ХАРУКИ МУРАКАМИ
НОРВЕГИЙН ОЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НАМАЙГАА САНАЖ
ЯВААРАЙ
Боинг-747
онгоцонд сууж явсан тэр жил би гучин долоо хүрч байлаа. Онгоц нүүгэлтсэн
борооны үүлсийг зүсэн Хамбургийн буудалд газардахаар доошилно.
Арван
нэгэн сарын хүйтэн бороо газар чийглэж, тэртээ дор харагдах онгоцны буудлын
ажилчид цув өмсчээ. Цохио хад шиг сүндэрлэх буудлын дээвэр дээр янз бүрийн
далбаанууд намирч, БМВ-гийн сурталчилгааны самбарууд байх нь эгээтэй л фландрийн
дүнсгэр зургийг санагдуулна. “Дахиад Германд ирлээ.”
Онгоц газардмагц
“Тамхи татахыг хориглосон” сануулга унтарч, дээрээс намуухан хөгжим эгшиглэв.
Найрал хөгжим Битлзийн Norwegian Wood-ийг
гайхалтай тоглох аж. Энэ аялгууг сонсох бүр сэтгэл үймэрдэг боловч тэр өдөр
урьд урьдаас илүүтэй гэгэлзэн хөвсөлзөж билээ.
Бодол
санаа минь уураг тархийг өрөмдөж, өөрийн эрхгүй хоёр гараараа толгойгоо барин
тонгойлоо. Удалгүй онгоцны үйлчлэгч герман бүсгүй дөхөж ирээд зүгээр эсэхийг минь
англиар лавлаж асуув. Би толгой бага зэрэг эргэснээс бүх юм зүгээр хэмээлээ.
-Үнэхээр зүгээр
үү?
-Зүгээр ээ.
Баярлалаа.
Үйлчлэгч
бүсгүй инээмсэглэсээр явж одов. Төдхөн Билли Жоэлийн дуу хөвөрлөө.
Толгойгоо
өндийлгөн Хойд далайг бүрхсэн бараан үүлсийг ажингаа энэ насандаа алдаж гээсэн
үй олон зүйлсийн тухай эргэн дурслаа. Нэгэнтээ урсаж өнгөрсөн цаг хугацаа, хорвоогоос
хальсан, сураг алдарсан анд нөхөд, эргэж ирэхгүй хором мөчүүд.
Онгоц
зогсож, хүмүүс суудлын даруулгаа тайлаад, тавиур дээрээс ачаа тээш, хувцас
хунараа авна. Харин би өвсний үнэр ханхийж, салхи сэвэлзэн, шувууд жиргэсэн тэр
хээр талд үлджээ. 1969 оны намар буюу хорьж болдоггүй хорин нас шүргэсэн тэр
жилийн минь намар.
Үйлчлэгч
бүсгүй дөхөж ирээд алжаасан эсэхийг минь асуунгаа хажууд суув. Би:
-Одоо
зүгээр дээ. Хүнд хааяа ганцаардах үе байдаг даа (It’s all right now, thank you.
I only felt lonely, you know.) гэж хэлээд инээмсэглэв.
-Ойлгож
байна аа. Би ч гэсэн үе үе ганцаарддаг юм. (Well, I feel same way same thing,
once in a while. I know what you mean.)
Бүсгүй
толгой дохин хөгжилтэй нь аргагүй инээмсэглээд:
-Сайхан
аялаарай. Баяртай! (I hope you’ll have a nice trip. Auf Wiedersehen!) гэсээр босч
явлаа.
-Auf
Wiedersehen!
Хэдийнэ арван
найман жил өнгөрсөн ч тэр хээр талын дурсамж бүдгэрсэнгүй. Хэдэн өдөр зүсэрсэн
бороонд шороо тоос нь дарагдсан уулсаар хөхөлбөр туяа татжээ. Өвс навчис арван
сарын салхинд сэрчигнэж, тэртээ дээр цасан хунгар мэт урт үүлс суунаглана. Нүд
алдам хязгааргүй хөх тэнгэр. Сэвэлзүүр салхи бүсгүйн үсийг намируулж ойн тийш
одно.
Навчис
шуугиж, хаа нэгтээ нохой хуцах нь нөгөө ертөнцөөс дуулдах бүдэг бадаг улих дуун
мэт чихэнд хүрнэ. Ойр орчинд нилдээ анир чимээгүй ноёлох аж.
Бид
хоёртой нэг ч хүн таарсангүй. Тэртээ талаас хоёр улаан шувуу үргэж, төгөл рүү
нисэн одов. Зам зуур Наоко нэгэн худгийн тухай ярьж өглөө.
Хүний ой
ухаан гэдэг хачин юм шүү. Би тэр үесд сэтгэл хөвсөлзөн энэ бүхнийг анзаараагүй
бөгөөд арван найман жилийн дараа нэг бүрчлэн санан дурсана чинээ бодож
явсангүй. Үнэндээ тэр мөчид эргэн тойрноо анзаарах сөхөөгүй явжээ.
Оюун
бодолд минь өөрийн бие болон зэрэгцэн алхах сайхан бүсгүй, цаашдаа хэрхэн тухай
сэтгэхээс өөр зүйл байсангүй. Хаашаа ч харсан, юү ч мэдэрсэн, хэн бугайг ч
бодсон эцсийн эцэст бүхнийг өөртөө хамаатуулдаг нас байдаг даа.
Тэр үед би
дурлалдаа шатаж явлаа. Дур хүсэл минь харанхуй хөвчид хөтөлж, хүрээлэн буй
орчноо анзаарч харах сөхөө өгдөггүй байжээ.
Эдүгээ тэр
нуга, өвсний үнэр, сэвэлзүүр салхи, уул нуруу, нохойн хуцах дуун л санаанд
буудаг. Гараа сунгах төдийд л хүрчихмээр тодхон буухыг нь яана!
Харамсалтай
нь, бидний дүр төрх замхарчээ. Би ч, Наоко ч харагдахгүй юм. Бид хоёр хаачсан
юм бол? Юуны учир ийн алга болов? Миний хувьд үнэт эрдэнэсээс өөрцгүй байсан
тэр бүсгүй, миний бие, миний бяцхан ертөнц хааччих нь энэ вэ?
Тийм ээ.
Би тэр бүсгүйн царай зүсийг шуудхан санаж чадахгүй нь. Хүний сүүдэр үл үзэгдэх
тэр хээр тал л санаанд үлдэж.
Мэдээж, тухтайхан
бодвол царай зүсийг нь санаж болох л юм. Жижигхэн, хүйтэн гар, зөөлөн, шулуун
үс, чихнийх нь гэдэс, гэдэснийх нь дор байх жижигхэн мэнгэ, өвөл өмсдөг байсан
тэмээний ноосон дэгжин хүрэм, юм асуухдаа өөдөөс ширтэх нүд, чивчирсэн дуу
(хааяадаа үг яриа нь уулын орой дээр салхинд зогсоод үглэх мэт сонсогддог сон).
Энэ бүхнийг эвлүүлж бодмогц аяндаа дүр төрх нь тодорно.
Үргэлж
хажууд минь явдаг учраас эхэндээ хажуу талаасаа тодордог юм.
Түүний
инээмсэглэл, өөдөөс минь ширтэн ярих тэр агшин, толгойгоо ялимгүй гилжийлгэн ярих
тэр мөч. Энэ үед тэр тунгалаг голын уснаа жирэлзэн өнгөрөх загас жараахайг олж
харахыг хичээх мэт өөдөөс минь цоо ширтдэг байж билээ.
Гэхдээ энэ
бүхнийг сэтгэлдээ буулгатал хэдэн хором өнгөрнө. Он жил өнгөрөх тусам энэ
хугацаа уртсаад ч байх шиг. Гунигтай ч гэлээ, энэ бол бодит байдал.
Эхэндээ
түүний дүр төрх таван эгшинд буудаг байсан бол аажмаар арав, хорь болж, сүүлдээ
минут хэртэй бодож байж сэтгэлд минь тодроно. Энэ хугацаа үдэш болоход сүүдэр
уртсах шиг улам бүр нэмэгдэнэ. Эцэстээ тэр чигтээ харанхуйд автах биз ээ.
Цагийн
саалтаар дурсамж дурдатгал минь бид хоёрын зогссон тэр газраас холдсоор л
байна. Тэртээ арван сарын хээр тал алдартай кино зураг шиг ахин дахин бууж,
сэтгэлийн минь нэгээхэн хэсгийг цочроох мэт болно.
Босох
болоогүй юу? Өндийгөөд ямар учраас энд ирснээ бод доо. Эдүгээ сэтгэл минь
өвдөхөө больжээ. Энэ бүхнийг дурсах болгонд хөндий хоосон зүйл нүдэх мэт л
ажрахаа больж дээ. Цаг хугацаа улиран өнгөрөхөд энэ дуу авиа бусдын адил сарниж
алга болно.
Тэгэвч Хамбургийн
онгоцны буудалд Люфтханзагийн онгоцонд суугаа энэхэн үест энэ цохилтууд “Одоо
босооч, ойлгооч!” гэх шиг урьд байгаагүйгээр хүчтэй, удаан байх ажээ.
Ийм учраас
л би энэ хэдэн мөрийг холбож сууна. Үймэрсэн бодол санаагаа цаасан дээр
буулгахаас нааш учрыг нь олохгүй би гэж ийм л хүн дээ.
Тэртээд
үлдсэн тэр өдөр Наоко юун тухай ярьж байлаа?
Тийм ээ. Бүсгүй
хээр талд байсан нэг худгийн тухай ярьсан шүү дээ. Үнэндээ тэр худаг байсан
эсэхийг би мэдэхгүй. Энэ бүхэн хар дарсан зүүд шиг тэр өдрүүдэд оюун бодолд нь
ээрсэн зүйлсийн нэгэн адил хий хоосон төсөөлөл, билгэ тэмдэг байсан уу, хэн
мэдэх вэ?
Гэсэн
хэдий ч энэ худгийн тухай ярьснаас нь хойш би хээр талыг тэр худаггүйгээр
төсөөлөхөө больсон юм. Чухамдаа би хоёр нүдээрээ хараагүй ч тэр худаг санаанд
минь эргэн эргэн буух талд өдий болтол оршсоор байдаг.
Тэр
худгийг би нэгд нэгэнгүй дүрсэлж чадна. Худаг хээр тал бяцхан төгөлтэй нийлэх
тэрхэн хэсэгт байх агаад алд хэрийн харанхуй амсрыг нь тойроод өтгөн өвс халхлан
ургана. Ойр орчимдоо хожуул болоод чулуун хашилтгүй, газарт нэг нүх л онгойж
харагдана.
Худгийн амсрыг тойруулж тавьсан чулуунууд
борооны усанд идэгдэж цайгаад, зарим хэсгээрээ цуурч доош унан, завсар
зайлхайгаар нь жижигхэн ногоон гүрвэл гүйнэ. Доош харвал нүдэнд торох нэгээхэн
ч зүйл үгүй.
Худаг
төсөөлөхийн аргагүй гүнзгий бөгөөд нягтруулж шахсан мэт тас харанхуй орчноор
дүүрэн гэдгийг л би мэднэ. Наоко үгээ цэнэн байж:
-Худаг их
гүнзгий, маш их гүнзгий гэж билээ.
Тэр
заримдаа санаагаа яв цав ойлгуулахын тулд удаан ярьдаг байлаа.
-Маш
гүнзгий шүү. Тэр худаг энд байдаг ч чухам хаахна байдгийг хэн ч мэдэхгүй. Ямар
ч байсан энэ хавьд л бий.
Бүсгүй
ингэж хэлээд хүрэмнийхээ халаасанд гараа хийж, намайг ширтэн “Нээрээ шүү!” гэх
шиг инээмсэглэв.
-Тийм бол
энэ чинь их аюултай юм биш үү? Хаа нэгтээ гүнзгий худаг байгаа ч яг хаана
байгааг нь хэн ч мэдэхгүй. Уначихвал яана?
-Уначихвал
шунхийгээд л пидхийнэ.
-Тэр
худагт хүн унадаг гэж үү?
-Хааяа
унадаг л юм. Хоёр, гурван жилд нэг удаа... Хэн нэгэн ор сураггүй алга болж,
хайгаад хайгаад олдохгүй болохоор нутгийнхан худагт уначихсан гэлцдэг юм.
-Тэгж үхэх
хэцүү л байх даа.
-Аймшигтай.
Шууд хүзүүгээ хугалбал амар. Харин хөлөө хугалчихвал ч хэцүү дээ. Орилж
хашгираад нэмэр болохгүй. Хэн ч сонсохгүй. Хэн ч олохгүй. Хаа сайгүй аалз, унаж
үхсэн хүмүүсийн араг яс, тас харанхуй. Тээр дээр өвлийн сар шиг дугуйрсан
тэнгэр л харагдана. Ганцаараа аажмаар үхнэ дээ.
Ингэж
хэлэнгээ тэр хүрмэн дээрээ наалдсан навчийг авч хаялаа.
-Бодохоос
ч аймаар юм. Тэр худгийг олоод хайс татчихаасай.
-Хэн ч олж
чадахгүй юм чинь. Энд замаасаа хазайж болохгүй.
-Тэр ч
мэдээжийн хэрэг.
Тэр зүүн
гараа халааснаасаа гаргаж гараас минь барьлаа.
-Айсны
хэрэггүй. Чи энд шөнө дөлөөр явсан ч худагт унахгүй. Би ч гэсэн чамтай байгаа
цагтаа унахгүй.
-Хэзээ ч
унахгүй гэж үү?
-Хэзээ ч.
-Яаж мэдэж
байгаа юм бэ?
-Зүгээр л
мэдэж байна гээд тэр гараас минь чанга атгасан сан.
Бид хэсэг
зуур чимээгүй алхав.
-Би иймэрхүү
зүйлийг мэддэг юмаа. Зүгээр л унахгүй гэдгээ мэдэрдэг. Жишээ нь, чамтай байхад
би юунаас ч айдаггүй. Муу муухай зүйл намайг урхидаж чадахгүй.
-Ийм
амархан юм бол үргэлж хамт байхад л болох юм байна.
-Чи
үнэндээ ингэж бодож байна гэж үү?
-Тэгэлгүй
яахав.
Бид хоёр
зогсоод, Наоко мөрөн дээр минь хоёр гараа тавьж, нүд рүү минь ширтлээ. Хархан
нүдэнд нь ус эргэлдэх шиг. Сайхан нүдээрээ хэсэг зуур намайг ширтээд өсгийгөө
өргөн хацарт минь хацраа наав. Халуу төөнөж, сэтгэл гэгэлзээд, зүрх минь
зогсохоо дөхлөө.
-Чамд баярлалаа.
-Зүгээр
дээ.
-Хамт байя
гэхийг чинь сонсоод ямар их догдолсныг минь мэддэг ч болоосой. Харамсалтай нь,
бид хоёр хамт байж чадахгүй байх даа гэж тэр их л гунигтай өгүүлнэ.
-Яагаад?
-Яагаад гэвэл
боломжгүй шүү дээ. Дэндүү хатуу сэтгэл гаргасан болно... Яагаад гэвэл...
Тэр дуугаа
хураан хэсэг алхлав. Дотроо элдвийг бодож буйг нь ойлгох учир чимээгүйхэн
зэрэгцээд явлаа.
-Учир нь
бид хоёр хамт байж болохгүй.
-Яагаад
болохгүй гэж?
-Хэн нэгэн
нөгөөгөө үргэлж хамгаалж, хамт байх боломжгүй шүү дээ. Бид хоёр ханиллаа гэж
бодъё. Чи ажил хийх нь мэдээж. Харин ажилдаа явсан хойгуур чинь хэн намайг
хамгаалах вэ? Эс бөгөөс томилолтоор явбал хэн намайг гэх вэ? Үхэн үхтлээ чамайг
дагах хэрэг үү? Ингэж болохгүй. Эцэстээ энэ болгоныг эр, эмийн харьцаа гэж
хэлэхийн аргагүй болно. Тэгээд хэзээ нэгэн цагт чи надаас залхаж “Амьдралын
минь утга учир юү юм бэ? Энэ эмэгтэйг асарч халамжлахад л бүхнээ зориулах гэж
үү?” гэх болно. Би ингэмээргүй байна. Өөрийнхөө асуудлыг өөрөө шийдсэн болохгүй
шүү дээ.
Би
нуруугаар нь илээд:
-Насан
туршдаа ийм байхгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт эдгэрч л таарна. Тэр үед нь
хоёулаа цаашдын амьдралаа бодъё. Наоко минь, тэр үед чи надад туслах юм бил үү,
хэн мэдэх вэ? Амьдрал гэдэг чинь сайнтай муутай, аваа өгөөтэй л байдаг шүү дээ.
Юм бүхнийг хүндрүүлж, сэтгэлээ чилээсний хэрэг юун. Сэтгэл тавгүйтээд ирэхээр юм
бүхэн хэцүү санагддаг. Сэтгэл амар байвал аяндаа л болж бүтдэг дээ.
-Чи яагаад
ингэж ярих болов оо?
Хоолой нь
сааралтаж, буруу юм хэлснээ ойлголоо. Наоко газар ширтсэн хэвээр:
-Сэтгэл
минь амар байвал аяндаа болж бүтнэ гэж бодоход тайтгардаг хэдий ч үнэндээ ийм
үг сонслоо гээд зовлон минь нимгэрэхгүй. Ойлгож байна уу? Сэтгэл амрах төдийд л
би түмэн хэсэг болно. Амьдрал минь анхнаасаа ийм байсан учраас хэдийнэ
дасчихаж. Нэг л жолоо алдвал буцаад барьж дийлэхгүй татагдаад явчихна. Бутарч
унаад, хаа нэгтээ хийсээд явчихна. Чи ойлгохгүй байна уу? Учраа олохгүй байж
намайг хамгаална гэж хэлж чадна гэж үү?
Би ам
ангайж зүрхэлсэнгүй.
-Сэтгэл
минь чиний төсөөлснөөс илүүтэй үймрэх юм. Чи тэр өдөр яах гэж надтай дотноссон
юм бэ? Орхиод явчихгүй яав даа.
Ер бусын
нам гүмхэн нарсан төгөлөөр алхахад зуны сүүлээр үхсэн голио царцаа зам дээх
хатаж хөглөрөөд, хөл дор гишгэгдэн шаржигнана. Хоёул ямар нэгэн зүйл хайх мэт
толгой гудайлган явлаа. Наоко:
-Уучлаарай
гэж хэлээд гараас минь зөөлөн атгаж, толгойгоо хэдэнтээ сэгсрээд:
-Чамайг
гомдооё гэж бодоогүй юм шүү. Элдвийн юм бодсоны хэрэггүй. Намайг уучлаарай. Өөртөө
бухимдах үе байх юм.
-Би чамайг
нэвт шувт мэднэ гэж хэлэхгүй л дээ. Толгой муутай болохоор юм ойлгохдоо удаан. Энэ
бүхнийг ойлгоход тодорхой хугацаа хэрэгтэй. Тэгсэн цагт би чамайг хэн хүнээс
илүү сайн мэддэг болно.
Бид хоёр
чимээ аниргүй орчинд уусан зогслоо. Би гутлынхаа хоншоороор газарт унасан мөчрийг өшиглөж,
нарсан дундаас цэлийн харагдах тэнгэр өөд ширтэв. Наоко гараа халааслаад, юу ч
харалгүй бодолд автан зогсоно.
-Ватанабэ,
чи надад хайртай юу?
-Хайртай
шүү дээ.
-Тэгвэл
хоёр хүслийг минь биелүүлээч.
-Хоёр биш
гурав байдаг байх аа?
Бүсгүй
толгой сэгсрэн мишээнэ.
-Хоёр
байхад хангалттай. Надтай ирж уулзсанд үнэн сэтгэлээсээ талархаж буйг минь
ойлговол эхний хүсэл минь биелнэ. Үнэхээр их баяртай байна. Авралын оч гийх шиг
л болох юм. Чамд мэдэгдэхгүй байж болох ч үнэндээ их хөөрлөө.
-Би ирж
байна аа. Харин хоёр дахь нь?
-Намайг дурсаж
яваарай. Би гэж хүн байсныг, хажууд чинь зогсож байсныг битгий мартаарай.
-Мартахгүй
ээ.
Ингэж
хэлээд тэр урагш алхлахад моддын навчсан дундуур тусах намрын шаргал нарны туяа
хүрмэн дээр нь бүжинэ.
Ойрмогхон
нохой хуцах дуун гарч, тэр гүдгэр хэсгээр давж, бяцхан төгөлөөс гараад шалавлан
уруудав. Би хоёр гурван алхмын цаанаас дагаж явлаа. Араас нь:
-Хүлээ л
дээ. Нөгөө худаг гараад ирэх ч юм бил үү? гэвэл тэр инээмсэглэсээр намайг
хөтлөв. Ингээд бид хоёр мөр зэрэгцэн алхлаа.
-Намайг
хэзээ ч мартахгүй биз? хэмээн шивнэх шахам асуухад нь би:
-Насан
туршдаа санаж явна. Наокогоо хэзээ ч мартахгүй! гэж билээ.
Гэсэн
хэдий ч цаг хугацааны эрхээр энэ бүхэн холдон замхарч, олон зүйл ой тойноос
минь арчигджээ. Дурсамжаа сэргээн бичих энэхэн үест нэгээхэн чухал зүйлээ ор
тас мартчихвал яана даа? гэсэн бодол эргэлдэж сэтгэл эмзэглэнэ. Оюун бодлын
минь нэгээхэн хэсэгт энэ бүхэн сэвсгэр тоос болон хуралдаж байвал би яалтай?
Эдүгээ би
энэ бүхнийг санаж байна. Он цагийн эрхэнд сэтгэлээс минь мултрах дөхсөн
дурсамжаа энгэртээ наасаар хэдийнэ мөлжсөн ясыг ахин дахин мэрэх шиг энэ
мөрүүдийг холбож сууна. Наокод өгсөн амлалтаа үүнээс өөрөөр биелүүлэх аргагүй
болжээ.
Дурсамж
дурдатгал минь тодхон байсан залуу зандан ахуйдаа түүний тухай бичихийг хэдэнтээ
оролдсон боловч үг үсгээ холбож дийлээгүй юм. Эхний өгүүлбэрээ эвлүүлээд
буулгачихвал аяндаа хөврөөд явах ч чухамдаа хичнээн хичээгээд энэ эхний
өгүүлбэр нь санаанд буухгүй байлаа. Дурсамж минь хэтэрхий тод томруун байснаас
яаж эхлэх учраа олохгүй байж. Хэт нарийвчилсан газрын зураг бодит байдалд хэрэг
болдоггүйтэй адил юм уу даа.
Гэвч
эдүгээ би чухам яаж өгүүлэхээ мэдэх болсоон. Эцсийн эцэст энэ бүхнээ нэгтгэхэд,
ой тойноос минь алдагдах дөхсөн бодрол эргэцүүлэл, мартагдах нь холгүй
мэдрэмжээ түүнтэй адил найдвар муутайхан цаасан дээр үзэг цаас холбон буулгах
нь зөв бололтой.
Наокогийн
тухай дурсамж бүдгэрэх тусам түүнийг ойлгох шиг болно. “Санаж яваарай!” гэсний
учир начрыг эдүгээ л ухаарах шиг.
Тэр
дурсамж минь баларч бүдгэрнэ гэдгийг мэдэж байсаан. Иймийн учраас л тэгж хүссэн
биз ээ.
“Намайг битгий
мартаарай. Байсан гэдгийг минь санаж яваарай.”
Тэр бүсгүй надад
дурлаагүй учраас ингэж бодоход сэтгэлд уйтай.
Орчуулсан Б.Гэрэл
ямар яруу юм бэ та заавал дуусгаарай
ОтветитьУдалитьБүтнээр нь нийтэлж болох уу? Эсвэл чамаас худалдаж аваад уншиж болох уу? Болох бол zaya_sirus@yahoo.com хаягаар хариу бичээрэй.
ОтветитьУдалитьТа www.deej.mn цахим дэлгүүртэй хамтран ажиллаарай. Баярлалаа
ОтветитьУдалитьSayahan unshij duusgalaa. Setgel howsolzuulsen hairiin tuuh yumaa. Orchuulga bol gaihaltai. Naizdaa bayar hurgie! Kinog n olj uzeh yumsan.
ОтветитьУдалить