суббота, 1 февраля 2014 г.

БЕРНХАРД ШЛИНК “НОМ УНШИГЧ”

Германы орчин үеийн романч Бернхард Шлинкийн “Ном уншигч” хэмээх энэхүү роман 1995 онд гарсан даруйдаа бестселлер болоод гучин таван хэлнээ хөрвүүлэгджээ. Шлинк эл зохиолоороо Европ, Америкийн нэр хүндтэй олон шагнал авсан байдаг. Арван таван настай хөвүүн хийгээд хэдийнэ нас бие гүйцсэн эмэгтэй хоёрын холбоо Ханнаг хэл үггүй алга болсноор өндөрлөнө. Ингээд найман жилийн дараа хуулийн ангийн төгсөх курсийн оюутан болсон залуу нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэйгээ нацистуудын хэргийг шүүн таслах шүүх хурал дээр олж харах ажээ.
Энэ номыг уншсаны дараа чухам хэдий хэмжээгээр үнэлж дүгнэж болох тухай бодож суулаа. Сэтгэлийг минь хөндсөн болохоор таалагдсан нь яриангүй ээ. Энэ зохиолоос илүү тансаг яруу үг хэллэгтэй, үйл явдалтай ном зохиол цөөнгүй л дээ. Ер нь Шлинк зохиолч гэхээсээ илүүтэй хуульч хүн юм шиг ээ. Баатрууд нь сэтгэл хөдлөлөө хазаарлаж, товч бөгөөд тодорхой хүүрнэх юм. 150-иад нүүртэй энэ романаараа зохиолч нилээд хэдэн сэдэв хөндөж. Гурван хэсгээс бүрдэх энэхүү зохиолд гол баатар маань бүлэг бүрнээ нэгэн асуултанд хариу эрэх аж.
Өөрөөсөө эгчмэд Ханнатай сэтгэлийн холбоо үүсгэсэн нь анхаарал татахуйц бөгөөд Михаэль үүнээсээ ичингүйрч явсан нь мэдээжийн хэрэг шүү дээ. Насны зөрүүтэй хосуудыг ёстой хэлгүй, дүлий нэгэн л чичилдэггүй биз дээ? Энэ мэт явдал нь залуу хүмүүний амьдралд сүрхий нөлөөлөхгүй ч үзэл бодлыг нь өөрчилж болох талтай. 
Өрөөл нэгний нүднээс далдуур уулзаж учрахдаа биесээ жаргаах ч олны нүдэн дээр, жишээ нь трамвай дотор Михаэль гэрэвшиж эмзэглэнэ.
Хөндлөнгийн нэгэнд Ханна, Михаэль хоёрын харьцаа хайр сэтгэл гэхээсээ илүүтэй балчир хөвүүний туршлага суух гэсэн оролдлого мэт харагдавч би л хувьдаа энэ хоёрыг буруушааж зүрхлэхгүй.
Зохиолын хоёрдугаар хэсэгт хорих ангийн харгалзагчдыг шүүх агаад Михаэль тусламж хүсээгүй нэгний нууцыг дэлгэн байж, дур мэдэн хамгаалж өмгөөлөх нь зөв зүйтэй эсэх тухай эргэцүүлэх ажээ. Аливаа хууль журмыг мэдэхгүй явлаа гээд, тухайн үеийнхээ хүнлэг бус дүрэм журмыг аргагүйн эрхэнд мөрдлөө гээд хариуцлагаас мултарч болно гэж үү? Ханнагийн бичиг үсэгт тайлагдаагүй байсан нь энэ зохиолын хоёрдахь томоохон сэдэл болсон гэлтэй. Угтаа Ханнаг бичиг үсэгт тайлагдаагүй гэснээр тухайн үеийн Германы бусдыг үл ойшоосон, дээрэнгүй зан байдлыг илэрхийлээ биз ээ.
“Зандалчин хүн ямар нэгэн тушаалаар бусдыг хөнөөдөггүй шүү дээ. Тэр зөвхөн ажлаа л гүйцэтгэж яваа. Өрөөл нэгнийг үзэн ядаж, өс санасандаа ч бус, тэр тусмаа хэн нэгэн замд нь хөндөлслөө гэсэндээ хороох нь үгүй ээ. Зандалчны золиос болсон тэр улс түүний хувьд огтхон ч холбоо хамааралгүй. Амийг нь авлаа ч яалаа, байлаа ч яалаа гэтлээ холбоо хамааралгүй шүү дээ.”
Ханна тухайн үеийн дийлэнх германчууд шиг болж буй бүхэнд сэтгэл хөдөлж, зүрх зориг гаргаагүйдээ л буруутай. Үнэндээ тэр үест Ханна шиг авирлах нь жир үзэгдэл байсан биз ээ. 

 Харин хүн гэдэг амьтан хийсэн хэрэгтээ хариуцлага хүлээх учиртай нь эл романд хөндсөн гуравдахь том асуудал гэж болохоор. Ханна хэзээ ч айж эмээж яваагүй бөгөөд үүрэг хариуцлагаа бүрнээ ухамсарладаг эмэгтэй. Өөрийгөө ч элдвээр зөвтгөж өмөөрсөнгүй.
Миний хувьд энэ зохиолын төгсгөл аймшигтай ч гэмээр. Амь үрэгдсэн үй олны өмнө ингэлээ гээд гэмээ цайруулахгүй ч Ханнаг өмгөөлж хэдэн үг хэлэх сэн хэмээн өөрийн эрхгүй бодож билээ.
Оронд минь байсан бол та нар чухам яах байсан бэ? гэх Ханнагийн асуултанд тэр болгон хариулж дөнгөхгүйдээ л ингэж бодсон доо.
Эцэст нь хэлэхэд нилээдгүй юм бодуулсан, уншихад илүүдэхгүй зохиол болжээ.
 ***
Бичиг үсэгт тайлагдаагүй байна гэдэг нь оюун санааны хувьд нас бие гүйцээгүй л гэсэн үг.
Ямар ч сайхан үйл явдал цаад учир нь дэлгэгдмэгц гоо сайхан дүр төрхөө алдах нь юуны учир вэ? Энэ насаа жаргаж элээсэн гэх хосын нэгэн эл олон жилийн турш нууц амрагтай байсан нь илэрмэгц сэтгэл бүлээцүүлсэн дурсамж дурдатгал бүдгэрч балрах нь юуных вэ? Ийм байлаа гээд жаргал гээчийг мэдрэх боломжгүй гэж үү? Үнэндээ хос хоёр жаргалтай л явсан шүү дээ. Эцэс төгсгөл нь гуниг төрүүллээ гээд амсаж өнгөрүүлсэн тэрхэн жаргалыг хүмүүний ой санамж нэг мөр баллачих нь энүүхэнд юм. Жаргал гэдэг жинхэнэ утгаа олохын тулд мөнхөд үргэлжлэх учиртай юм гэж үү?
Өчүүхэн ч үүрэг хариуцлага нэхэхгүй цор ганц хайр бол эцэг эхээ энэлэн хайрлах сэтгэл шүү дээ.
Онгоцны хөдөлгүүр ажиллахаа болилоо гээд нислэг дууслаа гэсэн үг огтхон ч биш. Онгоц гэдэг чулуу шиг л тэнгэрээс унадаг эд биш ээ. Гучаас дөчөөд хором нисч байж, буулт хийхдээ унах нь олонтаа. Харин зорчигчид үүнийг мэдэхгүй. Хөдөлгүүр нь ажиллахгүй онгоц эгээтэй л жирийн онгоц шиг нисдэг. Дуу шуу нь намсах ч исгэрэн шунгинах салхины дуу ямар ч хөдөлгүүрийн дуунаас хүчтэй. Онгоцны цонхоор өнгийх тэрхэн мөчид эх газар, эс бөгөөс тэнгис далай хэдий ойртсоныг мэднэ ээ. Харин кино шийнд бол онгоцны үйлчлэгчид цонхоо хаасан нь харагддаг даа. Энэ мэт чимээгүйхэн нисэх нь зорчигчдод илүү таатай байх нь ч бий.
Хөндлөнгийн нэгэн өрөөл нэгний өмнөөс гаргасан шийдвэр нь тэр хүмүүний хүсэл тэмүүллээс хувь илүү хэмээн сэтгэх улс амьтныг яалтай ч билээ. Ийм улсыг зөвтгөж хаацайлах нэгээхэн ч арга үгүй шиг ээ.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...