воскресенье, 19 октября 2014 г.

Мо Янь "Дарсны орон" романы хэсгээс


Эл роман нь Өрнө дахинаа “Хятад ахуйн нэвтэрхий толь” хэмээн алдаршсан бөгөөд арван бүлэгтэй. Бүлэг бүрнээ хятад ахуйг нүдэнд харагдтал дүрслэх жижиг өгүүллэгүүдтэй юм. Ингээд хэсэгхэнээс нь та бүхэнд толилуулъя.
 
“МАХАН ХҮҮХДҮҮД”
Намар. Эртээ өглөө. Хаяа хөвөөгөөрөө хайлсан мөс шиг тал саран баруунтаа мандаж, тэнгэрт тогтжээ. Сарны хүйтэн илч арайхан сэрж амжаагүй Зиүсянцунь (зиүсян – дарсны үнэр, цунь – тосгон гэсэн үг, орч) тосгонд тусна. Хэн нэгний шувууны байрнаас тахиа донгодох нь тэртээ алсаас бөглүүхэн сонстох аж.
Гэвч Зинь Юаньбаогийн эхнэр дав хийн цочиж, орон дээрээ өндийж суугаад, орчин тойрноо нойрмоглон ажив. Цонхоор тусах сарны ногоовтор туяа хар хөнжил дээр ам дөрвөлжин үхмэл цайвар хүрээ татуулна. Баруухантаа эр нөхрийнх нь мөс шиг хүйтэн хөл цухуйна. Эмэгтэй хөнжлийнхөө булангаар нөхрөө хучлаа. Зүүхэн талд нь Сяобао (үгчилбэл бяцхан эрдэнэ гэсэн утгатай, орч) хүү эвхрэлдэн хэвтжээ. 

Тэртээ хол тахиа хоёронтоо донгодоход эмэгтэй хэдэнтээ хөрвөөж босоод, хувцсаа эгэлдэргэлж, гадагш гараад толгойгоо өлийлгөв. Баруунтаа гурван марал, зүүнтээ Үхрийн ордны эгч дүү долоон од тодорчээ. Мөдхөн үүр гэгээрэх нь.
-Алив хурдан босоотох, эгч дүү долоо гарчихаж гэсээр нөхрөө түлхвэл өнөөх нь хурхирахаа болиод, уруулаа хэд хэд шүлстэж, нүдээ эргэлдүүлсээр босон суув.
-Үүр цайчихаа юу?
-Нар мандах нь ээ. Хэдийнийх шиг эргэж буцалгүй эртхэн шиг гарсан нь дээр дээ.
Эрэгтэй зузаан хүрмээ өмсч, орны толгойд байх даалинтай тамхинаас гаансандаа дүүргэж зуулаа. Хэт цахиураа гаргаж ирээд гал асаав. Том том оч үсчиж, нэг нь модон дээр унасанд уруулаа цорвойлгон үлээнэ. Харанхуйд галын дөл улалзаж, тамхиа асаагаад хэдэнтээ сорлоо. Галаа унтраах гэсэнд эхнэр нь:
-Дэнгээ бариач! гэв.
-Хэрэг байна уу?
-Асаа. Жаахан тос шатаалаа гээд хоосорчихгүй.
Урт амьсгаа авч өнөөх модоо үлээвэл галын дөл бадамлах нь тэр. Эхнэр нь дэн авчирч асаагаад хананд өлгөлөө. Өрөөнд бүдэг ногоон гэрэл тусна. Эр, эм хоёрын харц мөргөлдсөн ч дорхноо буруулцгаав. Нойрсож буй хүүхдүүдийн нэгэн уриа лоозон хашгирах мэт зүүдэндээ ярина. Өөр нэгэн тортог болсон хана тэмтчинэ. Гурав дахь нь аядуухан мэгшлээ. Нөхөр нь хүүхдийн гарыг хөнжил доогуур шургуулаад, уйлсан нэгний үсийг нь илэв.
-Дайсан чинь юундаа уйлдаг юм бэ!
-Ус халаах уу?
-Тэг дээ. Хоёр шанага ус халаачих.
-Гурвыг халаачих уу? Цэмцийтэл нь угаавал таалагдах нь илүү биш үү?
Нөхөр нь дуугарсангүй. Гаансаа авч, наарны буланд унтах хөвүүнийг ажлаа.

Эхнэр нь хоёр өрөөгөө гэрэлтүүлэх гэж дэнгээ хаалган тушаа дүүжлэв. Тогоогоо угааж, гурван шанага ус хийж таглаад, дэнгийн гэрэлд хуурай сүрэл шатааж, зуухаа галлалаа. Сүрэл асахад нэмж хийвэл пийшингийн амнаас галын дөл улалзан цухалзаж, тэрхэн орчиндоо томорч багасаад, эмэгтэйн улаа бутарсан царайг гийгүүлэх авай. Нөхөр нь наарны дэргэдэх модон сандал дээр суугаад, залуужсан ч гэмээр эхнэрээ харна.
Тогоотой ус буцалж, эхнэр нь зуухандаа сүрэл нэмэв. Нөхөр нь наарны хөлөнд гаансаа цохиод, ханиалгангаа туниа муутайхнаар:
-Тосгоны зүүн талд байдаг Шүдтэй Суний эхнэр ахиад хөл хүнд болж гэнэ. Багыгаа хөхнөөс нь ч гаргаагүй байж гэвэл эхнэр нь өлгөж аваад:
-Хүсэхэд хясна гээч л тэр дээ. Хүүхдэд дургүй нэг нь жилийн жилд л нярайлна. Бүр гурван ихэрлэхийг нь яалтай! хэмээн шогширно.
-Шүдтэй Сунь ч амиа борлуулчихсан нохой доо. Улс амьтных борлохгүй байхад чанар шалгагч базтай хүний юу ч байсан аваад л явчих юм. Тааруухан бараатайг нь мэдсээр байж л дээд зэргийнх шиг үнэлцгээх юм гэхэд эхнэр нь:
-Аль эртээс л “Ар өврийн хаалгагүй бол албан тушаал ахихыг саналтгүй” гэдэг дээ хэмээн үг нэмлээ.
-Гэхдээ л манай Сяобаог нэгдүгээр зэргээр л үнэлэх учиртай даа. Хүүхдэд ингэж их мөнгө зарлагадсан хүн гэж байхгүй. Чи чинь зуун жин шар буурцагны боов, арваад цагаан загас, дөрвөн зуун жин улаан лууван цааш нь харуулсан байх аа...
-Би тэгээд цааш нь харуулсан болж таарах нь үү? Ходоодонд минь орсон ч тэр чигтээ сүү болж, энэ нөхөр л ховх сорсон доо!
Энэ зуур тогоотой ус пурхийж, таган дороос уур савсав. Уур манан дундуур дэнгийн бяцхан гэрэл шош шиг ногоорно. Эхнэр нь сүрэл нэмэхээ азнаад нөхөртөө:
-Түмпэнгээ аваад ир! хэмээн тушаалаа.
Нөхөр нь хариу бувтнаад гарч, хашаанд байх хар паалантай том түмпэн барьсаар эргэж ирэв. Ёроолоор нь нимгэн цан татжээ.

Эхнэр нь тогооны тагийг авбал дэгдсэн уур мананд нь дэнгийн гэрэл бөхөх нь. Тарвасаар хийсэн шанагаар утгаж, буцалсан усаа түмпэнд юүлнэ.
-Хүйтэн ус нэмэхгүй юм уу? гэвэл эхнэр гараа дүрж үзээд:
-Хэрэггүй ээ. Яг таарч. Алив цаадхыгаа аваад ир гэлээ.
Эрэгтэй хажуу өрөөнд орж, зүүрмэглэх хөвүүнийг өргөвөл хүүхэд уйлагнав.
-Сяобао хүү минь, битгий уйл. Аав нь чамайг усанд оруулъя хэмээхдээ Зинь Юаньбао хүүгийг өгзгөн дээр зөөлхөн алгадна.
Эхнэр нь хүүгээ тэвэрвэл өнөөх нь гэдсээ цондойлгоод хөхөндөө тэмүүлэн:
-Ээж ээ, мөөмөө, мөөмөө идье... гэх аж.
Эмэгтэй арга буюу үүдэн дээр суугаад цамцаа задгайллаа. Сяобао хөхөө амалж, гур гур хийн сорно. Эмэгтэй хүүдээ дарагдах шиг бөхийв. Нөхөр нь түмпэнтэй усанд гараа дүрж аваад:
-Битгий хөхүүл ээ. Ус хөрчихнө гэв.
Эмэгтэй хүүгээ хөнгөхөн алгадаад:
-Миний хүү, одоо болно оо. Сүү нь дуусчихаж. Усанд оръё. Цэмбийсэн цэвэрхэн болоод хот орж, жаргалтай сайхан амьдарна шүү дээ хэмээв.
Хүүгээ түлхэвч хөхний толгойноос нь зуугаад татсанд ширгэсэн хөх нь элэгдсэн хаймар шиг сунах юм.
Зинь Юаньбао хүүхдийг гулд татахад эмэгтэй ёолж, Сяобао орь дуу хадаав.
-Битгий уйлаад бай! Байдгаараа чарлачих юмаа! гэсээр алгадаад авлаа.
-Наад гар хөлөө аяд! Хөхрүүлчихвэл ахиад л үнээ алдана шүү дээ.

Нөхөр нь хүүхдийн хувцсыг тайчиж, хажуу тийш нь шидлээд, түмпэнтэй усаа үзэнгээ “Жаахан халуун ч гэлээ даг дайр нь сайн арилна биз” гэсээр нүцгэн хүүг түмпэнд суулгав. Хүү час хийн чарлалаа. Урьд уйлсантай нь зүйрлэвэл уул нуруудын оргил үзсэн гэмээр л чанга дуун. Хөлөө атираад түмпэн дотроос гарах гэж тэмүүлэхэд Зинь Юаньбао хүчээр суулгах аж. Эмэгтэйн нүүрэн дээр халуун усан дуслууд цацагдахад гараараа шударч:
-Арай халуун биш үү? Улайлгаад үнээ алдчих вий дээ гэж намуухан өгүүлэв.
-Муу хог, өрөө нэхэж байх шиг л орилчих юмаа. Халлаа л гэнэ, хөрлөө л гэнэ. Алив, хагас шанага хүйтэн ус нэмээтэх.
Эмэгтэй энгэрээ товчлоогүй чигтээ босоход цамцных нь хормой чийгтэж, норсон хуучин далбаа шиг хоёр хөлөн завсраар нь санжиганав. Хүйтэн ус дундуурхан утгаад түмпэнд нэмж, гараараа холилоо.
-Одоо халуун биш болсон. Миний эрдэнэ, битгий уйл.
Сяобао тайтгарсан ч гар хөлөө сарвалзуулсаар. Усанд орох дургүй ажээ. Зинь Юаньбао хүчээр суулгах гэж зүтгэхэд эхнэр нь шанагаа барин зогсоно.
-Юугаа хараад зогсоод байгаа юм бэ? Ирээд туслаач.
Эмэгтэй утгуураа чулуудчихаад, түмпэн тушаа өвдөглөн сууж хүүгийн өгзөг, нуруу турууг угааж эхэллээ. Хажуу өрөөнөөс өвдгөөрөө татсан улаан өмдтэй, хөл нүцгэн, сэгсийсэн үстэй, долоо найман насны том охин нь гарч ирэв. Толгойгоо нугдайлган, нүдээ нухлангаа:
-Ээж ээ, аав аа, наадхыгаа угааж яах нь вэ? Үдийн хоолонд шарж өгөх гээ юү? хэмээвэл Зинь Юаньбао:
-Буцаад унт аа! гэж орилов.
Эгчээ харсан Сяобао тусламж эрэн хашгичлаа. Гэсэн ч охин дуугарч зүрхлэлгүй ухарч, хаалган хавьд эцэг эхээ чимээгүйхэн ажин зогслоо.
Сяобао сөөтлөө орилж, үе үе нулимс унагалгүй мэгшинэ.
Хүүгийн биен дээрх хир дааг халуун усанд дэвтэж, түмпэнтэй ус булингартжээ.
-Бие угаагч, шингэн саван аваад ир! гэж нөхрөө хэлбэл эхнэр нь зуухны цаанаас хоёуланг нь гаргаж ирэв.
-Одоо наадхаа барьж бай. Би угаагаадхая гэснээр эр, эм хоёр байраа солилоо.

Зинь Юаньбао бие угаагчаа түмпэнд дүрж, шингэн савангаас хэсэглэж аваад, хүүгийн хүзүү сээр, ууц нуруу, хуруун завсраар нь үрэв. Хөөсөрсөн Сяобаог орь дуу болоход өрөөнд өмхий ханхална.
-Эцэг минь, зөөлхөн гэм. Арьсыг нь зулгалах нь.
-Зүгээр ээ. Цаасан хүүхэлдэй биш үрэв үү, үгүй юү зумарна гэж юу байхав? Зальтай хянагчид өгзгийг нь хүртэл өнгийж үзэхийг яана. Хир толбо олоод л харчихвал зэрэг зиндааг нь бууруулчих гэнэ дээ. Нэг зэрэг буухад л арав гаруй юанийн зөрүүтэй.
Угаал дуусч, Зинь Юаньбао хүүг тэвэрч, эхнэр нь цэвэрхэн даавуун алчуураар арчина. Хүүгийн арьс хөрс улайсан нь дэнгийн гэрэлд тодрох агаад цэвэрхэн биеийн таатай үнэр сэнхийнэ. Эхнэр нь хүүхдийн шинэхэн хослол гаргаж ирээд хүүг авлаа. Сяобао амаа ангалзуулан хөхөө эрэхэд эмэгтэй мөөмөө зуулгав.
Зинь Юаньбао гараа арчиж, гаансаа дүүргээд, хаалган дээр өлгөсөн дэнгээс асаалаа.
-Муу золигоос болж бүр хөлөрчихлөө гэсээр утаа цагариглуулна.
Сяобао хөхөө хөхөөд унтжээ. Хүүгээ бүүвэйлэх эмэгтэй хагацах хүсэлгүй нь илэрхий.
-Алив нааш нь өгөөтөх. Хол явна шүү дээ хэмээхэд эмэгтэй хөхөө сугалвал хүүхэд хэлээ хөхнө.

Зинь Юаньбао нэг гартаа цаасан дэн, нөгөө гартаа нойрсож буй хүүхэд тэвэрсээр гарч, төв гудам тийш эргэлээ. Гудмаар алхангаа хагацал харуусалтай хэдий танил ч гэлээ босгон дээрээ үлдсэн эхнэрийнхээ араас нь төөнөх харцыг дурсаж, сэтгэл нь өмрөв. Гэсэн ч төв гудам руу эргэхэд энэ сэтгэл нь ор мөргүй арилжээ.
Мөнгөн саран тэнгэрт гялтайна. Бүүдгэр гудамжинд ургах нарс модод навчсаа гөвж, цайвар ногоон мөчрөөрөө өөдөө тэмүүлэн дүнхийнэ. Шөнийн тэнгэрт үхэл, гансрал тэнүүчилж, эрэгтэй өөрийн мэдэлгүй агдас хийлээ. Дэнгийн шаргал гэрэлд урт сүүдэр нь дайвалзана. Цаасан дэнгийн хаяагаар өөхөн лаа дуслах мэт тос гоожих нь дусал нулимсыг санагдуулж, үүнийг харсан Зинь Юаньбао нусаа чимээгүйхэн татлаа. Нэгэн хашааны гадаа нохой хэдэнтээ боргов. Эрэгтэй нохойн бүүдийсэн сүүдрийг онцын сонирхолгүй хялав хийж, сүрэл сэрчигнүүлэн хашаан завсраар орж явахыг зэрвэс харлаа. Тосгоноос гарч явахад нь хүүхдийн дуу цангинав. Толгой өргөвөл хэдэн байшингийн цонхоор шаргал гэрэл тусч, эхнэртэйгээ хийсэн тэр л үйлийг нь үйлдэж буйг гадарлалаа. Эднээс өрссөн гэмээнэ сэтгэл уужирна.

Тосгоны захад байх ивээгч бурхны сүмд (даогийн ивээгч бурханд зориулсан сүм, орч) хүрч, шашны зан үйлд хэрэглэдэг хуйлмал мөнгөн дэвсгэрт гаргаж ирээд, дэнгээсээ шатааж, арц хүжний ховдон дээр талбив. Хуйлсан цаас дүрэлзэн асч, хоёр эхнэртэйгээ мөнхийн суудалд оршсон бурхны өөдөөс ширтлээ. Энэ гурав хүйт оргим инээвхийлнэ. Бурхан болоод хоёр эхнэрийг нь Ван чулуучин сийлж билээ. Бурхныг хар чулуугаар, эхнэрүүдийг нь цагаан чулуугаар урлажээ. Бурхан эхнэрүүдээсээ даруй хэд дахин том байх агаад хүүхдээ дагуулсан эцэг шиг үзэгдэнэ. Хэзээний ур муутай Ван чулуучны бүтээсэн баримлын царай зүс гэж авах юмгүй. Зундаа бороо хуранд норсон баримлууд хөвдөнд баригдаж, ногоон туяа татуулна. Хуйлсан цаас далавчаа хумих цагаан эрвээхэйтэй төстэй үнс болон уугина. Галын улаан дөл бөхмөгц үнс нуран унав.
Зинь Юаньбао дэн, хүүхэд хоёроо газар тавиад, бурхан болоод эхнэрүүдэд нь мөргөлөө.
Хүүхдийг оршин суугаа газраас нь шилжүүлж буйг илтгэх энэ зан үйл өндөрлөмөгц мань эр босч хүүхэд, дэнгээ барьсаар цааш алхлав.
Уулын цаанаас наран өндийхөд хэдийнэ Яньшуйхэд ойртжээ. Эрэгт ургаа мод шилэн тунгалаг болоод, голын ус улаанаараа эргэнэ. Эрэгтэй дэнгээ үлээж унтраагаад, ойрмогхон бутан дунд нууж, тэртээ эргээс ирэх завийг хүлээв. 

Хүүхэд сэрж уйлагналаа. Орилж чарлаад өөх махаа барчих вий гэсэндээ Зинь Юаньбао саатуулах түмэн арга сүвэгчлэв. Хөлд орсон болохоор элсэн дээр буулгаж, модны мөчир хугалж өгөөд, тамхиа нэрлээ. Гаанс барих гар нь чилж өвдөнө.
Хүү элсэн дээр гүйлдэх хар шоргоолжнуудыг мөчрөөрөө шүүрдэж, унагасан мөчрөө авахдаа дэн дун хийнэ. Усны мандал, хүүгийн царайг ургах нарны улбар туяа гийгүүлэх ажээ. Зинь Юаньбао тоглоход нь саад хийсэнгүй. Өргөөшөө хагас ли (0,5 км-тэй дүйх уртын хэмжээ, орч) голын ус булингартан хуйларна. Нарны туяа шар торгон дээр буух асар том багана мэт усны мандалд тусах аж. Ийм голын дээгүүр гүүр барина гэж хэний ч санаанд орохгүй ээ.
Голын тэртээ эрэгт дайвалзах завь гүехэн уснаа хөвж, жижигхээн харагдана. Урьд энэ завиар гол гаталж явсан Зинь Юаньбао давчуухан болохыг нь мэднэ ээ. Чих хатуу усчин өвгөн нөгөө эргийн ойрмогхон аж төрнө. Тэртээгээс хөхөлбөр утаа суунаглах нь дүлий өвгөн өглөөний ундаа бэлтгэж буйнх биз ээ. Зинь Юаньбао тэвчээр заан хүлээв. 

Хэсэг хугацааны дараа гарам дээр хэд хэдэн хүн нэмж ирэв. Хөгшин эр, эм, өсвөр насны банди, нялх хүүхдээ тэвэрсэн эмэгтэй. Хижээл насны эхнэр, нөхөр хоёр болтой улс чимээ аниргүй суугаад, шил шиг тунгалаг нүдээрээ булингартай ус ширтэнэ. Хөх өмдтэй, хөл нүцгэн цонхийсон цагаан банди хамуурч, арьс нь загасны хайрс шиг болжээ. Ус руу гүйж очин бие засаад, Зинь Юаньбаогийн хүү мөчир далайлган шоргоолж хядахыг харав. Сяобаод учир нь үл ойлгогдох хэдэн үг хэлбэл өнөө муу гөлөг нь ухаарсан юм шиг сүүн цагаан шүдээ ярзайлган хөхөрнө. Эмэгтэйн царай шарангуйтах агаад сэгсийсэн үсээ олсоор боожээ. Цэвэрхэн хөх цамц, хар өмдтэй юм. Хүүхдээ тосвол Зинь Юаньбаогийн зүрх дэлсэх нь тэр. Хүү! Ахиад нэг өрсөлдөгч! Гэсэн ч сонжвол Сяобаогаас хавьгүй эцэнхий, бор арьстай, шаравтар үстэй, чихэн дээрээ цагаан үлдтэй юм. “Сяобаог яагаад ч гүйцэхгүй юм байна” гэж бодоод сэтгэл гаргаж:
-Эгч минь, тийш ээ зүглэх нь үү? гэлээ.
Эмэгтэй сэжиглэнгүй хялав хийгээд хүүхдээ чанга тэвэрнэ. Уруул ам нь чичрэх ч үг унагасангүй.
Зинь Юаньбаогийн сонирхол буурч, холдос хийгээд тэртээ эргийг саравчлав. 

Наран нэг жан (3,2 м-тэй дүйх уртын хэмжээ, орч) хэртэй ургаж, шаргал ус алтран гялтганана. Жижиг завь нөгөө эрэгт дайвалзана. Овоохойн дээгүүр хөх утаа бургилж, өвгөн ч бараа сураггүй. Хамуутай банди Сяобаог дагуулсаар усны захаар алхахад Зинь Юаньбао хойноос нь харайлгав. Сяобаог тэврэхэд хамуутай жаал дүрлийтэл өөдөөс нь харна. Сяобао доош буухаар зүтгэж гиншигнэв.
-Миний хүү, битгий уйл. Усчин өвөө нь завиа залаад ирж явна.
Тэртээг ажвал солонгын долоон өнгө татуулсан нэгэн дүр завь өөд гэлдрэх аж. Өвгөнийг дагаад гарам руу хэдэн хүн ухасхийж үзэгдэв.
Сяобао хэсэгтээ л тийчигнэж тайвшраад, хоол нэхэж эхэлбэл Зинь Юаньбао хүүхдийг буулгахгүйгээр шийдлээ. Халааснаасаа хуурсан шош гаргаж зажлаад аманд нь чихэв. Хүүхэд байдгаараа уйлсан ч залгичихлаа. Завь гармын тэхий голд хүрэх үест мод бутны цаанаас хоёр чи хэрийн хүүхэд тэвэрсэн сахалтай эр нэмэгдэх нь тэр.
Сандарч мэгдсэн Зинь Юаньбао нүднийхээ булангаар сахалт эрийг ажаад, яагаад ч юм бэ жигтэйхэн жийрхэв. Өнөөх эр эрэг дээрх улс өөд эзэрхийлсэн аятай харц шидэлнэ. Том хар нүд, монхор хамар. Өвөр дээрх хөвүүндээ алтан судалтай цоо шинэхэн улаан хослол өмсүүлжээ. Толгойгоо нугдайлгах ч цугласан олны дундаас өмсгөл зүүсгэлээрээ ялгарах юм. Өтгөн ямаан сахал, булбарай цагаан царайтай жаал өвгөнийх шиг жижигхэн нүдээрээ орчин тойрноо ажих нь ерөөс жаахан хүүхэд гэмгүй. Үүнээс гадна томоо чихтэй тул сахалт эрийн өвөр дээр чимээгүйхэн томоотой суух ч олны анхаарлыг татах нь мэдээж.
Завь ойртож, урсгал сөрөн эргэхэд хүлээсэн олон бөөгнөрөөд, нүд салгалгүй ажих ажээ. 

Гүехэн уснаа дөхмөгц усчин өвгөн сэлүүрээ тавиад, хулсан саваа авлаа. Өнөөх завь ургах нарны туяанд улайрах усыг ярсаар энэтээ эрэгт шүргэв. Гол гаталсан долоон хүмүүн завины ёроолд байх домбонд хөлсөө шидэлсээр бууна. Саваа барьсан өвгөн дорно зүгт чиглэх голын урсгал ажин зогсох юм.
Завь сулармагц хүлээсэн олон ухас хийлээ. Зинь Юаньбао бусдаасаа түрүүлэх байсан ч түрдээ саатасхийж, сахалт эрийн араас завин дээр гарав. Араас нь хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, хижээл хоёр суухад хамуутай банди хоёр хөгшинд тусална. Эхлээд эмгэнийг, дараа нь өвгөнийг алхуулаад, хойноос нь завины хамар дээр үсрэн гарч зогсов.
Сахалт эрийн гүн хар нүднийх нь харцан дор хургасан Зинь Юаньбао өөдөөс нь харж суулаа. Хөвүүний уйтай нүд улмаа жихүүцүүлнэ. “Хүүхэд гэмээргүй чөтгөр юм даа, муу нохой.” Хүүхэдтэй харц тулгарч, байж суух газраа олж ядав. Дороо хэд ёворвол завь далбилзлаа. Дүлий ч гэлээ нүд сайтай усчин өвгөн:
-Завь битгий дайвалзуулаад бай хэмээн хашгичлаа.
Бяцхан чөтгөртэй харц тулахгүй гэсэндээ Зинь Юаньбао усны мандал, ургах наран, ганцаар нисэх цахлай шувууг ажин суув. Гэсэн ч байн байн зарсхийж жихүүцнэ. Өөрийн мэдэлгүй усчин өвгөний нүцгэн цээжин дээр нүд унагав. Он жилийн эргэлтэнд өтөлж хөгширсөн ч булчинлаг хэвээр, олон жил усны хөвөө дагасных арьс нь зүлгэсэн зоос шиг толийжээ. Бие хааг нь харах ахуйдаа Зинь Юаньбаогийн сэтгэл тавирч, бүлээцээд, эрч хүч амтагдаж, нүд салгаж дөнгөсөнгүй. Өвгөн хитгэн дээрх том сэлүүрийг чадамгай залахуйя уснаа эргэлдэх сэлүүр нь завь даган хөвөх аварга хүрэн загасыг санагдуулна. Сэлүүрийн суран бэхэлгээний шур шар хийх дуун, усны цалгиа, хөгшний жигдхэн амьсгаа нэгэн цул болж бүүвэйлэх ч сэтгэл нь онгойсонгүй. Сяобао цочирхон чарлаад, өвөрт нь шигдлээ. Харцаа өргөвөл бяцхан чөтгөрийн хоёр нүд алхаар дэлсээд авах шиг болох нь тэр. Зүрх базалж, оройн үс нь сөрвийлөө. Хүйтэн хөлсөндөө нэвт норсон Зинь Юаньбао хүүхдээ тэврээд эргэж харав. 

Эрэгт хүрэхийг арай ядан хүлээж, хөлсөнд нь норсон арван юанийн дэвсгэртээ домбонд шургуулаад, чийгтэй элсэн дээр гуйвсаар үсрэн бууж, хүүхдээ сайн тэвэрч аваад жирийлгэлээ. Далан өөд мацаж, хот орох хар зам дээр гараад, ухаан жолоогүй урагшлав. Зорьсон газраа хурдхан хүрэх гэсэндээ, улаан өмсгөлтэй өнөөх чөтгөрөөс зайлах гэсэндээ эрчээрээ харайлгав.
Хязгаар нь үгүй өргөн, шулуун замын хажуугаар ургасан нарсны навчис унаж амжаагүй байх ажээ. Бялзуухай жиргэж, хэрээ гуагална. Намар орой болж, тэнгэр хөхрөөд, бүртийх ч үүлгүй. Тэгэвч Зинь Юаньбао байгалийн өнгө үзэмжийг сөхөөрөх ухаангүй, чононоос зугтах туулай мэт яаравчлав.
Үдээс хойш хотод орвол ам нь ангаад, Сяобао зуух шиг төөнөнө. Хэдэн зоос гаргаж, уушийн газраар шагайгаад, булангийн суудалд тухлан, аяга сулхан дарс захиалав. Хүүхдийн аманд жаал цутгаж, өөртөө үлдээлээ. Сяобаогийн толгойг ээрэн эргэлдэх ялаануудыг үргээхээр далайгаад, аянганд ниргүүлэх шиг тэр чигтээ хөшив.
Уушийн газрын нөгөө буланд сахалт эр хундага барин суух агаад Зинь Юаньбаог үхтэл нь айлгасан өнөөх чөтгөр үзэгдэх нь тэр. Муу нохой хэзээний дадсан янзтай дарс залгилна. Уушийн газраас гардаггүй гэлтэй. Тохойн чинээ биендээ баймгүйгээр хөдөлж, хавь ойрыг ажихад уушийн газрын хэн хүнгүй нүд чих болно. Сахалт эр энэ газрын нэрийн дарс болсон “Тоү пин сань ли сян”-ыг (Үгчилбэл амт үнэр нь гурван ли газарт түгнэ гэсэн утгатай. “Амт үнэр нь арван ли газарт тархана” гэх дарсыг “Усан хөвөө” хэмээх алдартай зохиолд дурддаг, орч) ажиг ч үгүй балгална. Зинь Юаньбао аягатайгаа хоослоод, хэдэн зоосоо ширээн дээр өрж, Сяобаог тэвэрч, эрүүгээ хэнхдэг цээжиндээ хүргэх шахам нугдайсаар гадагш шур хийлээ. 

Үдийн амралтын үест Хоол хүнсний академийн нэгэн тусдаа салбар болох тусгай хангамжийн хэлтсийн үүдэнд хүүхдээ тэвэрсээр ирэв. Бөмбөгөр дээвэртэй, багашаархан цагаан барилга нь улаан тоосгон хашаа, “саран” хаалгатай (Хятад хашаа хороонд байдаг нуман хаалга, орч) аж. Хашаандаа ховор тансаг цэцэгс, өвс ургамал, мөнх ногоон мод буттай. Талбайн төвд зуйван хэлбэртэй усан сан байх агаад хиймэл дов толгодтой, дэлбээлж буй удвал цэцгэн усан оргилууртай юм. Усан оргилуураас үсчих дуслууд цөөрмийн мандалд бууна. Цөөрмийн уснаа зүсэн зүйлийн хээтэй яст мэлхий, хөдөлж ядсан, түнтийсэн алтан загаснууд хөвөх юм. Энд хэдэнтээ ирж явсан Зинь Юаньбао тэнгэрийн орны босго давах лугаа догдолж, эс бүрээрээ жаргалд умбадаг сан.
Дараалал зохицуулах төмөр хаалтны цаана гучаад хүн эгнэжээ. Зинь Юаньбао ч шалавлав. Яг өмнөхөн нь өнөөх л улаан чөтгөртэй сахалт эр ургалаа. Муу нохой бүдүүн эрийн мөрний цаанаас ойр орчныг нэгжих мэт цоо ширтэнэ.
Зинь Юаньбао ангалзаж, хашгирахыг хүсэвч дуу гарсангүй.
Хоёр цаг зогссоны эцэст хонх жингэнэв. Суусан нэгэн босч, хүүхдийнхээ нүүр амыг арчаад, хувцас хунарыг нь янзална. Эмэгтэйчүүд нь хөвөн гаргаж ирээд, хүүхдээ энгэсэгдэх агаад, уруулын будгаар хацрыг нь улайлгана. Зинь Юаньбао Сяобаогийн хөлсийг шударч, сарвайсан хэдэн хуруугаараа үсийг нь иллээ. Сахалт эр л хээв нэг зогсч, өвөрт нь эвхэрсэн чөтгөр ажирсан ч үгүй ийш тийш ширэв татна. 

Хашаатай нийлсэн төмөр хаалга чахран нээгдэж, цэлгэр танхим угтлаа. Худалдан авалт эхэлж, үе үесхэн хүүхдийн дуун л хадна. Худалдан авагчид худалдаачидтай нам гүмхэн наймаалцах нь бүгд л эвтэй оршихын дохио мэт. Нарийн хашлагын хажуугаар дайрахын аргагүй тул Зинь Юаньбао өнөө чөтгөртэй харц тулгарахгүй гэсэндээ зайтайхан алхав. Усан оргилуурын ус зогсоо зайгүй шуугиж, мод бутан дээрх шувууд цинь хөгжмийн (Хятадын эртний хөгжмийн зэмсэг, нэг төрлийн хуур, орч) аялгуутай дуулалдана.
 Хүүхдээ зарсан эмэгтэйг гарч ирмэгц чөтгөрөө тэвэрсэн сахалт эр ороод явчихав. Сяобаогаа тэвэрсэн Зинь Юаньбао тэднээс гурван алдын цаахна зогсч байлаа.
Яриа хөөрөө нь дуулдахгүй ч, айж хулган ажвал цагаан халат өмсч, цагаан малгай духдуулсан эрэгтэй өнөө чөтгөрийг гар дээрээ авна. Бяцхан чөтгөр гэнэтхэн дооглонгуй инээв.
Үүнийг нь харсан Зинь Юаньбаогийн цус царцах шиг болсон ч худалдан авагч хялав ч хийсэнгүй. Чөтгөрийн хувцсыг нь тайлж, шилэн гуурсаар цээж рүү нь чичилвэл орилж байна аа. Хормын дараа:
-Хоёрдугаар зэрэг гэнэ ээ? Намайг хуурах гээ юу? Муусайн юмнууд?! гэх аварга эрийн дуун цуурайтав.
Хүлээн авагч дуугаа өндөрсгөөд:
-Нөхөр минь, юм таньдаггүй юмаа гэхэд бусадтай нь жишээч! Жин татах ч гэлээ, арьс хөрс нь ширүүн, мах нь хатуу, инээж чаддаггүй байсан бол арай чүү гуравдугаар зэрэгт л очих байна! хэмээв.
Сахалтай нөхөр хэдэнтээ харааж, сарвайсан дэвсгэртүүдийг нь тоолж халааслаад, толгой гудайн гадагш тэмүүлнэ. Энэ л мөчид хэдийнэ “хоёрдугаар зэрэг”-ийн шошго зүүсэн бяцхан чөтгөр:
-Муу алуурчин! Гудамд гаруутаа машинд дайруулаасай! Муу нохой, адгийн новш! хэмээн бахирлаа.

Сөөнгө, намуухан энэ дуун гурван чи ч хүрэхгүй бяцхан амьтнаас гарна гэдэгт хүн итгэмгүй. Саявтархан инээмсэглэж байсан ч, уур унтууд автаж, дух нь үрчлээтсэн түүнийг харсан Зинь Юаньбао “Бяцхан махчин юм даа!” хэмээн бодов. Хүлээн авагч таван хүн энэ дуунаар дав хийн зайлж, үнхэлцгээ хагартал айгаад, хэсэгтээ л нам зогсчээ. Ташаагаа тулж зогсох чөтгөр хүлээн авагчид руу нулимаад, шошго зүүсэн хүүхдүүд рүү алхаллаа.
Таван ажилчин “Юу ч болоогүй шүү дээ! Ер онц юм биш!” хэмээн нэг нэгнээ тайвшруулж, харц зөрүүлнэ.
Худалдан авалт үргэлжиллээ. Ширээний ард суух дунд эргэм насны нүдэнд дулаахан, улаа бутарсан эр Зинь Юаньбаог даллав. Манай хүн ухасхийхэд зүрх нь амаараа гарчих шахна. Уйлагнасан Сяобаог Зинь Юаньбао ээрч мууран тайтгаруулна. Чингэхдээ түрүү удаа худалдан авалтаас хожимдсоноо саналаа. Хүлээн авагчдыг гуйж гувшиж болох ч Сяобаогийн хашгираанд толгой нь дүүрсэн сэн. 

-Сайн хүү, битгий уйл. Уйлдаг хүүхдэд хүн дургүй шүү.
-Онцгой худалдан авалтын хэлтэст зориулж тусгайлан бойжуулсан хүүхэд биз? гэвэл Зинь Юаньбаогийн хоолой хатаж, үг хэлээ олсонгүй.
-Тэгэхээр энэ хүүхэд хүн биш биз дээ?
-Тийм ээ. Хүн биш.
-Энэ чинь хүн биш, тусгай бүтээгдэхүүн зарж борлуулж байна аа гэсэн үгээ дээ?
-Тийм ээ.
-Чи бидэнд бараагаа өгч, бид үнэ хөлсийг нь төлнө. Чи юмаа худалдах сонирхолтой, харин бид худалдан авах хүсэлтэй. Энэ нь шударга солилцоо болно оо доо. Солилцоо хийгдсэн тохиолдолд ямар ч гомдолгүй биз?
-Гомдолгүй ээ.
-Болж байна аа. Хурууныхаа хээг дар! гэсээр хүлээн авагч хэвлэмэл баримт дөхүүлж, гар тамганы (Овгийн үсэгтэй жижиг тамга. Гэрээ хэлцэл хийхэд ашигладаг, орч) улаан бэхтэй сав ойртууллаа.
-Нөхөр минь, би бичиг үсэгт тайлагдаагүй л дээ. Энд юү гэж бичээ вэ? гэвэл:
-Саяын ярьж хэлцсэнийг л буулгасан байгаа гэх аж.
Зинь Юаньбао заасан хэсэгт нь хуруугаа дарав. Их хэрэг бүтээсэн шиг дотор ч уужрав. 

Дөхөж ирсэн бүсгүй Сяобаог авахад хүү уйлагнасаар байсанд хүзүүг нь дармагц тэр дороо дуугаа хураав. Сяобаогийн хувцсыг тайлах зуур Зинь Юаньбао харах гэж эгээтэй л эвхэрсэнгүй. Хөл толгойгүй шинжиж, өгзөг, өчүүхэн эрхтнийг нь ч ярж үзнэ. Эмэгтэй алга ташин ширээний ард суух нэгэнд:
-Дээд зэргийнх! хэмээлээ.
Догдолж сандарсандаа Зинь Юаньбао золтой л цовхорсонгүй. Нулимс нь дүүрээд ирлээ.
Өөр нэгэн Сяобаог жинлэж:
-Хорин нэгэн жин дөрвөн лан гэх аж.
Худалдан авагч жижигхэн машинаа дарвал хэсэгхэн цаас гарч ирлээ. Зинь Юаньбаог даллаж:
-Дээд зэргийнх нь жин тутамдаа зуун юань. Хорин нэгэн жин дөрвөн лан гэхээр нийтдээ хоёр мянга нэг зуун дөчин юань болж байна гэлээ.
Хүлээн авагч эр Зинь Юаньбаод:
-Наадхаа тоол доо гэсээр боодол дэвсгэрт, алгын чинээ цаасаа сарвайв.
Мөнгөний бараа харсан Зинь Юаньбао салганасаар чүү ай тоолов. Үймэрч үүлгэртжээ. Мөнгөө зууран чичирхийлсэн дуугаар:
-Энэ бүгдээрээ надад гэж үү? хэмээвэл худалдан авагч толгой дохино.
          -Би явж болох уу? гэвэл урьдын адил дохих аж.

3 комментария:

  1. Уншиж байх үед нүдэнд харагдаад байлаа. Энэ өгүүллэг цаашаа үргэлжлэх үү? Хүүхдүүдийг цааш нь яах гэж байгаа бол гэдэг асар их сонирхол татаад байдаг.

    ОтветитьУдалить
  2. Үргэлжлэл бий. Бүтэн ном шүү дээ. Тийм болохоор энд оруулах боломжгүй юм.

    ОтветитьУдалить
  3. http://tsavtsagaan.blogspot.com/2014/11/blog-post_30.html

    ОтветитьУдалить

Альбрехт Дюрерийн "Гар"

Энэ зураг хэрхэн бүтсэн тухай сонирхуулья.  XV зуунд Нюрнбергийн ойролцоох нэгэн тосгонд арван найман хүүхэдтэй өнөр өтгөн айл амьдра...