Чарли Чаплин 12
хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж
байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ.
Охин минь, өнөөдөр
зул сарын баяр. Дүү нар чинь аль хэдийнэ унтчихсан. Ээж чинь ч унтжээ.
Надаас хэдий хол
байвч дүр төрх чинь үргэлж хажууд минь байх юм. Чи минь Парисын театрын тайзнаа
бүжиглэж байгаа ч хөлийн чинь чимээг сонсож, нүүр царайг чинь шөнийн оддын
дундаас олж харах шиг болдог.
Чи минь Татарын
хаанд богтлогдсон Персийн гүнжийн дүрд хувиран бүжиглэж буйг би мэднэ ээ. Гоо
үзэсгэлэнгээ гайхуулан бүжиглэ, охин минь. Од болон гялалз, охин минь. Тэгэвч
үзэгчдийн алга ташилт, уухайн дуунд мансуурч, цэцэгсийн үнэрт толгой эргэж
эхэлбэл эцгийнхээ захидлыг уншиж зүрх сэтгэлээ сонсоорой.
Би бол чиний эцэг,
би бол Чарли, Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь
дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ
ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсаан. Чамайгаа бүжиглэж байгаагаар
төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү дээ!” хэмээн
уулга алдаж байсаан. Тийм ээ, өдгөө аав нь хөгширчээ. Өнөөдөр чиний үе ирж.
Бүжиглэ, охин минь! Аав нь уранхай, өргөн өмдтэй бүжиглэж байсан бол чи минь
торгон даашинзтай бүжиж байна. Чиний бүжиг, үзэгчдийн алга ташилт чамайг
тэнгэрт дүүлэн нисгэх болно. Дүүлэн нис, охин минь! Гэхдээ газарт бас буухаа
мартуузай! Хүмүүсийн амьдралыг мэдэж байх учиртай шүү. Чи минь өлсөж ундаасан
даарч бээрсэн гудамжны бүжигчдийн амьдралыг мэдэх учиртай. Би яг л тэдэн шиг
байсаан. Унтахад чинь аав нь олон үлгэр ярьж өгдөг байсан боловч өөрийнхөө
үлгэрийг өгүүлж явсангүй. Энэ бол Лондонгийн гудамжинд дуулж бүжиглэж явсан
өлссөн алиалагчийн тухай үлгэр юм.
Би өлсөхийн зовлон,
орох оронгүйн зовлонг амссаан. Түүгээр ч барахгүй бардам сэтгэл минь хүмүүсийн
шидэх зоосонд дарагдаж, өр өвдөж явсаан. Гэсэн ч би амьд үлдсэн юм шүү.
Аав нь Чаплин нэрээрээ
хүмүүсийг 40 гаран жил инээлгэлээ. Гэвч тэдний инээснээс илүүтэй би уйлж явсаан.
Охин минь, энэ хорвоод дуу бүжгээс өөр зүйл бас байдаг юм шүү! Үдэш тайзнаасаа
буухдаа чинээлэг шүтэн бишрэгчдээ мартаж болох ч гэрт чинь хүргэж өгөх таксины
жолоочоос эхнэрийнх нь тухай асуухаа битгий мартаарай. Эхнэр нь жирэмсэн,
хүүхдийн живхний мөнгөгүй бол халаасанд нь мөнгө хийгээрэй. Харин бусад
хүмүүстэй яс тооцоо хийж бай.
Хааяа ч гэсэн
хотоор алхалж ядуу зүдүү, тарчиг амьдралтай хүмүүсийг харж бай. УРЛАГ ХҮНД
ДҮҮЛЭН НИСЭХ ДАЛЬ ЖИГҮҮР ХАЙРЛАДАГ ХЭРНЭЭ ХӨЛИЙГ НЬ ХУГАЛЖ ХАЯДАГ ЖАМТАЙ. Охин
минь, өөрийгөө үзэгчдээс дээгүүр мэт санасан тэр өдрөө тайзаа орхиорой. Парис
хотын зах руу явж өөр шигээ бүжигчдийг хар. Тэдэн дунд чамаас илүү авьяастай нь
ч таарна. Өөрийгөө бүү хуур.
Аав нь чамд чекийн
дэвтрээ явууллаа. Чамайгаа хангалуун амьдраасай гэж хүсэж байна. Гэхдээ охин
минь, 2 франкийг өөртөө, 3 дахийг нь бусдад зориулж байгаарай. Аав нь циркэд
олон жил ажилласан шүү дээ. Олсон дээр явагчдын өмнөөс их л санаа зовдог
байлаа. Гэхдээ хүмүүс олсон дээр явагчдаас илүү газраар явахдаа хөл алддаг даа.
Сайхан харагдсан очир эрдэнэ рүү тэмүүлэхдээ, сайхан эрийг хүсэмжлэхдээ чи эгээтэй
л ямар ч туршлагагүй олсон дээр явагч шиг болно. Зүрх сэтгэлээ очир эрдэнэсээр
бүү соль. Сэтгэл зүрхийг чинь хайрлаж чадсан хүнд л нүцгэн биеэ зориулаарай.
Аавынхаа бичсэн болгоныг
миний охин ойлгоно байх аа. Чарли өвгөрчээ. Хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин
одно. Охин минь, толинд харахдаа чи аавынхаа дүр төрхийг харах болно. Чиний
судсаар миний цус гүйж байгаа. Би сахиусан тэнгэр шиг ариун байгаагүй ээ. Гэхдээ
би хүний энтэй хүн байх сан гэж хичээж амьдарсаан.
Чи минь ч бас ийм байхыг хичээгээрэй.
Үнсье, охин минь.
1965 оны 12-р сар.
Хөрвүүлсэн Б.Гэрэл
Хөрвүүлсэн Б.Гэрэл
Ямар мундаг захиа бэ? Гоё орчуулжээ. Дахиад зөндөөнийг оруулаарай.
ОтветитьУдалитьbayarlalaa uneheer saihan heregtei medeeleluud oruulah yum
ОтветитьУдалить