Чавин
де Унтара гэх эртний байгууламж нь Лима хотоос хойд зүгт байх агаад Өмнөд
Америкийн нэгэн номонд энэ газрын тухай “Чавины ард иргэд олон газраар бэдэрч,
эцэст нь хүн суурьшихад хамгийн тохиромжгүй гэж болохоор энэ газрыг сонгосон нь
үнэхээр сонин. Хүний гавлын яс өөрчлөгдсөн явдал үүнд нөлөөлсөн байх талтай
бөгөөд 3500 м-ийн өндөрт орших, эрс тэс уур амьсгалтай, хүчилтөрөгч дутмаг
Перугийн энэ хэсэгт хүрэхийн тулд Чавиныхан уул нурууг хүртэл нүхэлжээ. Гэсэн ч
энэ мэт хүндрэлээс халшраагүй уугуул иргэд Америк тивийн анхны хотыг байгуулж
чадсан бөлгөө” хэмээн тэмдэглэжээ.
Чавин
де Унтарад хүрэхэд нилээдгүй бэрх замыг туулж, уулын тунельд ойртвол хажууханд
нь 4516 м-ийн өндөрлөг газар гэсэн пайз дурайна. Чавиныхан энэ хонгилыг гаргасан
эсэхийг баттай хэлж чадахгүй ч үүнээс өөр зам үгүй. Эртний энэ хотын туурь нэг
талаараа далай, нөгөө талаараа Амазон мөрний ширэнгэн ойгоос тусгаарлах Перу
улсын Андын нурууны 2 том уулсын дунд оршино. Үүнээс илүү нууцлаг газрыг олоход
бэрх. Гэсэн хэдий ч түүхчдийн үзсэнээр Чавиныхан энэ алс бөглүү газраас зуу
зуун бээрийн цаана байх ард иргэдэд нөлөөлж байсан нь гайхширмаар. Аливаа соёл
иргэншлийн төв суурин талбай томтой байдаг нь зүйн хэрэг ч гэлээ энэ хот ердөө
4 га газарт сүндэрлэсэн байх юм.
Үүнээс
гадна энэ хот ид цэцэглэж байхдаа гурван мянгаад л хүнтэй байсан гэдэг. Түүхч,
археологичид энэ хотыг зан үйл, шашин шүтлэгийн төв байсан ч гэлцэнэ.
Энэ
хотод байх сүмийг МЭӨ 500 оны орчимд босгосон гэж үздэг бөгөөд Перугийн
археологийн эцэг гэгддэг М.Уле 1890-1900 онд хийсэн судалгаагаар Чавиныг МЭ-ий
1000 онд хамааралтай гэсэн боловч хожмоо 1920-иод онд хийсэн судалгаагаар МЭӨ
үед хамаарах болох нь нотлогдож, улмаар өдгөө энэ хотыг МЭӨ 12-р зуунд
байгуулсан гэх болжээ.
Перуд
мэргэжлийн камераар бичлэг хийх зөвшөөрөл авахад бас ч гэж адармаатай тул
баримтат киноны багийнхан маань жижиг камераар бичлэг хийж, бид тохоож өгсөн
тайлбарлагчаа даган зураг авсан юм.
Гэтэл
Чавины “албан ёсны” үүх түүхийг ярих ёстой тайлбарлагч маань энэ хотод хоёр өөр
соёл иргэншлийн ард иргэд аж төрж байсныг хуучлаад, эхнийх нь МЭӨ 12-р зуунд
байсан хэмээдэг юм байна.
Чавины төв
байгууламж гэх өөр хоорондоо нийлсэн хэд хэдэн барилга нь хаалга цонхгүй,
дээрээсээ ордог байрын бөгөөд (эс бөгөөс хүнээс өндөрт байрлах шаттай) хожмоо хавтгай дээвэртэй сүм гэж нэрлэгдэх болжээ. Үүний хажууханд дугуй,
дөрвөлжин хэлбэртэй хоёр сан бий.
Төвд нь
байх 75*72,5 м-ийн хэмжээтэй Кастильо цайз нь 9,5 м-ийн өндөртэй. Зүүн талаасаа
ордог байсан гэх агаад энэ хэсгийн өнгөлгөөний том том хавтангууд нь өдгөө ч
хэсэг бусгаараа хадгалагдан үлджээ.
Орд
харшид хөтлөх шат нь он цагийн эргүүлэгт элэгдэж, нурж алга болдог ч газраас
хэдэн алдын өндөрт байх шат гэхээр юмгүй үүд хаалгатай бид хэд хэдэн газар
таарлаа. Үүнээс гадна чулууг хоёр өөр арга барилаар боловсруулсан нь бидний
анхаарлыг татаж билээ.
Цайзын
гадна ханыг болхидуухан боловсруулсан чулуугаар өрсөн байхад бусад хэсгийн
ханын чулууг сайтар тэгшилж өнгөлөөд, маш чанартай боловсруулжээ. Иранд байх
эртний Перс байгууламжийн чулуутай ижил аргаар гар ажиллагаагаар урт хугацаанд
боловсруулж энэ мэт гөлгөр, тэгшхэн болгож болох ч Персүүдийн хувьд мянган
жилийн түүхтэй Европын ур ухааныг сурч, шохойн чулуу зэрэг хүрэл зэвсгээр
хөнгөхөн тэгшилчих зөөлөн материалаар элдэв байгууламжаа босгосон байдаг.
Гэтэл
Чавины байгууламж нь Америк тивдээ хамгийн эртнийхэд тооцогдох агаад барилгачид
нь чулуу боловсруулах он удаан жилийн туршлагагүй байсан нь тодорхой. Хавтгай,
гөлгөр чулуунуудын ихэнхийг хатуу боржингоор хийсэн нь бүр ч гайхалтай. Боржинг
хүрэл зэвсгээр боловсруулах ямар ч аргагүй. Төв талбайн дөрвөлжин сан, дугуй
сан, хэд хэдэн шатыг эл аргаар хийсэн нь энэ төрлийн блокон чулууг олноор
бэлтгэж байсан гэмээр. 2000-3000 жилийн тэртээх индианчуудын зэр зэвсгийг
дэлгэж үзүүлсэн музейн үзвэрээс үзвэл хатуу чулууг тэгшилж бэлтгэх арга барил
эзэмшээгүй байсан нь илэрхий байдаг. Тэгээд ч энэ хавьд боржин чулуугүй тул
хэдэн бээрийн цаанаас зөөж ирдэг байсан гэх юм. Зарим шатны гишгүүр, ханын
өнгөлгөөг арваад алдын цул чулуугаар хийсэн нь ч бий. Хүчилтөрөгч дутмаг
өндөрлөг газарт хэдэн тоннын чулууг хэдэн бээр газар зөөнө гэдэг амаргүй.
Чулуун хавтангууд дээрх зураас болон дүрсүүдийг гар аргаар сийлээгүй бөгөөд хээ
хуарынх нь ирмэг ямар ч өөгүй байсан нь бидний анхаарлыг ихэд татсан даа. Ямар
нэгэн багажаар чулуун дээр энэ мэт зураас, дүрсийг гар аргаар өөгүй цохиж гаргах
боломжгүйн зэрэгцээ ховилнуудыг нь мөлчийтөл өнгөлсөн байсан нь гайхширмаар.
Машинаар
точилдож, зүлгэж гаргасан шиг л хээ хуарууд. Гэтэл индианчууд ийм технологигүй
нь хэдийнэ тодорхой болсон шүү дээ. Аливаа зүйл энгийнээс нарийн болж хөгжиж
дэвшдэг ч Чавин де Унтарагийн хувьд эхэн үедээ маш нарийн технологитой байгаад
сүүлдээ болхидуухан болсон гэмээр.
Чулуун
бэлдэцүүд хаа хамаагүй хэвтэхийг харвал индианчууд эдгээр хавтангуудыг өөр
зориулалтаар ашиглаж гэж болохоор. Кастильо цайзын хана хэрэмд бэлдсэн чулуун
хавтангуудаас гадна болхидуухан чулуу, жижиг чулуулгийг ашиглажээ.
Тухайн
үедээ үсрэнгүй гэж болохуйц технологитой соёл иргэншлийнхэн индианчуудын хувьд
“бурхан” мэт л санагддаг байсан биз ээ.
Эртний
Египтийн домогт өгүүлснээр эдүгээгээс 9000 жилийн тэртээ энэ дэлхийд “бурхад”
хаанчилж байсан гэдэг. Ингэвэл Чавин де Унтараг анхлан босгогчид 10 000 жилийн
тэртээ амьдарч байсан соёл иргэншлийнхэн гэдэгт эргэлзэх зүйлгүй мэт. (Үргэлжлэл бий)
Комментариев нет:
Отправить комментарий