воскресенье, 2 марта 2014 г.

Э.М.Ремарк “Ялалтын хаалга”


 Энэ зохиолыг уншиж дуусахад Николай Гумилевын (Ахматовагийн нөхөр, яруу найрагч) нэгэн шүлэг санаанд буусан юм.
В стороне чужой
Жизнь прошла моя.
Как украли жизнь,
Не заметил я.
(Орчуулбал: Харьд өнгөрөөсөн энэ л амьдралыг минь
Хулгайлж одсоныг анзаарсангүй)
Германы алдартай зохиолч Ремаркийн зохиолуудаас анх энэ романыг нь уншиж байлаа. Ёстой л салж чадахгүй барьсаар дуусгалаа. Ремарк өөрийгөө зохиолын гол баатар Равикаар, хайрлаж дурлаж явсан алдарт жүжигчин Марлен Дитрихээ зохиолын өөр нэгэн дүр Жоанаар төлөөлүүлсэн гэдэг. Эх болсон нацистын Герман орноосоо дүрвэж, Парист амьдрахдаа ур чадвар муутай эмч нарын хувийн эмнэлэгт хэдхэн франкийн хөлсөөр нууцаар ажиллах “богинохон амьдралынхаа хэдхээн өдөр хоногийг Равик нэрээр өнгөрөөх, хүсэл мөрөөдлөө хэдийнэ гээсэн ч дэврүүн сэтгэлтэй” мэс засалч, бусдаар хайрлуулж, хүндлүүлэх дуртай “цэнхэр нүдэн” жүжигчин бүсгүй Жоан хоёрын хайр сэтгэл, төөрөг тавиланг өгүүлэх бүхэл бүтэн амьдрал, хүний хувь заяаг уншсан хүн тийм ч амар мартчихгүй ээ. Романы төгсгөлд Равик, Жоан хоёрын үзэл бодол эрс өөрчлөгдсөн байдаг. 
 Энэ дунд хөлөө тайруулах хөвгүүн, хэзээ ч үрийн зулай үнэрлэхгүй эмэгтэй, эдгэрсэн нэгэн нь бэлэг сэлт болж, эндсэн нэгний ар гэрийнхнээс гар хоосон хоцрох сувилагч, гэдсэндээ үхлээ тээх Кэт бүсгүй, еврей гэр бүл, хаа сайгүй жоом харах эмэгтэй гээд маш олон дүр зураг хөврөн өнгөрнө.
Германд байхдаа Гестапогийнханд эрүүдүүлж, хайртай бүсгүй Сибиллагаа алдсан Равикийн сэтгэлийг Жоан л хөвсөлзүүлж сэрээнэ. Парист дүрвэж ирснээсээ хойш нэр усаа хэдэнтээ солих ч эцэстээ баригдах ажээ. Ингээд хэдэн сарын дараа Швейцариас эргэж ирэхэд Жоан кино жүжигчин болох мөрөөдлийг нь биелүүлэхэд тусалсан нэгэнтэй дэр нэгтгэсэн байна. Равик Германд эрүүдүүлж байсан Гестапогийн офицер Хаакегээс бодон байж өшөөгөө авах ч сэтгэл нь тайтгарсангүй.
“Цаг хугацаа бүхнийг анагаадаг” гэх ч Равикийн хувьд үгүй юмаа. Сэтгэл сэдрээсэн дурсамж дурдатгалаа өдөртөө мартаж болох ч шөнө дөлөөр тэр бүхэн эргэн ирж шархыг нь хөндсөөр л.
Хувь заяаны эрхээр өөр нэгэнтэй дэр нэгтгэсэн сэтгэлт бүсгүй нь аанай л өөрт нь “хайртай” гэх тэр мөчид Равикийн горь найдвар тасрах шиг болно.
Хөндлөнгөөс ажиглахад энэ тэр хүн ингэж, тэгэх нь зүй гэж хэлж зааварчлах амархан ч өөрийн чинь замд энэ бүхэн тохиовоос яах учраа олно гэж үү?
Үнэндээ цаг хугацаа бүхнийг анагаах увидастай юм гэж үү?
Товчхондоо хайр дурлал, дайн дажин, өс хонзон, эрх чөлөө, үхэл хагацал, алдагдсан үеийн тухай зохиол. Миний бодлоор үе бүхэн тодорхой хэмжээгээр, аль нэг талаараа алдагдсан гэмээр ч юм шиг.
Ремаркийн хэл үнэхээр яруу тансаг, хуудас бүрнээ онч үгсээр дүүрэн байх юм.
Дайны тухай илт өгүүлэхгүй ч айдас хүйдэс төрүүлсэн уур амьсгал нэвт шингэжээ. 

Энд  дарж Ремаркийн уран бүтээл, үзэл бодлын талаар уншиж сонирхоно уу.

***
Эмэгтэй хүнийг хайрлахаа больё л гэж бодож байвал түүнтэй ойр ойрхон хамт унтах хэрэгтэй. Тэгж л байж элдвийн юм бодож төсөөлөхөө болино.
Төгс төгөлдөр байхыг үзэн ядах юм! Энэ чинь жамаас гажууд шүү дээ.
Эхэлж довтолсон нэгэн л эцсийн дүндээ зөвдөнө.
Мөнгө төгрөгийг нь эхнэр нь мэдэх аваас тэр хүн ерөөс эр хүн биш.
Эр, эм хоёр нэг нэгнээ энгийн атлаа адгуусан амьтан шиг хүсэмжлэхийг хичнээн ч олон үг өгүүлбэрээр илэрхийлдэг юм бэ дээ?

-Ганцхан эмэгтэйтэй жаргалтай амьдарч болох уу?
-Болохгүй ээ. Жаргаж буйгаа мэдрэхийн тулд өөр нэгэн хэрэгтэй.

Хамгийн энгийн зүйлс л хэзээд сэтгэл гонсойлгодоггүй.
Эмэгтэй хүн дэргэдэх эрийнхээ чадлаас хэтийдсэн хэв маягаар хэдхэн өдрийг өнгөрөөхөд л өнөөх эрээ орхиж явах нь гарцаагүй.
       Эсэн бусын юм сэтгэх уураг тархинаас илүүтэй энэ биендээ итгэх юм.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...