суббота, 14 июня 2014 г.

Наска, Пальпын газрын гадаргуун дээрх дүрс зургууд буюу геоглифууд (хоёрдугаар хэсэг)

Дүрс зургууд нь тэнгэрээс харахад зориулагдсан гэмээж нь түүхчид толгойгоо гашилгах хэрэг гардаг. Учир нь Наскагийн ард иргэд агаарын бөмбөлөг бүтээснийг нотоллоо ч хариу нь олдохгүй асуултууд өдий төдий үлдэнэ.

Мянган таван зуун жилийн тэртээ аж төрж байсан улс агаарын бөмбөлөг бүтээж, түүгээрээ ниссэн гэж үү? Тэглээ гэхэд ямар учраас энэ олон дүрсийг зурах болов? Хэдхэн хүн нисгэж харуулахын төдий л бүтээсэн биш байлтай.


Эсвэл биднээс өөр “тэнгэрийн үзэгчдэд” зориулсан юм болов уу? Энэ дүрсүүдийг эртний индианчууд бурхан шүтээндээ зориулж зурсан гэж үзэх археологичид ч бас бий. Индианчууд энэ маягаар өөрсдийгөө од эрхэс, орчлон хорвоотой холбодог хэмээнэ. Гэсэн ч энэ мэт маш олон хүний хөлс хүч орсон, томоохон хэмжээний зүйл бүтээхэд шашин шүтлэг төдийлэн нөлөөлнө гэхэд бас л итгэхэд бэрхтэй.

Эрих фон Дэникен Мария Райхегийн адил эдгээр дүрсийг харь гарагийнхан буулгасан хэмээн бичсэн байдаг. Түүнийхээр бол энэ дүрсүүд нь газрын байршлыг тодорхойлж, Наска, Пальпын тэгш өндөрлөг нь хөлөг онгоцоо буулгаж суулгах талбай нь болсон гэх юм.


Гэсэн ч энэ таамаг бас л явцгүй. Эл газар нисч буух зурвас байлаа гээд энэ олон дүрсийг буулгах шаардлага бий сэн билүү? Тэгээд ч тэгш өндөрлөг нь ихэд сийрэг, элсэрхэг хөрстэй учир нисэх төхөөрөмж газардаж хөөрөх бололцоогүй юм.

Дэникений бууж суух зурвасын тухай таамаг няцаагдсан бол нисч хөөрөх төхөөрөмжтэй холбоотой тэмдэглэгээ, бэлгэдэл гэх таамаг нь багагүй газар авчээ.

Владимир Бабанины үзсэнээр Наскагийн дүрс зургууд нь манай гарагийн газрын зураг бөгөөд өргөн зураасууд нь эртний соёл иргэншлийн төвүүд, ан амьтан, эд зүйлийн дүрс нь хүрээлэн буй орчны мэдээлэл, тэр дундаа эрт балрын Атлантид, Лемурын мэдээллийг агуулж буй гэдэг.

Харин радиофизикч эрдэмтэн Алла Белоконийн үзэж буйгаар энэ нь манай Нарны системийн загвар ажээ.

Мария Райхе эл дүрсүүдийг тэнгэр эрхэстэй холбож, ан амьтных нь зургуудыг одон ордтой дүйцүүлсэн байдаг.

Геоглифуудыг өдгөө ч бүрэн тайлбарлаж дөнгөөгүй.

Харь гарагийнхан зурсан байлаа гэхэд од эрхсээр аялах тэд ямар учраас энэ мэт дүрсийг энд зурж үлдээх болов? Пальпын өндөрлөгийн зургууд Наскагийнхтай ямар холбоотой вэ? Ямар нэгэн схем зураг байлаа гэхэд ихэнхдээ ан амьтантай нь холбож тайлбарлах бөгөөд энд нийтдээ гуч гаруйхан амьтдын дүрс байгаа нь нийт дүрсний 0,2%-ийг л эзлэх тул аливаа таамаглалын ул суурь нь болох магадлал хэр их бол? гэсэн өдий төдий асуулт үүсдэг.

Наскагийн тэгш өндөрлөгийн дүрс зургууд гэхээр юун түрүүн ан амьтан, элдэв дүрсийг нь олонд түгээж харуулдаг нь нууц биш ээ. Гэтэл эдгээр нь нийт дүрс зургийн өчүүхэн хэсгийг л эзэлж байна шүү дээ. Амьтдын дүрс ихэнхдээ хэдэн арван алд, цөөн хэд нь хэдэн зуун алдын хэмжээтэй байхад зураасууд нь хэдэн бээр үргэлжлэх нь энүүхэнд. Үүнээс гадна амьтдыг нарийн зураасаар, хөлс хүч багатай бүтээсэн нь илэрхий бол зураасуудыг нарийвчилсан тооцоотой, яв цав тэгш хэмтэй зурсан байдаг. 

Хоукинсын экспедицийнхний тогтоосноор өргөн зураасуудыг өнөөгийн геодези болоод аэрофото зургийн нарийвчлалтайгаар бүтээжээ. 1 км зураас татахад 2,5 м-ээр л хазайж зөрсөн нь үнэхээр гайхалтай. Орчин үеийн багаж хэрэгсэлгүйгээр дов толгод, суваг шуудуу давуулан ингэж зурна гэдэгт эргэлзмээр.

Дүрснүүдийг үзэхэд өөр өөр үед хамаардаг нь тодорхой. Эрт үеийн гэгдэх зураасуудын нэг хэсэг нь “чанартай” хийгдсэн бол нөгөө хэсгийг нь хийхдээ хар бараан чулуулгийг нь зайлуулсан ч жижиг чулуулгуудыг нь үлдээж, хөвөө хязгаарыг нь сайтар гаргалгүй, “чанар муутайхан” зурсан байх юм. Тэгэхээр эхний хэсгийг илүү их мэдлэгтэй соёл иргэншлийнхэн зурсан байх магадлалтай бөгөөд муухан хэсгийг нь өөр үеийнхэн бүтээсэн биз ээ.

Урьд нь бүтээсэн дүрсүүдийг хожуу үеийнхэн дуурайлгаж зурсан нь арай “чанар муутай”, бүдэг зураас болж үлдсэнийг түүхч, археологичид ч хүлээн зөвшөөрдөг. Тод, өргөн зураасууд нь цаг хугацааны хувьд илүү эртнийх бөгөөд индианчуудаас илүү соёл иргэншилтэй түмэн бүтээсэн нь тодорхой юм. Өргөн талбайд энэ хэмжээний дүрслэлийг нарийвчлал сайтай зурсныг нь бодоход хөөрч нисэх технологитой байсан гэж бодохоор.

Нэг талаас дүрс зургууд нь тодорхой системтэй, Евклидийн геометрийн аргаар тайлахын аргагүй нарийн учиртай ч байж болох ахул нөгөө талаас энэ бүхэн өөр хоорондоо ерөөс холбоо хамааралгүй, он цагийн эрхэнд үүссэн байж ч болох юм.

Хөгжингүй соёл иргэншлийнхний үр хүүхдүүд “агуу том лазерийн харандаагаар” зугаагаа гаргасан ч юм билүү? Хэн мэдэх вэ?

Эдгээр дүрснүүд огт ондоо зүйл туршсаны үр дүнд ч буй болсон юм билүү? (машин тэрэгний мөр газарт үлддэг шиг л) Бид мэдэхгүй. Ингэж үзвэл чухам юуг туршиж энэ мэт зураасууд бий болоо вэ? гэх асуулт урган гарч ирнэ.

Тэртээ үед энэ тэгш өндөрлөгийг дээрээс шинжилсний ул мөр ч юм билүү? Хэн хэлж чадах вэ?

Мария Райхе энд нэг төвтэй цацраг хэлбэрийн хэсэг хэд хэд байгааг тогтоосон байдаг. Газраас аливаа зүйлийг хайхдаа бид ам дөрвөлжинд хувааж эрэл хайгуул хийдэг бол тулах цэгээс эргэн тойрондоо эрэл хайгуул хийх өөр нэгэн аргачлалыг ч хүн төрөлхтөн мэднэ.

Цөлийн гадаргууд эрж хайгаад байх зүйлгүй тул газрын гүнийг л судалж гэж бодохоор. Гэсэн ч энд ашигт малтмал гэхээр юмгүй. Ингэж үзвэл ашигт малтмалаар баялаг газар бөмбөрцгийн өөр хэсэгт үй олноороо л буй. Гэтэл зөвхөн энд л иймэрхүү зураас, дүрснүүд байдаг. 


Усан галаваас өмнө байсан нэгэн чухал байгууламж усанд автаж, түүнээ гаргаж авахаар ингэж их хөдөлмөрлөсөн ч юм билүү? Бид таашгүй.

Шумеруудын судар бичигт өгүүлснээр Усан галаваас өмнө энэ дэлхийд “бурхад” аж төрөн байжээ. Тэд Усан галавын өмнөхөн “тэнгэрт хөөрч”, галав юүлсний дараа эргэж ирсэн хэмээнэ. Ингээд барилга байгууламжаа сэргээхийг оролдсон ч байх талтай.

Нэмж хэлэхэд Перугээр хийсэн энэ экспедицийн дүнд бид үсрэнгүй соёл иргэншилт нэгэн ард түмэн Усан галаваас өмнө элдэв байгууламж барьж босгож байсныг гэрчлэх баримт нотолгоо олсон билээ. Энэ тухай дараа өгүүлэх болно.
Саямагхан Германы археологичид газар доор байх пирамидуудыг георадарын тусламжтай илрүүлсэн ч гэх мэдээ цацагдсан шүү дээ. (Үргэлжлэл бий)

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...