среда, 1 октября 2014 г.

Дайны жамаас гажууд түүх буюу 1943 онд мэргэн бууч Ткачёв юуны учир Герман цэргийг буудсангүй вэ?


Эх сурвалж энд

Чөлөөнд гарсан хурандаа Ткачёв дайнд бишгүй л юм үзжээ. Өдөрт 28 хүн буудсан ч мэргэн буучдын тэмдэглэлд энэ тухай нь тэмдэглээгүй, Власовынханд олзлогдоод хагас цаг хэртэй болоход цаадуул нь минад өртөж амь үрэгдсэн, 2 салаа цэрэг, 169 цэрэг офицер устгаж Вермахтын хар дансанд устгавал зохих дээрэмчин хэмээн бүртгэгдсэн тухай түүх бий. 

Германчууд мэргэн бууных нь овоо хараанд арвантаа онож, хэлтэрхийд нь хацар нь зүсэгдсэн энэ өвгөнөөс нэг л түүхийг дуулах гэж зорьлоо.

Зохиолч Константин Симоновыг Белорусийн Невель хамтралд ирэхэд Ткачёвын өгүүлсэн нэгэн явдлыг Симонов хожмоо өгүүллэг болгон буулгасан аж. 

“Нэг харвал хоёр герман орос эмэгтэйг бамбай болгон худаг руу ирж явлаа. Би ч самбаачлан нэгийг нь буудаж унагаад, нөгөөг нь шархдуулсан юм. Манай хамтралын саальчин Нюра гэдэг бүсгүй байсан даа. Бид хоёр тэврэлдсэн.”

Ткачёв 1943 оны тэр нэгэн өдөр өөр нэгэн мэргэн буучтай Турки-Перевоз гэх газар манаанд гарчээ.

Тэр өдрийн шуудангаар Ленинградын бүслэлтийн үеэр гэр бүлээ алдсан Валя бүсгүй үл таних цэрэг эрд захиа илгээж, өшөөг нь авахыг хүсчээ. Энэ захиа Ткачёвын халаасанд халуу дүүгүүлэх шиг болсон гэдэг.


Коля Поповтой отоонд сууж, дайсны ар талыг овоо хараандаа оруулав. Хоёр офицер үзэгдсэнд бууджээ. Удалгүй тэднийг зөөхөөр ирсэн хэдэн цэргийг ч мөн л унагаж. Гэтэл сумтай хайрцаг зөөх янхигар цэрэг, түүнийг хойш нь татах өөр нэгэн офицер хоёр үзэгдлээ. Сум зөөх цэрэг нэг нүдээ боосон байжээ. Өнөөх офицерийг нь Коля унагаж, нүдэндээ боолттой цэрэг нь Ткачёвт үлдлээ. Ткачёв удаан гэгч нь онилохдоо мань эрийн царай зүсийг тогтуун ажив. Тэгээд гохоо дарсангүй, буугаа буулгалаа.

Өдгөө Ткачёв тэр мөчид чухам ямар учир гохоо дараагүйгээ “Бид байгаа өөрсдөө сонгодог байсан...” гэхээс өөрөөр тайлбарладаггүй. 


Дайн ч дуусч Ткачёв тэр явдлыг ор тас мартсан ч 1952 оны нэгэн өдөр хувь заяа гэдэг хачирхалтай аргаар үүнийг нь эргэн сануулжээ.

“Москвад ирж Коля Поповтой уулзаад, ХБНГУ-ын үзэсгэлэнд очдог юм байна. Гэтэл тэнд байсан хиймэл нүдтэй өндөр эр нэг л зүс үзсэн санагдаад болдоггүй. Дөхөж очоод 43 он, Турки-Перевоз-ын тухай лавлалаа. Гэтэл мань хүн тэнд байсан гээд, тэр өдрийг тодхон санаж байгаагаа өгүүлж билээ. Тэр үед мань эр эмнэлгээс гараад удаагүй байж л дээ. Пулемётны сумтай хайрцаг зөөж байхад нь нэг офицер “Тэнэг минь, мэргэн буучид!” гэсээр суулгасан аж. Ингээд энэ явдлаас хойш 7 хоногийн дараа шархтай гэсэн шалтгаанаар ар тал руугаа буцсан гэдэг.”


Өнөөх герман эр Ткачёвын нэр ус, хаягийг олж аваад, хэсэг хугацааны дараа эхнэрээс нь захиа иржээ. “Хүндэт анд минь, хэрэв зээ та нигүүлсэнгүй сэтгэл гаргаж Виллиг минь өршөөгөөгүй сэн бол энэ гурван хүүхэд хорвоод төрөхгүй байх сан” гэх захиатай хамт Вилли, 3 хүүхдийнх нь зураг байлаа.

Хэдэн жилийн дараа Ткачёв Берлинд сургалтаар явахад Виллигийн эхнэр охиноо дагуулсаар ирж уулзаад, гэртээ урьсан ч Иван очсонгүй.
Дайн эхэлсэн өдрийн тухай асуухад минь “Тэр тухай кино л үзэх юм даа. Он цаг элж, бүхний сэтгэлд тэр дайн кино л болон үлдэж” гэхээс өөр үг унагасангүй.

Комментариев нет:

Отправить комментарий

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...