Анхаарал
татсан өөр нэгэн зүйл нь эдгээр байгууламжийн доогуур тавигдсан суваг шуудуу
юм. Вачекса голын усыг энэ сувгаар татаж, барилга байгууламж, усан сангаа
хангадаг байжээ. Энэ суваг хотын гаднахан нийлж, Мосна голд цутгана. Ингэж
бодвол энэ хэсэгт урсгал ус ашиглах зайлшгүй шаардлагатай байж.
“Албан
ёсны” үүх түүхэнд “Чавиныхан усны суваг шуудуу татахаас гадна Вачекса голын
эхэн дэх мөнх цаст уулсын мөсний усыг ашигладаг байсан нь археологийн
судалгаагаар тогтоогдсон бөгөөд мөс хайлах үест Вачекса голын ус хотын зүүн
өмнөд хэсгийн түвшинтэй ижил хэмжээнд хүрч, суваг шуудуугаар ихээхэн дуу шуутай
урсаад, Мосна голд цутгадаг байжээ. Энэ нь газар тариалан эрхлэхэд нэнэ таатай
нөхцлийг бүрдүүлнэ” гэж үзэх боловч зөвхөн газар тариалан төдийд энэ их
адармаатай системийг буй болгоно гэдэгт итгэхэд бэрх юм.
Харин
өөр нэгэн эх сурвалжид “Чавинд ихээхэн хэмжээний ус ашигладаг байсан нь нэг
төрлийн ашигт малтмалыг угаах байгууламж байсантай холбоотой” хэмээнэ.
Гэсэн ч
ашигт малтмалыг нь угааж ялгасан гэх овоолго энэ хавьд байхгүй, алт зэргийг
угаахад ийм нүсэр байгууламж огт шаардлагагүй. Иргэдийн хэрэгцээг хангах энгийн
нэгэн усан хоолой ч байж болох шүү дээ.
Чавинаас
өөр эртний хотуудын тууринд энэ мэт шуудуу байхтай таарсан тул тэр үеийн улс
ихэд цэмцгэр байсан гэх бодол эрхгүй төрнө. Үүнээс гадна байгууламжийн дотор
талыг шороо, чулуугаар чигжиж, дунд нь хонгил, ус, агаар нэвтрэх хоолой маягийн
юм гаргаснаас үзвэл хүн амьдрах, тэр тусмаа эргэл мөргөл хийх газар яавч биш
бололтой. Сүм хэмээгдэх гол байгууламж нь хаалга цонхгүй, тээр дээр байх
нээлхий, амсартай болохыг дээр дурьдсан даа. Энэ байгууламж нэг бодлын агуулах
сав, үйлдвэрлэлийн шугам ч гэмээр.
Ямартаа
ч эдгээр нь хүн амьтан удаан хугацаагаар байж боломгүй барилга байгууламжууд юм.
Шороо, чулуугаар сайтар чигжсэнийг нь харвал бункер л гэлтэй. Харин газар
доогуур биш, газрын гадаргуу дээр байрласнаараа л онцлог. Боржин чулуун хана нь
цахилгаан соронзон, цацраг идэвхит туяанаас найдвартай хамгаалдаг бөгөөд
байгууламжин дотор дулааныг жилийн дөрвөн улиралд тогтмол байлгахад ихээхэн
үүрэгтэй.
Доогуур
нь татсан суваг шуудууны ус энд үүссэн дулааныг гадагшлуулж, байгууламжийн
дотор хэсгийг хөргөх үүрэгтэй ч байсан байж болох юм. Усан систем нь хөргөлтийн
зориулалттай байж болохыг энд байх хоёр усан сан ч батална.
Дотор
нь орох шат байхгүйгээс үзвэл элдэв хүн амьтан орохоос хамгаалсан ч гэлтэй. Чавины
малтлагаар индианчуудын шавар эдлэл олдсон нь энэ байгууламжийг хожмоо тэд
ашиглаж байсныг баталдаг. Хаа нэг газар утга учиргүй хээ хуартай хавтан
хавчуулсан нь бэлдсэн чулуун хавтангуудыг тэд хожуу огт өөр газарт ашигласныг
гэрчилнэ.
Чавин
де Унтарагийн байгууламж энэ газраас хэдэн мянган бээрийн алс орших
мезоамерикийн соёл иргэншлийн үеийн ольмекуудынхтэй ихээхэн төстэйг түүхчид ч
нотолдог. “Гавлын ясны өөрчлөлт, ирвэс шүтэх, хүнээр өргөл барьц барих зэрэг нь
чавинууд, ольмекуудад ижилхэн агаад энэ хоёрын неолитийн үеийн соёл иргэншил нь
дэлхийн бусад орныхоос эрс өөр байдгаараа машид онцлог” хэмээн тэмдэглэжээ.
Чавины
байгууламж нь Мексикийн Паленкийн байгууламжтай үнэхээр төстэй нь бидний
анхаарлыг мөн л татсан бөгөөд түүхчид Паленкийн байгууламжийг ольмекуудаас хойш
мянган жилийн дараа үүссэн майячуудын үест хамаатуулдаг.
“Сүмийн
гадна хананд хүн амьтны толгойн олон зураг байснаас өдгөө нэг л зураг
хадгалагдаж үлдсэн нь хүний толгой юм. Дүрслэгдсэн хүн нь том соёотой, том
хамартай, орой дээрээ самар шиг бундуутай байгаа нь эргэл мөргөл хийхээр зүглэх
газар байсан эсэхэд эргэлзмээр” гэж бичсэн ч бий.
Хөрш
зэргэлдээ Боливийн Тиауанако гэх эртний балгадад мөн иймэрхүү толгойн зураг
байдаг. Энэ газар Чавинаас 1200 бээрийн алсад байх агаад уул нуруу дамжин л
хүрч болохоор.
Гэтэл
Тиауанакогийн эсрэг чиглэлд буюу 4000 бээрийн тэртээ байх Мексикийн Теотиуаканд мөн л
иймэрхүү толгой, луу, ирвэс дүрсэлсэн байна. Толгойнууд бага зэрэг ялгаатай ч
чулуун хавтангийн төгсгөлд товойлгон, яг ижил аргаар бүтээсэн байх юм.
Чавин, Тиауанако, Паленке, Теотиуаканы барилга
байгууламжууд Америк тивийн анхдагч хот балгад болохыг хувьд ижил төстэй байх
нь ч аргагүй биз ээ. (Үргэлжлэл бий)
Комментариев нет:
Отправить комментарий