг бүрнээ илэрхийлжээ. Ийм хүмүүс зовлон зүдгүүрээс эмээж, өсөж торнихын хэрээр хязгааргүй орчлонд хөтлөх зөрөг замаа бэдэн хайсаар төгсдөг. Эмори “ЗАЛУУ НАС ГЭДЭГ НЬ АМТТАН ШИМТТЭНЭЭР ДҮҮРЭН ЦАРТАЙ ТӨСТЭЙ ЮМ ДАА. УЯРАМТГАЙ НЭГЭН ЭНЭ БҮХНЭЭС АМТАЛЖ ҮЗЭЭГҮЙ ТЭРХЭН ҮЕСТЭЭ ЭРГЭЖ ОЧИХЫГ ТЭМҮҮЛДЭГ Ч, ҮНЭНДЭЭ ЗАЛУУ НАСНЫ ААГ ОМГИЙГ ДАХИН АМТЛАХ БУС, ХАРИН ЭНЭ ТАНСАГ АМТ АЛДАГДАХ ТЭРХЭН МӨЧИЙГ ДАХИН ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛЭХ НЬ ХУВЬ ИЛҮҮ” хэмээсэн байдаг.
Төдхөнөө Скоттын эл зохиол олноо ихээхэн таашаагдаж, чинээлэг амьдралд хөл тавьснаар эцэс төгсгөлгүй бөгөөд утга учиргүй зугаа цэнгэлээр дүүрэн өдөр хоногууд үргэлжлэв. Улмаар Зельда тэр хоёрын хэн хэн нь бор дарсанд дурлах болсон ч Скотт зохиол бүтээлээ туурвисаар байлаа. Тэрээр 1922 онд сод авьяастай ч эмгэнэлтэй хувь тавилантай урлагийн гэр бүлийн тухай өгүүлэх ээлжит романаа гаргасан юм.
Скотт тухайн үеийн гял цал сэтгүүлүүдэд өгүүллэг, эссе нийтлүүлж, тэр үедээ чамгүй мөнгө олдог байжээ.
1924 онд Европд ирж, улмаар Парис хотноо Эрнест Хэмингуэйтэй танилцаж, анд нөхөр болдог. Хэмингуэй хожмоо “Ууж идэж, зугаа цэнгэл хөөдөг байсан ч миний хувьд Парист өнгөрүүлсэн тэр хэдэн жилд Скоттоос дотно найз байсангүй. Тэрээр эрвээхэйн далавчны хээ хуар шиг төрмөл авьяастай атлаа хэсэгтээ үүнээ мэдэлгүй гундааж явсан даа. Гэмтэж бэртсэн даль жигүүрээ хэрхэн ашиглаж болохоо хожуу ч гэлээ сэхээрч, энэ тухай бодож тунгаах болсон ч дүүлэн ниссэнгүй. Учир нь Скотт дүүлэн нисэх хүсэл тэмүүлэлгүй болоод, урьд нь хэрхэн нисч байсан тухайгаа л эргэцүүлж суусан сан” хэмээн дурссан байдаг.
Фицжеральд чухамдаа Парист амьдрах ахуйдаа 20-р зууны шилдэг бүтээл хэмээгдсэн “Агуу Гэтсби” зохиолоо дуусгаж нийтлүүлсэн юм. Энэ романд хайртай бүсгүйнхээ төлөө бүхнээ зориулах уужим сэтгэлт нэгэн залуугийн тухай өгүүлдэг. Зохиолын эхэнд “Хэн нэгнийг шүүмжилмээр санагдвал өөрт тохиосон боломж бололцоо бүхэн тэр болгонд олдоод байдаггүйг санаж яваарай” хэмээжээ. Энэ бүтээл нь таван ч удаа дэлгэцэнд амилжээ. Хамгийн сүүлд 2013 онд гол дүрд нь Леонардо Дикаприо тоглож, олны хүртээл болсон юм.
Билиг авьяасаараа суу алдрын оргилд хүрсэн хэдий ч Скоттын амьдрал дардан байсангүй. 1925 оноос эхнэр Зельда нь сэтгэл мэдрэлийн өвчтэй болж, улмаар мэдрэлийн эмнэлэгт насаа элээдэг. Зельда нөхрөө уран бүтээл туурвихад элдвээр саад хийж, эцэс төгсгөлгүй үргэлжлэх зугаа цэнгэлд уруу татдаг байсан тухай Хэмингуэй өгүүлсэн нь бий.
Скотт 1934 онд аанай л өөрийн амьдралаас сэдэвлэсэн “Ялдамхан шөнө” хэмээх романаа тэрлэжээ. Тэрээр энэ зохиолоороо сэтгэлийн шаналал, гэр бүлээ авч үлдэхийн төлөө хийсэн хатуухан тэмцэл хийгээд тансаг амьдралынхаа мөн чанарыг дэлгэсэн юм. Зохиолд сэтгэлийн өвчтэй эхнэрийнхээ төлөө бүхий л амьдралаа золиослох авч амьдралын шуурганд эрхэм нандин бүхнээ алдаж, эцэстээ орь ганцаар үлдэх нэгэн эмчийн тухай өгүүлдэг. Гэвч энэ зохиол нь Америкт төдий л нэрд гарсангүй. Ингээд 1939 онд Голливудын амьдралын тухай хүүрнэх “Сүүлчийн магнат” хэмээх романаа бичиж эхэлсэн боловч дуусгаж амжилгүй насан эцэслэжээ.
Зохиолч дөчин дөрөвхөн насандаа орь ганцаар байж байгаад насан эцэслэхэд шарилыг нь төрөлх хотод нь дөнгөн данган хүргэх хэмжээний мөнгө л үлдсэн байсан гэдэг. Эрнест Хэмингуэй “Насан туршийн баяр баясгалан” хэмээх дурдатгал номондоо Скоттой хэрхэн танилцаж нөхөрлөсөн тухай өгүүлсэн хэсгийг дараагийн бичлэгтээ оруулах болно.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...