Би юү ярихаа
мэдэхгүй байна даа. Хайр, хагацал хоёр минь энэ түүхэнд сүлэлджээ.
Бид осол гарахаас
өмнөхөн гэрлэсэн юм. Гудамжаар явахдаа ч гар гараасаа барилцаж явна. Тэр үед
хоёулаа гал командын нийтийн байранд амьдарч байлаа. Тэр шөнө нөхөр маань “Станц
дээр гал гарчээ. Чи унтаж бай даа. Би удахгүй ээ” гээд явсан сан. Би дэлбэрэлт
болохыг сонсоогүй ч тэнгэр тэр чигтээ улайссан байлаа. Хаа сайгүй халуу дүүгнэ.
Станцын дээвэр дээгүүр замын хар асгасан байсан нь шатаж байж л дээ.
Тэднийг шөнө
дуудсан болохоор брезентэн хувцсаа ч өмсөлгүй гэрийнхээ хувцастайгаа явсан юм. Хэн
ч тэдэнд анхааруулж хэлсэнгүй. Жирийн гал л гэж хэлсэн байж. Өглөө зургаад бид
хоёр эцэг эхийнх нь зуслан руу явах байсан ч тэр минь ирсэнгүй. Ингээд өглөөний
долоон цагт нөхрийг минь эмнэлэгт хүргэсэн гэлээ. Би эмнэлэг рүү гүйж очиход
аль хэдийнэ олон хүн цугларсан байлаа. Цагдаагийнхан хэнийг ч оруулсангүй. Таньдаг
бүсгүй маань эмнэлэгт эмч хийдэг байсан учир би түүнийг хайж, эмнэлгийн
машинаас гарахыг нь хараад “Намайг оруулчихаач. Ганц харчихаад л гаръя” гэхэд
тэр “Болохгүй ээ. Бие нь маш муу байгаа” гэлээ. Би гуйсаар байгаад хэдхэн минут
харчихаад л гарахаар боллоо. Нөхрийн маань нүүр нүд нь хавдаад хачин царайтай
болчихож. Эмч “Эдэнд сүү уулгах хэрэгтэй. Дор хаяж 3 литрийг” гэлээ.
Хожмоо энэ эмнэлгийн олон эмч, сувилагчид өвдөж нас барсан юм. Өглөө арван цагт
оператор Шишенок өөд боллоо. Нурангин дор хоёр дахь оператор нь үлдсэн бөгөөд
түүнийг гаргаж авалгүй бетондсон гэдэг. Нөхөр маань намайг хөл хүнд болохоор “Одоо
яв. Хүүхдээ бод” гэж байлаа. Гэсэн ч би үгэнд нь ороогүй ээ. Сүү авчрахаар
эмнэлэгт ирсэн найз бүсгүйтэйгээ явж, нөхөртэй минь хамт явсан таван залууг
бодсоор 6 сав сүү авчирлаа. Харин тэр хэд маань сүү ууж чадахгүй огиж бөөлжөөд,
ухаан алдаж байлаа. Эмч нар тэднийг газын хийд хордсон л гэж хэлж билээ. Хэн ч
цацраганд хордсон гэж хэлээгүй дээ.
Төдхөн л хотоор нэг
цэргийн техник багширч, автобусууд явахаа болилоо. Гудамжнуудыг цагаан
нунтагаар угааж байв. Хэн ч цацрагийн тухай хэлээгүй боловч цэргийнхэн
хамгаалалтын хувцастай байсан юм.
Хүмүүс ил задгай
хүнс авсаар л байлаа. Шөнө эмнэлэгт ирвэл оруулсангүй. Нөхөр маань цонхны
цаанаас тэднийг Москва руу шилжүүлж байгааг хэллээ. Эмнэлгийг цэргүүд бүсэлж,
хэнийг ч оруулсангүй. Биднийг хувцас хунарыг нь авчир хэмээн хуурч явуулаад,
тэр хойгуур нь нөхрүүдийг маань онгоцоор авч ниссэн юм.
Тэр шөнөдөө л
гудамжаар зуу зуун автобусууд, галын машинууд ирийтлээ эгнэсэн дээ. Гудамжнууд
цагаан хөөсөөр дүүрч, хүмүүсийг хотоос 3-5 хоног нүүлгэнэ гэж зарлана.
Хүмүүсийг ой руу нүүлгэнэ, майханд хэд хонуулна гэлээ. Осолд гэрийнхнийх нь хэн
нэгэн өртөөгүй хүмүүс ойд очих нь гээд бараг л баярлах нь халаг. Зарим нэгэн
гитар, хөгжмөө аваад хөгжилтэй нь аргагүй алхана.
Шөнөдөө би огиулж,
нөхрөө зүүдлэн 6 сартай жирэмсэн байсан ч Москва руу явахаар шийдлээ. Москвад
ирэнгүүтээ л анх тааралдсан цагдаагаас сураглавал тэднийг Щукиногийн эмнэлэгт
хэвтүүлсэн гэлээ.
Эмнэлэгт үнэмлэхгүй
хүнийг оруулахгүй байсан ч би жижүүрт нь мөнгө өгөөд орлоо. Цацрагийн тасгийн
эрхлэгч Ангелина Гуськоватай уулзлаа. Тэр надаас “Та 2 хүүхэдтэй юү?” гэхэд нь
гэдэс маань томроогүй байсанд энэ тухай тас нуухаар шийдлээ. Би хүү, охин
хоёртой гэж худал хэлсэн дээ. Эмч “Тэгвэл дахиж хүүхэд гаргах хэрэггүй л юм
байна” гээд нөхрийн маань төв мэдрэлийн систем, нугас нь бүрэн хордсон гэлээ.
Тэгээд “Тэврэлдэж, үнсэлцэж болохгүй, ойртож ч болохгүй. Хагас цаг л уулз” гэв.
Бэргэсээр орвол тэд палатандаа суугаад хөзөр тоглох юм. Намайг тэврэх гэсэн ч
эмч түүнийг минь босгосонгүй. Нүүрнийх нь хавдар буужээ. Тэдэнд дусал залгаж. Энд
28 хүнийг онгоцоор авчирсан байлаа. Би түүндээ хотынхныг нүүлгэж байгааг хэллээ.
Хүмүүс палатнаас нэг нэгээрээ гарахад нь би нөхрөө тэврээд үнссэн юм. Нөхөр
маань намайг түлхээд сандал дээр суу гэсэн.
Маргааш нь ирвэл
тэднийг тус тусад нь нэг палатанд хэвтүүлж, коридорт ч гаргахгүй болсон байв. Тэдний
хэвтэж байсан давхар болоод дээд, доод давхруудын өвчтөнүүдийг бүгдийг нь
нүүлгэжээ. Би тэр шөнө нөхөртэй минь хамт жижүүртэй байсан таван гал сөнөөгчид
бүгдэд нь хоол зөөж, оо, саван, шүдний сойз авч өглөө. Өдөр болгон эмнэлэгт очиж,
бүрий болтол суудаг байлаа. Өглөө бүр тэр зургаад тус тусад нь шилэнд хоол хийгээд
очно. Хэд хоногийн дараа эмнэлгийн хажуугийн зочид буудалд намайг бай гэхэд “Тэдэнд
хоол хийж чадахгүй нь дээ” гэтэл эмч “Одоо хоол хэрэггүй ээ. Тэдний ходоодонд
хоол тогтохгүй” гэх нь тэр.
Нөхөр маань өдрөөс
өдөрт өөрчлөгдсөн дөө. Аманд нь, хацар дээр нь, бүх л биен дээр нь цэврүү үсэрч
томорно. Арьс нь хөхөрч улайгаад, сааралтаж өөрчлөгдөнө. Нөхөр маань танигдахын
аргагүй болсон доо.
Цацрагт хордсон хүн
14 хоногийн дотор нас бардаг юм билээ.
Зочид буудалд ирүүт
миний хувцаснуудын цацрагийн хэмжээг хэмжээд бүгдийг нь цэвэрлэхээр хурааж
авсан юм. Би үйлчлэгчээс нь тогоо авч, дүрдэг плиткээр шөл хийж аваачиж өглөө.
Гэсэн ч тэр минь юү ч идэж чадахгүй болсон доо. Юм ууж ч чадахгүй байлаа. 5
сарын 9-Ялалтын баяр боллоо. Нөхөр маань “Москвад Ялалтын баяраар ямар гоё
гээч. Салют буудаад л” гэдэг байсан сан. Тэр өдөр нөхөр маань “Өдөр болж байна
уу, орой болж байна уу?” гээд “Хэдэн цаг болж байна?” хэмээн асуулаа. Би 9 цаг
гэхэд “Цонхоо нээ. Одоо салют буудна” гэв. Нөхөр маань өвчтэй, үхлүүт хэвтэж
байсан ч сувилагчид мөнгө өгч, надад цэцэг авахуулсан байлаа. Энэ өдрөөс эхлэн
би нөхрөө сахиж хонодог боллоо.
Нэг шөнө коридорт
ухаан алдахаа дөхвөл зөрж өнгөрсөн эмч жирэмсэн болохыг минь мэдчихэв. Би
эмнэлгийн эрхлэгч Гуськовад насан туршдаа талархаж явна аа. Бусад залуусын
эхнэрүүдийг нь оруулаагүй ээ, тэдний ээжүүдийг нь л оруулсан юм. Нөхрийн маань
2 эгч, эрэгтэй дүү, охин дүү нар нь ирж шинжилгээ өгөхөд шилжүүлэхэд хамгийн
тохиромжтой нь охин дүүгийнх нь нугас болж таарлаа. Гэсэн ч дүү нь 14-хөн
настай байсан болохоор нөхөр маань халгаасангүй. Харин 28 настай эгч нь нугасаа
өгөхөөр болсон юм. Би мэс засал хийж байхыг нь харсаан. Эгч нь мэс засалд орсны
дараа маш хүнд байсан сан. Тэрээр хожмоо нөхөрт гараагүй, групп тогтоолгосон юм.
Нөхрийг маань
палатанд хэвтүүлсэнгүй. Тэднийг тусгаарлах боксонд хэвтүүлж, цэргүүд үйлчлэх
боллоо. Учир нь сувилагч, асрагчид хордохоос айж татгалзсан юм. Харин би
нөхрийнхөө дэргэдээс холдоогүй ээ. Өөрөө өтгөн, шингэнийг нь зөөж байлаа.
Удалгүй найзууд нь нэг нэгээрээ нас барж эхэллээ.
Нөхөр маань өдөрт
25-30 удаа туулгаж, эргэх тоолонд үс нь унаж, арьс нь хагарна. Унтаад ирэхэд
минь хажуудаа байсан жүржийг “Чи минь дуртай биз дээ, наадахаа ав л даа” гэлээ.
Тэр жүрж ягаан өнгөтэй болчихсон байж билээ. Би авах гэтэл сувилагч
зөвшөөрсөнгүй. Тэгсэн ч би тэр жүржийг авсан даа. Нөхөр минь өгсөн шүү дээ.
Хажууд нь хэдхэн минут байсан юмыг ч хэрэглэж, идэж болохгүй гэж байлаа. Нөхөрт
минь ойр ойрхон тайвшруулах тариа хийнэ. Би шөнө сувилагчдыг гуйсаар байгаад
тусгаарлах боксонд нь хамт хонож байлаа. Тэд намайг мэдрэл муутай гэцгээдэг
байсан даа. Гэсэн ч би түүнийгээ орхихыг хүсээгүй ээ. Намайг түр холдоход “Шинжлэх
ухаанд хэрэгтэй” гээд нөхрийн минь зургийг авдаг байлаа. “Нөхөр чинь одоо хүн
биш. Атомын реактор л гэсэн үг, холд” гэж байсан ч би түүнийгээ орхиж чадаагүй
ээ. Нөхөр маань:
-Хүүхдээ харах
юмсан. Ямар байх бол? гээд: -Би ч харахгүй байх даа гэж байлаа. Чи л нэр өгөх
нь дээ гэнэ.
Би “Яахаараа би гэж?”
гэхэд тэр минь:
-За, тэгвэл хүү төрвөл
Вася, охин байвал Наташка гэж нэрлэе гэсэн дээ.
Биенд нь хүрэхэд л
арьс нь гуужиж унана. Сувилагчид биенд нь хүрч чадахгүй намайг дууддаг байлаа.
Өглөө дэвссэн шинэ даавуу орой гэхэд нилэнхүйдээ цусаар нэвчдэг байсан. Би сувилагчид
“Тэр маань үхэж байна шүү дээ” гэхэд сувилагч “1600 рентгений цацрагт хордсон
шүү дээ. 400 рентгений цацрагт хордоход л үхдэг. Чи атомын реакторын хажууд л
сууж байна шүү дээ” гэж билээ.
Тэр өдөр нөхрийн
минь хоёр найзыг оршуулсан юм. Нэгнийх нь эхнэр намайг хамт явъя гэхэд нь би
татгалзаж чадсангүй. Түүнийхээ хажуунаас гуравхан цаг холдоод ирэхэд тэр минь
15-хан минутын өмнө нас барсан байж билээ. Нөхөр минь хавагнаж, оршуулах хувцас
нь ч таарахгүй болсон доо. Хөл нь гутландаа орохооргүй хавдсан байж билээ. Эмнэлэгт
байсан сүүлчийн хоёр хоногт түүний минь мах яснаасаа хөндийрч, гарыг нь өргөхөд
санжигнаж байгаа нь мэдрэгддэг байлаа. Сүүлдээ дотор эрхтнүүдээрээ бөөлжих
болсон доо. Би аманд нь марлаар ороосон хуруугаа хийж үүнийг нь гаргаж байлаа.
Нас барсных нь
дараа нөхрийг минь зузаан уутанд ороож модон хайрцаг, гадуур нь төмөр авсанд
хийж оршуулсан юм. Энэ тухай би ярьж чадахгүй нь.
Ингээд амаржих
дөхөөд би Москвад ирлээ. Гуськова эмч намайг эмнэлэгтээ амарж гэсэн юм. Би
охинтой болсон ч охин минь элэгний церрозтой, зүрхний гажигтай төрсөн дөө. Элэг
нь 28 ренгенээр хордсон байлаа. Охин минь төрөөд 4 цагийн дараа өөд болсон доо.
Би түүнийхээ хөлд охиноо тавьж эргэх бүрдээ хоёр цэцэг авч очдог. Би тэр үед
хорин гуравхан настай байлаа.
Киевт бидэнд бүгдэд
нь нэг районд шинэ байр өгч билээ. Гэсэн ч би байн байн Москвад ирдэг. Хорин тав
хүрээд цаашдаа ганцаараа байж чадахгүй нь гэдгээ мэдсэн ч би Васягаа л
хайрласаар байсан юм. Хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсч байсаан. Нэг залуутай
танилцаад учраа хэлж хүүтэй болсон доо. Эмч нар хүүг маань тахир дутуу төрнө
гэж айлгаж байсан ч эрүүл саруул хөөрхөн хүүтэй боллоо. Нөхөр минь өдий болтол охинтойгоо зүүдэнд ирж, Андрей бид хоёртой тоглодог. Өдөр хоногийг
ингэж л өнгөрөөж сууна даа.
Хэдэн сарын өмнөөс би
ухаан алддаг болсон юм. Хүү минь одоо сургуульд сурдаг ч бас л туниа муутай.
Их өвдөнө өө. Манай гудамжныхан тэр чигээрээ Чернобылийн хүмүүс. Хааяагүй л
өвддөг юм. Гэнэт л зүрх нь зогссон гэж дуулдана. Өдгөө тэднийг хэн ч хайхрахаа
больж дээ. Зовлон гунигийн тухай сонсож суух хүн олдохгүй шүү дээ.
Харин би зовлон зүдгүүр
гэхээсээ илүүтэй хайрынхаа тухай ярьж өглөө.
Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Гэрэл
Орос хэлнээс хөрвүүлсэн Б.Гэрэл
Баярлалаа, маш сайхан орчуулжээ. Цөмийн хаягдлын тухай яриа сэтгэл зовоож, энэ аюул ямар нэгэн хэмжээгээр монголд маань ч нүүрлээд байна. Олж хүн уншаасай билээ.
ОтветитьУдалитьЭэ бурхан минь, ямар аймаар юм бэ? Эвий дээ тэр эмэгтэйг өрөдвчихлөө. Ямар мундаг орчуулдаг юм бэ? Өөр үргэлжлэл байвал тавиарай.
ОтветитьУдалитьБаярлалаа