воскресенье, 1 декабря 2013 г.

ЕВГЕНИЙ ЛЕОНОВЫН ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ




Андрюша минь, аав нь чамайгаа хайрладаг тэр л хайраар чи намайг хайрлаарай! Энэ хайрыг минь өрөөл бусдын хайр энхрийллээс арай өөр, хайрласан нэгнээ өөгшүүлж эрхлүүлэхээс илүүтэй огтхон ч нэмэргүй гэлцэх юм. Аав нь хүүгээ сурагч ахуйн тэр арван жилд нь нэг ч болов зэмлэж, буруушааж үзээгүй учраас үлгэр жишээ сурагч болоход нь саад тотгор болсон ч юм билүү, хэн мэдэх вэ?
Чамайг самбарын өмнө элдэвлэж ангийнхныгаа хөгжөөсний төлөө багш чинь муу аавынх нь чихнээс багагүй хонх уясан даа. Тэгэхэд хэдийн ухаан суух насандаа очсон би гэдэг хүн эгээтэй л буланд зогссон жаахан хөвүүн шиг зэмлүүлж билээ. Хүүгийнхээ төлөө ямар ч ялыг үүрээд гарахад бэлэн байсан намайг “Танай хүү, дөчин таван минутын хичээлийг нэг мөр балласан шүү дээ... Өөрөө сурахгүй мөртөө бусаддаа садаа болохыг нь яалтай... Ингэж байгаад сургуулиас хөөгдвөл яана... Үг хэлээд ер нэмэр алга...” хэмээн бишгүйдээ л ичээсэн сэн.
Багш эмэгтэйн амнаас ийм үг сонсоод хөлс минь цувж “Өнөө орой ч нэг банга хүртээхгүй бол болохгүй нь дээ” гэж бодсоор сургуулийн хашаанаас гараад, сандарч тэвдсэндээ унаанд суулгүй алхсаар харьлаа.
Гэтэл зам зуур томоо цүнх барьсан эмэгтэй нулимс дуслуулсан хүүгээ хөтөлсөөр дэргэдүүр минь өнгөрвөл жаалхүү нь намайг хараад инээд алдах юм. Хүүгээ анзаарсан ээж нь өөдөөс минь мишээж “Харав уу, Винни Пух хүртэл чамайг шоолж байхад” гэдэг юм байна. Огтоос танихгүй хүн аавтай чинь мэндэлсэн нь тэр шүү дээ. Намрын салхи сэвэлзэж, хүүгийнхээ өмнөөс зэмлүүлснээ ч ор тас мартаж орхилоо. “Хүү минь, чнгийнхныгаа яаж хөгжөөсөн юм бэ дээ? Алив нэг харуулаадхаач” гэсээр гэрийнхээ босгоор давж, чамайгаа тэвэрч аваад хөхрөлдөж билээ.
Энэ мэт хөөрч хөгжилдсөөр хэчнээн ч удаа сургууль дээр дуудагдаж явав даа, муу аав чинь. Ээж чинь сургууль дээр очих жигтэйхэн дургүй байсан шүү дээ. Сургуулиас "Маргааш ир" гэх тоолонд нь “Хаашаа ч хамаагүй зураг авалтанд явуулчихаасай билээ. Шөнөжингөө жүжгийн сургуулилт хийгээсэй билээ” гэж бодож хэвтэснээ нуугаад яахав.
Ингээд өглөө болмогц мэлтэртэл уйлчихсан Вандагаа хараад ажлаасаа чөлөө авч, хүүгийнхээ өмнөөс ял зэмийг нь хүлээгээд, “буланд зогсохоор” сургууль руу алхдаг сан.
Одоо бодох нь ээ, хүн гээч амьтан өчүүхэн зүйлсийн төлөө ингэж ч ихээр шаналах гэж дээ хэмээлтэй.
Аав нь тэр үед хийсэн буруу зөрүү, эндүү ташаа бүхнээ эдүгээ ч атугай засч залруулья гэсэндээ энэ захиаг бичиж сууна. Үнэндээ аав нь тоглосон дүрүүд шигээ инээдтэй, эв хавгүй молхи толхи харагддаг биз дээ. Гэхдээ энэ хорвоо дээр эцгийн сэтгэл шиг энгүй атлаа эгэл нэгэн зүйл ерөөс үгүй буй заа.
Алс холын хаа нэгтээ хүүгийнхээ өхөөрдөм яриа, дүр төрхийг санагалзан суухдаа чамтайгаа эцэс төгсгөлгүй ярих хүсэлд автахыг яалтай ч билээ. Хүүтэйгээ хүүрнэхэд хүмүүний энэ нас ч хүрэлцэмгүй ахархан санагдана. Харамсалтай нь, аав нь үүнийг ижий минь энэ орчлонгоос одсоны дараа л ухаарчээ. Андрюша минь, чамайг балчирхан хүүхэд шиг тэвэртээ эрхлүүлж, тэнэг жаал шиг загнасан ч тэвчээд өнгөрдөг, юухан хээхнээ ч нуулгүй дэлгэх тэр л хүн эцэстээ чамайг энэрч хамгаалах цор ганц нэгэн байдаг юм байна.
Аав нь удахгүй харина аа.
            1974 оны 10-р сарын 3.

Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Гэрэл

2 комментария:

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...