Антарктикийн Хуурай хөндийд хэдэн сая
жилийн тэртээгээс хур тунадас ороогүй гэдэг. Уур амьсгалын хувьд Улаан нүдэн (Марс) гарагтай нилээд төстэй. Тиймээс ч NASA-гийн овоо
хараанд өртөж, Улаан нүдэн гарагт илгээх төхөөрөмжөө энд турших болжээ. Энэ
хөндий нь Антарктикийн цас мөсөнд хучигдаагүй нэгээхэн хэсэг бөгөөд хөлдсөн
давст нуурынх нь мөсөн дороос амьд бактериуд олдсон нь Улаан нүдэн гараг дээр
амьдрал буй гэх таамаглал дэвшүүлэхэд нөлөөлсөн гэдэг.
Мөс хайлах үеэр эдгээр
бактериуд нь гадагшлах агаад бактериуд төмөр болон хүхэртэй урвалд орсноор тэр
хавийн мөс нь улаан өнгөтэй болдог ажээ. Бактериудын гадагшлах энэ хэсгийг Цуст
хүрхрээ хэмээнэ.
Цас, мөсгүй энэ хуурай
орчинд амьтан идээшихийн аргагүй.
Африк тивээс 6 сая жилийн
тэртээ салсан гэх Сокотра арлын ургамал, амьтны аймаг үнэхээр сонирхолтой
бөгөөд гуравны нэг нь энэ арлаас өөр газар байдаггүй байна. Аагим халуун уур
амьсгалтай ч энд маш олон төрлийн ургамал ургадаг ажээ.
Испанийн Андалусд байх Рио
Тинтогийн хавцал нь үүгээр урсах голын нэрээр нэрлэгдсэн бөгөөд ашигт малтмал
ихтэй учир голын ус хүрэнтэн урсах аж. Хэдэн зууны өмнөөс ашигт малтмалыг нь
олборлож эхэлсэн ч өдгөө уул уурхайн үйл ажиллагааг нь зогсоож, аялал
жуулчлалын цогцолбор болгосон байна.
Канад улсын Британийн
Колумби гэх газарт байх Толбот нуур нь жилийн дөрвөн улиралд талстжиж толботох
агаад эрдэс бодис хуримтлагдсан олон тооны хүрээ үүсгэдэг. Энэ нууранд үлэмж
хэмжээний сульфат магний, кальц, натри, мөнгө, титаны эрдэс агуулагддаг гэнэ.
Канадын индианчууд дээр үеэс энэ нуурыг тахисаар иржээ.
Дэлхийн хамгийн том давст
нуур болох Солончак Уюни нь давсан овоо, зуун настын мод бут битүү ургасан
аралтай үзэсгэлэн төгс газар ажээ. Сонирхолтой нь энэ нуур сансараас тод
харагддаг гэх юм. Мандал дээгүүр нь жийп машинаар зугаалж, байгалийн үзэсгэлэнг
ажиглах боломжтой.
Бразилийн Вале да Луа буюу
Саран хөндий нь кварц болон талстаас бүрдэх Чапада ууланд буй.
Хятадын Шилинь буюу Чулуун
ойг аль Мин улсын үеэс л “Ертөнцийн нэгэн гайхамшиг” хэмээх болжээ. Шохойн
чулуун хаднууд нь усанд идэгдсээр ийнхүү бүрэлдэн тогтжээ.
Мавританийн Ришатын тогтоцыг
Сахарын мэлмий гэх нь ч бий. Ришат нь бараг 30 бээрийн голчтой, сансараас сайн
харагддаг. Эхэндээ солир унаснаас үүдсэн гэж үзэж байсан ч геологичид энэ
тогтоцыг байгалийн өгөршлөөс буй болсон гэдгийг нь тогтоожээ.
Туркменистан дахь Тамын үүд
хэмээгдсэн Дарвазд газрын хэвлийгээс халуун хайлмаг гадагшлах агаад энэ кратер
нь Каракумын цөлд оршдог. 60 м-ийн гочтой, 20 м-ийн гүнтэй. Гаазын хайгуул хийж
байсан хайгуулчид энэ хэсэгт өрөмдлөг хийх мөчид асар том ангал үүссэн нь
Дарваз хэмээн нэрлэгдэх болжээ. Ингээд энэ хэсгээс гарсан шингэн хийг шатаасан
гэдэг.
Эйсрайзенвельтийн
мөсөн агуйд орсон хэн бугайд ч үлгэрийн ертөнцөд очсон мэт мэдрэмж төрдөг гэх.
Манай дэлхийн хамгийн том мөсөн агуй болох Эйсрайзенвельт нь уртаашаа 40 км-т
сунаж тогтсон боловч багахаан хэсэгт нь жуулчдыг оруулдаг ажээ.
Комментариев нет:
Отправить комментарий